НӨХӨН СОНГУУЛЬ: У.Хүрэлсүх нэр дэвших үү, АН бүлэгтэй болох уу
-Н.ЭНХБАЯР ТОМ ТОХИРОО ХИЙЖ, НАМААСАА СУЛ ХҮН НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮҮ-
Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын сүүлээр зохион байгуулагдана. Нөхөн сонгуульд Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй улс төрийн нам эвслүүд оролцох бүрэн эрхтэй. Тиймээс ч нөхөн сонгуульд улс намууд өндөр ач холбогдол өгч байна.
Гол нь энэ өрсөлдөөнд хэн ялагч болох вэ?
Улс төрийн намууд дор бүрнээ дотооддоо бэлтгэлээ базааж, судалгааны багууд нь идэвхтэй ажиллаж буй. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өмнөх гишүүн Д.Гантулгыг асуудалд орооцолдох үеэс хойш Хэнтийн 42 дугаар тойргийг усалсан. Тэрээр “Хэнтийн нөхөн сонгуульд МАХН ихээхэн ач холбогдол өгч байгаа” гэж саяхан дуугарсан билээ.
Гэвч МАХН-аас яг эцсийн байдлаар хэн дэвших талаар тодорхой шийд гараагүй байна. Н.Энхбаяр өөрөө дэвшихгүй байлаа ч дэд дарга С.Ганбаатарыг явуулна. Өөр бас хувилбарууд ч бий гэгдэж буй юм. Хэрвээ Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшихгүй үлдвэл АН, МАН хоёртой тохироо хийж, улс төрийн том хожоо харна гэсэн үг. Тэр парламентад орж ирвэл эрх баригчдад ч сөрөг хүчний бүлэггүй хэдэд ч хор хөнөөлтэй.
Эрх баригчид дотооддоо “65-уулаа байж, ганц Ерөнхийлөгчид мадлуулж гүйцлээ” гэж ярьцгаадаг. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр парламентад орж ирвэл эрх баригчдыг “мадалдаг” хүний тоо нэгээр нэмэгдэнэ. Дээрээс нь бүлэггүй болсон Ардчилсан намын гишүүд Н.Энхбаярын сүр бараанд дарагдаж гүйцэгдэх өндөр эрсдэлтэй. Тиймээс Н.Энхбаярт том амлалт өгч, нөхөн сонгуульд МАХН-аас сул хүн оруулж ирнэ гэх яриа хөшигний ард өрнөж буй юм.
-ХЭНТИЙД МАН-ААС У.ХҮРЭЛСҮХ, АН-ААС Ж.ОЮУНБААТАР НЭР ХҮНДТЭЙ-
Хэнтий аймгийнхан засаг дарга асан Ж.Оюунбаатарт жигтэйхэн ам сайтай. Тэрбээр засаг дарга байх хугацаандаа хамгийн бүтээлч ажилласан. Өмнөх засаг дарга нарын хийгээгүй олон ажлын ард гарсан гэж магтуулдаг нэгэн юм. АН-аас явуулсан судалгаанд ч тэр Ж.Оюунбаатар хамгийн өндөр рейтэнгтэй гарсан гэх.
Нөхөн сонгуулиар Ж.Оюунбаатар ялалт байгуулсан тохиолдолд УИХ дахь Ардчилсан нам бүлэгтэй болох боломж бүрдэнэ. Үндсэндээ АН “бошийно” гэсэн үг. Сөрөг хүчин бүлэгтэй болсноор хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах эрх нээгдэнэ. Эрх баригч намын аль ч талд тохироонд орж, кнопдох боломж илүү өргөн дэлгэр болно. Ер нь л бүлгээрээ хуралдаад, улс төрийн элдэв акц хийсэн ч тэр, АН-д ихээхэн ашигтай.
Тэгвэл АН-ыг бүлэггүй байлгахын тулд МАН юу хийх ёстой вэ. Намаас нь явуулсан судалгаагаар 4-5 хүн дундаас МАН-ын дарга У.Хүрэлсүх Хэнтийд хамгийн өндөр рейтэнгтэй гарчээ. Хэнтийчүүд Ж.Оюунбаатараас У.Хүрэлсүхийг илүүд үзэж, түүнд итгэл өгвөл МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурван давхар дээлтэй болно. Тэрбээр “Надад дахин нэг дээл давхарлаж өмсөх бодол байхгүй” гэж дуугарсан ч удаа бий.
Гэвч сүүлийн үед Хэнтийд нэр дэвших эсэх талаар бодож, олон хувилбараар ярилцаж байгаа гэдгийг эх сурвалжууд үгүйсгээгүй. МАН удахгүй Бага хурлаа зарлаж, Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Энэ үеэр тэрбээр эцсийн шийдвэрээ гаргана гэсэн үг.
Эрсдэлтэй нь, тэр Ж.Оюунбаатарт ялагдвал, Н.Энхбаяр гэнэт тохирооноосоо буцаж нэр дэвшвэл улс төрийн карьерт нь сэв сууна. Хэнтийд чухам хэн өрсөлдөх нь ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.
Ж.МЯДАГБАДАМ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.