НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Маскгүй иргэд олноороо “Хүүхдийн парк”-аар үйлчлүүлж буй нь эрсдэл дагуулсаар

Нэгэн хүү “Ээж ээ, хэзээ миний өндөр тоглоом тоглоход хүрэх юм бэ” гэж санаашрангуй асуухад ээж нь оновчтой хариулт өгөхийг хичээхдээ “Миний хүү сургуульд орж, ах шигээ өндөр болохоороо тоглож болно” хэмээх нь сонсогдоно. Бага насны гурван хүүгээ дагуулсан эх, тэднийх нь нүдэнд оч бадартал хөөрсөн байхыг хараад өөрөө ч хүүхэд мэт баярлах аж. Хүүхэд гэлтгүй хүн бүрийн очих дуртай газрын нэг хэдийн “Хүүхдийн парк” болжээ. Нийгмийн сөрөг бүхнээс хэсэг ч болов салгадаг болохоор тэр биз.

Өнгөрөгч долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн УОК-ын зөвлөмжийн дагуу зарим үйлчилгээний байгууллагуудыг хэсэгчлэн нээхээр болсон. Тэдгээр байгууллагын нэг нь “Үндэсний соёл амралтын хүрээлэн” буюу бидний хэлж заншсанаар “Хүүхдийн парк”. Тиймээс ч бид хүн бүрийн хүслэн болсон тухайн газрын үйл ажиллагаатай танилцаж, цар тахлын нөхцөл байдал ямар байгаа тухай бодит мэдээллийг уншигч олондоо хүргэхийг зорилоо.

-ПАРКААР ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮД, ЗАЛУУЧУУД ТҮЛХҮҮ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА-

Парк руу орох замд байх авто зогсоолыг харвал, дотор нь багагүй хүн байгаа нь илхэн. Учир нь зогсоол нь дүүрэх шахам олон машинууд зай завсаргүй байрлалаа эзэлжээ. Хүүхэд гэхээсээ илүү өсвөр үеийн хүүхдүүд, тэр дундаа залуучууд олон байв. Мөн залуучуудын сонирхлыг татах будган шивээсний үйлчилгээ, олон төрлийн зайрмаг, уух зүйлс худалдаалах цэгүүд ч мэр сэр харагдлаа.

Гэвч түрүү жилийг бодоход үйлчилгээ явуулах газрууд нь хамаагүй цөөрч, тоймтой болсон нь илхэн байв. Бид паркийн үйл ажиллагааны тухай мэдээлэл авахаар тус хүрээлэнгийн зохион байгуулагчтай уулзаж, хэдэн асуултад хариулт авсан юм. УОК-ын зааварчилгаагаар тухайн байгууллагаас сэтгүүлчдэд ямар нэг мэдээлэл өгөх, ярилцахыг хоригложээ. Тиймээс бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Учир нь тэрхүү мэдээлэл паркаар үйлчлүүлэх иргэдийг өдөөх, цар тахлын үед хүмүүсийг үй олноор нь ирэхийг сурталчилна хэмээн үзсэн аж.

-УОК-ООС СЭТГҮҮЛЧДЭД ЯМАР НЭГ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН-

-Хүүхдийн парк хэдэн тоглоомтойгоор ажиллаж байгаа вэ?

-“Үндэсний соёл амралтын хүрээлэн” нь нийт 23 тоглоомтой. Эдгээрээс 20 тоглоом нь ажиллаж байгаа. Харин аймшгийн байшин, бонгын ертөнц, жижиг галзуу хулгана гээд хүн хоорондын зай баримтлах боломжгүй эсвэл битүү орчинд буй гурван тоглоом одоогоор ажиллахгүй байгаа. Бусад тоглоом нь өдөр бүр 11.30-00.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Харин тойрог буюу том галзуу хулганаар долоо хоногийн баасан, бямба, ням гарагуудад үйлчлүүлэх боломжтой.

-Ковид-19-тэй холбоотойгоор үйл ажиллагаандаа ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Ковид-19 цар тахлаас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалтаа зүүхийг уриалах, амны хаалттай хүнд үйлчлэх, хоёр цаг тутамд тоглоомуудыг ариутгах, тоглоом бүрд гар ариутгагчийг суурилуулах зэргээр УОК-ын зөвлөмжийг чиг үүргээ болгон ажиллаж байна. Мөн шөнийн паркийг ажиллуулахгүй байгаа. 00:00 цагаас хойш Үндэсний соёл амралтын хүрээлэнд олныг хамруулсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон.

-Иргэдийн амны хаалтны хэрэглээ ямар байгаа ажиглагдсан бэ?

-Ер нь л жигд суларсан юм уу даа л гэж харж байна. Гадаа их халж байгаатай холбоотой байх. Манай ажилчид үйлчлүүлэгч бүрт амны хаалтаа зүүхийг уриалж сануулсаар байна. Амны хаалтгүй иргэд сануулсан үед нь халаас, эсвэл цүнхнээсээ амны хаалтаа гаргаж ирээд зүүж байгаа нь ажиглагдсан. Энэ жилийн тухайд манайхаас 60 ажилтан ээлжийн дагуу хувиараар ажиллаж байгаа.

-ПАРКЫН ТОГЛООМЫН НЭГЖ ҮНЭ 4000-6000 ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА-

-Үйлчлүүлж буй иргэд ажилчдын шаардлагыг хэрхэн хүлээн авч буй нь ажиглагдсан бэ?

-Ихэнх иргэд амны хаалтаа гаргаад зүүнэ. Шаардлагыг бол харьцангуй сайн хүлээж авч буй нь сайшаалтай.

-Тоглоомын үнэ, ханшийн хувьд хэдээс хэдэн төгрөгний хооронд байгаа вэ?

Бид паркийн санхүүгийн асуудлаар тодруулга авахаар тус хүрээлэнгийн нягтлан руу залгасан боловч утсаа авсангүй. Иймд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс зарим тодруулгыг авсан юм. Тэдний хэлж буйгаар цар тахалтай холбоотойгоор орлогынхоо 50 хувийг алдсан гэв.

Тоглоомуудын үнэ 4000-6000 төгрөгийн хооронд байгаа. Харин багцын хувьд 5-12 тоглоомыг нэгтгэсэн тасалбарын үнэ 15.000-30.000 төгрөгийн хооронд байдаг.

-ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ОРЛОГЫНХОО 50 ХУВИЙГ АЛДЖЭЭ-

н. Ариунтуяа: “Би паркад хүүхдийн тоглоомын худалдаа эрхлээд 12 жил болж байна. Энэ жилийн хувьд худалдаа үнэхээр муу. Бүр 50 хувь хүртэл орлогоо алдсан. Хамгийн их орлого олдог үе нь хүүхдийн баяр, наадам байсан. Даанч тухайн үед нь ажиллаагүй. Шинэ тоглоом ч авч чадахгүй, өнгөрсөн жилийн бараагаа л аргагүй дэлгээд сууж байна. Энэ жил есдүгээр сарыг дуустал ажиллана. Энэ хэвээрээ байвал худалдаа эрхлэгчид хэцүүхэн л цаг үетэй тулгарч байна даа” гэв.

ОРЛОГО ӨМНӨХ ОНЫХООС ХАМААГҮЙ БУУРСАН

Харин зайрмагны мухлаг ажиллуулах ахимаг насны эмэгтэйгээс нөхцөл байдал байгаа тухай асуухад,

“Өнгөрсөн жилийг бодоход энэ оны орлого хамаагүй буурсан. Зайрмагийн худалдаа ч мөн улирлын чанартай байдаг. Тэр бүү хэл зуны улиралд бороотой өдөр ч хүмүүс зайрмаг авч иддэггүй шүү дээ. Хүүхдийн парк дахь салбар орлогын хувьд бусдыгаа бодоход хамаагүй сул байсан” гэв.

-АМНЫ ХААЛТГҮЙ ИРГЭД ҮЙ ОЛНООРОО ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА-

Дээрх мэдээллээс худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдал ч мөн хүнд байгааг анзаарч болно. Хүүхдийн паркаар үйлчлүүлж буй иргэд, үй олноороо амны хаалтгүй үйлчлүүлж байсныг нуух юун. Ажилчид иргэдэд зохих ёсны шаардлагыг тавьж буйг тус хүрээлэнгийн зохион байгуулагч хэлсэн.

Иймд бид зарим иргэдээс энэ тухай тодруулсан юм. 10 орчим насны хүүгээ тоглуулж явах нэгэн эмэгтэйгээс асуухад “Гадаа бүгчим байгаа учраас тэр бүр амны хаалт зүүхэд хүндрэлтэй болж байна. Ажилчдын хувьд бол амны хаалт зүүхийг лав хэлээгүй. Өөрсдөө ч зарим нь амны хаалт зүүгээгүй байна лээ. Гар ариутгагчийг ч би анзаараагүй” гэв.

Харин хосоороо явж буй залуу хосуудаас асуухад “Бид завь, болон алсыг харагчин дээр суусан. Амны хаалттай байсан болохоор нэг их юм хэлээгүй. Гар ариутгагчийг бол анзаараагүйн байна. Алсыг харагчийн ажилтан амны хаалтгүй байсан. Гадаа халуун болохоор бас арга ч үгүй биз дээ. Үйлчилгээ бол дараалал харьцангуй бага, сайхан л байна” гэв.

Дээрх мэдээллээс дүгнэхэд УОК-ын зааварчилгааны дагуу Хүүхдийн парк-д ямар нэгэн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон төдийгүй сэтгүүлчдэд ч мөн нээлттэй мэдээлэл, ярилцлага өгөхийг хоригложээ. Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор хүн тус бүрийн зайг барих, гар ариутгах бодис байршуулсан боловч иргэд үүнийг нь төдийлөн тоохгүй байгаа нь анзаарагдав. Мөн нийтээрээ амны хаалт зүүхгүй байгаа нь өндөр эрсдлийг дагуулж байна. Шаардлага тавьж хянаж ажиллах үүрэг бүхий ажилчдын зарим нь амны хаалт зүүгээгүй байх бөгөөд, мөн иргэдэд гараа ариутгах болон бусад зааварчилгааг сайн өгч, үйлчлүүлэгчдээ чиглүүлэх хэрэгтэйг иргэд хэлж байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button