НИЙГЭМЯрилцлага

Б.Батчулуун: Ээжийг минь Улсын баатар биш гээд Ю.Цэдэнбал даргатай хамт авхуулсан зурагнаас хасахад их гомдсон

“Мэлтийсэн хөх тэнгэрийн доор

Миний ээж намайг төрүүлсэн юм

Ангир цагаан цээжнээс нь

Алслагдсан дайны дарь ханхалсан юм

Гранат дэлбэрч, шороо цацарсан нуувчинд

Гаран доорх материалаар сувилж явсан” хэмээх шүлгийг сэтгэлийнхээ гүнээс унших түүнийг Бадарчийн Батчулуун гэдэг. Тэрбээр энэхүү шүлгээ ээждээ, дайнд оролцсон эмэгтэй дайчдад зориулж бичсэн юм. Түүний ээж нь Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, 1939, 1945 оны дайнд оролцож, олон улсын сувилахуйн ухааны Флоренс Найтингейлийн хүндэт одон гардсан түүхт сувилагч Дамбын Норовдаваа. Хоёрын хоёр дайнд оролцон, эрчүүдтэй мөр зэрэгцэн амь биеэ үл хайрлан тулалдсан гэж бодохоор түүнээр бахархахгүй байхын аргагүй. Эрэгтэй хүнээс хамаагүй илүү тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, эр зориг шаардсан байж таарна.

Охин нь ээждээ зориулж “Галын шугамын байлдагч Галшарын охин” зохиол бичжээ. Улмаар урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдорж тус зохиолоос сэдэвлэн “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны киног бүтээсэн. Б.Батчулуун гуай тэгж ээжийнхээ, дайнд оролцсон эмэгтэйчүүдийн алдар, гавьяаг мөнхжүүлсэн юм.

Ахлах түрүүч Д.Норовдаваа дайны жилүүдэд ариун цэврийн зааварлагч, сувилагчаар тушаал биелүүл явсан. Шинэ худаг олоход уснаас нь түрүүлж амсан, өөр дээрээ туршина. Цэргүүдэд хоол өгөхийн өмнө өөрөө түрүүлж амсана. Тэгээд ямар нэгэн хоргүй, аюулгүй гэснийх нь дараа л цэргүүдэд идүүлдэг байж.  

За, тэгээд сум исгэрч, энд тэндгүй бөмбөг дэлбэрч байхад шархадсан цэргүүдийг эмчилж, дайны халуун голомтод зүтгэж явсан сувилагчдын үүрэг асар их. Тэр гавьяатнуудын нэг нь Д.Норовдаваа.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/571796093742740/?v=571796093742740

“Би Алтан гадас” одонгоор шагнуулсан. Гэхдээ санаа зовоод огт зүүдэггүй. Аав, ээж хоёр минь хоёр дайнд оролцон, баатарлаг гавьяа байгуулсан мөртлөө зүүгээгүй одон шүү дээ. Тийм байхад би зүүх хэцүү, надад их хүнд байдаг” хэмээн өгүүлэх Б.Батчулуунтай ярилцлаа.

ААВ, ЭЭЖ ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН ТУХАЙГАА НАДАД ОГТ ЯРЬЖ БАЙГААГҮЙ

-Аав, ээж хоёр тань 1939, 1945 оны дайнд хамтдаа оролцсон юм билээ. Энэ тухайгаа танд хэр их ярьдаг байв?

-Энэ талаар юм ёстой ярьдаггүй байлаа. Ямар сайндаа би аавыгаа хошууч цолтой байсныг бүр сүүлд мэдсэн шүү дээ. Учир нь намайг төрөхөд дайн дуусчихсан, аав, ээж хоёр минь жирийн иргэд болчихсон байлаа. Аав, ээж хоёр минь үнэхээр хөдөлмөрч хүмүүс байж билээ. Дайнд хамт оролцсон дайчид манайхаар үргэлж ирдэг байлаа. Тэгээд зовлон, жаргалаа хуваалцан, дайны хүнд жилүүдийн тухай ярилацана. Тэднийг яриаг би ихэд сонирхон сонсоно. Тэгж л жаал, жуул юм хагас, хугас мэдсэн юм.

-Эмэгтэй хүн эсвэл гэр бүлээрээ хоёр дайнд оролцсон тохиолдол Монголд хэр олон байдаг бол?

-Байдаг байх. Гэхдээ ховор.

“ГАЛЫН ШУГАМЫН БАЙЛДАГЧ ГАЛШАРЫН ОХИН” ЗОХИОЛОО ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ БИЧСЭН

-Хоёрын хоёр дайнд оролцон, амь биеэ үл хайрлан, эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан гэж бодохоор ээжээр тань бахархахгүй байх аргагүй. Эрэгтэй хүнээс хамаагүй илүү тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, эр зориг шаардсан байж таарна.

-Тэгнэ, тэгнэ. Би энэ тухай “Галын шугамын байлдагч Галшарын охин” гэдэг номондоо бичсэн. Дайнд явсан нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу гэж зарим хүн гайхаж магадгүй. Олон жил түүх, архив судалж байгаад ээжийнхээ тухай бичсэн юм шүү.

- Та ээждээ төдийгүй дайнд оролцсон эмэгтэйчүүдэд зориулж бичсэн зохиолоос тань сэдэвлэн “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны киног бүтээсэн. Ээждээ зориулж кино бүтээлгэх нь таны мөрөөдөл байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Багаасаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн ээжийнхээ тухай зохиол бичүүлж, алдар гавьяаг нь мөнхлөх сөн гэж мөрөөдсөн хүн, би. Ёстой миний багын мөрөөдөл. Үүнийгээ ажил хэрэг болгох гээд хөөцөлдлөө. Харамсалтай нь, ээжийн минь тухай бичиж өгөх зохиолч олдоогүй. Мөнгө аягүй их ордог юм билээ. Тэгээд хөөцөлдөж, хөөцөлдөж цөхрөв. Сүүлдээ өөрөө аргагүйн эрхэнд бичиж эхэлсэн. Үнэндээ өөрийгөө голоод байсан юм л даа. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг үнэн юм билээ. Би зургаан жил шахам хугацаанд бичсэн. Амьдралдаа ганцхан удаа зохиол бичсэн минь энэ. Өөрийгөө голон, голон бичлээ. Миний номыг яруу найрагч Оноодов гуай редакторласан. Үнэндээ энэ зохиолоо ном болно гэж төсөөлөөгүй. Кино болгоно гэж бүр зүүдлээ ч үгүй.

Нэг удаа Батхуяг гэдэг залуутай уулзаад “Дайны сэдэвтэй кино хийн, ээжийнхээ, эмэгтэй дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх мөрөөдөлтэй” гэдгээ хэлэв. Тэгэхэд Б.Нагнайдорж найруулагчтай уулзуулсан. Түүнд учир байдлаа хэлэхэд тэр агуу хүн миний зохиолыг уншаад үзье гэв. Нэлээд хэдэн хоногийн дараа надтай холбоо бариад “Дайнд оролцсон эмэгтэй дайчны охин нь бичсэн болохоор их аятайхан болж. Кино хийж болмоор юм байна. Гэхдээ бүрэн хэмжээний уран сайхны кино хийхэд хөрөнгө хэрэгтэй. 250 сая төгрөг лав шаардлагатай” гэсэн.

За, тэгээд ивээн тэтгэгчийн эрэлд гарлаа. 2014 онд Галшар сумынхаа 90 жилийн ойд уригдав. Тэр үеэр “Хасу мегаватт” ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуштай уулзахад дэмжихээ илэрхийлж, ивээн тэтгэсэн. За гэвэл ёогүй мундаг хүн байна лээ. Ж.Түмэн-Аюуш захиралд үнэхээр их баярлаж явдаг. Зохиол дээрээ ажиллах, дээр үеийн дайчдын тухай судлахад Улсын архивын ерөнхий газар, Цэргийн архивын газрын хамт олон их тусласан шүү. Киноны зураг авалт зургаан сар үргэлжилсэн.  

ЭЭЖДЭЭ, ЭМЭГТЭЙ ДАЙЧДАД ЗОРИУЛЖ ХИЙСЭН КИНОГОО ҮЗЭХ БҮРТ СЭТГЭЛ ХӨДӨЛДӨГ

-Дайнд танай ээж хэрхэн байлдсан, эмэгтэй дайчдын оролцоо ямар байсныг олонх хүн “Тэр жилийн тэр өдөр” киногоор төсөөлдөг, ерөнхийд нь дүгнэдэг. Та ийм л хийх сэн гэж зорьсондоо 100 хувь хүрч чадсан уу?

-Дайнд оролцсон, хүчний байгууллагуудад хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийг би ээжээрээ төсөөлдөг. “Тэр жилийн тэр өдөр” киноны зохиолыг миний “Галын шугамын байлдагч Галшарын охин” зохиолоос сэдэвлэн Санжийн Пүрэв агсан бичсэн. Эл кино 2016 онд нээлтээ хийхэд үнэхээр их баярлан, сэтгэл хөдөлж билээ. Өөрийн эрхгүй уйлчихсан. Тэнгэрээ өөрт нь зориулсан киног үзэн, охиноороо бахархсан байх.

Уран сайхны кино гэдэг өөрөө их нарийн ажил юм билээ. Кино зохиол тодорхой хэмжээнд өөрчлөгддөг юм байна. Яг үнэнийг хэлэхэд 100 хувь санаандаа хүрсэн юм хийж чадаагүй. Би “Тэр жилийн тэр өдөр” кинонд ээжийнхээ мөн аавынхаа нэрийг дурсуулахыг хүссэн юм. Гэтэл аавын нэрийг хасчихсан. С.Пүрэв гуай уг нь кино зохиолдоо аавын минь нэрийг оруулсан юм билээ.

Хоёр дайнд гэр бүлээрээ оролцох ховор тохиолдол. Энэ кино зөвхөн ээжид минь зориулагдаагүй. Монголын бүх эмэгтэй дайчдад зориулсан кино учраас аавын нэрийг оруулаагүй байх. Хамгийн гол уран сайхны кинонд аав, ээжийнхээ хоёулангийнх нь нэрийг оруулах, мөнхлөх боломж надад дахиж олдоо ч уу үгүй ч үү. Бүх арми, ангиудад үзүүлэх киноны жагсаалтад “Тэр жилийн тэр өдөр”-ийг хараахан багтаагүй байгаа. Уг нь их хөөцөлддөг юм аа. Энгийн хүн болохоор төдийлөн тоохгүй юм аа. Би “Тэр жилийн тэр өдөр”-ийг үзээд, үзээд ханадаггүй. Ирээдүй хойчдоо түүхийг үнэнээр нь үлдээлээ, эмэгтэй дайчдын, ээжийнээ алдар гавьяа, үйл хэргийг мөнхөлж чадлаа гэж бодохоор сайхан байдаг.

БИ ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ ДӨРВӨН ШҮЛЭГ БИЧСЭН

-Та ээждээ зориулж хэдэн шүлэг бичсэн бэ?

-Дөрвөн шүлэг бий.

-Тэдгээрээс хэд нь дуу болсон бэ?

-“Халх голын дайчин сувилагч бүсгүй” шүлгийг минь Сүхбаатар дуулсан. Миний ээж долоон ахтайгаа, ханьтайгаа хамт дайнд явсан. Хамгийн том ах нь Сүхбаатарын цэрэг байсан юм билээ.

-Тухайн үед хэдэн настай байсан бол?

-1939 оны дайнд оролцохдоо 16 бил үү 17 настай байсан юм билээ. Аав минь Завхан аймгийн харьяат, айлын ганц хүү. Би 1945 оны дайнд оролцсоноос хойш 10 жилийн дараа би мэндэлсэн. Буурал ээжийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон авахад дайнд амь эрсэдсэн хүүг нь амьд гэж тооцон олгосон юм билээ. Нулимс дуслуулан, зул өргөж байхад нь би жаахан байлаа. Дайнд хүүхдээ явуулсан эхийн нулимс их хүнд. Дусалсан нулимс, чичирсэн гар нь одоо хүртэл надад харагддаг.

ЭЭЖ ХАЛВАР АВСАН 30 ЦЭРГИЙГ ГУРАВХАН ХОНОГИЙГ ДОТОР ЭДГЭЭНЭ ГЭЖ АМЛААД ТҮҮНДЭЭ ХҮРСЭН

Д.Норовдаваа нөхөр, ахын хамт

-Хоёр ч дайнд оролцсон ээжийнх нь байгуулсан гавьяа гэвэл та юу, юуг нь онцлох вэ?

-Дайнд оруулсан эмэгтэйчүүдийн гавьяа асар их. Нэг удаа ангиа гүйцэх үүрэгтэй явж байсан юм билээ. Машин, машин дайгдаад. Нэг машинд суугаад явж байтал дугуй нь хагарч. Хээр хаягдсан ч өглөө нь ангийнхныхаа гүйцэх даалгавартай. Байлдааны даалгаврыг заавал биелүүлэх хатуу тушаалтай. Дайснуудад харагдаж магадгүй гээд өвсөн дуур явж байхдаа Оросын цэргүүдтэй таарсан юм билээ. Орос цэргүүд зам шалгаад явж л дээ.

 Тэд ээжийг хүргэж өгөхөд анги дээр нь халдварт өвчин гараад 30 гаруй цэрэг өвдчихсөн байсан юм билээ. “Гуравхан хоногийн дотор эдгээнэ” гэж амлалт өгсөн гэнэ. “Араас эм, тариа ирэх болоогүй. Амжихгүй, халдвар улам тархвал яана аа” гэж санаа алдсан гэдэг юм билээ. Тэгээд өнөөх цэргүүдийг машины гясалдаагаар эмчилсэн гэдэг. Бас нэг удаа ээж долоон япон баривчилсан юм билээ.

-Ганцаараа юу?

-Үгүй ээ, гурвуулаа. Ээж энэ тухайгаа их гомдолтой ярьдаг. Би гайхаад асуухаар “Тэгэлгүй яах юм бэ. Хэрвээ тэр үед би эндсэн бол би ч байхгүй, чи ч байхгүй шүү дээ” гэсэн. Цаад хүн нь (хамт явсан хоёр цэргийн нэг нь) ээжээс уучлалт гуйдаг.

-Ээжийг тань яг яагаад гомдоосон юм бол. Танд энэ талаар нарийн зүйл ярьсан уу?

-Ээж ариун цэврийн зааварлагч нь байлаа. Худгийн ус, хоолноос авхуулаад бүх зүйлийг өөрөө түрүүлж амсан, өөр дээрээ туршина. Тэгээд зүгээр байвал цэргүүдийн хүнсэнд хэрэглүүлнэ. Нэг удаа шинэ худаг олж. Тэгээд өнөөх худагныхаа усыг амсан, хоргүйг тогтоож байхад долоон япон цэрэг гэнэт гараад ирсэн юм билээ. Цуг явсан хоёр цэрэг нь ухраад зугтаасан гэнэ. Ээж тэгэхэд нь худгаа алдахгүйн тулд шууд урдаас нь дайрч. Япончууд тэр худгийг хордуулчихвал ангиараа уух усгүй болно шүү дээ. Ээж “Зогс” гэж команд өгөөд буулгаж авсан юм билээ. Тухайн үедээ тэр долоон японыг баривчилж, ангийн салбартаа хүлээлгэж өгсөн гэсэн. Тэглээ гээд ээж “Бид гурав долоон япон барьчихлаа. Шагнуулах нь” гэж огт бодоогүй гэдэг. Баатар болох бус эх орноо хамгаалахын төлөө явсан гэдгээ ухамсарладаг байсан шүү дээ. Дээхнэ үеийн хүмүүс тийм мөс чанар сайтай байсан. Гавьяа байгууллаа гэж бус хийх ёстойгоо хийлээ, эх орныхоо даалгаврыг гүйцэтгэлээ гэж бодоод л өнгөрсөн байх.

-Хамт явсан хоёр хүн нь шагнуулсан уу?

-Бас адилхан шагнуулаагүй. Түүнд би их гомдож явдаг. Дайны дараа аав, ээжтэй уулзан яагаад сурвалжлага хийж, ярилцлага аваагүй юм бол. Бид бүр хожим, аав, ээжийгээ бурхан болсных нь дараа дурсаж “Тэр жилийн тэр өдөр”-ийг хийсэн. Нас ахих тусам аав, ээжийгээ улам их үгүйлж, санадаг юм байна. Би “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Гэхдээ би санаа зовоод зүүдэггүй. Миний аав, ээж хоёрын хоёр дайнд оролцон, баатарлаг гавьяа байгуулсан мөртлөө зүүгээгүй одон шүү дээ. Тийм байхад би зүүх хэцүү, надад их хүнд. Аав минь улсын баатар цолны болзлыг хангасан хүн. 1939 оны дайнд оролцохдоо хоёр машин цэргийг устган, тагнан турших ажлыг дайн дуустал хийсэн юм билээ. Тэгэхэд улсын баатар цол яагаад өгөөгүй юм бол.

ААВ МИНЬ ДАЙСНЫ ХОЁР МАШИН ЦЭРГИЙГ УСТГАЖ БАЙСАН

-Тэгэхдээ хэчнээн япон цэргийг устгасан бэ?

-Аав дурсамж номондоо “42 япон цэргийг устгасан” гэж бичсэн нь бий.

-Таны ах дүү нар дунд цэрэг, армийн салбарт ажиллаж яваа хүн бий юү?

-Би эхээс зургуулаа. Манайхан дунд цэргийн армийн хүн байхгүй.

-Ус, хоол хүнснээс түрүүлж амсан, дараа нь ангийнхандаа өгдөг байсан гэлээ. Тэгж яваад хордсон тохиолдол бий юү?

-Энэ талаар үнэндээ мэдэхгүй. Надад лав юм хэлээгүй. Хордсон гэснээс дайны үеэр аав нэг удаа төөрсөн юм билээ. Тэгж яваад дайсны гал тогоо руу орчихож.

-Тэгээд дайснуудад баригдсан уу?

-Үгүй ээ. Зугтчихсан гэнэ лээ. Буцаж ирэхдээ ээжид будаатай хуурга авчирч өгсөн гэнэ лээ. Буцах замд хоолных нь сав суманд оногдоод хэд, хэд цоорч л дээ. Нөгөөх хоолных нь шөл асгарч, дан будаа авчирч өгснөө дурсах дуртай байсан.

-Аав, ээж хоёр тань дайнд хамт оролцсоны нэгээхэн баталгаа тэр байх.

-Тийм шүү.

-Дайн тухай ярихаар ихэвчлэн эрэгтэйчүүдийн оролцоо, эрэгтэй баатруудын тухай түлхүү дурсдаг. Эмэгтэй дайчдын, сувилагчдын оролцооны талаар арай бага дурсаад, дутуу үнэлээд байх шиг. Сум исгэрч, энд тэндгүй бөмбөг дэлбэрч байхад шархадсан цэргүүд эмчилж, дайны халуун голомтод зүтгэж явсан сувилагчдын үүрэг асар их шүү дээ.

-Яг үнэн. Би энэ тухай их боддог. Эмэгтэй дайчдын, дайнд оролцсон сувилагчдыг бас ээжийгээ дурсаад  “Ирмэх орчлон” гэдэг шүлгээ бичсэн юм.

Энэ шүлэгт маань:

“Мэлтийсэн хөх тэнгэрийн доор

Миний ээж намайг төрүүлсэн юм

Ангир цагаан цээжнээс нь

Алслагдсан дайны дарь ханхалсан юм

Гранат дэлбэрч, шороо цацарсан нуувчинд

Гаран доорх материалаар сувилж явсан гэдэг” хэмээх мөртүүд байдаг юм.

ДАЙНД ОРОЛЦСОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ТАЛААС НЬ ХАРААД ГАВЬЯАГ НЬ ДУТУУ ҮНЭЛДЭГ

-Ер нь таны бодлоор Монгол Улс эмэгтэй дайчдынхаа алдар гавьяаг хэр сайн үнэлж, өдгөө дурсан, хүндэтгэж явдаг вэ?

-Ер нь дайнд харьцангуй цөөн эмэгтэй оролцсон юм билээ. Одоо заримынх гавьяаг үгүйсгэдэг. Дайнд оролцоогүй гэх нь  ч бий. Ер нь эмэгтэй дайчдын гавьяаг дутуу үнэлдэг. Баатрын дайтай авч үзээгүй, үнэлээгүй. Тухайн үеийн нийгмийн асуудал ч нөлөөлөсөн байх. Өнөөдөр Ардчилсан нийгэм. Социализмын үед хүмүүсийн алдар, гавьяаг яаж үнэлснийг хэлэхэд бэрх. Эмэгтэй хүн талаас нь хараад гавьяаг нь дутуу үнэлээд байх шиг. Ээжид минь Улсын баатар цол нөхөн олгоосой гэж боддог. Аав ээжид “Зургаа сайн авхуулж бай. Түүхэнд үлдээ ч үү, үгүй ч үү” гэж захидаг байсан юм. Ялалтын тухай ярихаар эмэгтэй дайчдын гавьяаг үгүйсгэх гээд байдаг гэмтэй. Ямар сайндаа нэг удаа ээжийг минь нэг зурагнаас айхтар хасаж билээ. Тэр тухай харин ярих уу, яах вэ?

Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГАТАЙ АВХУУЛСАН ЗУРАГНААС ЭЭЖИЙГ МИНЬ УЛСЫН БААТАР БИШ ГЭЭД ХАСЧИХСАН БАЙСАН

Эхний зурган дээр хамгийн баруун талд зогсож байгаа нь Д.Норовдаваа

-Бололгүй яах вэ.

- 1977 онд Ю.Цэдэнбал дарга Монгол Улсын баатрууд, гавьяатнууд цолтнуудтай хамт зураг авхуулсан юм билээ. Тэр уулзалтад ээж очиж таарахад нв “Хоёр дайнд оролцсон бидний дунд бизогсох гавьяатан шүү” гээд хамт зураг авхуулахыг зөвшөөрч. Тэгээд тэр зургийг авхуулж л дээ. Гэтэл 1980 онд өнөөх зургийг нийтлэхдээ ээжийг хасчихсан байна лээ. Гайхаад асуухаар “Багтсангүй ээ” гэсэн гэнэ лээ. Яг үнэндээ ээжийг минь улсын баатар цолгүй гээд хасчихсан юм билээ.

-Таны бодлоор эх оронтой байхын үнэ цэнэ, монгол хүн болж төрсний утга юунд оршдог вэ?

-“Халх голоос харьж ирээгүй хөвгүүдээ

Харуулдаж байсан эхийн нулимс

Харуустлаа хатсан гэж үү

Хайран хөвгүүдээ мартаагүй эхчүүд

Хаана нойрссоныг нь мэдсэн гэж үү” гэсэн мөрт бий. Ямар айхтар хэлсэн юм бэ дээ. Би тэр нулимсны нэг. Миний аав, ээж хоёр хоёр ч дайнд оролцсон. Ах минь дайнд явж байгаад амь эрсэдсэн. Баатарлаг гавьяа биш үү.

“Тэр жилийн тэр өдөр” кинонд нэг офицер бакаль хадгалж явж байгаад нас барчихдаг юм. Нэг хүн “Чи зохиолыг нь бичихдээ тэр залууд бакалийг нь өмсүүлчихгүй яав аа. Ямар хатуу сэтгэлтэй юм бэ” гэсэн. Тэр оцицер цолтой, залуу хүн. Байлдагчийнхаа төлөө тэгж их санаа зовж, сэтгэл гаргаж байна шүү дээ. Өвөг дээдэс минь тэгж их зүтгэн, амь, насаа үл хайрлан байж бидэнд эх орноо өвлүүлсэн. Өнөөдөр би энд суугаад ярилцлага өгөөд, энх тунх, эх оронтой байгаа минь тэдний гавьяа. Тэгэхээр би бахархалгүй яах вэ. Ид хийж бүтээх, үр удмаа үлдээх, амар тайван амьдрах насандаа дайнд явсан шүү дээ. Хүүхдийнх нь оронд хүүхэд больё, хэлээгүй үгийг нь эх орондоо дуулгая гэж л бодож явна.

“Баатруудын хүүхдүүд” гэдэг зөвлөл байдаг юм. Улсын баатруудын хүүхдүүд нэгддэг юм л даа. Нэг удаагийн уулзалт дээр “Улсын баатрын хүүхдүүд нэг талдаа ялгараад зогсчих. Энгийн байлдагчийн хүүхдүүд цаанаа” гэхэд нь хачин их гомдож билээ. Ийм сэтгэлгээтэй Засаг дарга байдаг юм аа гээд их гайхсан. Нээрэн, тэгж хэлсэн шүү дээ. Энгийн нэг эмэгтэй дайнд хоёр хүүхдээ явуулсан ч тэр эх оронч бүсгүй. Хүүхдээ эх орныхоо төлөө амиа өгөх сэтгэлтэй хүмүүжүүлсэн гавьяатан. Энэ л эх оронч хүн. Эх оронтой байхын, монгол хүн байхын үнэ цэнэ, утга учир үүнд ч оршдог юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button