Сурвалжилга, Нийтлэл

Бүү тэвд бас бүү нүд үзүүрлэ

Өчигдөр /2020.03.16/ оройны 22.30 цагт Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийж, Монгол Улсад шинэ коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар зарлалаа. Нарийн тодруулбал, уржигдар МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор Өмнөд Солонгосоос ирсэн хоёр, Францаас ирсэн нэг иргэн Covid-19 вирусийн халдвар авсан байжээ.

Манай улсад энэ вирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр, гадны орноос зөөвөрлөгдөн орж ирсэн хэлбэрээр, франц иргэнээс бүртгэгдсэн билээ. Иймд нийт халдварын тоо дөрөв болж нэмэгдээд байна.

Мэдээ тарав уу, үгүй юу Монголчууд эх орондоо эргэж ирсэн нутаг нэгтнүүдээ "халдвар авчирлаа” хэмээн буруушаах, нүд үзүүрлэх хандлага гаргаж эхлэв. Түүнчлэн "Гурвын гурван хүн халдвараа цааш тараасан бол яана” гэсэн айдас, түгшүүрт автах хэсэг ч бий болов.

Үндсэн хуульд заасны дагуу монгол хүн “Гадаадад оршин суух, эх орондоо буцаж ирэх” эрхтэй. Халдварын шинэ голомт болсон гадаадын орнуудад суугаа олон мянган монгол иргэд хэцүү цагт хаалгаа дэлгээд угтах эх оронтой. Тийм ч учраас хүсэлт гаргасан нэн шаардлагатай иргэдийг МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Халдвар тэднээс илэрч эхэллээ. Гэхдээ тэглээ гээд үзэн ядаж, буруутгаж, нүд үзүүрлэж болохгүй. Иргэдээ цөвүүн цагт татаж авч, халдвар тээж ирэх эрсдэл өндөртэй ч үнээс нь үл хамааран “хайрлаж” чаддаг гэдгээ тусгаар тогтносон улс харуулах ч ёстой.

Төр, засаг үүсэх  өндөр магадлалтай энэ эрсдэлийг сайтар тооцож, тусгаарлалтын байруудыг бэлдэж, бэлэн болгосон. Эх орондоо ирсэн Монголчууд маань тусгаарлалтад буй. Халдварыг цааш тархаах ямар ч нөхцөлийг бүрдүүлээгүй гэдгийг албаны хүмүүс баталж байгаа.

Иргэд сандарч, тэвдэх хэрэггүй. Бид шаардлагатай үед сайн ажилладаг төртэй, “Иргэн” байж чаддаг иргэдтэй гэдгээ харсан, харуулсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button