НИЙГЭМ

Б.Хүслэн-Эрдэнэ: Морь унаж үзээгүй хотын хүүхдүүд үнэхээр хөгжилтэй

Цэнгэлдэхийн эргэн тойрноос монгол ахуй, нүүдэлчин соёл ханхална. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлээрээ тэргүүлдэг бүсэд хөдөөх малчин айлуудын мөн чанар зонхилох нь эгээ л монгол наадмын ид шид. Монгол цусны дөлгөөн морьд цэнгэлдэхийн цардмал зам дээр эрээлдэн зогсч, унаач бяцхан хүүхдүүд морьдоо унаж хөөрөн баясна.

Тэдний дундаас Б.Хүслэн-Эрдэнэ хэмээх бяцхан хүүтэй товчхон хөөрөлдсөн юм. Наадамчдад морио унуулж, талбайг нэг тойруулсныхаа хариуд тэр 3000 төгрөг авдаг гэв.

Б.Хүслэн-Эрдэнэ 10 настай. Баянголын амаас ирж, монгол наадмын нэгэн өхөөрдөм, гэрэл гэгээтэй өнгө төрх болж буй нь энэ.

`Би хоёр морь унуулж байгаа. Даага, шүдлэн хоёр. Хүмүүс их гайгүй унаж байна шүү. Бас наадам их гоё болж байна. Хүнийг мориндоо суулгаад нэг тойруулахад 3000 төгрөг` хэмээн тэрбээр эвлэг, шавилхан ярьж байв.

Б.Хүслэн-Эрдэнэ хурдан морь унадаг гэв. Түрүү жилийн наадмаар шүдлэн насны морьдын уралдаанд оролцож айргийн тавд оржээ. Ер нь морь гэх амьтанд хайртай, унахад таатай, хамгийн сайн найз маань гэж тэр хэлсэн юм. Мөн,

`Хотын морь унаж үзээгүй хүүхдүүд анх удаа морь унаж байгаа нь инээдтэй харагддаг. Их сонин санагддаг. Би заримдаа шоолж инээдэг. Нэг хүүхэд жолоогоо барихгүй, мориноосоо уначхаж байсан. Би энэ ярилцлагыг өгөөд од болох уу?` хэмээн ярилаа.

Үндэсний их баяр наадам хөгтэй хөөртэй. Наадамчдын эгэл амьдрал руу нэвтрэн сурвалжилга бэлтгэхэд жаргалтай, золбоотой.

М.ТЭНГИС

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button