Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Баянзүрх дүүрэгт цогц биеийн тамирын талбай шинээр ашиглалтад орлоо

Өнөөдөр /2020.06.16/ Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт дэлхийн стандартад нийцсэн цогц биеийн тамирын талбай ашиглалтад орлоо. Энд олон жилийн турш овон товон газартай, улаан шороо эргэлдсэн сул талбай байсныг ойр хавийн оршин суугчид мэднэ. “Хөл бөмбөгийн талбай босох юм гэнэ лээ” гэсэн сураг дуулдаж, удаан хугацаа элээснийг ч бас мэднэ.  

4-р хороо нь УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт хамаардаг. 2016 оны сонгуулиар чухам энэ тойргоос сонгогдож, парламентын гишүүн болсон Б.Саранчимэг алдагдсан цаг хугацааг товчилж, яригддаг яриаг ажил хэрэг болголоо. Хуучин уг талбайг хөнгөн алхаад гатлахад ч тээглэж унаж, бэртэж гэмтэх эрсдэлтэй байв. Харин одоо хиймэл ногоон зүлэг, хүүхэд багачууд тоглох өнгө алагласан тоглоомын талбай босжээ. Нээлтийн арга хэмжээнд оролцсон хорооны өндөр настнууд болон хүүхэд багачууд уг бүтээн байгуулалтад ихэд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан байлцаж, санал бодлоо илэрхийлсэн юм. Тэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хамт ажлын зураг төсөл, гүйцэтгэлтэй танилцаж, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт тойрсон сэдвээр яриа өрнүүлж явав.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар уг талбай хуучин гэрэл, гэрэлтүүлэг байхгүй, гэмт хэрэг гарах хүртэл эрсдэлтэй байжээ. Ингээд хотын дарга 2019 оны тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх чиг үүрэг өгсөн байна. Ингээд нийт 1.8 га энэ талбайд теннис, гар бөмбөг, хөл бөмбөг, уртын харайлтын талбай, явган зам, авто зогсоол, бүрэн гэрэлтүүлэг бүхий биеийн тамирын цогц байгууламж босжээ. Цаашид энд нийтийн бие засах газар, 24 цагийн харуул хамгаалалт бий болгох зорилго тавин ажиллаж буй аж. Харин бүтээн байгуулалтын ажлыг “Монгол менежмент” ХХК хариуцан гүйцэтгэжээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ талбайд биеийн тамирын цогцолбор бүтээн байгуулах боломжтой байна гэсэн санал санаачилга гарган хандаж байсан. Өнөөдөр энэ нь бодит ажил хэрэг боллоо. Санаачилга гаргасан гишүүндээ талархаж байна” хэмээж байв.

Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нээлтийн үйл ажиллагааны өмнө сэтгүүлчдэд хандан дараах мэдээллийг өглөө:

“Ард түмнээ төлөөлөх парламентийн гишүүн хүний хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчин, түүнийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүүтэй чиглэж ажилладаг. Өнөөдөр сонгогдсон тойрогт маань ийм бодит бүтээн байгуулалт босож, нээлтээ хийж буйд баяртай байна. Энэ бол хөл бөмбөг, гар бөмбөг тэргүүтэй олон төрлийн спортын талбай, гэрэл гэрэлтүүлгийн хамт цогцоор шийдэгдсэн цогц биеийн тамирын талбай. Цаашид Улаанбаатар хотын маань дүүрэг бүр ийм биеийн тамирын цогцолбор талбайтай болох шаардлага тулгарч байна. Миний хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бий болгож байсан. Өнөөдөр БЗД-ийн 4-р хороонд мөн ийм бүтээн байгуулалт боссон ихэд баяртай байна”.

Хөл бөмбөгийн талбай нээлтээ хийгээд хэдхэн цаг болж байхад хэдий нь хүүхэд багачууд цугларч, чөлөөт цагаа өнгөрүүлж эхэлжээ. Хөл хориотой, цар тахал тархах эрсдэлтэй энэ үед тэдэнд гэртээ уйдаж суух, эсвэл гар утас, компьютерын дэлгэц ширтэх гэсэн хоёр сонголт л тулгарч байв. Тэгвэл өнөөдрөөс эхлэн гэрийнхээ гадаа орчин үеийн стандарт нийцсэн тоглоомын талбайд тоглох, эрүүл аюулгүй орчинд өдрийг өнгөрүүлэх боломж нээгджээ.

Ийн бүтээн байгуулалтын нээлт болж, хотын мээр С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар үг хэллээ.

Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “20 гаруй жил эзэнгүй орхигдож, хаягдаж явсан талбайг бид буцаан авсан. Ингээд дүүрэг бүрд биеийн тамирын цогц талбай байгуулна гэсэн зорилт тавьж ажилласны дүнд олон сайхан спортын, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай бий болж байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ газар өмнө нь ямар байсныг ард иргэд маань мэдэж байгаа. Хүн явахын аргагүй улаан шороо эргэлдсэн газар байлаа. Энэ бүтээн байгуулалтыг санаачилсан, гардан гүйцэтгэсэн, дэмжиж ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Улс орны хөгжил гэдэг бол хөрсөнд суулгасан үр, үр хойчдоо үлдээсэн үйл хэрэг гэж би ойлгодог. Иймд миний нэгэн зорилго биелж, тойрогтоо санаачилсан нэгэн ажил маань бодит үйл хэрэг боллоо. Газрын болон санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн хотын удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button