Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Цагаан сарын ширээг НЭГ САЯ ба түүнээс дээш төгрөгийн өртгөөр засна

Энэ жил Монголчууд хоёрдугаар сарын 24-нд цагаална. Бусад баяруудтай харьцуулахад бидний хамгийн өргөн дэлгэр, хамгийн өндөр зардал гаргаж тэмдэглэдэг Цагаан сар хаяанд иржээ.

Гэвч 2020 оны цагаалга зарим айлуудын хувьд цомхон, зөвхөн гэр бүлийн хүрээнд хийгдэх магадлал өндөр боллоо. БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд олон хөлийн газраас зайлсхийж байна. Нөгөөтээгүүр нэгдүгээр сарын 29-нд Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, нутгийн буюу олныг хамарсан золголтыг хориглосон. Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх чиглэлийг өгсөн билээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Ямартай ч Монголчууд хоёр долоо гаруй хоногийн дараа болох гэж буй баяртаа их, бага хэмжээгээр бэлдэж, идээ ширээгээ засах нь мэдээж. Энэ үүднээс Цагаан сарын энгийн ширээг, хамгийн уламжлалт хэлбэрээр, эхний байдлаар засахад хэдэн төгрөг шаардагдах үнийн сурвалжилгыг хүнсний захуудаас бэлтгэлээ.

Ингэхдээ баярын ширээн дээр,

  • Идээ
  • Ууц шүүс
  • Бууз
  • Нийслэл салат
  • Чихэр болон жимснээс бүрдсэн тавган идээ тавина гэж тооцсон юм.

ИДЭЭ – 135 000₮

Хүнсний захууд дээр одоогийн байдлаар 2-3 төрлийн хэвийн боовнууд худалдаан гарчээ. Үнийн хувьд 2600 – 3500 төгрөг. Идээ засахад шаардлагатай бусад хүнсний бүтээгдэхүүний тухайд,

  • Суурь еэвэн 13 мянган төгрөг
  • Дугуй өрөм 13 мянган төгрөг
  • Хэвийн ааруул 17 мянган төгрөг
  • Хорхой ааруул 13 мянган төгрөг
  • Шар тос 20 мянган төгрөг гэсэн үнэтэй байна.

Ингээд дундаж үнэ бүхий хэвийн боовоор таваар таван давхар идээ засна гэж тооцвол 70 мянган төгрөг. Үүн дээр ааруул, цагаан идээгээр чимэглэж, өрөм шар тос, суурь еэвэн тавина гэвэл НИЙТ 135 МЯНГАН ТӨГРӨГ болж байна.

УУЦ – 250 000₮

Ууцны үнэ янз бүр, дундаж тогтооход бага зэрэг хүндрэлтэй байна. 150 мянган төгрөгөөр худалдаж буй жижиг ууц байхад 400 мянга гэх том ууц ч байна. Ингээд хамгийн түгээмэл үнэ болох 250 мянган төгрөгийг жишээлэв.
Харин өвчүүний хувьд нэг килограмм нь 20-30 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүгээр дундаж хэмжээний өвчүү 150 мянган төгрөг болох юм.

САЛАТ – 26 300₮

Сүүлийн жилүүдэд айлууд Цагаан сарын ширээгээ өнг өнгийн шинэлэг салатнуудаар гоёх болсон. Гэхдээ Нийслэл салатгүйгээр баярын ширээг төсөөлөхийн аргагүй. Ийм ч учраас “энгийн” тодотголтой ширээний сурвалжилгандаа зөвхөн Нийслэл салатыг жишээлэн сонгов.

Салатны хувьд эхний ээлжинд,

  • 5 килограмм төмс – 3 мянга 500 төгрөг
  • 10 ширхэг өндөг – 3 мянга 200 төгрөг
  • Утлагат хиам, нэг ширхэг – 8 мянган төгрөг
  • “Улаанбаатар” майоннез, 1 килограмм – 4 мянга 800 төгрөг
  • Лаазтай вандуй, хоёр ширхэг – 3 мянга 600 төгрөг
  • Лаазтай эрдэнэ шиш, хоёр ширхэг – 3 мянга 200 төгрөгөөр тус тус тооцвол НИЙТ 26 МЯНГА 300 ТӨГРӨГ болж байна.

БУУЗ – 313 500₮

Буузны тухайд дунджаар 800-900 ширхэг бууз хийнэ гэж тооцвол,

  • 10 килограмм гурил /нэгдүгээр/ - 12 мянган төгрөг
  • 20 килограмм мах /хонь/ - 190 мянган төгрөг /Нэг килограмм хонины мах 9 мянга 500 төгрөгний ханштай байна/
  • Нэг килограмм монгол сонгино – 3 мянга 500 төгрөгийн үнэтэй байгаа тул НИЙТ 313 МЯНГА 500 ТӨГРӨГ болох ажээ.

ТАВГИЙН ИДЭЭ – 205 500₮

Энэ хэсэгт айл бүр хүссэн сонголтоо хийдэг. Нэгэнт “энгийн” ширээний сурвалжилга бэлтгэж буй тул тавгийн хоёр төрлийн чихэр, өргөн нэр төрлийн жимсний үнийг тооцлоо.

Чихэрний хувьд 4-5 мянган төгрөгөөс эхлээд 22 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна.

  • Дундаж үнийн чихрээс 2 килограмм, хямд төрлөөс мөн 2 килограмм авахаар тооцвол 44 мянган төгрөг
  • Шилтэй ногооны салат, таван ширхэг гэвэл 15 мянган төгрөг
  • Усан үзэм, 2 килограмм – 24 мянган төгрөг
  • Гадил, 2 килограмм – 10 мянган төгрөг
  • Алим, 2 килограмм – 13 мянган төгрөг
  • Жижиг мандарин, 3 килограмм – 12 мянга 500 төгрөг
  • Том, орос мандарин, 2 килограмм – 20 мянган төгрөг
  • Закуска бэлтгэх чанамал хиам, гурван ширхэг – 67 мянга 500 гэвэл НИЙТ 205 МЯНГА 500 ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА.

ЦАГААН САРЫН ШИРЭЭГ НЭГ САЯ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ӨРТГӨӨР ЗАСНА

Дээр тооцсон үнийн дүнгүүдээ нэгтгэвэл: 930 мянга 300 төгрөг болох юм. Үүний дээр уух зүйлс, бусад төрлийн идээ, амттаны төрлүүд, дуусвал сэргээж хийх материалууд зэргийн үнэ нэмэгдээд нэг сая төгрөгт даруй хүрч байна.

Сурвалжилгын эхэнд дурьдсанаар: Хамгийн энгийн, уламжлалт хэлбэрийн ширээг эхний байдлаар засахад шаардагдах үнийг ОДООГИЙН ХАНШААР тоймлоход ийм байв. Айл бүрийн сонголтоос шалтгаалж цагаан сарын ширээг нэг сая ба түүнээс дээш төгрөгийн өртгөөр засаж, бэлдэх нь үүнээс харагдаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН, М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэншдэ

Холбоотой мэдээ

Back to top button