ШИНЭ СУДАЛГАА: Хятадын эрдэмтэд бие биеэсээ 2 биш 4 метрийн зай барихыг зөвлөв

“COVID-19” вирусийн халдвартай хүн ханиалгаж, найтаалгах үед цацарсан вируст шүлсний дусал нь орчиндоо дөрвөн метрийн зайд үсэрч, унасан газраа нэлээд хэдэн цагийн турш халдвар тараах чадвараа хадгалдаг гэдгийг Хятадын эрдэмтэд тогтоосон тухай “The Daily Mail” сонин мэдээлжээ.
Эрдэмтэд, БНХАУ-ын Ухань хотын Хуошеншань эмнэлэг дэх “COVID-19” халдвартай хүмүүсийг эмчлэх тасаг, түргэн тусламжийн хүлээн авах хэсэгт байрлуулсан эд зүйлс, тавилгын гадаргуунаас авсан арчдас, мөн агаарын чанарт хийсэн судалгаандаа үндэслэн дээрх дүгнэлтийг гаргажээ.

Судалгааны явцад эмнэлгийн өрөө тасалгааны шаланд их хэмжээний коронавирусийн агууламжтай шүлсний дусал буусан байсныг тогтоосон байна. Түүнчлэн өвчтөний хэвтэж буй ор, хаалганы бариул, хогийн сав, эмнэлгийн ажилтнуудын гутлын уланд ч коронавирус наалдсан байжээ. Гэхдээ Хуошеншань эмнэлгийн эмч, сувилагчдаас коронавирусээр өвдсөн тохиолдол гараагүй нь ариутгал, хамгаалалт сайн хийсний үр дүн гэж таамагласан аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүмүүсийг бие биенээсээ 1.5-2 метрийн зайг барьж явахыг зөвлөөд буй. Гэвч энэхүү судалгааны үр дүнг авч үзвэл энэ зай хоёр дахин их байх ёстой гэдэг дүгнэлтэд хүрч болох юм. Нөгөө талаар, орчинд үсэрсэн бичил дуслаас халдвар авсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа.

Хятадын эрдэмтдийн хүрсэн өөр нэг дүгнэлт бол коронавирусийн халдвар авсан хүнийг гэрт нь тусгаарлах стратеги нь тийм ч үр дүнтэй биш гэнэ. Учир нь халдвар авсан хүний байгаа орчин дахь агаарт вирус хангалттай хэмжээнд тархана, улмаар тухайн хүний гэр бүлийн бусад гишүүд хангалттай хувийн хамгаалах хэрэгсэлгүй бол халдвар авах эрсдэлтэй.
2020 оны 4-р сарын 12-ны ням гарагийн байдлаар дэлхий даяар 1,7 сая хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна.
С.ЧИЧҮҮЛЭН
Эх сурвалж: www.lenta.ru












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.