Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “НОСК” ХК батламжаар молигоддог, гологдол орон сууцны ШАХААНЫ ЛАНГУУ болсон уу

Коронавирусийн дагуулсан дуулиан одоо ч намжаагүй байна. Мэдээж үүгээр халдвар дэгдэх эрсдэл бодит хэвээр, дэлхийн хэмжээнд цар тахал намжих болоогүй байгаа зэргийг хэлэх гэсэнгүй. Харин “коронавирус” нэрээр попорсон, сайн сайхан болж харагдах гэсэн төр баригчдын хийсэн, эхлүүлсэн ажлыг хэлж байгаа хэрэг.

Улсын онцгой комисс нэг хэсэг бурхан шиг л шүтэгдсэн. Гахайнд цуглуулсан мөнгөө сарвайх бага ангийн охиноос эхлээд томоохон ААН, компаниуд хүртэл УОК-т хандив өгч, урт гэгч хандивын жагсаалт үүсээд байв. Харин тэд нэг ширхэг амны хаалтыг 1000 төгрөгөөр оёулах захиалга өгсөн зэргээр цүл пал үрэн таран хийсэн нь өчигдөр ил боллоо.

Яг үүний адилаар өмнөх Засгийн газарт УОК-ын даргаар ажилласан Ө.Энхтүвшиний санаачилгаар халдвартай тэмцэх гол ажлыг нугалж буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь өнөөдөр иргэдийн бухимдлыг дагуулаад байна.

“Халдварын голомтод ажиллаж байгаа төрийн албаныханд орон сууц өгөх юм билээ” гэсэн шуум л явснаас яг ямар процесс өрнөж буйг хэн ч сонирхсонгүй. Үнэндээ хэсэг ажилтанд “батламж” гэж зүйл өгчхөөд, “Одоо энэ байрнуудаас сонголтоо хий” гэж үнэтэй, байршил муутай орон сууцнуудыг тулгаж суугаа дүр зураг харагдаж байна.


“Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөрийг яг хаанаас санаачилсан бэ? УОК уу, НОСК уу? Одоо хэрэгжилтийг нь аль байгууллага ханган ажиллаж байгаа вэ гэдгийг тодруулахаар УОК-ын хэвлэлийн ажилтантай холбогдоход, “Анх Шадар сайд асан Ө.Энхтүвшиний санаачилгаар эхэлсэн. Одоо бүх процессыг “НОСК” хариуцаж байгаа” гэсэн хариу өглөө.

Яг процессын хувьд тайлбарлахад:

-Шаардлага хангасан гэх төрийн албан хаагчдад батламж гардуулна. Ингэхдээ сонголт хийх орон сууцных нь үнэд амьжиргааны орлогод нь үндэслэн лимит тогтооно.

-Нөгөө талд барилгын компаниуд орон сууцнуудаа “НОСК” ХК-д худалдана.

-“НОСК” батламж гардсан төрийн албан хаагчдад тэдгээр орон сууцнуудаасаа сонгуулж, “оруулна”. Ингээд 15 жилийн хугацаатай, эхний таван жилдээ хүүгүй, цаашид 0.6 хувийн хүүтэй зээлэнд “унагана”.

Эерэг, сайн сайхан санаачилгыг зориудаар харлуулах гэсэнгүй. Зөвийг дэмжиж, бурууг нь шүүмжилж явах нь сэтгүүл зүйн үүрэг. Өнөөдөр батламж гардсан олон төрийн албан хаагчид “Даан ч яав даа, зүгээр л сонгуулийн шоу байж” хэмээн халаглаж байна.


Өнгөрсөн тавдугаар сард “Орон сууцтай болгоно” гэсэн мэдээлэл хийснээс нь хойш:

  • Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтан
  • Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагч
  • Тээврийн цагдаагийн албаны 25 алба хаагч
  • Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтан
  • Тусгай чиг үүргийн 25 алба хаагч
  • Зам тээврийн салбарын 24 алба хаагч
  • ХӨСҮТ-ийн 10 алба хаагчдад /нийт 595/ тус тус “Түрээслээд өмчлөх орон сууц”-ны батламж гардуулсан гэж “НОСК” ХК мэдээлжээ.

Ингээд долдугаар сарын 19-нд төрийн албан хаагчдын сонголтоо хийх боломжтой орон сууцнуудын мэдээллийг дэлгэсэн байна. Үүнд /зурган хүснэгтээр үзүүлэв/:

Төрийн албан хаагчид цалин багатай, аж амьдралаа дөнгөн данган болгоод явдаг улс гэдгийг төрийн хүмүүс нь өөрсдөө мэдмээр сэн. Нэг метр квадрат нь 2 сая төгрөгийн үнэтэй, 4-5 өрөө орон сууц худалдаад авчих бэлтэй байсан бол ийм хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэг байхгүй байлтай. Хөрсөн дээрээ буугаад харвал тэдэнд метр квадрат нь 1.200.000-1.600.000 төгрөгийн үнэтэй, 1-2 өрөө байр хамгийн боломжит хувилбар. “Хөнгөлөлттэй үнээр” гэж тодотгосон байгаа шүү дээ.

Дээрх хүснэгтэд ажиглалт хийвэл:

  • Хамгийн хямд нь: 1.550.000 төгрөг, хамгийн үнэтэй нь: 2.500.000 төгрөг.
  • Нэг өрөө байр: 118
  • Хоёр өрөө байр: 563
  • Гурван өрөө байр: 107
  • 4-5 өрөө байр: 27

Бид батламж гардсан төрийн албан хаагчаас дараах тодруулгыг авлаа. Тэдний нэрийг нууцалсан юм.

Иргэн Б: Бид өөрсдөө материалаа явуулаагүй. Байгууллага шаардлага хангана гэж үзсэн ажилчдынхаа материалыг “НОСК” ХК руу явуулж, тэндээс шалгарсан ажилчдад батламж олгосон. Биднийг маргаашийн дотор /2020.07.24/ сонголтоо хийж, гэрээ байгуул гэсэн. Энэ бол нэгдүгээр ээлж гэж тайлбарласан. Хөтөлбөр арав, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх тул энэ ээлжинд сонголтоо хийж амжаагүй бол дараагийн ээлжүүдэд хамрагдаж болно гэсэн. Байрны сонголт жаахан тааруу л байна, нэлээд судалж үзсэн. Гэхдээ ипотекийн зээл авахаас илүү хөнгөн тусах шийдэл мөн” гэв.

Тэгэхээр өнөөдөр нэгдүгээр ээлжийн гэх батламж гардсан иргэд сонголтоо хийж, гэрээ баталгаажуулах эцсийн хугацаа юм байна. Харин дээрх орон сууцны газрууд руу утаствал “Дууссан” гэх хариу өгч байгааг иргэд сэтгэгдэл хэсэгт мэдээлж буй.

Иргэдийн өгсөн мэдээллээр: Батламж гардсан иргэн бүрд өрхийн амьжиргаанд нь тохирсон лимит тогтоож байгаа аж. Хийсвэр жишээ татан тайлбарлавал, иргэн А-д 50 сая төгрөгөнд л байр сонгох лимит олголоо. Гэтэл сонголт хийх гэхэд ихэнх байрны үнэ 50 саяас хэтэрсэн эсвэл багтсан нь дууссан байна.

Иймд аргагүйн эрхэнд 90 сая төгрөгийн байрыг сонгож, 40 сая төгрөгийг нь өөрсдөө төлөх шийдэлд хүрнэ. Эсвэл бүр болино. Энэ дүр зургаар нь харахад цэвэр бизнес явагдаж байна уу гэх хардлага төрнө.

Энэ бүгдийг тодруулахаар “НОСК” ХК-руу залгахад утсаа авсангүй. Дуудлагын утас нь “Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны тухай мэдээллийг авах бол “хоёр” товчийг дарна уу” гэсэн автомат хариу өгнө. Даан ч бүтэн өдөржин хариу өгсөнгүй. Батламж гардаад хөөрцөглөчихсөн, орон сууцтай болох нь гээд баярласан иргэд мэдээлэл авах гээд утастахад ингээд таг хаалттай байдаг бололтой...

Төгсгөлийн оронд иргэдийн сэтгэгдлүүд:

“Үнэхээр хэцүү байна. Би нөхөртэйгөө хөдөө, орон нутгаас ирээд яг дөрөв хоног, 55 саяд тохируулж /лимит бололтой, сурв/ байр хайлаа. Үнэхээр 00 тоот ч олж чадсангүй ээ. Хамгийн хямд олдож байгаа байр нь 86 саяас дээш. Энэ асуудлаа төр нь иргэдээ бодоод шийдэж өгөөч”


“Үнэ өндөр, 90 саяас дээш гарч байна. Сонголт алга. “НОСК” ХК-иас лимит хэлсэн цагаас хойш явж үзлээ. 24-нд сүүлийн хугацаа, яах ёстой вэ. Асуудлыг шийдэх өөр сонголт байна уу?”


“Анх метр квадрат нь 1.650.000-аар зарагдаж байсан байр 1.800.000 гэнэ, арай юм аа”


“Нэг өрөө байр их эрэлт хэрэгцээтэй байдаа, даан ч тэр нь олдохгүй байна. Үнэлгээ нь өндөр болохоор хоёроос дээш өрөөнүүд дийлэхгүй үнэтэй байна”


“Яагаад коммент устгаад байгаа юм бэ. Өөрсдөө байраа сонгох боломж олгооч”


“Ямар ч сонголт алга. Бүгд дууссан гээд байгаа. Зөрүү 10, 20 саяа төлөөд авч болно ч гэх шиг. Тэр 10, 20 сая нь байдаг бол заавал үүнд хамрагдах гээд яах вэ дээ”


“Байрныхаа сонголтыг нэмээч ээ. Лимит тогтоосон бол таарсан метр квадратынхаа үнийг санал болгооч”


“Гаргаж өгсөн лимитэнд тааруулж байр авна гэдэг бол худлаа юм байна. Ах дүү, аав ээжээ нэмж байгаад орлогоо нэмэгдүүлж, өндөр үнэтэй байр авбал сарын төлөлтөө дийлэхгүй юм биш үү. Байрны үнэ хэтэрхий өндөр, бас сонголтгүй байна. Тэгээд дандаа гологдол байрнууд”...

Жич: Дээрх сэтгэгдлүүд нь “НОСК” ХК-ийн сайтын мэдээллийн дор бичигдсэн бөгөөд манай редакц хариуцлага хүлээхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-07-24 15:13

Сүхбаатар гэдэг нөхөр мөнгө угааж байгаа юм бна л даа. АТГ сайн ш�##�гах хэрэгтэй. Их юм гарна даа.

Зочин
Зочин
2020-07-24 21:38

Хуваарилсан байрнаас дандаа байртай хаустай хүмүүс түрүүлээд авсан гэсэн

Зочин
Зочин
2020-07-25 00:07

Энхтүвшин ичээч ! Энхтүвшинг ш�##�га !

Зочин
Зочин
2020-07-25 00:09

Утсаа авахгүй байна ч гэх шиг төрийн ажил хийхгүй сууна гэнэ ? Баримт болгож бичиж аваад цацаач. Гомдол гарга !

Зочин
Зочин
2020-07-25 11:10

МУУ БАЙРЫГ АВАХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ ӨӨР АЯТАЙХАН ХЯМД БАЙРЛАЛ САЙТАЙ ЮМ ОЛДОНО ДОО

Зочин
Зочин
2020-07-25 23:52

Гэрээ хийсэн гэх байрууд нь шууд үнээ нэмээд эхэлсэн. Бидэнд ямар ч сонголт үлдээгүй, учир нь хэтэрхий их үнэтэй. Ингээд болихоор шийдлээ.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-07-26 07:28

Короногийн үеэр хэрэгжүүлсэн гээд байгаа ажлын 80% нь сонгуулийн шоу гэдэг нь илэрхий байсан шүү дээ.Энхтүвшин тэр үеэр бараг ерөнхийлөгч шиг л загнаж байсан.Одоо хариуцлагаас мултрах гээд л нуугдаж байна.Сонгуулийн шоунд дандаа хууртах юм

Холбоотой мэдээ

Back to top button