НИЙГЭМЯрилцлага

Ц.Мичидмаа: Ирээдүйд эмч болоод өвдсөн хүмүүст аз жаргал бэлэглэхийг хүсдэг

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын оны онцлох хүүхдээр хоёр удаа тодорсон, хөтлөгч, жүжигчин, бяцхан мисс, дуучин гээд авьяас билиг нь ундарсан Ц.Мичидмаатай ярилцлаа. 11 настай тэрбээр “Аз жаргал”, “Хайр”, Том дөрвөн толгой”, Том зургаан толгой”,  “Би нар”, De javu” зэрэг 20-иод кинонд гол, туслах дүр бүтээсэн авьяаслаг охин. “Аз жаргал” кинонд бүтээсэн дүрээрээ “Академийн авардс”-ын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан нь хэр авьяастай, ирээдүйд юм дуулгах ирээдүйтэйгийнх нь илрэл.

-КИНОНД ТОГЛОХЫН ХАМГИЙН ГОЁ НЬ ӨӨРИЙГӨӨ НЭЭЖ, ХӨГЖҮҮЛЭХ-

-Мичка маань урлагийн салбарт хөл тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Анх хэзээ, ямар уран бүтээлд дүр бүтээж байв?

-Хамгийн анх 2015 онд, таван настайдаа “Зүрхэнд туссан нулимс” кинонд тоглож байсан. Дараа нь зургаан настайдаа “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киноны гол дүрд тоглосон.

-Кинонд тоглох завшаан хэрхэн олдсон бэ?

-Анх ээж маань намайг кинонд тоглох уу гэж санал болгож байсан. Тэр үед би мисс болно гэж бодож байлаа. Тэгсэн ч яагаад кинонд тоглож болохгүй гэж хэмээн бодоод шалгаруулалтад оролцсон юм. Анх кинонд тоглоход дасахад амаргүй байсаан. Олон хүн над руу хараад, зураг дараад байхаар ичээд байдаг юм билээ. Би анх зураг авалтыг нэг удаа аваад л болчихдог гэж боддог байсан. Яг зураг авалтад ороход олон удаа нэг сценээ аваад байхаар хэцүү байсан. Тэгээд л сүүлдээ дасчихсан.

-Одоогоор нийт хэчнээн кинонд тоглоод байгаа билээ?

-Би тоглосон киногоо огт тоолдоггүй. Тоолох тусам багасдаг гэдэг. Ойролцоогоор 20-иод уран бүтээлд гол болон туслах дүрд бүтээгээд байгаа.

-Кинонд тоглохын хамгийн гоё нь юу вэ?

-Зарим хүүхдүүд киноныхоо нээлтэд оролцоод бэлэг авах нь гоё гэж боддог юм билээ. Харин миний хувьд кинонд тоглохын хамгийн гоё нь өөрийгөө нээж, хөгжүүлэх. Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ гэхээр жүжигчин хүн бүх зүйлийг чаддаг байх хэрэгтэй. Тийм болохоор би кино урлагийг сонгож,  хичээллэж байгаа.

-Тэгвэл кинонд тоглохын хамгийн хэцүү зүйл нь юу вэ. Мэдээж шантрах үе гардаг байх?

-Анх кинонд тоглож байхад маш хэцүү байсан. Одоо арай гайгүй болсон л доо. Өөрийнхөө чаддаггүй зүйлийг хийж сурах бас хэцүү. Мөн дээрээс нь зураг авалтад ажиллаж байгаа олон хүмүүсийн ажлыг “алж”, би энийг хийж чадахгүй гээд байх хэцүү. Тийм болохоор яаж ийж байгаад, хичээгээд даваад туулдаг.

-КИНО БОЛГОНДОО ЧИН СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ ТОГЛОХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Сүүлд Аз жаргал” киногоороо Академийн авардс”-аас Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн эзэн болсон. Мундаг жүжигчин эгч нартайгаа өрсөлдөөд том шагнал авахад ямар мэдрэмж төрж байв?

-Би тэр үед шагнал авсан ч харамсахгүй, ялж ялагдаж сурах ёстой гэж бодоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Тэгээд “Шилдэг эмэгтэй жүжигчнээр Ц.Мичидмаа тодорлоо” гээд дуудахад итгээгүй, маш гоё байсан. Би өөрийнхөө хичээл зүтгэлээр тэр шагналыг хүртсэн болохоор өөрөөрөө маш их бахархсан. Цаашдаа илүү их хичээж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахад минь нэг шатаар ойртож байна гэж бодсон. Би дүр бүтээж буй кино бүхэндээ чин сэтгэлээсээ тоглохыг хичээдэг.

-Аз жаргал” кинонд уйлдаг хэсэх их гардаг шүү дээ. Уйлахад хэр хэцүү байсан бэ?

-Зарим хүүхдүүд намайг хиймэл нулимс ашигладаг гэж боддог юм билээ. Би ер тэгдэггүй. Зураг авалтын үед бусдын ажилд хүндрэл учруулахгүйг хичээдэг. Яг тэр уйлдаг хэсэг дээр дүрдээ орохыг маш их хичээсэн. Жишээлбэл, “Ээж маань намайг ингээд орхиод явчихвал яана аа” гэж бодохоор цаанаасаа нулимс гарчихдаг.

-Кинонд мундаг жүжигчидтэй хамтарч, аав, ээж, охины дүрд тоглож байгаа шүү дээ. Тэд Ц.Мичидмаад юу гэж захиж, сургадаг вэ?

-Би олон мундаг уран бүтээлчидтэй хамтарч ажилладагтаа маш их баярладаг. Тэд маань надад “Битгий их зан гаргаарай” гэж их захидаг. Хүмүүс надаас “Үлгэр дуурайлал авдаг жүжигчин чинь хэн бэ” гэж их асуудаг. Би хэнийг нь ч голж, шилдэггүй, хамт уран бүтээлд тоглосон бүх жүжигчнээ хүндэлдэг, суралцдаг.

-Уран бүтээлд хамгийн олон удаа хамтарч ажилласан жүжигчин хэн бэ?

-Олон кинонд тоглохоор өмнө нь хамт дүр бүтээж байсан жүжигчидтэйгээ дахиж таарах тохиолдол их байдаг. Нэг кинонд өмнө нь миний ээжийн дүрд тоглож байсан хоёр, гурван хүн ч хамт тоглох нь бий. Би тэдэнтэй таараад “Ээжээ” гэж л дууддаг. Тэгэхээр өөр кинонд ээжийн дүрд тоглож байсан жүжигчин маань гомдчих гээд байдаг (инээв). Хамгийн олон кинонд хамтарч тоглосон жүжигчин гэвэл МУСТА А.Цэгмэд эгч маань. Бид хоёр нийт 4-5 кинонд хамт тоглосон. А.Цэгмэд эгчээсээ урам зориг авдаг, намайг маш их дэмждэг. Миний шинэ клипний зураг авалтад мөн оролцсон байгаа. Танд маш их баярладаг шүү гэж хэлмээр байна.

-Тоглосон киногоо үзээд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Кинонд анх тоглоод түүнийгээ үзэхдээ өөрийгөө хараад ичээд өөрийнхөө, ээжийнхээ нүдийг шууд дарсан (инээв). Дараа нь ээж бид хоёр киногоо дахиад үзсэн. Олон хүмүүс намайг хараад юу гэж бодож байгаа бол, хүмүүст миний дүр таалагдаж байгаа болов уу гэж боддог юм билээ. Сүүлдээ ичихээ болиод, энэ хэсэг дээр ингэчихдэг байж, дараа нь дүр бүтээхдээ үүнийгээ засна аа гээд алдаанаасаа суралцдаг.

-ХАЙР” КИНОНД ХАРААГҮЙ ОХИНЫ ДҮРД ТОГЛОХ ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙСАН-

-Дүр бүтээсэн 20-иод киноноос хамгийн сэтгэлд үлдсэн, дурсамжтай уран бүтээл аль нь вэ?

- “Аз жаргал” кинонд тоглох үед анх удаа натурын зураг авалтад явж үзсэн. Хотын хүүхэд хөдөө очоод “аймар” болсон (инээв). Тэр үед надтай хамт тоглох найз байхгүй, бага зэрэг  уйтгартай байсан. Мөн дараа нь “Хайр” кинонд хараагүй охины дүрд тоглосон. Тэр дүрийг бүтээхэд маш хэцүү байсан. Дүрдээ орох гэж маш их хичээсэн.

-Одоо дөнгөж 11 настай Ц.Мичидмаа үнэхээр мундаг байна шүү. Киноны зураг авалтын үеэр гэмтэж бэртэх тохиолдол гарч байв уу?

-“Хайр” кинонд хараагүй охины дүрийг бүтээх үед газарт унах хэсгийн зураг авалт хийсэн. Тэр үеэр бэртэж байсан. Тухайн үед уг нь газарт зөөлөвч тавьсан байсан юм. Гэтэл хэн нэг нь мэдэлгүй тэрийг авчихсан байснаас болж нүднийхээ ойролцоо хөхрүүлж, толгой их өвдсөн. Мөн “Том зургаан толгой” кинонд тоглож байхад мөчирт хөлөө гэмтээсэн (инээв).

-Ямар нэгэн дүрд “орохдоо” хэр хугацаа зарцуулдаг вэ. Ямар дүрийг амилуулахаасаа шалтгаалаад өөр, өөр байдаг уу?

-Хичээвэл 30 минутаас 1 цаг болдог. Харин өөр зүйлд сатаараад эсвэл бүтээхэд хэцүү дүр байвал нэг хоног зарцуулдаг. Мөн эмчийн дүрд тоглох болбол эмчийн талаар судалж мэдэх хэрэгтэй болдог. Тухайн дүрийнхээ талаар судалж, нарийн мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Кинонд тоглуулах санал ирэх үед эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг уу?

-Надад зохиолыг нь уншуулдаггүй. Ямар бүтээлд, хэний дүр бүтээхийг ээжид маань хэлдэг. Ээж тухайн бүтээлд тоглох, тоглохгүйг нь шийддэг.

-Ц.Мичидмааг хүмүүс жүжигчин гэдгээр нь илүү сайн мэднэ. Дэлхийн бяцсан мисс болж байсан, хэдэн онд билээ?

-Тийм ээ. 2015 онд буюу таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээнээс тэргүүн миссийн мөнгөн титэм хүртсэн юм. Тэр тэмцээнд түрүүлснээр Гүрж улсад болсон “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд орох эрх авсан. Ингээд тэмцээндээ оролцоод өөрийн насны ангилалд “Дэлхийн бяцхан мисс” өргөмжлөл хүртсэн.

-ХОЁР ДУУГАА КЛИПЖҮҮЛСЭН-

-Оны онцлох хүүхэд”-ээр хоёр ч удаа шалгарсан авьяаслаг охин. Энэ талаараа ярихгүй юу?

-Анх 2017 онд урлаг, уран сайхан номинациар “Оны онцлох хүүхэд” болсон. Дараа нь буюу өнгөрсөн жил багийн амжилтаар  буюу “Би нар” уран сайхны киногоор “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан.

-Мичка маань аль сургуульд сурдаг билээ?

-Би Нэгдүгээр сургуулийн 5б ангид сурдаг.

-Сурахынхаа хажуугаар кинонд тоглохоор хичээлээсээ хоцрох үе гардаг уу?

-Хүмүүс намайг урлаг хөөгөөд хичээлээ орхичихсон гэж боддог юм билээ. Маш их ажилтай байлаа гэхэд хичээлдээ долоо хоногт хоёр удаа хичээлдээ суухгүй байх тохиолдол байдаг. Би зураг авалтгүй үедээ аль болох хичээлээ нөхөж, үеийнхнээсээ хоцрохгүй байхыг хичээдэг. Ангийн багш маань намайг маш их ойлгож, дэмждэг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би жүжиглэхийн хажуугаар бас дуулдаг. Одоо дуулах талаа илүү хөгжүүлэхийг хичээж байгаа. Саяхан “Game boy” хэмээх дуугаа гаргасан. “Гайхамшгийн оронд” клипээ өнөөдөр /2020.06.01/ үзэгч олондоо хүргэх болно оо. Мөн бүжиг сурч байгаа. Чөлөөт цагаараа kpop хамтлагуудын бүжгийг сурдаг.

-Чамд хамгийн их тусалж дэмждэг хүн хэн бэ?

-Ээж минь, найруулагч Б.Чингүүн ах. Миний нагац Ганцэцэг эгч маань бүхий л цаг үед надтай хамт байдаг, ээжээс минь дутахгүй намайг дэмждэг. Бяцхан мисс болж байх үеэс эхлэн өдийг хүртэл намайг дэмжиж байгаа.  Тэр дундаа найруулагч Б.Чингүүн ахдаа маш их баярладаг. “Аз жаргал” кинонд тоглосны дараа “Академи авардс”-ын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал авсан маань Б.Чингүүн ахын хичээл зүтгэл. Найруулагч маань намайг сонгож тэр дүрд тоглуулаагүй байсан бол би ийм амжилтад хүрч чадахгүй байсан болов уу гэж боддог. Энэ үгийг шагнал авч байхдаа тайзан дээр хэлэх ёстой байсан чинь сандраад хэлж чадаагүй (инээв).

-ЭМЧ БОЛООД ӨВДСӨН ХҮМҮҮСТ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭХИЙГ ХҮСДЭГ-

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Одоохондоо миний мөрөөдөл, зорилго тодорхойгүй, өөрчлөгдөөд л байгаа. Сүүлийн үед  эмч болно гэж бодох болсон. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр өвдсөн хүмүүсийг эмчилж, аз жаргал бэлэглэхийг хүссэн. Гэхдээ жүжигчний мэргэжил ч гэсэн таалагддаг. Жүжигчин хүн олон зүйлийг чаддаг байх ёстой болохоор өөрийнхөө хийж чадах зүйлсэд хүчээ сорьж байгаа. Манай багш надад "Зүгээр нэг мөрөөдөөд суух биш, мөрөөдлийнхөө төлөө хичээж, хөдөлмөрлөж байж, зорьсондоо хүрнэ” гэж хэлж байсан. Тийм болохоор би мөрөөдөөд суухгүй, хийхийг хүссэн бүхнээ хийж үзэхийг хүсдэг.

-Жил бүр хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Жил бүр хүүхдийн баярын үйл ажиллагаанд дуулаад завгүй байдаг. Тэгээд зургадугаар сарын 3-4-нд гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэдэг.

-Үе тэнгийнхээ хүүхдүүдэд хандаж үг хэлбэл?

-Амны хаалтаа сайн зүүгээрэй. Энэ удаа өвчин гараад гадуур гарч баярлахгүй ч гэсэн дараа дараагийн удаа хүүхдийн баярыг гоё тэмдэглэх байх. Бүх хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе. Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан баярлаарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button