НИЙГЭМ

Б.Хан-Эрдэнэ: Хүүхдүүдийн үлээдэг бөмбөлөг аваад баярлахыг харах дуртай

Цэнгэлдэхийн эргэн тойрон хөл хөдөлгөөн ихтэй. Наадамчин олон хуушуур идэн, айраг ууж, баярлан цэнгэж байхад, мөн жижиг худалдаа эрхлэн хөдөлмөрлөж байх иргэд ч цөөнгүй тааралдана. Хуушуурны олон арван асруудын дэргэд наадамчдад элдэв зурагтай шивээс нааж өгдөг, хөрөг зургий нь зурдаг, үлээдэг бөмбөлөг зардаг монголчууд наадмын салшгүй нэгэн өнгө төрх болдог билээ.

Тэдний дундаас үлээдэг бөмбөлөг зардаг нэгэн хүүг бид онцлов. Түм түчигнэж, бум бужигнасан тэртээ холоос түүний барьсан олон зуун үлээдэг бөмбөлөг тэнгэрт багсайлдаж үзэгдэх нь нүдэнд тусна. Хүүхэлдэйн киноны баатруудын дүрстэй, өнгө алагласан түүний үлээдэг бөмбөлгүүд багачуудын нүдийг эрхгүй булаах агаад, аав ээжээрээ авахуулсныхаа дараа баяр жаргалд автаж харагдана.

Бидэнтэй товчхон хөөрөлдөхөөс өмнө нэгэн бяцхан жаал түүнээс Мики Маусын хэлбэртэй үлээдэг бөмбөлөг худалдаад авчихлаа.

Тэрбээр ТТДС-ын гуравдугаар дамжааны оюутан аж. Энэ жил хоёрдахь удаагаа үлээдэг бөмбөлөг худалдаж байна. Түрүү жил амралтаараа мөн ийм ажил хийсэн хэмээв.

Тэр наадам болохоос хэд гурван хоногийн өмнө үлээдэг бөмбөлгүүдээ худалдан авч бэлтгэсэн гэв. "Хүүхдүүд үлээдэг бөмбөлөг худалдаж авсныхаа дараа шал өөр болчихдог. Аав ээж хоёртоо хэлээд авахуулсныхаа дараа царай, байгаа байдал нь гэрэлтээд л явчихдаг. Хүүхдүүдийг ийнхүү баярлуулж, үлээдэг бөмбөлөг худалдахдаа дуртай" хэмээж байлаа.

Ажил албаа гүйцэтгэж яваа цагдаа, төрийн үйлчилгээний ажилтнуудын нэгэн адил, гэр бүлийнхэнтэйгээ баярлан наадамлахын оронд түмэн үрсийн баярлаж буйг харах гэж үлээдэг бөмбөлөг худалддаг түүн шиг залуус монголын, цаашлаад монгол наадмын эгэл энгийн хэр нь утга уянгатай дүр төрхийг бүрдүүлнэ.

М.ТЭНГИС

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button