Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Харваачид улсын наадмын түүхэнд анх удаа 20 зурхайд цэц сорино

Дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Өнөө жилийн наадам өмнөхөөсөө ихээхэн онцлогтой. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсэн, сонгуулийн жилийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, цэнхэр дэлгэцээр дамжуулахаар болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Тэр тусмаа Төв цэнгэлдэхэд бус хотоос зайдуу “XIII зуун”-д.

Сонгуулийн санал хураалт дуусаж, дараагийн дөрвөн жилд Төрийн эрх барих намаа тодруулсан монголчуудын гол ярианы сэдэв одоо наадам руу хэвийж байгаа нь мэдээж. Тиймээс бид харваачид бэлтгэлээ хэрхэн хийж байгаа, Баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооны зохион байгуулалтын ажил хэдэн хувьтай байгааг сурвалжиллаа.

Биднийг Төв цэнгэлдэхийн дэргэдэх сурын талбайд очиход олон харваачид бэлтгэлээ хийн, цэцээ сорьж байв. Бороо ялимгүй шивэрсэн, намуухан өдөр байсан нь цаанаасаа бэлтгэлээ хийгээд бай гэх шиг. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд өдөр бүрийн бэлтгэл чухал. Тэр тусмаа коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш ганц ч тэмцээнд оролцоогүй харваачдад бүр ч чухал.

Б.ХҮРЭЛБААТАР: ХАРВААЧДЫГ ДОЛДУГААР САРЫН 1-5-НД БҮРТГЭНЭ

Бид Баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооны дарга Б.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

ЭНЭ ЖИЛ НААДАМД 640 ХАРВААЧ ӨРСӨЛДӨНӨ

-Энэ жилийн улсын наадмын үндэсний сурын харваа өмнөхөөсөө юугаараа онцлог болох вэ?

-Үндэсний сурын салбар хороог энэ жил 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ жил хөдөө орон нутагт, “XIII зуун”-д хийхээрээ онцлогтой. Коронавирусийн халдварын улмаас хүүхдийн харвааг зохион байгуулахгүй, зөвхөн насанд хүрэгчид өрсөлдөнө. Нийт 640 харваачийг цэц сориулна. УОК, ХӨСҮТ-ээс гаргах зөвлөмжийн дагуу өрсөлдүүлнэ. Зөвлөмжөө одоо боловсруулж байгаа. Улсын наадамд оролцох харваачдыг долдугаар сарын 1-5-нд бүртгэнэ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААГ 4 ТЕЛЕВИЗЭЭР БҮТЭН ДАМЖУУЛНА

Үндэсний сурын харвааг анх удаа телевизээр бүтэн дамжуулна. Тэгэхдээ бүр дөрвөн телевизээр (C1, VTV, STAR, TM). Улсын наадмыг нийт  16 телевиз шууд дамжуулна. Улсын наадмын төрлүүдийг дөрөв, дөрвөөрөө хуваагаад авсан юм билээ. Үндэсний сурын тайлбарт их анхаарна. Хоёр харваач тайлбарлана. Наадамд оролцох харваачдын намтар, амжилт гээд нарийн ширийн мэдээллийг дэлгэрэнгүй сонирхуулах тал дээр анхаарч байна.

-Улсын наадамд харваач бүхэн цэц сорих бодолтой байгаа нь мэдээж. 640 харваачийг ямар шалгуураар шигшиж оролцуулах вэ?

-Гаргасан амжилт, цол, эрэмбэ, чансаагаар нь шигшинэ. Энэ жил улс, аймаг, сумын наадмыг нэг зэрэг зохион байгуулна. Улсын наадмын түүхэнд анх удаа 20 зурхайд харвана. Улсын аварга бас бус тэмцээн 20-иос олон зурхайд харвасан удаа бий. Харин төрийн наадмын түүхэнд анхных.

-Энэ талаараа тодруулахгүй юу. Өмнө нь бол энд, есөн зурхайд харвадаг байсан шүү дээ.

-Тийм ээ. Монгол Улсад сурын стандартад нийцсэн ганцхан талбай байдаг нь энэ. Энэ талбайд бид жил бүр сурын тэмцээн, наадмаа зохион байгуулдаг. Энэ талбай есөн зурхайтай. Зурхайг бай тавьж буй газар гээд ойлговол хялбар.

Есөн зурхайд өмнө нь 540 харваач оролцдог  байсан. Энэ жил 20 зурхайд өрсөлдүүлэхтэй холбогдуулан 640 харваач өрсөлдөнө. Ер нь энэ жил 1170 харваач оролцохоор байсан. Өнөө жил энэ тоогоо 50 хувь багасгалаа, хөл хорионы улмаас. Ер нь нэг зурхайд дөрвөн харваач босдог. Тэгэхээр 20 зурхайд нэг зэрэг 80 харваач босож, харвана гэсэн үг. Өнөө жил улсын наадмын үндэсний сурын харвааг долдугаар сарын 11-12-нд зохион байгуулна. Ер нь өмнөх жилүүдэд улсын наадмын харвааг долдугаар сарын 6-наас эхлүүлээд долоо хоног үргэлжилдэг байсан шүү дээ.

640 ХАРВААЧИЙГ БАЙРЛУУЛАХ АСАР БАРИНА

-Хөл хорионы улмаас зурхайг хооронд нь хэдэн метр зайтай өрөх вэ?

-Энд байгаа зурхайнууд хоорондоо гурван метр зайтай. “XIII зуунд”, улсын наадмын зурхайг таван метрийн зайтай өрнө.

-Үндэсний сураас бусад төрлүүдийг энэ жил зохион байгуулах уу?

-Урианхай, буриад сурын харвааг зохион байгуулна. Долдугаар сарын 10-нд хийх ерөнхий төлөвлөгөө байгаа. Үндэсний, урианхай, буриад сурын долдугаар сарын 11-12-нд хийн, бүгдийг нь зурагтаар зэрэг дамжуулан, тайлбарлах боломжгүй.

-Хөл хориотой байгаа өнөө цагт харваачдыг УОК, ЭМЯ-наас батлах зөвлөмжийг мөрдүүлэх чухал. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Харваач бүхэн өөр, өөр гэсэн нум, сум, хэрэгсэлтэй. Түүгээрээ л зөвхөн харвадаг. Тийм болохоор ер нь цэгцтэй. Мэдээж ХӨСҮТ-өөс батлах зааврын дагуу наадна. Харваачид бие биенээсээ 1.5-2 метрийн зайд зогсож байгаад харвана. 640 харваачийг байрлуулах асрыг “XIII зуун”-д бэлдэж байгаа. Харвахаас бусад үед амны хаалт, бээлий тогтмол зүүнэ.

-Зурхайд, байрлуулах асарт харваачийн багш, хүндэтгэх шалтгаантай хүн орж болох уу?

-Болохгүй. Харваачийг дагаж хүн орохыг зөвшөөрөхгүй.

-“XIII зуун”-д сурын зурхайгаа барьсан уу?

 -Хараахан бариагүй байгаа. Стандартын дагуу зурхай, харваачид зогсоод харвах тавцанг барина. Зурхайгаа энд бэлтгээд долдугаар сарын эхээр “XIII зуун”-д аваачиж байршуулна.

ЭНЭ ЖИЛ “ХАРВААЧДЫН БАЯР”-ыг ТЭМДЭГЛЭХГҮЙ

-Наадмын дараа “Харваачдын баяр”-ыг зохион байгуулах уу?

-Өнөө жил хөл хорионы улмаас өнжинө. Уг нь жил бүр “Харваачдын баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Монголын үндэсний сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван түрүүлсэн харваачийг 10 сая төгрөгөөр шагнадаг уламжлалтай. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо. Өнөө жил манай холбооны 80 жилийн ой тохиож буй. Даанч цар тахлын улмаас тэмдэглэх боломж бүрдэхгүй л явна. Наадмаар л харваачидтайгаа сайхан уулзана даа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ П.ДАШДЭМБЭРЭЛ: УЛСЫН НААДАМ ДӨХӨХӨӨР ЭЭЖ МИНЬ НАДААС ИЛҮҮ ДОГДОЛДОГ

Жил бүр улсын наадамд цэц сорьдог, хөгжлийн бэрхшээлтэй харваач хуруу дарам. Тэдний нэг нь П.Дашдэмбэрэлтэй цөөн хором ярилцав.

-Та үндэсний сурын харваагаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Зургаа дахь жилдээ. Анхны багш маань Амарсайхан. Одоо Жалбаа багшийнхаа удирдлагад бэлтгэлээ хийдэг.

-Улсын наадамд дэх удаагаа оролцохоор бэлтгэлээ хийж байна вэ?

-Өмнө нь таван жил дараалан цэц сорьсон. Одоо зургаа дахь удаагаа оролцох гэж байна. Наадам хурдан болоосой гээд л догдолж сууна.

-Энэ жил бэлтгэлээ тогтмол хийсэн үү?

-Бараг тэгсэн. Боломж, зав л гарвал бэлтгэлээ хийдэг.

-Энэ хугацаанд ямар, ямар амжилт гаргав?

-Гуравдугаар зэрэгтэй. Багш намайг сайн байна, туршлагажиж байна гээд магтдаг.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн, зураач.

-Үндэсний сур, харваачдыг дүрсэлсэн хэр олон бүтээлтэй вэ?

-Байхгүй. Би нум сум урладаг. Б.Хүрэлбаатар ахад их баярлаж явдаг. Нум, сум урлах чиглэлээр намайг хоёр ч удаа Бээжинд сургасан. Одоо би үйлдвэрт нь ажилладаг. Нум, сум урлаад хоёр жил болж байна.

-Уучлаарай, та ер нь төрөлхийн сонсголгүй юу. Эсвэл багад тань золгүй явдал тохиолдов уу?

-Би хоёр сартай байхдаа эм, тарианы хордлогод орсон юм билээ. Сонсголгүй болсныг маань ээж хоёр сартай байхад мэдсэн гэнэ лээ. Намайг харвахыг үзэхээр ээж өдөр бүр бэлтгэл дээр ирдэг. Наадам дөхөхөөр надаас илүү догдолдог. Одоо үндэсний сурын дүрмийг андахгүй. Бүх харваач надад их сайн, үргэлж тусладаг. Харваач ах, эгч нартаа их баярлаж явдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button