СПОРТСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Үзэгчгүй наадамд барилдана гэхээр үнэндээ төсөөлөгдөхгүй байна”

Адууны үнэртэй дугараа нь айргийн сөн дээр хүлээнэ

Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ

Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ

Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ” хэмээн дуунд өгүүлдэгчлэн монголчууд бид дэлхийд ганцхан наадмаа дэнж хотойлгон эхлэхийг сэтгэл догдлон хүлээсээр. Наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлэн, хэн гээч харваачийн цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж.

Жил жилийн наадамд дээгүүр өрсөлддөг цөөнгүй хүчтэнтэй Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хэрхэн базааж буйг нь сонирхон, наадмын сорилго барилдааныг нь сурвалжлахаар “Чингисийн хүрээ” жуулчны баазыг зорилоо. Хоймор нутгийн хүчтэнүүд өнөө жил Богд уулын Жаргалантын аманд байрлах “Чингисийн хүрээ”-нд наадмын бэлтгэлдээ гарсан юм. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний 20 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой.

“Чингисийн хүрээ”-нд улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Баянмөнх, Б.Даваа-Очир, А.Давааням тэргүүтэй 30-аад бөх бэлтгэлээ базааж байгаа юм. Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон өнөө цагт УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу, халдвар хамгааллын журмыг нягт мөрдөн бэлтгэл хийж буйгаа тэд онцолсон.

“УНАСАН БӨХЧҮҮДИЙГ ШУУД ГЭР РҮҮ НЬ БУЦААНА ГЭСЭН. ТЭГЭХЭЭР НААДАМ НАЙРААГҮЙ БОЛЖ МАГАДГҮЙ”

https://www.facebook.com/eguur.mn2/videos/600085764226075/

Наадмын сорилгод бэлдэн, ганц нэг мэх давтаж байсан бөхчүүд нэгэн зүйлийн тухай их нухацтай ярилцаж байлаа. Тэр нь өнөө жилийн улсын наадмыг үзэгчгүй зохион байгуулах тухай. Хажууд сууж байсан бөх “Наадамчин олонгүй улсын наадам гэж бодохоор санаанд багтахгүй юм. Барилдааны үеэр ямар ч үзэгчгүй гэж бодохоор ёстой төсөөлж чадахгүй нь. Надад лав одоо ч энэ тухай бодоход эвгүй байна” гэв. Цаана нь сууж байсан бөх “Надад лав амар байна. Наадамчин олон шуугилдаад, энд, тэндээс “Тэг, ингэ” гэхээр би бүр сандарчихдаг. Нээрэн унасан бөхчүүдийг шууд гэр рүү нь буцаана гэнэ лээ. Өвдөг шороодонгуут нь наадам болж буй газраас гаргана гэсэн үг. Тэгэхээр наадам найраагүй, элдэв маргаангүй болж магадгүй” хэмээв. Түүнтэй олон бөх санаа нийлж буйгаа илэрхийлнэ лээ.

БАРИЛДААНЫ ҮЕЭР НЭГ Ч БӨХ, ҮЗЭГЧ АМНЫ ХААЛТ ЗҮҮСЭНГҮЙ

Уйлган голын гурван аварга (Д.Дамдин,Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин)-ын залгамж халаа болж яваа “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн барилдаан 16.00 цагийн үед эхлэв. Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоон, он гарснаас хойш бөхийн барилдаан болоогүй. Амралтын өдөр байсан болоод ч тэр үү “Чингисийн хүрээ”-нд олон хүн цугларсан байлаа. Тэнд амрахаар очсон иргэд амрахынхаа хажуугаар бөхийн барилдаан үзээд амжсан. Үүний сацуу хэд хоногийн өмнөөс ажлаа төлөвлөн, зориод очсон хүн ч олон байлаа. Хагас жил гаруй бөхийн барилдаан үзээгүй тэдний нар нь харин ч нэг гарна лээ.

УОК, ЭМЯ-наас иргэдийг хоёр метрээс ойргүй зайнаас харилцан, амны хаалт тогтмол зүүхийг сануулж буй. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэж буй өнөө цагт ямар нэгэн арга хэмжээний үеэр гэлтгүй гадуур явахдаа ч амны хаалт зүүж хэвших чухал. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний барилдааны үеэр нэг ч бөх, үзэгч амны хаалт зүүсэнгүй. Халдвар хаашдаа намжсан, монголчууд коронавирусийг дотооддоо алдаагүй гэх назгай байдал энд ч бас анзаарагдлаа.

Цугларсан олон “Өнөөдөр сорилго барилдаанд Ц.Содномдорж арслан барилдах болов уу” гэж бие биенээсээ асууна. Арсланг зодоглоосой, барилдааныг нь харах юм сан гэх хүлээлт иргэдийн дунд их байв. Бөхчүүд цугларан, барилдааны талбайд дэвэн дэвсээр гарч ирэхэд тэдний дунд Ц.Содномдорж арслан байгаагүйд цугларсан олны сэтгэл ихэд гонсгор байгаа нь анзаарагдсан. Бөх төдийлөн мэддэггүй бололтой хоёр эмэгтэйн нэг нь “Миний краш гарч ирсэн үү. Яагаа вэ, дээр зурагтаар гараад би крашилдаг бөх” гээд инээнэ лээ. Тэрбээр бөхийн барилдаан үзэхээр бус крашилсан хүчтэнээ харахаар ирсэн бололтой. Бөхчүүдийн дундаас өнөөх бөхөө нэлээд хайснаа “Өө, тэр зогсож байна (Ц.Содномдорж арсланг заав). Нэрийг нь хэн гэдэг билээ. Энд ирснийх хамт зургаа даруулчихаад явъя” гээд хажуудах бүсгүйгээ чирэх шахам арсланг чиглэн алхав.

Ц.СОДНОМДОРЖ: МОНГОЛ ТҮМНЭЭ БАЯСГАН, ЦОЛОО АХИУЛАХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ

(Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан)

Энэ жилийн улсын наадамд түрүүлж, үзүүрлэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж буй хүчтэн бол Ц.Содномдорж. Жил жилийн улсын наадамд Хоймор нутгийнхан төдийгүй Монголын ард түмэн түүний дээлийн захыг мушгидаг. 2017 оны төрийн наадмын түрүү бөх тэрбээр “Манай дэвжээнийхэн наадмын бэлтгэлдээ зургадугаар сарын 17-нд гарсан. “Хөвсгөлийн хүчтэн”-г алдарт Д.Дамдин аварга 2000 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ онд түүхт 20 жилийн ой тохиож байна. Манай дэвжээний бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрсэн. Би жилийн жилд өөрийнхөө чадлаар, бүх хүчээ дайчилж барилддаг. Монгол түмнээ сайхан баясган, цолоо ахиулахын төлөө хичээнэ. Долоо хоногийн дараа улсын наадам эхэллээ. Монголын ард түмэндээ ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв.

Г.ГАНХУЯГ: Э.ОЮУНБОЛД ХЭНТИЙГЭЭС ӨӨР АЙМГИЙНХ БАЙСАН БОЛ ДОПИНГИЙНХ НЬ АСУУДАЛ ХЭДИЙНЭ ШИЙДЭГДЧИХСЭН БАЙГАА

(Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын харцага)

-Сайхан зусаж байна уу та, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрч байна уу?

-Манай бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн, өнгөтэй байна. Энэ зун цаг агаар ч таатай сайхан байгаа. Бөхчүүд маань бэлтгэлээ жилийн дөрвөн улирлын турш хийсэн.

-Бөхчүүдээрээ ихэвчлэн ямар бэлтгэл хийлгэж байгаа вэ?

-Өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ бөхчүүддээ зөөж, зөвлөдөг. Уулын орой руу зүтгэж байж бэлд нь унадаг. Бэл рүү зүтгэж байж жалганд нь унадаг. “Улсын наадамд түрүүлэхийн төлөө барилдаарай” гэж захидаг.

-Жил жилийн улсын наадамд Хөвсгөлийн бөхчүүд дээгүүр барилддаг. Улсын аварга цолтон л дутуу байна даа тийм ээ?

-Улсын наадамд тав, долоогийн даваанаас хойш жил бүр нутгийнхаа бөхийг үздэг аймаг цөөхөн бий. Тэдгээрийн нэгт Хөвсгөл аймаг зүй ёсоор ордог. Манай аймгийн бөхчүүд аваргуудаа залгамжлан олон жил сайхан барилдаж байгаа. Залуу бөхчүүд доороос түрэн гарч ирж байна. Бүгдээрээ найдлага тавин, сэтгэлээ дэмжин, уул, устайгаа хамт түшээд л сууна.

-Ц.Содномдорж арслангийн бэлтгэл хэр байгаа бол?

-Арслан сүүлийн жилүүдэд бэлтгэлээ өөрөө их сайхан зөв тааруулж байгаа. Би зааж, зөвлөх юмаа хэлж өгөлгүй яах вэ.

-Өнөөдрийн барилдаанд арсланг барилдах болов уу гэсэн хүлээлт цугларсан олны дунд их байлаа.

-Харин тийм ээ. Тийм хүлээлт байгааг нь би ч бас анзаарсан. Барилдааны өмнө түүнээс “Зодоглохгүй юм уу” гэж асуухад “Өнөөдөртөө өнжчихье” гэнэ лээ. Наадам дөхчихсөн болохоор хий гаргахгүйг хичээж байгаа болов уу.

-Өнөө жилийн улсын наадамд хэчнээн шинэ цолтон төрүүлэхээр зорьж байна вэ?

-Аймгийн цолтой бүх бөхөө улсын цолтон болгохын төлөө зүтгэнэ. Олон жил сайн барилдан, наадамчин олны хүлээлтэд байгаа олон арслан манайд бий. Давахад нь хамт даваад, унахад нь хамт унадаг. Баасанжав, Сандагдорж, Баттүвшин арслан нар бяртай, бэлтгэл сайн байгаа. Бүгдийг нь улсын цолтны эгнээнд багтаасай, дээшээ барилдаасай гээд л дээлийнх нь захыг мушгина даа.

-Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасаж, аварга цолыг нь хураахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй байсаар өнөө жилийн наадамтай золголоо. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хамгийн харамсалтай үлдсэн нь Ц.Содномдорж. Өмнөх жилийн наадам өнгөрсөн жилдээ үлдээсэй. Дараа дараагийн наадамд ийм бусармаг зүйл дахиж битгий гараасай. Э.Оюунболд давж заалдах шатны шүүхэд хандсан гэнэ лээ. Хэрэглэсэн бол хэрэглэсэн, хэрэглээгүй бол хэрэглээгүй нь хурдан шийдэгдээсэй. Хамгийн гол нь үндэсний бөхийн нэр хүнд цэвэр, ариун байгаасай.

-Допинг илэрсэн бөхийн асуудал шийдэгдэхгүй дараа жилийн наадамтай золгосон түүх үгүй. Энэ хэр зохистой зүйл вэ?

-Э.Оюунболд Хэнтийнх биш өөр аймгийн бөх байсан бол энэ асуудал аль хэдийнэ шийдэгдээд дуусчихсан. Төрийн өндөрлөгүүд үндэсний бөх рүү, спортын салбар руу битгий ингэж оролцоосой.

-Өнөө жилийн улсын наадмыг үзэгчгүй зохион байгуулна. Наадамчин олонгүй наадам гэхээр танд хэр төсөөлөгдөж байна вэ?

-Бэлтгэл дээр сайн барилддаг, наадмаар сайн өрсөлддөг бөхчүүд гэж бий. Зарим хүн олон  хүн харахаараа сайн барилддаг. Гэтэл зарим хүчтэн сандраад, барилдаанаа гаргаж чаддаггүй. Энэ жил бэлтгэл сайтай бөхчүүд дээгүүр өрсөлдөх байх.

НААДМААР БӨХЧҮҮД БАРИЛДАХААС БУСАД ҮЕД АМНЫ ХААЛТ ЗҮҮНЭ

Монгол Улс наадмаа үзэгчгүй хийсэн түүх үгүй. Өнөө жил хэдийгээр хөл хориотой, коронавирус манай улсад тархахгүй гэх баталгаагүй хүнд нөхцөлд байгаа ч улс, аймаг, сумын наадмаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхдээ улсын наадмыг үзэгчгүй, аймаг, сумын наадмыг үзэгчтэй, нээлттэй хийнэ. Ингэхдээ улсын наадмыг “XIII зуун” жуулчны баазад хийн, гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөл хорионы улмаас энэ жил Цагаан сарын барилдааныг өнжсөн монголчууд ямартай ч улсын наадмаа хийхээр, үзэхээр хоног тоолон хүлээж сууна. Наадам болж буй газар харваач, бөхчүүд, тухайн галын дасгалжуулагчаас өөр хүн оруулахгүй. Үүний сацуу харваачдыг харвахаас бусад, бөхчүүдийг барилдахаас бусад үед амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж буй. Энэ нь наадамчин олонд төдийгүй харваач, бөх, уяачдад сонирхолтой санагдаж байгаа нь мэдээж.

Б.БАЯНМӨНХ: ҮЗЭГЧГҮЙ НААДАМД БАРИЛДАНА ГЭЖ БОДОХООР ҮНЭНДЭЭ ТӨСӨӨЛӨГДӨХГҮЙ БАЙНА

(Улсын начин, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн ахлагч)

Манай дэвжээний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. 2000 онд улсын заан Хүрэлбаатарын санаачилгаар Д.Дамдин аварга хэсэг бөхчүүдийн хамт Баянбулагийн амралтад гарч, тулгын чулууг нь босгосон юм билээ. Түүнээс хойш манай бөхчүүд завсаргүй 20 жил бэлтгэлд гарч байна. Энэ хугацаанд улсын наадмын хоёр түрүү хүртсэн, олон сайхан бөх төрөн гарлаа. Бид УОК-ын заавар, зөвлөгөөг их сайн мөрдөж байгаа. Зөвхөн одоо ч бус хөл хорио тогтоосноос хойш дагаж мөрдсөөр өдий хүрсэн.

Наадам дөхчихсөн болохоор одоо манай бөхчүүд хөнгөн бэлтгэл хийж байгаа. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Ц.Содномдоржийг улсын наадамд дахин түрүүлээсэй, аварга цол хүртээсэй гэж хүсэж байгаа. Бид ч бас тэгээсэй гэж хүсэж байна. Арслан бяртай, өнгөтэй байгаа. Манай бөхчүүдийн бэлтгэлийг улсын харцага Г.Элбэг багш удирдан, хийлгэж байгаа. Улсын наадамд барилдах бөхчүүд долдугаар сарын 9-нөөс, аймгийнхад зодоглох хүчтэнүүд долдугаар сарын 5-6 хавьцаа бэлтгэлээсээ буугаад нутаг руугаа явна.

Би энэ жил улсын наадамд 23 дахь жилдээ зодоглоно. Өнөө жилийн улсын наадам үзэгчгүй болно гэхээр үнэндээ төсөөлөгдөхгүй байна. Өмнө нь ингэж хийсэн тохиолдол үгүй. Түүхэндээ анх удаагийнх. Дэлхий нийтийг айлгаж буй коронавирусээс сэргийлэхийн тулд бүх талын арга хэмжээ авах нь маш зөв. Үзэгчдийн алга ташилтаар сайн барилддаг бөх бий. Эсрэгээрээ тэвддэг нь ч бий. Баяр наадмыг зохион байгуулах комисс, засуулууд, Төрийн гурван өндөрлөг үзэж сонирхоно. Тэгэхээр огт үзэгчгүй гэж хэлж болохгүй байх. Наадам болдгоороо сайхан болно оо” гэв.

“ХӨВСГӨЛИЙН ХҮЧТЭН” ДЭВЖЭЭНИЙ НААДМЫН СОРИЛГОД А.ДАВААНЯМ ТҮРҮҮЛЭВ

Өнөө жил “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд улсын начин Б.Даваа-Очир, А.Давааням тэргүүтэй 32 бөх зодоглов. Эл барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр нар зодоглолгүй өнжлөө. Наадмын сорилгыг  УИХ-ын гишүүн Мөнхбаатар, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү тэргүүтэй Хөвсгөл нутагт үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа эрхмүүд үзэж сонирхов. Барилдааны өмнө Гавьяат жүжигчин, улсын засуул Мөнхбаатар “Эр бор харцага”-ыг дуулан, олны сонорыг мялаав.

Энэ жил “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний наадмын сорилгод Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин А.Давааням түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Хоймор нутгийн отгон начин А.Давааням дэвжээнийхээ сорилгод гурав дахь удаагаа үзүүрлэж байгаа нь энэ. Тэрбээр “Дэвжээний маань барилдаан сайхан боллоо. Галынхаа наадамд түрүүлсэндээ баяртай байна. Би өмнө нь 2015, 2017 онд түрүүлсэн. Энэ жил цолоо баталж, ахиулахын төлөө улсынхаа наадамд зодоглоно. Улсын наадмыг үзэгчгүй хийх нь зарим бөхөд давуу талтай байж магадгүй. Бөхчүүд жилийн турш бэлтгэл хийдэг. Тийм болохоор үзэгчгүй, хөл хориотой байгаа нь бөхчүүдийн барилдаанд нэг их нөлөөлөхгүй байх. Бэлтгэлээсээ наадмын өмнөх өдөр бууна” гэлээ.

Б.ДАВАА-ОЧИР: КОРОНАВИРУСИЙН УЛМААС ЭНЭ ЖИЛ БАРИЛДААН БОЛООГҮЙ НЬ БӨХЧҮҮДИЙН АМЬДРАЛД ИХ НӨЛӨӨЛСӨН

(Улсын начин)

-Сая үзүүр, түрүүнд А.Давааням начинд уналаа. Та хоёрын даваа, унааны харьцаа хэд болов?

-Ер нь өгөө аваатай. Өмнө нь 4-5 удаа барилдчихсан байх шүү. Даваа, унаа ер нь ойролцоо. Өнгөрсөн жил “Хотхойдын хурд”-д би давсан. Энэ удаа уначихлаа.

-Таны бэлтгэл хэр байна вэ?

-Наадмынхаа бэлтгэлд гараад 10-аад хонож байна. Наадам дөхчихсөн болохоор биеэ сэргээхийн тулд хөнгөн бэлтгэл хийж байгаа. Өвөл бэлтгэлээ өдөрт гурван удаа хийсэн.

-Барилдаан бол бөхчүүдийн хувьд давхар бэлтгэл, өөрийгөө хэр байгааг мэдрэх боломж. Хөл хорионы улмаас оноос хойш барилдаан болоогүй. Энэ нь улсын наадамд хийх таны барилдаанд, амжилтад хэр нөлөөлөх вэ?

-Энэ жил Цагаан сарын, заал танхимын барилдаан болоогүй. Ганцхан миний ч бус бусад бөхчүүдийн барилдаанд тодорхой хэмжээнд нөлөөлөх байх. Улсын наадмын бэлтгэлээ жилийн турш базаасан. Ямартай ч улсын наадмыг хийхээр болсонд баяртай байна. Нэг жилийн наадмыг хийхгүй өнжөөвөл бөхчүүд амжилтаараа хохирно. Үзэгчгүй наадам болно гэдэг талаасаа сонирхолтой санагдаж байна. Бөхчүүд бид наадамчин олны уухайнд омогшин, урамшдаг шүү дээ. Улсын наадам ямар болохыг таашгүй. Аль азтай, одтой, бэлтгэл сайтай нь түрүүлж, үзүүрлэн, цолоо ахиулах байх.

-Заал, танхимын барилдааны шагнал, урамшуулал бөхчүүдийн амьдралд тодорхой хэмжээнд нэмэр болдог нь мэдээж. Он гарснаас хойш барилдаан болоогүй нь бөхчүүдийн амьдралд ямар нөлөө үзүүлсэн бол?

-Бөх бүхэн амжилт гарган, сайн сайхан амьдрахын төлөө зүтгэж байгаа. Заал, танхимын барилдааны бай бөхчүүдэд их нэмэр болдог. Энэ жил барилдаангүй жаахан тийм байлаа. Энэ нь бөхчүүдийн амьдралд их нөлөөлж байгаа. Бөхчүүд барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрөөд тодорхой хэмжээний бай авдаг. Хөл хорио тогтоохоос өмнө долоо хоногт нэг барилдаан болдог байсан.

-Та үзэгчгүй наадмыг хэрхэн, ямраар төсөөлж байна вэ?

-Бөхчүүд бид орон нутгийн наадамд зөндөө барилддаг. Улсын наадамд “XIII зуун”-д болох нь их сонирхолтой санагдаж байна.

-Б.Даваа-Очир 2018 оны хамгийн залуу начин, даага хөтөлсөн. Түүнээс хойш цолоо ахиулах төлөө зүтгэж байгаа нь мэдээж. Энэ жилийн наадмын таны зорилго?

-Ямар ч байсан цолоо батлан, ахиулахыг хүсэж байна.

-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдааны талаар гэвэл алийгаа онцлох вэ?

-Улсын наадамд Р.Пүрэвдагва арслантай, Цагаан сарын барилдаанд О.Хангай харцагатай хийсэн барилдаанууд их дурсамжтай. Унаж, давсан ч ялгаагүй, барилдаан бүхэн дурсамжтай. Би барилдаан, даваа, унаа бүхнээ тэмдэглэдэг.

-Одоогоор заал, танхимын барилдаанд хэдэн удаа түрүүлж, үзүүрлээд байгаа вэ?

-Улсын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж үзээгүй, нэлээд хэдэн удаа шөвгийн дөрөвт шалгарсан. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдий барилдаанд олон удаа түрүүлсээн.

“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний наадмын сорилго барилдаан 18.00 цагийн орчимд дуусаж, бөхчүүд гал руугаа, цугларсан олон гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлолцож буй цөөнгүй  хүчтэнтэй “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, улсын наадмыг хоног тоолон хүлээж байна. Жил жилийн наадамд дээгүүр барилдан, шинэ цолтон мэндлэх байх гэх таамагт багтдаг хоймор нутгийн бөхчүүд өнөө жил ч бас амжилтаа баталж, ахиулах биз ээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2020 11:55

Ханшаа аваарай даваа болгон өссөн үнэ нэмэгдээд хэцүү

Зочин
Зочин
7 сар 6, 2020 14:36

Сурв�##�жлагч ухаантай юм үзэгчгүй наадам хэрэггүй гэж хэлүүлэх гэж яс хаяж оролдоод л. Бүтэхгүй новш...

Үнэн үг
Үнэн үг
7 сар 6, 2020 15:48

Хөвсгөлиинхөн энэ жил 3 хуваагдаж бэлтгэлд гарсан энэ худлаа мэдээлэл бн шүү Элбэг харцага төрхурхад гарсан Содномдорж бас хэсаг з�##�уучуудыг тас�##�ж ту�####�а гарсан энд өас нэг хэсэг нь гарсан бодит байд�##� иим л бн

Enkhbayar
Enkhbayar
7 сар 7, 2020 00:26

Хөвсгөлийн бөхчүүддээ амжилт гаргахыг харж сууна. Энэ жилийн үзэгчгүй, ерөнхийлөгчийн наадамд Хөвсгөлийн бүх түрүүлнэ гэж найдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button