Нийгмийн

Шинэ аварга, даян мэргэн, цахим нээлттэй МОНГОЛ НААДАМ

Энэ жилийн улсын наадамд хэн түрүүлэх бол... Монголчууд биднийг хариулт нь үл олдох оньсого мэт энэ л асуулт бүтэн жилийн турш ээрч, догдлуулан, амьсгаа даран хүлээлгэсэн. 512 бөх зодоглосон өнөө жилийн наадамд иртэй яваа аварга, арслангуудын нэг нь түрүүлж, шинэ аварга юм уу даян аварга цолтон төрөх болов уу хэмээн олонх бөхийн хорхойтон таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй. Наадмын өмнөхөн бөхийн галуудаар сурвалжилга бэлтгэж явахдаа цөөнгүй хүчтэнтэй уулзахад ч бас тийм таамаглал дэвшүүлж байгаа нь анзаарагдсан. Сүүлийн 13 жилийн 11-т нь өөр бөх (Д.Сумъяабазар, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Өсөхбаяр, Б.Ганбат, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Э.Оюунболд, Н.Санжаадамба) түрүүлсэн жишгийг Н.Батсуурь 2018 онд, Э.Оюунболд эвдэж, улсын аварга болсон. Тэдний амжилт булган сүүлтэй байж, монгол түмэн дахин шинэ аварга өлгийдөв.

Өнөө жилийн наадамд Төв цэнгэлдэхэд бус Төв Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун” цогцолборт, үзэгчгүй болсон. Энэ нь бөхчүүдийн барилдаанд янз бүрээр нөлөөлсөн байх талтай. Олон үзэгч шуугихаар сандраад барилдаанаа гаргаж чаддаггүй бөх бий. Эсрэгээрээ улам хурцлагдаад сайн барилддаг нь ч бий.

 Гарын арван хуруунд тоологдохоо байсан телевизүүд улсын наадмыг шууд дамжуулан, өдгөө тойм нэвтрүүлгүүдээрээ бөхийн хорхойтнуудын нүдийг хужирласаар байгаа тул ерөнхийд нь тоймлон хүргэе.

МОНГОЛ УЛСЫН 25 ДАХЬ АВАРГА П.БҮРЭНТӨГС

Монголын ард түмэн түүнийг улсын наадамд дахин түрүүлээсэй, аварга цол хүртээсэй гэж үнэнхүү хүсэж, дээлийнх нь захыг мушгиж байсан. Улсын наамад түрүүлж, үзүүрлэн, монгол түмнээ баярлуулаад байсан П.Бүрэнтөгс өнөө жилийн наадамд өнгөтэй барилдан түрүүллээ. Арал, чацтай шинэ аварга цолдоо эзэн болох хэмжээний бөх мөнөөс мөн. Увс аймгийн Давст сумын харьяат тэрбээр ийнхүү найман жилийн улсын наадамд дахин түрүүллээ. Ийнхүү П.Бүрэнтөгс 32 насандаа Монгол Улсын 25 дахь аварга болов.

Хамгийн залуудаа улсын аварга болсон амжилтыг Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Хөдөлмөрийн баатар тэрбээр 1989 оны улсын наадамд хоёр дахиа түрүүлж, улсын аварга болохдоо 25 настай байсан юм. Сонирхуулахад, улсын аварга С.Мөнхбат 27, дархан аварга Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар 30, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба 31, Д.Сумъяабазар 32, Д.Хадбаатар, О.Балжинням, Г.Эрхэмбаяр нар 35 насандаа улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.

Улсын наадамд хоёр түрүүлсэн Н.Батсуурь аварга цолдоо эзэн болох хүчтэн гэдгээ баталж, дөрөв дэхээ түрүү булаалдав. Тэгэхдээ сүүлийн гурван жил дараалан үзүүр, түрүүнд барилдан, нэг түрүүлж, хоёр үзүүрлэнэ гэдэг яах аргагүй том амжилт, хөдөлмөрч, хүчит аваргынх нь илрэл.

Наадамчин олон цолоо ахиулна, түрүү, үзүүр булаалдана гэж таамагласан хүчтэнүүдээс дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Орших, Н.Жаргалбаяр, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Д.Анар, Н.Золбоо, тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх нар өвдөг шороодсон наадам олны таамгийг ихэд будилуулав.

МЯГМАРЫН БАДАРЧ УЛСЫН ЗААН БОЛЛОО

Архангай аймгийн Цэнгэл сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч улсын заан цол хүртэв. 30 настай тэрбээр зургаагийн даваанд шинээр начин болсон Х.Цогтгэрэлийг, долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давсан юм. Улмаар гарьд цолны даваанд улсын аварга Н.Батсуурьт өвдөг шороодов.

Ц.ОДБАЯР, Б.БАТ-ОРШИХ, Б.ЗОРИГТБААТАР НАР УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТЭВ

-Өмнөговь аймгийн харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Ц.Одбаяр

-Баянхонгор ймгийн Богд сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших

-Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх Б.Зоригтбаатар.

ДОЛООН ХҮЧТЭН УЛСЫН НАЧНЫ ЭГНЭЭНД БАГТАВ

Дөрвийн давааг 14 бөх гэтэлснээс хоёр нь улсын харцага, долоо нь улсын начин цол хүртэв.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Шархүүгийн Пүрэвгарьд

-Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Доржхандын Хүдэрбулга

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Хутагийн Цогтгэрэл

-Увс аймгийн Тэс сумын харьяат Цэрэндоржийн Мөнхбаяр

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Нурланы Мустафа

-Завхан аймгийн Отгон сумын харьяат Төрмөнхийн Дүгэрдорж

-Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ.

Жил бүрийн наадмаар мэндэлсэн хамгийн залуу начинд даага бэлэглэдэг уламжлалтай. Өнөө жил О.Мөнх-Эрдэнэ даага хөтөллөө.

Д.ДЭМБЭРЭЛСАЙХАН ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЖ ДАЯН МЭРГЭН БОЛОВ

Энэ жилийн наадамд 396 эрэгтэй харваач онч сорьсноос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумаас 38 онон түрүүлэв. 2016 оны түрүү харваач тэрбээр ийнхүү улсын даян мэргэн цол хүртэв.

Хоёрдугаар байрт спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга шалгарч, Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангав.

Гуравдугаар байрт аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан Гоц мэргэний боллоо.

СҮХБААТАР АЙМГААС АНХ УДАА ЭМЭГТЭЙ МЭРГЭН ТӨРЛӨӨ

Өнөө жил 144 эмэгтэй харваач онч сорьсноос Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харван түрүүлж, Монгол Улсын мэргэний боллоо. Ингэснээр тус аймгийн эмэгтэй харваач улсын наадамд анх удаа түрүүлэв.

Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа, гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.

ХЭНТИЙН ХАРВААЧИД ТҮРҮҮЛЭВ

Монгол Наадам-н зураг.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүллээ.

Хоёрдугаар байрт, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг шалгарав.

Гуравдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг орлоо.

Ийнхүү өнөө жил үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрөв. 

ЗАВХАН, ӨМНӨГОВЬ, ТӨВ АЙМГИЙН УЯАЧИД ОДТОЙ НААДЛАА

Монгол Наадам-н зураг.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худгийн хөндийд гурван өдөр боллоо. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байгаа тул морьд тамир тэнхээ сайтай байв. 

ТӨВ АЙМГААС УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН 55 ДАХЬ АЗАРГА

Адуун сүргийн манлай азарганы уралдаанд газар газраас цугларсан 104 хүлэг шандас сорьсноос Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы хээр азарга аман хүзүүнд давхилаа.

Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга

Дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн хээр буурал азарга

Тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга давхилаа.

Ингэснээр Төв аймгийнхан улсын наадамд 55 дахь азаргаа түрүүлгэн, торгон жолоо өргүүлэв.

ЗАВХАНЫ УЯАЧИД ИХ НАСАНД ГУРВАН МОРЬ ТҮРҮҮЛЖ, АЙРАГДУУЛАВ

Үндэсний их баяр наадмын хурдан их насны морины уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы халиун морь түрүүлж, тод магнай, торгон жолоо өргүүлэв. Завхан нутгаас улсын наадамд түрүүлсэн гурав дахь их насны морь боллоо. Халиун морь өнгөрсөн жил улсын наадамд аман хүзүүдсэн юм.

Монгол Наадам-н зураг.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягын цавьдар морь давхив. Ингэснээр Ц.Мөнххуяг цавьдар морио гурван жил дараалан улсын наадамд аман хүзүүнд давхиуллаа.

Монгол Наадам-н зураг.

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн хээр, дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Т.Галбадрахын бор, тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Ж.Болдын уясан  Эрдэнэбаярын саарал морь давхилаа.

Г.ЧИНЗОРИГИЙН ХАР СОЁОЛОН МАГНАЙДАА ТООСГҮЙ ХУРДЛАВ

Монгол Наадам-н зураг.

Улсын наадмын соёолонгийн уралдаанд газар газраас цугларсан 184 үрээ тоосоо өргөв.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Т.Гантөмөрийн хүү Чинзоригийн хар соёолон түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Х.Аминхишигийн халзан үрээ аман хүзүүдэв.

Монгол Наадам-н зураг.

Айргийн гуравт Хөвсөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, улсын алдарт уяач Г.Батболдын халтар, дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хээр, тавд Ховд аймгийн харьяат, улсын заан Батзоригийн бор үрээ давхилаа.

С.ТЭМҮҮЖИНГИЙН ХУЛ ДААГА ТҮРҮҮЛЭВ

Монгол Наадам-н зураг.

Наадамчин олны хамгийн их хүсэн хүлээдэг үйл явдлын нэг бол соёолонгийн тоосонд дарагдах. Энэ жил соёолонгийн тоосонд дарагдаж, хөлснөөс нь адис авах гэсэн хүмүүс морь гарааны зурхайгаас эргээгүй байхад барианы газар хуран цугларч, цахилан цахилсаар барианы зурхайд орж ирэх мөчийг нь сэтгэл догдлон хүлээж байлаа. Энэ жилийн наадамд 242 даага бүртгүүлснээс 49 нь тоосоо өргөсөн.

Монгол Наадам-н зураг.

Түрүүлсэн: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан С.Тэмүүжингийн хул даага.

Аман хүзүүнд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага.

Монгол Наадам-н зураг.

Айргийн гуравт: Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага.

Айргийн дөрөвт: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага.

Монгол Наадам-н зураг.

Айргийн тавд: Монгол Улсын начин Б.Сэр-Одын унаган адуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button