Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Азгүй төгсөлт”-ийнхөн танхимын давтлагаар ЭЕШ-аа амжилттай өгч чадах уу

Банштай цай бодогдтол бороо асгарсан энэ өдрийн мэндийг уншигч танд хүргэе. Учир нь ойрын гурав хоногийн турш өнөөдрийн өнгөө давтах тул та бүхэн маань ч гэсэн сэрэмжтэй явахад илүүдэхгүй. Замаар явах машинууд халин урсах борооны усыг хашраая гэлтэй хайр найргүй дайраад гарна. Харин дайруулсандаа гоморхсон борооны ус хажуугаар нь гарсан хүмүүсийн хувцсыг харин ч нэг бахтай норгож байх юм.

АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭЕШ-Д БЭЛДЭХ ДАВТЛАГА ХИЧЭЭЛ НЭГ САРЫН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛНЭ

Тэдний нэг нь би байсан юм. Норсон хувцсаа харж нэг гутравч, хорвоо өнгөө засаж бороо оруулсанд нь баярлах шиг. Ийм л нэг өдөр бид адал явдал, баяр гунигийг хослуулан Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 62-р дунд сургуулийг зорилоо. Учир нь энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа дүү нарын маань хувьд том сорилт болсон жил байв. Засаг дарга С.Амарсайханы захирамжийн дагуу сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээгээд хэдийн хоёр долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн гаргасан саналын дагуу төгсөх ангийн сурагчдад энэ сарын 11-ний өдрөөс эхлэн яг нэг сарын хугацаатай давтлагыг зохион байгуулж буй юм.

ХҮҮХДҮҮД ЭЕШ-Д САЙН ОНОО АВЧ ЧАДНА ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БОЛЖЭЭ

Хөл хорио тогтоосон энэ хэцүү цагт хүүхдүүдийг олноор цуглуулах нь хэдий эрсдэлтэй мэт боловч, хэрэв хүүхдүүд болон багш нар хоорондоо уялдаатай, зохион байгуулалттай ажиллаж чадвал үүнийг харин ч БОЛОМЖ болгож чадна. Танхимын сургалтаар дагнасан хүүхдүүдийн хувьд зайнаас харилцах, теле хичээлээр боловсрол авах нь маш шинэлэг зүйл болсон. Гэхдээ давтлага явуулж эхэлснээр хүүхдүүдийн идэвх оролцоо нэмэгдэж, шалгалтдаа сайн оноо авах итгэл үнэмшил нь нэмэгдсэн болохыг Нийслэлийн ерөнхий боловсролын 62-р дунд сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер Я.Эрдэнэцэцэг хэлсэн юм.

Тус сургууль руу ороход үүднээсээ л маш цэмбэгэр, шил толь болсон саруулхан байв. Хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл бол хүүхдүүдийн хоорондын зайг бариулах зориулалт бүхий хөлийн гишгүүрийг шаландаа байрлуулжээ. Үүнд гар ариутгагчийг ч мөн мартаж болохгүй. Хүүхдүүд гадаа хаалганаасаа эхлэн зохион байгуулалттайгаар зайгаа барин сургууль руугаа нэвтрэн орж, дотор хаалганы голд байрлуулсан ариутгагчаар гараа ариутгаад нэвтэрч байх юм. Давтлагадаа хамрагдаад хэдийн долоо хоног өнгөрсөн тул хүүхдүүд аль хэдийн гэртээ орж буй мэт сандралгүй басхүү яах учраа мэддэг болжээ.

Гараа ариутгасан хүүхдүүд маань бүртгэлийн хэсэгт ирцээ бүртгүүлээд, халуунаа хэмжүүлсний дараа коридорт байрлах шүүгээнд гадуур хувцсаа хийгээд анги руугаа оров.

Хүүхдүүдтэйгээ зэрэгцэх шахам “Давтлагын танхим” хэмээх бичиг бүхий анги руу ороход давтлага өгөх багш хүүхдүүдийн зайг авхуулан суулгаж харагдав. Ингээд багш өмнөх хичээл дээр үзсэн хичээлийг эргэн сануулж, хүүхдүүдээс асууж тодруулах зүйл байгаа эсэхийг лавлалаа.

62-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ “НЭГ БАГШ, НЭГ ТӨГСӨГЧ” УРИАТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Тэднийг ингээд хөндлөнгөөс ажиглах нь ээ эргээд ахлах ангидаа очсон мэт ховорхон мэдрэмж төрж байсныг нуух юун. Хичээлдээ төвлөрөх гэж хичээх хүүхдүүдийн харцнаас дайжиж бид орон зайг хэсэгхэн хугацаанд чөлөөлөв. Энэ зуур сургуулийн ойр орчимтой танилцаж, тус сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер Я.Эрдэнэцэцэгтэй ярилцсан юм.

-Нийслэлийн ерөнхий боловсролын 62-р дунд сургуулийн хувьд энэ жил ахлах ангийн хэдэн сурагч ЕЭШ-ын болзол хангаад байгаа вэ?

-Энэ жил манай сургуулийн ахлах ангиас 96 сурагч төгсөнө. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ үед дээрх сурагчдаас 89 нь давтлага хичээлд хамрагдаад байгаа. Сургуулийн удирдлагын зүгээс цаанаас ирсэн заавар зөвлөмжийг дагуу, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Нэг ээлжинд 40-50 хүүхэд хамруулна гэсний дагуу бид хүүхдүүдээ хоёр ээлжээр хувиарилж, давтлагын үйл ажиллагааг явуулаад долоо хоног өнгөрлөө.

Эхний ээлж нь өглөө 10.00-12.20 хүртэл гурван цагийн хугацаатай. Сургалтын нэг цаг нь 40 минутаар үргэлжилж дундаа 10 минут завсарлаж байгаа. Давтлагын завсарлагаа бүрийн дараа бид анги танхимын агаарыг сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ үйлчилгээг хийж байна. Хоёрдугаар ээлж нь 14.00-16.20 хүртэл мөн гурван цагаар 40 минутын хугацаатай, дундаа 10 минутын завсарлагатайгаар үргэлжилж байна. Нэг ангид дунджаар 5-10 хүртэлх хүүхэд хичээллэж байгаа.

-Давтлага хичээл ороод 7 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Чамлахаар хугацаа хэдий ч, тодорхой хэмжээнд үр дүнг дүгнэн хэлж болохуйц хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хүүхдүүдийн идэвх санаачилга, хичээлийн оролцоо хэр байгаа ажиглагдсан бэ?

-Тэгэлгүй яах вэ. Хэдий 7 хоног өнгөрсөн хэдий ч хүүхдүүд маань одоо хэдий нь давтлага хичээлийнхээ хэв маягт дассан байна. Хүүхдүүд, эцэг эхчүүдийн хүсэл сонирхол, судалгаан дээр суурилж гаргасан шийдвэр учир хүүхдүүдийн ирц, цаашлаад хичээлийн идэвх сайн байгаа нь ажиглагдсан. Хичээллээд эхлэхээр танхимын сургалт хамаагүй хүртээмжтэй, сайн байгаа үр дүн эхнээсээ гарч байна. Ядаж л хүүхдүүд ЭЕШ-аа өндөр оноотой өгч чадна гэх итгэл төрж эхэлсэн. Мөн багш сурагчдыг дэмжих маш том дэмжлэг ирсэн нь “Багшийн туслах-800” аппликейшн, болон Mobicom корпорацаас сар бүр 9 мегабайт дата бүхий шинэ дугаарыг ахлах ангиа төгсөж буй хүүхдүүдэд өгсөн явдал юм. Тус аппликейшн болон шинэ дугаар манай сургуулийн төгсөгч хүүхдүүдэд бүгдэд нь ирсэн.  Шинэ дугаарыг дагалдаж ирсэн дата эрхээр хүүхдүүд маань онлайнаар дамжуулан ЭЕШ-даа бэлдэх боломж нь гарсан. Энэ жилийн хувьд “Нэг багш нэг төгсөгч” аяныг зохион байгуулж багш бүр хүүхдүүдтэй тулж ажиллан, цахим грүүпүүдийг үүсгэн, түүгээрээ дамжуулан мэдээлэл солилцож байгаа.

-Нийтлэлийг маань унших эцэг эхчүүд сонирхох болов уу. Танай сургууль өмнө жилүүдийн хувьд ЭЕШ-д гаргасан амжилтаараа бусад сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Манай сургууль дүүрэгтээ ЭЕШ-ын дүн үнэлгээгээрээ дээгүүр түвшинд бичигддэг. Энэ хичээлийн жилд ч мөн өмнөх хичээлийн жилд гаргасан ололт амжилтыг бууруулахгүйн тулд ахиц гаргахын төлөө багш, сурагч хамтран хичээж ажиллаж байна.

-Эцэг эх, хүүхдүүдийн зүгээс давтлага хичээлтэй холбоотой санал хүсэлт, гомдол ирж байгаа юу?

-Хүүхдүүд өөрсдийн хүсэл, санаачилгаар давтлага хичээлдээ хамрагдаж байгаа учраас сэтгэгдэл өндөр байгаа гэж харж байна. Хэрэв тухайн хичээлээр олж авсан мэдлэгээ бататгах шаардлагатай бол багштайгаа цахимаар холбогдоод энэ тухай мэдээллийг лавшруулан аваад явж байгаа. Тиймээс одоогоор санал, гомдол ирээгүй.

ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛИЙН ХӨЛ ХОРИОГ "БОЛОМЖ” ХЭМЭЭН ХАРЖ БАЙНА

Ахлах анги хариуцсан сургалтын менежертэй ярилцаж байх зуурт, хоёрдугаар ээлжийн давтлагын завсарлага болов. Тиймээс бид энэ боломжийг ашиглан давтлага хичээлд хамрагдаж буй хоёр сурагчтай, хичээлийн явц болон үр дүнгийн тухай цөөн хором ярилцсан юм. Ингээд анги руу ороход дүрлэгэр алаг нүдтэй охин итгэл дүүрэн харцаар намайг цоргитол ширтэв. Бидний харц огтлолцох тэр л агшинд би түүнтэй ярилцахаар өмнө нь ирсэн байлаа. Ярилцахын өмнө ойр зуур хөнгөн асуултаар эхэлж, гол яриандаа орсон юм. Түүнийг н.Халиунцэцэг гэдэг бөгөөд 12в ангид суралцдаг байна.

БИДНИЙ ТӨГСӨЛТИЙНХӨН ӨӨРСДИЙГӨӨ "АЗГҮЙ ТӨГСӨЛТ” ГЭЖ БАЙГАА

-Анги танхимдаа хичээллээгүй удлаа шүү дээ. Миний дүүгийн хувьд давтлага нь хэр үр дүнтэй санагдаж байна вэ?

-Covid-19 цар тахлын үед биднийг нөхцөл байдлыг ойлгоод цөөн хүүхдийн хамт танхимаар давтлага хичээл орж байгаад баярлаж байгаа. Учир нь ихэнх хүүхдүүд гэрийн нөхцөлд хангалттай хэмжээнд шалгалтдаа бэлдэж чадахгүй байгаа болов уу. Тиймээс танхимын сургалтад сэтгэл өндөр байна. Багш нарын маань хувьд ч гэсэн ур чадварын хувьд маш сайн.

-ЭЕШ-ыг ямар хичээлүүдээр өгөхөөр бэлдэж байгаа вэ?

-Миний хувьд ЭЕШ-ыг Англи хэл, Нийгэм, Математик гэсэн гурван хичээлээр өгөхөөр дагнан бэлдэж байна.

-Давтлага хичээлээс бусад хугацаанд гэртээ ихэвчлэн юу хийж өнгөрүүлж байна вэ?

-Би карентиныг эсрэгээрээ боломж гэж харж байгаа. Учир нь бидэнд өөрийгөө хөгжүүлэх дахин ийм цаг хугацаа олдохгүй шүү дээ. Тиймээс би энэ хугацааг аль болох өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байгаа.

-Сургуулиа төгсөхөд сар хүрэхгүй хугацаа үлдчихлээ шүү дээ. Харамсалтай санагдсан зүйл байгаа юу?

-Бидний төгсөлтийн хувьд “Азгүй төгсөлт” гэгдэж байгаа. Гэхдээ бидэнд ЭЕШ-д бэлдэх хугацаа их гарч байгаа. Учир нь бусад хичээлийн даалгавраа хийнэ гэж санаагаа зовоохгүйгээр шалгалтдаа голчлон төвлөрч байна.

Ингээд түүний хажууханд суух өндөр, туранхай хүүгээс би хариулт нэхэх төлөвтэй хажууд нь дөхөв. Тэр ч үүнийг харцаараа ухаарав уу гэлтэй өөрийгөө танилцуулж эхлэв. Түүнийг н. Цэцэн гэдэг бөгөөд 12а ангийн сурагч аж. Тэрээр ЭЕШ-д бэлтгэх давтлага хичээлд сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд Нийгэм, Англи хэл, Математик, Монгол хэл гэсэн дөрвөн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаагаа хэлэв. Цэцэнгээс нэмж доорх асуултуудыг асуусан юм.

-Миний дүү ирээдүйд суралцах мэргэжлээ сонгож амжив уу?

-Сонгосон. Би График дизайн чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшихээр төлөвлөж байна. Би энэ мэргэжлээр суралцахаа 9-р ангид байхдаа л сонгосон.

-Сургуулийн зүгээс хүүхдүүдийнхээ боловсрол, амжилтад анхаарч ажиллаж байгаа нь ажиглагдлаа. Чиний хувьд шалгалтаа өндөр оноотой өгч чадна гэх итгэл байгаа юу?

-Ангидаа үнэ төлбөргүй ЭЕШ-д бэлтгэх сургалтад сууж байгаадаа баяртай байна. Давтлагын хувьд би өөрөө хүсэж байсан учраас ирц сайтай хамрагдаж байгаа. Хичээлийн хувьд "Багшийн туслах-800” аппликейшн тусламжтай хэрэгтэй мэдээ мэдээллийг авч байна. Хэдий тийм ч танхимын сургалт нь сурч мэдэхэд илүү дөхөм болж байна.

-Давтлагын бус цагаараа гэртээ юу хийж өнгөрүүлж байна вэ?

-Теле хичээл үзэх эсвэл хоббигоо хөгжүүлэх гэх мэтээр өдрийг өнгөрүүлж байна. Гэвч гэртээ байхдаа Англи хэлнийхээ дуудлага, сонсголыг сайжруулахын тулд гадаад хэл дээр дуу сонсох гэх мэтээр өөртөө давуу байдал үүсгэхээр хичээж байна.

-Энэ жил ЭЕШ өгөх найзууддаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Юуны өмнө өөрсдийгөө битгий азгүй гэж бодоорой. Бидэнд төгсөлтийн баяраа тэмдэглэх өөр цаг хугацаа олдоно. Тиймээс карентины хугацааг илүү үр дүнтэй өнгөрүүлээрэй гэж хэлэх байна.

Хэдийгээр бидний яриа хөнгөн болсон ч хүүгийн сандрал үсний үзүүр, ширхэг хүртэл нь мэдрэгдэж байлаа. Гэхдээ л хэлэх гэсэн санаагаа ээрч түгдрэлгүй, бүтэн гаргасан нь таалагдсан юм. Ийнхүү тэдний завсарлагын цаг дуусаж хичээлдээ төвлөрөхөөр багш руугаа анхаарч эхлэлээ. Тиймээс миний хувьд тэдэнд олгогдсон алтан цагнаас хумслахыг огтоос хүссэнгүй. Тэнгэр ч бидэнд амсхийв завдал олгоогүй тул асгарах борооноос амжиж ажил руугаа дөхөхөөр банштай цайгаа бодсоор хөлийн хурдаар машин руугаа гүйлээ. Харин үлдэж буй дүү нар маань ирээдүйд хэн байхаа шийдэхээр үзгийн хурд, бодлын хүчээр урагшилж байгаа...

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 21, 2020 11:01

Яасан ч муухай үгтэй гарчиг вэ. Харин ч азтай төгсөгчид. Хичнээн сайн байгаад оноо нь хасагдах монгол ш�##�г�##�т өгөхгүй. Гайгүй шиг оноо авчихв�##� бараг бүгд их дээд сургуульд орох боломжтой. Иймээс харин ч азтай. Эгүүрийнхэн өөдрөг бай!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button