НИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр хөгийн шоу хийхээ боль, нэр дэвшигчид ээ

Сонгууль болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хэрээр иргэдийн сонголтод нөлөөлөх, бусдаас өвөрмөц, эгэлгүй сайхан хүн болж харагдах хүсэлтэй нэр дэвшигчдийн явуургүй арга улам нарийсаж, идэвхиждэг.

Өмнөх жилүүдэд нэр дэвшигчид элдвийн алиа эвлүүлэг, зураг бичлэг, өрсөлдөгчөө унагаах гэсэн явуургүй хар пи-ар хийн, өрсөлдөгчийнхөө зураг бүхий самбарыг урж, устгасан удаатай. Хууль чанга биш байхад ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах гэж улайрдаг ч байлаа.

Гэтэл тэдний явуургүй арга улам нарийсаж, иргэдийн хүн чанар, сайхан сэтгэл дээр “тоглолт” хийх болов. Гэр хороололд очин ард түмнийхээ дунд орон, тэрэгтэй ус зөөж, хог түүх нь наад захын үзэгдэл. Бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, түүгээрээ шоу хийх нь эрс нэмэгдэж байна. Үүнийг Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос гаргасан мэдэгдлээс бэлхнээ харж болно. Тэднийг ингэж мэдэгдэл гаргатал битгий залхаа, улс төрчид өө.

Одоо цаг өөр болсон. Иргэд юмны цаад, наадахыг ойлгодог, ялгадаг болсон. Улс төрчид, нэр дэвшигчид үүнийг ойлгохгүй, ялгахгүй байгаа нь харамсалтай. Өөх тосоор чимэвч тогоо нэг хар гэдэг дээ. Яг түүн шиг тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, тэгж буй зургаа хэчнээн лаг аваад ч хол явахгүй нэр дэвшигч цөөнгүй бий. Харин сонгуулийн дараа юу болдог билээ. Үнэхээр тэгж тусламаар байгаа бол нэр дэвшигчид, улс төрчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, иргэдэд сонгуулийн бус үед тусалж, дэмжихийг уриалъя. Жирийн иргэд хэн нэгний сонгуулийн шоу болох учиргүй.

Харамсалтай нь, тэдний энэ явуургүй аргад хууртан, өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусдад тусалж явдаг гэж итгэн саналаа өгөх хүн цөөнгүй. Тиймээс иргэд ч мөн тэдний жүжигт хуурталгүй, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөр, хийсэн бүтээсэн зүйлийг нь судалж байж саналаа өгөөсэй. Иргэдийн сайхан сэтгэл дээр дөрөөлөх бус, үүнийгээ жинхэнэ ажил хэрэг болгох цогц бодлого, бүтээлч ажлаар өрсөлдөөч, нэр дэвшигчид ээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-27 17:30

Нэг удаа ч гэсэн тусламж авахад зүгээр шүү дээ

Зочин
Зочин
2020-05-27 18:53

ҮХМСЭН ТА НАРТ ЯМАР ХАМААТАЙ ЮМ.НЭГ Ч ГЭСЭН ХҮН ТУСЛАМЖ АВЧ ЧАДВАЛ БОЛЛОО Ш ДЭЭ.ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ХЭН НЬ НЭРИЙГ НЬ БАРЬЖ ЦУСЛАЖ БАЙГАА БОЛ.

Холбоотой мэдээ

Back to top button