НИЙГЭМ

ЦЭНГЭЛДЭХ: Хуушуур 1500, айраг 4000 төгрөгийн үнэтэй байна

Нар, хур тэгширсэн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрсний дараа, наадамч олон хуушуураа идэж, айрагаа уухаар Төв цэнгэлдэхийн эргэн тойрноор урагш хойш зорчино. Бид цэнгэлдэхийн ойролцоо байрласан асруудад хуушуур, айрагны үнэ ямар ханштай байгааг сурвалжлав.

-ХУУШУУР 1500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Урд жилүүдтэй харьцуулахад хуушуурны асрууд эмх цэгцтэй байрласан нь анзаарагдана. Мөн хуушуур хийн худалдах эрх бүхий аж ахуйн нэгж энэ жил цөөн тоогоор байгаа нь ажиглагдаж байв. Үүний зэрэгцээ аадамчид эрүүл хооллолтонд анхаардаг болсон нь, “Ямар тосоор хайрж байна вэ?”, “Юуны махаар хийсэн бэ?”, “Тос нь хуучирсан уу?” гэх асуултууд чих дэлсч буйгаар тодорхойлогдоно.

Олон асар дундаас 22-р павильоны “хуушуурчин ах” илүүтэй анхаарал татав. Тэрбээр олон нийтэд хандаж, “Манай хуушуурыг аваарай! Манайх гараар татсан, хонины махан хуушуур шүү!” хэмээн дуу хадааж байхад нь бид товчхон хөөрөлдлөө.

“Манай хуушуур 1500 төгрөгийн үнэтэй байна. Гараар татсан, хонины махан хуушуур. Би яагаад ийнхүү манайхыг аваарай хэмээн орилоод байгаа вэ гэхээр, наадамчдад муу хуушуур идүүлэхгүйн тулд өөрсдийн чанартай хуушуурыг санал болгож байна. Газар дээр нь хайраад өгч байгаа. Гурван элдэгч, гурван чимхэгч, хоёр хайрагч болон бусад туслахууд гээд арван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манайх хүнээр тасардаггүй. Идсэн хүмүүс шөл устай, сайхан хуушуур байна гэдэг. Наадамд бэлдэж махаа бараг долоо хоногийн өмнөөс татсан” хэмээв.

Ер хуушуур худалдагчид хуушуураа үхрийн, эсвэл хонины махаар хийж буй тухайгаа нээлттэй хуваалцаж байв. Тэдний дунд нийтлэг ганц үнэ буй нь 1500 төгрөг.

-АЙРАГ 4000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Наадамчид хуушуур идэхийн зэрэгцээ айраг ихээр ууж байна. Хэд хэдэн айрагны цэгүүд дээр очин тодруулга авахад нэг литр айрагны дундаж үнэ 4000 төгрөг байлаа.

Мөн энэ жил айраг харьцангуй хямд байгаа тухай наадамчид хэлж байна.

Булган аймгийн, Эрдэнэдалай сумын айраг. 4000 төгрөг.

Өвөрхангай аймгийн айраг. 4000 төгрөг.

М.ТЭНГИС

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close