СУРВАЛЖИЛГА: Улаанбаатарчууд спортоор дархлаагаа дэмжиж, коронавирусээс сэргийлж байна
Урин дулаан цагт гэр бүлээрээ салхилан, алжаал ядаргаагаа тайлдаг газруудын нэг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Цар тахлаас сэргийлэх, хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь спортоор хичээллэх, дархлаагаа дэмжих хэмээн мэргэжилтнүүд зөвлөж буй өнөө цагт нийслэлчүүдийн хамгийн их зорьж буй газруудын нэг.
Бид энэ удаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд хэрхэн спортоор хичээллэн, гүйж, цагийг зөв зохистой өнгөрүүлэн, дархлаагаа дэмжиж буйг сурвалжиллаа.

Нар ээсэн дулаан өглөө цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгээр эл хуль, сийрэг байв. Цааш алхан хүүхдийн тоглоомын талбайд очход арав гаруй хүн харагдана.

Хүүхдүүд гулсуур дээр гулгаж ээж аав, эмээ, өвөө нь хүүхэд рүүгээ үе үе харна. Тэгэнгээ хажуу дахь дасгалын хэрэгсэл дээр дасгал хийж байв. Биеийнхээ чилээг гарган хөдөлгөөн хийж буй эмээгээс энд байнга ирж дасгал, хөдөлгөөн хийдэг үү гэж асуухад:
-Одоо коронавирус гэгч айхтар өвчин гарчхаад хүн бүр л гэртээ байна. Үргэлж гэртээ байхаар агаар салхигүй, бүгчимдээд хэцүү юм аа. Өглөө бүр хүн багатай үед зээ хүүгээ салхилуулангаа энд ирж чилээгээ гаргадаг гэлээ.

Тэдний цаадхан талд нь турник дээр хэдэн залуу дасгал хийж байв. Турник дээр суниах тамирчин бололтой таван залуугийн нэгээс хаанахын тамирчид болохыг асуухад самбо бөхөөр хичээллэдэг гэв. Тэднээс гадна хөнгөн атлетикийн тамирчид ч мөн байлаа.
Нэгэнт ирснийх хүрээлэнг бүтэн тойрохоор шийдэв. Замаар хүмүүс гүйхээс гадна дугуйтай жирийлгэх нь цөөнгүй харагдана. Хөлбөмбөг болон гар бөмбөгийн талбай ч мөн цөөнгүй хүн тоглож байлаа.
Цар тахал дэгдлээ гээд манай спортлог залуус зүгээр суусангүй. Хэдийгээр фитнесс төвүүд нээгдсэн ч иргэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэл сургуулилтаа хийж, биеийн чилээгээ гаргаж байгаа нь энэ.
Коронавирусээс сэргийлэх хамгийн чухал зүйлүүдийн нэг нь дархлаагаа дэмжих. Монголчууд энэ хүнд цаг үед спортоор хичээллэн, дархлаагаа дэмжиж, иргэнийхээ үүргийг сайн биелүүлж байгаа. Хөл хорионы үед бид залхуурч суух биш, харин ч эсрэгээрээ эрүүл мэнд, дархлаагаа дэмжих нэн шаардлагатай байгаа билээ. Иргэн та ч мөн адил дасгал, хөдөлгөөн сайн хийж дархлаагаа дэмжээрэй.
Б.УЧРАЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нарантуул шиг байсан одоо харин гоё болсон хорионоос болж гар дээрх худалдааг хориглосон болохоор