Ярилцлага

Кай: Бөөрөнхий хэлтэй хүн яагаад хөтлөгч хийж чадахгүй гэж

"Аймар” продакшны үүсгэн байгуулагчдын нэг, бүжигчин, "Volume+”-ийн хөтлөгч Кайтай ярилцлаа.

-БИ БУСАДТАЙ АДИЛХАН БАЙХ ГЭЖ ХИЧЭЭДЭГГҮЙ-

-Сүүлийн үед таныг бүжигчин гэхээс илүү хөтлөгч гэдгээр тань илүү сайн мэдэх болж. Бүжигчин хүн телевизийн салбарыг сонгоход юу нөлөөлөв?

-Намайг бүжиглэдэг байхад  манай найз “Volume+” гээд залуучуудын телевиз нээж байгаа юм байна. Хөтлөгчөөр нь чи байвал тохирох байх гэсэн санал тавьсан. Би их ичимхий хүн болохоор чадах болов уу гэсэн айдастай байв. Тэгээд айдсаа даваад хийж үзэхээр шийдсэн, анхнаасаа их сонирхолтой санагдсан. Хүмүүс намайг бөөрөнхий хэлтэй гэдгээр илүү хүлээж авсан. Тийм болохоор бөөрөнхий хэлтэй ч гэсэн хөтлөгч хийж чадна гэдгийг харуулахыг хичээсэн.

-Анх камерын өмнө гарахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Анх камерын өмнө гарахад хөлс гараад, ам хатаад  л “аймар” байсан. Мэдээ уншиж байхад хэцүү байсан, хөлс гараад, сандраад л.

-Одоо сандардаг нь хэвээрээ юү?

-Хэвээрээ. Одоо ч их сандардаг.

-Гэнэт микрофон бариад гарч ирээд л, асуулт асуухаар хүмүүс хэрхэн хүлээж авч байх юм бэ?

-Эхэндээ бол хүмүүс их дургүй хүлээж авч байсан. Сүүлд нэвтрүүлэг маань гарсны дараа ойлгодог болж эхэлсэн. Залуучууд илүү их хүлээж авдаг.

-Та сонин, этгээд асуултууд асуудаг шүү дээ. Тэдгээр асуултуудаа хэрхэн бодож олдог вэ?

-Тухайн үед санаанд орсон зүйлээ асуудаг. Би аливаа юмыг тавилттай хийхийг хүсдэггүй. Тухайн үеийн мэдрэмжээ шингээж хийх хамгийн сайхан. Мөн тийм мэдрэмжээр бүжиглэдэг.

-Та “Volume+”-ийн зэрэгцээ “Бөөеэнхий яриа” гэдэг нэртэй контент гаргасан. Энэ контентоо гаргах санаа хэрхэн төрөв?

-Реппер 168 бид хоёр хүмүүст сонирхолтой контент хүргэе гэсэн зорилгоор эхлүүлсэн. 168 маань бас бөөрөнхий хэлтэй, надаас ч бөөрөнхий хэлтэй байж магадгүй /инээв/. Бас Bubble Party” гээд миний youtube суваг байгаа. Хуудсаа хөгжүүлэх зорилготой гэж хэлж болно. Гол төлөв залуу артистууд оролцдог. Олонд танигдаагүй хүмүүсийг таниулахыг хичээдэг. Ер нь хэн ч орж болно, хүсвэл та ч орж болно.

-Нэвтрүүлгийн тань гол онцлог нь юу вэ. Өвөрмөц, сонирхолтой асуултууд асуудгаараа өвөрмөц шүү дээ.

-Тийм шүү. Энэ нь миний амьдралын хэв маягтай шууд холбоотой. Би өөрөө бүжиглээд гадаад руу явж, үзэж харсан юмтай холбоотой байх л гэж боддог. Тэрнээс биш бусадтай адилхан байх гэж хичээдэггүй.

-БӨӨРӨНХИЙ ХЭЛТЭЙ ГЭДГЭЭСЭЭ ОДОО Ч ГЭСЭН ИЧДЭГ-

-Хүмүүсийн шүүмжлэл хэр их ирж байх юм. Та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэл маш их ирдэг, одоо ч их ирж байгаа. Би тэрийг нь хүлээж авахыг хүсдэггүй юм. Найз охин маань надад урам зориг өгч, дэмждэг болохоор тэр болгоныг тоохгүй байхыг хичээдэг. Сэтгэгдэл унших ер нь дургүй. Заримдаа санамсаргүй уншчихдаг. Тэр үед бага зэрэг сэтгэл гутралд ороод нээрэн тийм ч юм уу, яагаад ингээд байгаа юм бэ гэдэг ч юм уу сэтгэл санаагаар уначихдаг. Долоо хоног ажлаа хиймээргүй санагдах ч үе бий. Ер нь аягүй хүнд байдаг, тийм болохоор уншихгүй, өөр дээрээ тусгаж авахгүй байхыг хичээдэг.

-Бага байхад тань бөөрөнхий хэлтэй гэж хүүхдүүд шоолдог байсан уу?

-Бөөрөнхий хэлтэй гэж их шоолдоггүй байсан юм аа. Хүнтэй ярихад л жоохон хэцүү байдаг байсан. Арван жилдээ арай өөр зүйлээр хочилж, шоолдог байсан.

-Бөөрөнхий хэлтэй гэдгээсээ ичдэг үү?

-Бага байхдаа ичдэг байсан. Одоо ч гэсэн ичдэг. Би сандрахаараа бүр “таг” болчихдог. Бага байхдаа маш хурдан ярьдаг байсан болохоор хүмүүс сайн ойлгодоггүй байсан. Одоо ч гэсэн харилцаан дээр бага зэрэг бэрхшээл гардаг. Зарим үгийг хэлэхээр ойлгодоггүй тохиолдол их гардаг. Жишээ нь таксинд суугаад одоо баруун эргэнэ гэхээр ойлгохгүй, хуруугаараа заах гэх мэт. Юм ярихдаа аль болох бодож, хичээж ярьдаг болсон.

-Өөр хочтой байсан гэлээ. Нууц биш бол хэлж болох уу?

-Хэлж болохгүй ээ. Зөвхөн манай арван жилийн ангийнхан мэднэ /инээв.сурв/.

-Кай хөтлөгч хийснээр өөрийгөө шинээр нээлээ. Бөөрөнхий хэл тань трэнд болсон байх?

-Хөтлөгч хийх нь их нөлөөлсөн л дөө. Гэхдээ бүжиглэх ч бас нөлөөлсөн. Бүжгээр дамжуулж сайхан хамт олонтой болж, олон хүнтэй харилцаж сурсан.

-Ер нь багадаа ямар хүүхэд байв. Багаасаа бүжиглэж эхэлсэн үү?

-Би их сахилгагүй хүүхэд байсан. Багаасаа бүжиглэе гэж бодож байгаагүй. Арван жилээ төгсөхөөсөө өмнө бүжиглэж эхлэсэн.  Элсэлтийн ерөнхий шалгалтандаа маш муу оноо аваад, тэгээд л бүжгээ сонгоод явсан даа.

-Тэгэхээр та их сургуульд сураагүй гэсэн үг үү?

-Их сургуульд сурч байсан. Хүрээ дээд сургуульд компьютер программист мэргэжлээр сурч байгаад жилийн чөлөө авсан. Тэгээд дуртай зүйлээ хийхээр шийдээд сургуулиасаа гарсан.

-Сургуулиасаа гарахад гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Ээж маань их дургүйцсэн. Тухайн үед бүжгийн төдийлөн хөгжөөгүй байсан болохоор хүлээж авахад их хэцүү байсан байх. Мэдээж хүүгийнхээ ирээдүйд санаа зовно шүү дээ. Сургуулиа хаясан ч амжилтад хүрч чадна, харамсахааргүй сонголт хийсэн гэдгээ баталж харуулахыг хичээсэн.

-Одоо харахад энэ сонголт тань буруудаагүй байна шүү дээ.

-Тийм шүү. Хэзээ ч энэ сонголтдоо харамсаж байгаагүй. Шантрах үе олон байсан ч би бууж өгөөгүй. Бүжиг намайг сайхан хамт олонтой болгосон, миний амьдралыг өөрчилсөн.

-БҮЖИГЛЭХИЙГ МАШ ИХ ХҮСДЭГ, ДАХИАД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ЭХЭЛСЭН-

- “Аймар” продакшныг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцана уу?

-2010 оны үед Монголд гудамжны бүжиг дөнгөж хөгжиж эхэлж байсан үе. Тэр үед бид “Бид нэг фемили” гэдэг хамтлагтай байсан юм. Түүний дараагаар Бачка маань хэдүүлээ бүжгийн төрөл тус бүртээ сайн залуусаараа нэгдэж  продакшн байгуулъя. Залууст бүжиг зааж, зөв чиглэлд оруулъя гэсэн санал гаргасан. Тэр үед гудамжны бүжгийг хүмүүс буруугаар ойлгож, буруу зам руугаа хөгжих гээд байсан учраас тэр л дээ. Ийм учраас “Аймар” продакшныг байгуулсан юм.

-Одоо та хөтлөгч хийхийнхээ зэрэгцээ бүжгээ дэглэж байгаа юу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургалт ороогүй, түр завсарласан байгаа. Энэ зунаас сургалт оруулж эхэлье гэж бодсон ч коронавирусийн улмаас боломж гарсангүй. Ер нь бүжиглэхийг их хүсдэг, дахиад бэлтгэлээ хийж эхэлсэн.

- “Аймар” продакшныхантайгаа одоо хэр дотно байдаг вэ?

-Одоо ч гэсэн холбоотой байдаг. Ялангуяа Бачка, Шижирээ хоёртой илүү дотно. Бачка бид хоёр хамтарч “Аймар Gaming” гэдэг streaming баг байгуулсан. Багаараа амжилт үзүүлэх гээд хичээж байна.

-Та дэлхийн шилдэг 16 электро бүжигчний нэг болсон юм билээ. Ямар шалгуураар болзлыг нь хэрхэн хангав?

-Олон улсын бүжгийн тэмцээн болсон юм. Тухайн үед олон номинаци байсны нэг нь энэ төрөл. Тус төрөл 100 гаруй хүн оролцсоноос шилдэгт хоёр удаа үлдэж байсан.

-Тэгэхээр  та гол төлөв электро төрлөөр бүжиглэдэг юм байна. Үүнээс гадна ямар төрлөөр бүжиглэдэг вэ?

-Электрогоос гадна хип хоп, хаус, бибоё зэрэг төрлөөр бүжиглэхийг хичээдэг, туршиж үздэг. Зөвхөн электро төрлөөр бүжиглэдэг гээд нэг төрлөөр бүжиглээд байж болохгүй. Мэдээж хүн илүү сонирхолтой гэж байна. Гэхдээ нэгэнт бүжиглэж байгаа болон олон төрлийг туршиж үзэж, түүнээсээ суралцаж, илүү хөгжих болно.

-ЦЭКҮ НАМАЙГ МАШ ИХ ӨӨРЧИЛСӨН ХҮН-

-Таны хувийн амьдралын талаар яриагаа үргэлжлүүлье. Анх найз охинтойгоо /загвар өмсөгч Цэрэндолгор/ хэрхэн танилцаж байв?

-Анх нэг клубт харж байлаа. Дараа нь инстаграмаар DM бичиж харилцаж байгаад, валентины өдрөөр болзоонд уриад анх уулзсан. Тэгээд л тэр цагаас хойш бид хоёр өнөөг хүртэл хамтдаа байна.

-Анх уулзаад найз охиныхоо юунд нь илүү их татагдсан бэ?

-Бид хоёрын амьдрал маш төстэй. Хоёулаа ээжтэйгээ амьдардаг, хоёр дүүтэй. Хоёр дүү нь эрэгтэй, нас чацуу гэх мэт адилхан зүйл их байсан нь их таалагдсан. Ер нь надад өндөр охин таалагддаг /инээв/.

-Та хоёр танилцаад хэр удаж байгаа билээ?

-Хоёр жил, гурван сар.

-Зан чанарын хувьд хэр төстэй вэ?

-Хүмүүс нэг их мэдэхгүй байж магадгүй. Цэкү маань бас марзан, шооч. Надаас ч илүү байж магадгүй. Энэ зан чанараараа төстэй.

-Та хэр романтик хүн бэ?

-Ний нуугүй үнэнээ хэлэхэд би тийм ч романтик хүн биш. Зүгээр л хөгжилтэй төрлийн хүн гэж хэлж болно.

-Хосын харилцаанд тань ямар нэгэн асуудал гарвал, хэрхэн шийддэг вэ?

-Би эрэгтэй хүн түрүүлж буулт хийх чадвартай байх ёстой гэж боддог. Гэхдээ бүх зүйл дээр буулт хийх биш, үзэл бодлоо хэлэх үедээ хэлэх нь зөв. Ер нь л хоорондоо маш сайн ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Хэрэв миний буруу байвал түүнийгээ хүлээн зөвшөөрч, дутагдалтай талаа засах хэрэгтэй. Тэгж байж л хосын харилцаа тогтвортой байна гэж боддог. Тэр минь намайг маш их өөрчилсөн хүн.

-ЖҮЖИГЛЭЛТ НАДАД ТОХИРОХГҮЙ ГЭДГИЙГ ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР ОЙЛГОСОН-

-Таны жинхэнэ нэрийг Б.Билгүүн гэдэг. Яагаад өөрийгөө Кай гэж нэрлэх болов?

-Тавдугаар ангид байхдаа нэг анимэ үзэж байсан юм. Түүн дээр Кай гэдэг нэг мундаг баатар гардаг юм л даа. Тэгээд хүүхэд байсан болохоор гоё санагдаад PC тоглохдоо нэрээ Кай гэж өгдөг байсан. Сүүлд бүжиглэж эхлээд хүмүүст өөрийгөө танилцуулахдаа Кай гэж хэлээд, тэр цагаас л Кай нэртэй болсон доо.

-Бүжигчин, хөтлөгч, фото модель гээд таны гуншинг нэрлэвэл олон. Үүнээс гадна сүүлд “Бүхнээс дээгүүр” кинонд дүр бүтээснээр тань хүмүүс мэддэг болсон. Кинонд тоглох хэр байв?

-Кинонд дүр бүтээнэ гэдэг үнэхээр хэцүү байсан. Би өөрөө тухайн үеийн мэдрэмжээрээ юмыг хийгээд сурчихсан болохоор олон сцени даруулах маш хүнд байсан. Би нэг сценийг хамгийн багадаа 50 удаа давтдаг байсан. Жүжиглэх гэдэг арай өөр, мэргэжлийн түвшний зүйл гэдгийг тэр үед ойлгосон.

-Та өөрийгөө тухайн үеийн мэдрэмжээрээ байх дуртай гэсэн. Тэгвэл жүжиглэлт гэдэг танд тохирохгүй ажил гэж ойлголоо.

-Тийм. Ер нь надад тохирохгүй юм байна гэдгийг зураг авалтын үеэр ойлгосон. Тухайн үед найруулагчийн зөвлөгөөг дагаж, хэлсэн зүйлийг нь хийж чадахгүй үе олон байсан. Надад маш хэцүү байсан ч түүнийг давж, ард нь гарсан. Миний хувьд нэг том сорилт, шинэ зүйл байсан.

-ТУХАЙН ҮЕИЙН ЖИНХЭНЭ МЭДРЭМЖ ГАРЧ ИРДЭГ УЧРААС САНДРАХ ГОЁ-

-Та юунаас хамгийн их кайф /сэтгэлд ханамж/ авдаг вэ?

-Би бүжгээс кайф авдаг. Бүжиглэх үед өөр ертөнцөд очсон мэт санагддаг. Бүжгээр дамжуулж бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг нь хамгийн сайхан. Үгээр илэрхийлэхэд их хэцүү юм. Үүнийг хүн өөрөө мэдэрч байж л ямар гэдгийг нь мэднэ.

-Тайзан дээр гарах, эфирт гарах хоёр юугаараа ялгаатай вэ?

-Аль алин дээр нь би маш их сандардаг. Тайзан дээр хүмүүс рүү харж бүжиглэж байгаа болохоор сандрал харьцангуй бага. Харин эфирээр гарах үед камерын цаана хэдэн хүн харж байгаа бол гэхээс илүү их сандардаг.

-Сандралаа хэрхэн даван туулдаг вэ?

-Би сандралаа давдаггүй. Сандарсаар байгаад л дуусчихдаг / инээв/. Нэг мэдэхэд л бүх юм болоод дуусчихсан байдаг. Тэр үеийн жинхэнэ мэдрэмж гарч ирдэг учраас сандрах гоё.

-Хийж, бүтээхийг хүсдэг олон зүйл байгаа нь мэдээж. Цаашид хийж, туршиж үзэхийг хүсдэг зүйлээсээ хуваалцахгүй юу?

- Би түрүүн “Аймар Gaming” баг байгуулсан талаараа хэлсэн шүү дээ. Одоохондоо үүнийгээ илүү хөгжүүлэхийг хүсэж, хичээж байгаа.

-Үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Гадаадад очход монголчууд гэхээр л нүүдэлчин, Чингис хаан гэдгээс өөр зүйл мэддэггүй юм билээ. Тийм болохоор залуус маань хийж чадах зүйлээрээ, салбар бүртээ номер нэг байж, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөөсэй гэж хүсдэг. Бидэнд маш их боломж байгаа, тиймээс илүү хичээгээрэй гэж хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-05-18 11:28

бөөрөхий болохоор чиний ярьж байгааг чмаас өөр хүн ойлгохгүй хэцүү л дээ хха

Зочинд
Зочинд
2020-05-18 12:16

Амжилт з�##�уу минь битгий хүмүүсийн бичсэн муухай зүйлийг уншиж бай

Зочин
Зочин
2020-05-19 04:54

Shuud hooloigoor n Buuyunhii heltei gj unshigdlaashd

Холбоотой мэдээ

Back to top button