Ярилцлага

Ө.Аззориг: Багадаа биеийн тамирт ордоггүй, дуугүй, ноомой хүү байлаа

УИХ-ын сонгууль ойртож, олон нийтийн уур амьсгал улс төржсөн цаг үед өөр өнгийн мэдрэмжийг нийгэмд өгч буй “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Шоуны дүрэм ёсоор оролцогчид хасагдаж, тэдний дунд үзэгчдийн сэтгэлд хэдий нь хоногшиж амжсан чадалтай авьяастнууд багтаж буй нь харамсалтай. Тэдний нэг бол Дархан нутгийн аврагч залуу Ө.Аззориг. Өөрийнхөөрөө, хэгжүүн, гал дөлтэй реппер залууг дараагийн шатанд харахыг хүссэн үзэгчид олон байлаа.

Ө.Аззориг нэгдүгээр шатандаа өөрийн зохиосон “Надад таалагдаж байна” дууг үглэж үзүүлсэн нь хоёр ч шүүгчийг эргэж харуулсан. Хар өмд, футболктой энгийн даруухан залуу тайзан дээр гарч ирээд яг л байгаагаараа хэр нь ээ тун чадварлаг реп хийсэн нь Д.Болд болон С.Ононбат шүүгчдийг улаан товчлуураа дарахад хүргэсэн. Ука шүүгч ч үзүүлбэр дуусахаас өмнө эргэж амжаагүйдээ дуу алдан харамсаж харагдана лээ.

Image may contain: 1 person

Ингээд Ө.Аззориг Д.Болдын багийн гишүүн болсон. Хамгийн гол нь Дархан хотын ОБГ-т ажилладаг тухайгаа тэр ярьж, олон хүний хайр хүндэтгэлийг татсан. Шавилхан реппер залуу гэнэтийн хүнд нөхцөлд ханцуй шамлан орж, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг цээжээрээ хамгаалдаг болж таарсан нь тэр. Ингээд үзэгчдэд шууд л хүлээлт үүссэн.

Хүчтэй, чадалтай хоолойтой олон дуучидтай өрсөлдөх гэдэг ер репперүүдийн хувьд том даваа байдаг. Үзэгчид төдийгүй шүүгчид репперүүдээс илүү дуучдад саналаа өгдөг, итгэл хүлээлгэдэг нь бичигдээгүй  хууль гэмээр. Гэсэн ч Ө.Аззориг хоёрдугаар шатандаа дахиад л тэнцсэн. Тэнцэхээс ч өөр аргагүй байв. Үсээ улаан ягаан болгочихсон гарч ирээд тэр ёстой л цөс хөөрч, шар үс бостол азаргалсан. Түүнтэй өрсөлдсөн М.Саранмарал ч С.Ононбат шүүгчид шүүрүүлсэн нь эерэг, гэгээтэй үйл явдал болсон билээ. Д.Болд шүүгчийн хувьд яалт ч үгүй Ө.Аззоригийн өөртөө итгэлтэй, өөрийгөө “мэдэрчихсэн” байдлыг нь анзаарч, их итгэл хүлээлгэсэн.

Харин шоуны гуравдугаар шатанд гал гарсан өрсөлдөөн өрнөсөн. Таван оролцогчдоос хоёр нь л дараагийн шатанд оролцох эрхээ авна гэдэг амаргүй даваа. Нэгийг нь дасгалжуулагч шүүгч өөрөө сонгох бол үлдсэн нэгийг нь үзэгчдийн саналаар тодруулдаг.

Ө.Аззориг энэ удаад цагаан өнгийн аутфиттэй гарч ирээд Eminem-ийн дууг монгол дуутай сүлэлдүүлж,  реплэлээ. Нөгөө л нэг хэдий нь “болчихсон” хэгжүүн залуу үзүүлбэрээ өөлөх зүйлгүй гүйцэтгэсэн. Гэсэн ч тэр үлдэж чадаагүй. Олон ч үзэгчид харамсаад үлдсэн биз ээ. Хэрэв тэр үлдсэн бол дараагийн шатандаа өөрийгөө дахин шинээр эвдэж, улам “алцгар” үзүүлбэр үзүүлэх байсан болов уу.

Харин түүний дотоод ертөнц, хувийн амьдралын сэдвүүд үзэгч, сонсогчдод нь сонирхолтой байгаа нь дамжиггүй. Иймд бид Ө.Аззоригтой цахимаар холбогдож, товч ярилцлаа.


-Шоунаас хасагдсандаа сэтгэлээр унаагүй, харин ч цаашид хийж бүтээнэ гэсэн өндөр итгэлтэй харагдсан. Гэхдээ мэдээж үзэгчдийн саналын дүнг сонордуулах мөчид Тэнцээсэй гэсэн итгэл өвөрлөж л суусан байх. Тэнцээгүйгээ мэдээд тэр мөчид хамгийн түрүүнд ямар бодол орж ирсэн бэ. Тэмцээнийг үргэлжлүүлэх хүсэл дотор нь хэр их байсан бол?

-Мэдээж надад шоугаа цааш үргэлжлүүлэх битүүхэн хүсэл байсан. Гэхдээ энэ бол тэмцээн, уралдаан шүү дээ. Тийм учраас нэг нь түрүүлж, харин нэг нь хасагдах л учиртай. Мөн энэ бол үндэсний хэмжээний шилдэг дуу хоолойг шалгаруулах,  дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэг. Иймд ерөнхийдөө сэтгэл санаагаа бэлтгэсэн байсан гэж болно оо. Учир нь би чинь маш олон чадварлаг дуучидтай өрсөлдөж яваа реппер залуу шүү дээ. Тиймээс нэг их хүндээр тусгаж, их зүйл бодоогүй ээ. Мөн Б.Алунгоодоо үзэгчдийн саналаар дараагийн шатанд тэнцсэнд нь баяр хүргэж, амжилт хүсмээр байна.

-Өмнө нь “Open Mic” гэхчлэн чөлөөт тайзууд дээр олонтой гарч, реп хийж байсан юм билээ. “The Voice of Mongolia”-д орох болсон шалтгаан нь юу вэ. Юу энэ шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлсөн бэ?

-Хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүс бол манай найзууд. Тэд цаг үргэлж намайг уран бүтээлч болохыг дэмжиж ирсэн. Мөн өөрт минь “The Voice of Mongolia” шоунд орж, өөрийгөө сориод үзье гэсэн бодол төрдөг байсан. Ингээд л зориг шулуудсан даа.

-Шоунд оролцож эхэлснээс дуусах хүртэлх энэ хугацаанд хамгийн их ойлгосон, ухаарч үлдсэн зүйлс нь юу байв. Мөн уншигчдад хуваалцмаар хөгжилтэй, сонирхолтой зүйлс юу болж өнгөрсөн бэ?

-“The Voice of Mongolia” шоунд оролцсоноороо багаар ажиллах чадварт, мөн олон нийтийн дунд биеэ зөв авч явах тал дээр маш их зүйл сурсан. Мөн хүн хэзээ ч бууж өгөлгүй, яг л өөрийн хүссэн зүйлээ хийх нь маш чухал юм гэдгийг ойлгож, мэдэж авсан. “Bold Team”-ийнхэнтэйгээ байхад хөгжилтэй зүйлс өдөр бүр тохиолддог. Бэлтгэлтэй өдрүүдэд багийнхантайгаа үргэлж сайн, сайхан дурсамжуудийг бүтээж чаддаг байсан. Ер нь багийнхан дундаа үргэлж бусдыгаа хөгжөөж байдаг хүн нь би юм даа /инээв. Сурв/.

-Үзэгчдэд Дарханы аврагч залуу гэдгээрээ сайн танигдсан. Ажлынхаа талаар уншигчдад ярьж, сонирхуулбал. Яагаад ОБГ-т ажиллах болсон юм бол?

-Би 2014 онд цэргийн алба хаагаад ирсэн юм л даа. Түүний дараа гэр бүлийнхэн маань намайг ОБГ-д ороод үзээч гэж зөвлөсний дагуу шалгалт өгөхөд тэнцсэн юм. Ингээд ОБГ-т ажиллах болсон. Ямарваа нэг аврах ажиллагаанд баг хамт олноороо яваад, амжилттай даваад ирсний дараа хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Багаараа хөө, тортог болчихсон “Ажлаа амжилттай дуусгалаа даа” гэцгээгээд л, мишээл тодруулаад сууцгааж байх нь сайхан санагддаг шүү. Мэдээж манай мэргэжлийнхэнд хэцүү зүйл маш олон тохиолддог. Гэхдээ бусдын сайн сайхны төлөө шаргуу хөдөлмөрлөдөг, баатарлаг ажил учраас шантралгүй үргэлжлүүлэн зүтгэсээр байдаг.

-Цаашид уран бүтээлчийн карьер хөөх, дэлхийн тайзан дээр гарах бодолтой буйгаа шоуны үеэр илэрхийлээд амжсан. Магадгүй энэ том итгэл төрөхөд “The Voice of Mongolia” шоу нөлөөлсөн байх. Өмнө нь ажлаа хийгээд л явж байхдаа дэлхийн тайзан дээр гарна, уран бүтээл хийж амьдарна гэж хэр их боддог, мөрөөддөг байсан бэ?

-Миний хувьд 15 настайгаасаа хойш өдөр бүр л бодож, мөрөөдөж ирсэн зүйл нь урлагийн амьдрал, уран бүтээл хийх байсан. Үүний анхны гарааг тавьсан зүйл бол мэдээж “The Voice of Mongolia” шоу. Тиймээс одоо энэ эрчээ алдалгүй өдөр бүр л шинэ, сайхан зүйлсийг бүтээхийн тулд бодож, сэтгэж, хөдөлмөрлөх болно оо.

-Үзэгчдэд өөрийн тань хувийн амьдрал мэдээж сонирхолтой байгаа. Нууц биш бол найз охинтой юу. Ер нь охидын сэтгэлийг хэр татдаг, охидыг хэр араасаа гүйлгэдэг залуу вэ?

-Ер нь тийм юм бараг байхгүй дээ. Эмэгтэй хүмүүстэй үерхэл нөхөрлөлийн холбоо өмнө нь тогтоож байгаагүй. Гэхдээ би өөрөө одоо нэг бүсгүйн араас гүйж байгаа. Даанч одоохондоо тийм ч бүтэлтэй биш л байна /инээв.Сурв/.

-Бага насныхаа тухай уншигчдад ярьж сонирхуулаач. Ямар хичээлдээ дуртай хүүхэд байв. Энэ үед хип хоп хөгжимтэй дур сонирхол нь холбогдсон байв уу?

-Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумийн 2-р сургуульд 10 жилээ төгссөн. 10 жилдээ их даруухан ноомой хүүхэд байсан даа. Одоогийнх шигээ тийм хэл яриатай хүн байгаагүй /инээв. Сурв/. Биеийн тамирын хичээлд ордоггүй, харин физикийн хичээлдээ их дуртай байсан. Манай н.Эрдэнэбат гэдэг 10 жилийн найз бий. Анх гар утас гарч байх үед тэр “Nokia N75” гэдэг, их чанга дуугардаг утастай болсон юм. Тэгээд л түүний утсан дээр найзуудынхаа хамт тухайн үед хит болж байсан CCB, Vanquish нарын HOOD дууг сонсоод суудаг байсан. Тэр үед л хип хоп хөгжимд дурласан.

-Багадаа гэр бүлийн ямар хүмүүжил дунд өсөж торнисон бол. Сэтгүүлчийн зүгээс эмээ өвөө дээрээ өссөн болов уу гэх таамаглал байна. Гэр бүлээ, бага насаа хамт өнгөрүүлсэн хайртай дотнын хүмүүсийнхээ талаар яриач?

-Би багадаа эмээ, өвөө, үеэлүүдтэйгээ өссөн. Эмээ, өвөө хоёроо бурхан болсны дараа хоёр ах, хоёр эгчтэйгээ хамт үлдсэн. Мэдээж найз нөхөд, гэр бүлийнхэн маань миний бага насны салшгүй нэг хэсэг. Ах эгч нартайгаа амьдралын хамаг л сайн сайхан, муу муухайг туулж өссөн дөө. Тэд маань надад олон зүйлсийг зааж сургасаар ирсэн. Тэр дундаас надад суулгаж чадсан хамгийн чухал зан чанар бол шудрага зан. Аав ээж, ах эгч нар гээд гэр бүлийнхээ бүх л гишүүдэд маш их хайртай.

-Гаднаасаа ухаалаг, төлөв даруу мөртлөө зоригтой, өөртөө итгэлтэй, өөрийгөө олчихсон дүр төрхтэй харагддаг. Яг дотроо бол маш уян зөөлөн, нулимстай, гүн бодолтой хүн шиг мэдрэгддэг. Ер нь хүмүүс өөрийг тань хэр зөв таньж ойлгодог гэж боддог вэ?

-Ямар ч хүн бусдад муу, сул дорой талаа ил харуулахыг хүсдэггүй шүү дээ. Тиймээс үргэлж л хүчирхэг, зоригтой нэгэн байж, зорилгодоо үнэнч зогсохыг хичээдэг. Гэхдээ мэдээж хүн л болсон хойно дутагдалтай талууд байлгүй яах вэ. Хүмүүс намайг голдуу их сахилгагүй, дэггүй хүн хэмээн дүгнэж байгаа харагдана лээ.

Image may contain: 1 person, sitting and indoor

-Багаасаа сонсож, үлгэр дууриал авч өссөн реппер, уран бүтээлчдээ нэрлээч?

-Бага насандаа Lumino, Tatar гэх мэт тухайн үед мандаж, хип хоп хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж явсан олон хамтлагуудыг сонсож ирсэн. Тэр дундаас Gee, Desant ах нараасаа маш их үлгэр дуурайллыг авч өссөн. Үнэнч, шударга байх гээд олон давуу чанарыг сурсан гэж болно.

-Шоунд оролцсоны өмнөх ба дараах өөрийгөө харьцуулан дүгнэвэл?

-Анх “The Voice of Mongolia” шоунд орохоосоо өмнө хүмүүст хэр таалагдах бол, хүмүүс намайг хэрхэн хүлээж авах бол гэсэн айдсуудтай байсан. Одоо бол эдгээр айдсуудаа даван дийлж, өөртөө мянган хувь итгэлтэй болсон. Тиймээс одоо өөрийнхөө мөрөөдлийн биелүүлэхээр зориглоод явж байна даа. Одоо зургаадугаар сарын эхээр хамгийн эхний уран бүтээлээ цацъя гэсэн бодолтойгоор ажлаа эхлүүлээд явж байгаа.

-Өөртөө өнөөдрийн байдлаар хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Маш сэтгэл хангалуун байна. Дэлхийн олон оронд зохион байгуулагддаг, хэдэн зуун сая үзэгчтэй, ийм том дэлхийн хэмжээний шоунд ороод, энэ зэргийн амжилт үзүүлнэ гэж бодож байгаагүй. Энэ сайхан хамт олонтой “Knockout” шат хүртэл яваад ирсэн учраас мэдээж сэтгэл ханамж маш өндөр байгаа.

-Ярилцлагаар дамжуулж олон нийтэд хандаж хэлэх зүйл байна уу?

-Удахгүй шинэ уран бүтээлээ гаргахаар эрмэлзэж байна. Тиймээс сонсогч та бүхэн маань итгэж, хүлээж, хамгийн анхны уран бүтээлийг маань хүлээн авч сонсоорой.

Image may contain: 1 person, phone
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button