КОФЕ ШОПЫН АСУУДАЛ: Нэг аяга кофегоор 7-8 цагийн интернет үнэгүй ашигладаг "бүдүүлэг” хэвшил

Манай улсад хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдний эрх ашиг, сонирхолд нийцсэн газар их ховор. Цөөн хэдэн кино театрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон үндэсний соёл амралтын хүрээлэн гээд дурдвал гарын таван хуруунд багтана. Хичээлээ хийгээд найз нөхөдтэйгөө халуун яриа өрнүүлж буй залуусын дүр зураглалыг Кофе шоп болон кафегаас хамгийн ихээр харах боломжтой.
Гэсэн хэдий ч энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг газруудын дунд хэд хэдэн асуудал тулгарсаар иржээ. Залууст чөлөөт цагаа зөвөөр өнгөрүүлэх газар дутмаг байгаа нь нэгэн асуудал хэдий ч манайхан өөрсдөө үйлчилгээний соёлд суралцах хэрэгтэй аж.
Кофе шоп ажиллуулдаг нэгэн танил маань доорх яриа өгсөн залуусын адил асуудалтай тулгарсан удаатай. Үүнээс болоод үүд хаалгаа хаахад хүрээд байна гэсэн юм. Энэ асуудлын мөрөөр Улаанбаатар хот дахь хэд хэдэн кафе болон кофе шопыг зорилоо.


-КОФЕ БОЛ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ, ТИЙМЭЭС БУЯНЫ БАЙГУУЛЛАГА ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ-
Кофе шопод тулгамдаж буй асуудал
Café Eder: Кофе шопд хүмүүс тав тух, кофены үнэр, амт, хөгжим гээд бүгдийг мэдрэх гэж чөлөөт цагаа өнгөрөөдөг газар. Хамгийн чухал хэр нь түгээмэл бус тулгамддаг асуудал бол зарим үйлчлүүлэгчид кофены нэр төрөл хэрхэн хийдэг талаар тэр бүр мэдээлэлгүй байдаг нь жаахан хүндрэлтэй байдаг, үүнээс үүдээд захиалгаа гэнэт өөрчлөх мөнгөө буцаах зэрэг асуудал гарна. Зарим тохиолдолд тайлбарлаж анхааруулдаг. Гэхдээ байнга ингээд байх боломжгүй.
Дараагийн хамгийн түгээмэл асуудал бол орж ирээд захиалгаа өгөлгүй гэрээсээ эсвэл гаднаас авч ирсэн зүйлээ идэж уун чанга ярьж, бусдад садаа болон үнэгүй wifi ашиглах тохиолдол цөөнгүй.
Кофе бол тансаг хэрэглээ учраас, кофены үр, кофены машины өртөг өндөр. Ийм болохоор тэдгээр үйлчлүүлэгчдэд буяны байгууллага шиг ажиллаж чадахгүй шүү дээ. Учрыг нь хэлэхээр чөлөөтэй байлгасангүй гэх мэтээр бүдүүлэг харьцан тухайн газрын нэр хүндийг унагааж ярих тохиолдлууд байдаг.


-ГАДНААС ХООЛ АВЧ ОРЖ ИРЧХЭЭД ХОГОО ҮЛДЭЭГЭЭД ГАРДАГ -
Supersize coffee Mongolia: Аливаа юм хоёр талтай. Манай салбарт оюутан залуус ихээр үйлчлүүлдэг юм. Оюутан залуус цэнгээний газар бус цэвэр тухтай орчинд хичээлээ хийгээд цагийг үр дүнтэй өнгөрөөж байгаа нь сайн хэрэг ч үүнийгээ дагаад цөөн хэдэн асуудалтай тулгардаг.
Үйлчлэгч болон үйлчлүүлэгч хоорондын хэн хэнээ хүндлэх харилцаа маш чухал зүйл шүү дээ. Гэтэл би үйлчлүүлж байгаа юм чинь намайг хаан мэт дээдэл гэх хэт бүдүүлэг хандлагатай залуус маш олон бий. Хэдий танихгүй ч гэсэн бусадтай мэндэлнэ гэдэг эерэг харилцааны эхлэл шүү дээ. Үйлчлүүлэгчдээ угтаад мэндлэхээр хариуд нь муухай хардаг хүмүүс цөөнгүй. Энэ нь ажиллах урам зоригийг унагаадаг талтай.
Түүнчлэн гаднаас бялуу, түргэн хоол зэргээ авч орж ирээд захиалга өгөхгүй сууж байгаад хогоо үлдээгээд л гарчихдаг. Үнэхээр гаднаас идэх зүйлээ авч орж ирлээ гэхэд түүнээсээ үлдэх хогоо өөрсдөө цэвэрлэдэг байгаасай. Сайхан үйлчилгээ авахыг хүсвэл үйлчлүүлэгчид маань өөрсдөө ч эерэг хандлагатай байгаасай гэж хүсдэг юм. Хэдий олон асуудалтай тулгардаг ч үйлчилгээний байгууллага тул тэр бүгдийг даваад л гардаг даа.


-БЭЛЭН МӨНГӨ БОЛОН МӨНГӨНИЙ КАРТАА ШИДЭЖ ӨГДӨГ ХҮМҮҮС БАЙДАГ-
Caffébene: Зарим тохиолдолд согтуу болон стресстэй хүмүүс орж ирж хүмүүсээс мөнгө гуйх зэргээр бусад үйлчлүүлэгчдийн амгалан байдлыг эвддэг. Стрессдэж уурласан хүмүүс орж ирээд бидэнд уураа гаргаж, сөрөг хандлага түгээдэг. Заримд тохиолдолд манай улсад үе үе ус болон тог тасраад байдаг. Кофений бүxий л тоног төхөөрөмж тогоор ажилладаг учир энэ үед үйл ажиллагаа зогсдог.
Мөн худалдан авалт хийлгүйгээр үйлчлүүлээд суудалгүй болсон тохиолдолд аль болох эергээр нөхцөл байдлаа тайлбарлаж уучлал хүсдэг. Энэ үед ойлгож хүлээж авах нь олон ч зарим хүмүүсийн хувьд албатай юм шиг уурлах үе ч бий. Үйлчлүүлэгч номер нэгт тул өөдөөс нь уурлаж болохгүй.
Түүнчлэн зарим баярхуу зантай хүмүүс орж ирээд мөнгөө болон мөнгөний картаа шидэж өгдөг. Манай үйлчилгээний зарчим бол тооцоогоо хийчихээд пейжерээ авч яваад дохио өгөхөөр захиалгаа ирж авах ёстой байдаг. Энэ талаар хэлээд явуулах гэхээр наадахаа авч ирээд өгчхөөч, танайх ямар сонин газар вэ, надад та нар бүрэн үйлчлэх ёстой гээд бараг л аманд минь кофегоо хийж өгөх ёстой гэсэн хандлагатай хүмүүс цөөнгүй орж ирдэг. Энэ бүрд бид тайван байхыг хичээж, урам зоригтой ажиллахыг ажилчдадаа захидаг юм. Бидний уриа инээж угтаад инээд үдэх явдал. Энэ зарчмаа баримталж эерэг хандлагыг түгээхийг эрхэмлэдэг.


-ӨДӨРЖИН СУУХАД ХҮМҮҮС ИНТЕРНЕТ, УС, ТОГИЙГ ҮНЭГҮЙ АШИГЛАДАГ-
Café 9: Энэ салбарт анхлан ажиллаж байсныхаа хувьд олон асуудалтай тулгамдаж байлаа. Манай кафег анхдагчдын нэг гэж хэлж болно. Тийм ч учраас тухайн үед манайхан энэ үйлчилгээг мэдэрч эхлээгүй байсан учир их бүдүүлэг загнадаг байсан. Тэр үеэс хойш залуус маань нэг үеэ бодвол их соёлжсон. Өдөр тутамд маш олон төрлийн зан ааштай хүмүүстэй харилцдаг учир янз бүрийн л хүмүүстэй таарч байлаа. Ганцхан уух зүйл захиалчихаад суудал дээрээ мөнхрөөд 7-8 цаг суух хүмүүс ч байдаг. Кафе чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд энэ нь их гарзтай асуудал л даа. Өдөржин суухад тэдгээр хүмүүс компьютерээ залгана, интернэт, ариун цэврийн өрөө болон ариун цэврийн цаас хэрэглэнэ, үнэгүй ус ууна. Энэ бүхний ард урсах зардал маш их байдаг байхгүй юу. Тийм ч учраас энэ нь кофе шопуудад их эрсдэлтэй.
"ДУР ЗОРГООР ААШЛАХЫГ ХҮСВЭЛ ГЭРТЭЭ БАЙЖ БАЙЖ БОЛНО”
Бид үйл ажиллагаагаа явуулаад удаагүй Supersize coffee, Café eder, салбартаа анхдагчдын нэг гэж хэлж болох Café9 болон залуусын хэзээний танил, орох дуртай Caffé beneзэрэг үйлчилгээний газруудыг сонгон зорьсон юм.
Дээрх үйлчилгээний байгууллуудад тулгамдаад буй нийтлэг нэгэн асуудал бол манайхны үйлчилгээний соёлд суралцаагүй байдал болон хүндлэлгүй дорд үзсэн харилцаа юм. Үйлчлүүлэгчдийн шаардлага өндөр хэрнээ өөрсдөө бусдаас шаарддаг шигээ байж чадаж байна уу гэвэл үгүй.
Мөнгөө шидэж, худалдан авалт хийхийг хүсэхэд албатай мэт уурлана гэдэг юу гэсэн үг вэ? Дур зоргоороо аашлахыг хүсвэл гэртээ байж болно шүү дээ. Хүн бол нийгмийн амьтан. Бид бүгд л амьдрахын төлөө хичээж яваа. Гэвч би л болж байвал бусад нь хамаагүй гэх аминчхан үзэл хэт давамгайлж байгаа мэт.
Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.