Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Хүнсний ногоо томоохон дэлгүүрүүдэд 2300-6000, гэр хороололд 1900-5500 төгрөгийн үнэтэй байна

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа төмсний үнэ нэгэн үе тэнгэрт хадаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байв. Төмсөө дагаад лууван, байцаа, сонгино, манжин зэрэг ногооны үнэ хөөрөгдөж, хоногийн хоолоо аргацаах иргэдэд хүнд туссан билээ. Монголчууд "Манжин байвал махаар яах вэ” гэдэг. Энэ нь нөгөөтэйгүүр ард иргэдээ хүнсний ногоогоор эрүүлжүүлэх нэг арга байхыг үгүйсгэхгүй.

Гэвч өнөөдөр манжингийн үнэ 6000-6500 төгрөгт хүрэв. Нэгэн үе ногоогоо килограммаар нь жинлүүлээд авдаг байсан иргэд хэд гурван төмс, ганц нэгхэн лууванг бутархай хэдэн төгрөгтөө тааруулчих санаатай зогсоно. Бид ойролцоох зах, хүнсний дэлгүүр болон супермаркетуудаар явж хүнсний ногооны үнийг сурвалжлав.

Хамгийн эхэнд зориод очсон газар бол "Хүчит шонхор” худалдааны төв. Захаар үйлчлүүлэх иргэдийн хөл татарч, хаа нэгхэн худалдаа хийх иргэд харагдана. Захын дотогш ормогц зүүн урд зүгт байрлах ногооны павильонуудаар хэсэг явав. Худалдаачид ногоо авах нь уу гэсэн харцаар харж аль өнгөтэй, үзэмжтэй гэсэн ногоо бүрээ танилцуулах нь үйлчлүүлэгч багассаныг илтгэх мэт. Ийнхүү бид 10-р павильоны худалдагч Ү.Алтантуяатай хэсэг ярилцав.

Ярилцлагын өмнөтгөлд тэрбээр төмсний үнэ 200-300 төгрөгөөр харин манжин 2000 төгрөгөөр буурсныг онцлов.

-НОГООНЫ ҮНЭ ӨССӨН НЬ НЭГ ИХ УДААН ҮРГЭЛЖЛЭХГҮЙ-

-Одоогийн байдлаар ногоо ямар үнэтэй худалдаалагдаж байна вэ?

-Нэг хэсэг төмс 2000-2300 төгрөгийн хооронд өссөн. Аргагүй шүү дээ. Бид тариачдаас нэг килограмм төмсийг 1800-1900 төгрөгт авч, түүн дээрээ 100-200 төгрөг нэмээд борлуулж байсан. Харин манжингийн хувьд бүр 6000-6500 төгрөгт хүрсэн шүү. Гэхдээ ногооны үнэ одоо эргээд буурч байна. Гэвч өмнө нь өндөр үнээр авсан ногоогоо ядаж ирсэн үнээр нь ч болов зарахыг хичээж байна.

-Импортоор орж ирж буй ногооны хувьд үнэ нь хэвийн байгаа юу?

Урдаас ногоонууд хэвийн ирж байгаа. 800 төгрөгт ирээд бид 1000 төгрөгөөр худалдаалж байна. Хятад ногоонууд ч яах вэ үнэ нь нэг их өсөөд байхгүй Харин Монгол ногооны хувьд шинэ ургацын ногоо гарч ирэхээс өмнөх хэд хоногт угаасаа ингэж өсдөг юм. Энэ нь гэхдээ нэг их удаан үргэлжлэхгүй шүү дээ.

-Ногооны үнэ яагаад огцом өсөөд буурсан юм бол. Та худалдаа эрхэлдэг хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Тариаланчид өөрсдөө зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэсэн л гэж бодож байгаа. Шинэ ургацын ногоо гарвал ногооны үнэ нь эрс буурна гэдгийг тооцоолж, зоорины ногоогоо л борлуулж дуусгах нэг арга гэж бодсон.

-ИРГЭД ХОРИН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТАВАН КИЛОГРАММ ХҮРЭХГҮЙ ТӨМС АВЧ БАЙСАН-

-Коронавирусийн цар тахал, таны бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Яалт ч үгүй, өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ учир харьцангуй гайгүй л байна. Ногоог хоёр хүн авахгүй юм гэхэд, гурав дахь нь заавал авдаг байхгүй юу. Ахуйн бараагаа бодвол хүнс ч бас учиртай шүү.

-Ногооны үнэ өсөөд одоо эргээд буурч байна гэлээ. Хүмүүсийн хандлага, худалдан авалт өөрчлөгдөж байна уу?

-Ногооны үнэ нэмэгдэхэд иргэд маш бухимдалтай байсан. Аргагүй шүү дээ. 20000 төгрөгөөр ердөө 5кг төмс авахаар тэгж бухимдалгүй яах вэ. Хүмүүс ногооны үнэ нэмэгдсэнг худалдагч нартай холбон тайлбарладаг. Цаанаасаа үнэтэй ирсэн ногоог илүү нэмж чадахгүй, 100 төгрөг нэмээд л худалдаалдаг.

Харин Баянзүрх худалдааны төвд нэг кг төмс 1900 төгрөг байв. Бусад ногоо нь "Хүчит Шонхор” худалдааны төвөөс даруй 100-200 төгрөгөөр үнэтэй байлаа.

Энэ тухай тус худалдааны төвийн худалдагч Баярхүү "Өнгөрсөн долоо хоногт ногооны үнэ мэдэгдэхүйц өссөн. Тариаланчдаас 1900-2000 төгрөгөөр ирж байсан учир 2000-2100 хооронд худалдаалахаас өөр арга байгаагүй. Одоогийн байдлаар нөөцөнд байгаа ногоогоо авсан үнээрээ худалдаалж байна” гэв.

Харин томоохон супермаркетуудын хувьд ч мөн төмс 1900 төгрөг, бусад ногоонууд 100 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байв.

-БАЙР, ХОРООЛЛЫН ДУНДАХ ДЭЛГҮҮРТ НОГОО 2000-2300 ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА-

Орон сууц, хорооллын дундах жижиг дэлгүүр, супермаркетуудад төмс, лууван, сонгино, байцаа 1900-2300 төгрөгөөр, манжин 6000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэд яагаад ийм өндөр үнээр борлуулж буй шалтгаанаа жижиглэнгээр худалдаалдаг болон урьд үнэтэй авсан ногоогоо ийн зарахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлав.

Харин зуслан, гэр хорооллын дэлгүүрт лууван, сонгино, төмсний үнэ 1900, харин манжин 5500 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Тэгэхээр иргэд үнэ хямд, шинэ ногоо авахыг хүсвэл томоохон зах, худалдааны төвүүдийг зорих хэрэгтэй болох нь. Жижиг дэлгүүр, худалдааны төвүүд ногооныхоо үнийг хараахан буулгаагүй байгааг иргэд онцолж байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ничоЗ
ничоЗ
2020-07-07 08:20

... махаар яахав гдг хятад ногоочны үг!
Богдын хүрээнд махны үнийг тэнгэрт хадааж ногоогоо шахах гсн явуулгатай гарсан хэлц үг

Зочин
Зочин
2020-07-07 22:15

Yagaad iim muu amidrax be

Холбоотой мэдээ

Back to top button