Хотынхны архидах цэг АМРАЛТЫН ГАЗРУУД болжээ
“Манайхан алив урдах урдахаа гялс уучих. Эдний хаах цаг болчхож. Удахгүй хөөж эхэлнэ. Хэдүүл ийшээ ойрхон амралтын газар орж үргэлжлүүлье. Уух архиа зохицуулчихсан” ийм л яриа залуусын дунд өрнөж буй нь тоогүй. Саяхныг болтол хэрэндээ томоотой байсан залуус амралтын газруудад үүрлэж эхэлжээ.
Монгол Улсын зүгээс ковид-19 вирусийн халдвараас сэргийлэх үүднээс зохих арга хэмжээнүүдийг авсаар буй. Тиймдээ ч баар кароаке, амралтын газар, саун, фитнесийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг гаргаад байсан. Гэвч гурав хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тэдгээр газрын үйл ажиллагааг эргэн нээж буйг мэдээлэв.
Харин хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газруудыг оройн 22:00 цаг хүртэл ажиллах үүргийг оногдуулсан билээ.
Гэвч энэ хоёр шийдвэр даан ч хоорондоо уялдсангүй. Найзуудаараа уулзаж доргих залуус баар, цэнгээний газрыг хаасны дараа хотоос гарч амралтын газруудад үүрлэх болсныг иргэд сошиал ертөнцөөр дамжуулан хэлсээр буй. Хоттой аль ойрхон гэсэн амралтын газар бүрд хөлчүүрхсэн залуус олноороо цуглаж байхад, хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, үрсээ тэвэрсээр буцаж байгааг онцолъё. Тэдэнд байрлах өрөө байхгүй, дээр нь согтуурсан залуусын чимээнээс дайжсандаа тэр биз.
Хэдийгээр цар тахлаас чадахаараа сэргийлж буй мэт боловч, энэ мэт бодлогогүй шийдвэрийг гаргаснаараа бүтээсэн хөдөлмөрөө баллаж буйг хотын дарга С.Амарсайхан ойлгож байгаа болов уу. Хөлчүүрхэж цугларсан залуусаас ковид-19 вирус илрэхгүй гэх баталгаа үгүй. Үгүй дээ нээсэн амралтын газрууддаа хяналт тавих, тодорхой дүрмийг батлах хэрэгтэйг холбогдох хүмүүст нь үүрэг болгоосой билээ.
ЖИЧ: Уг нийтлэлд үүний өмнө ашигласан амралтын газрын зураг нь ажиллаж эхлээгүй болно. Өөрөөр хэлбэл тус амралтын газрыг нийтлэлийн агуулгад хамааруулаагүй, ерөнхий зураг болгон ашигласан. Амралтын газрын эзний хүсэлтээр зургийг өөрчилсөн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.