НийгмийнСурвалжилга, НийтлэлЯрилцлага

“Баянхангай” амралт руу бидэнтэй хамт автобусанд шахцалдан сууж ирсэн иргэнээс коронавирус илэрсэн”

Уржигдар буюу долдугаар сарын 27-ны өдрийн оройн 08.00 цагийн үед Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тухайн нислэгээр ирсэн 264 иргэний 33 нь бие давхар болон асран хамгаалагчтай, 28 нь өндөр настан, 51 бага насны хүүхэдтэй гэр бүл, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 152 иргэн багтсан.

Ирсэн иргэдээс дөрвөн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол бусдыг нь Цэргийн төв эмнэлэг, "Сүнжин Гранд” зочид буудал, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газруудад тусгаарлахаар хувиарилжээ.

-БАЯНХАНГАЙД ХУВИАРЛАГДСАН ИРГЭДИЙГ ЦАГДААГИЙН ХОШУУЧ ЦОЛТОЙ АЛБАН ТУШААЛТАН СҮРДҮҮЛЖЭЭ-

Гэвч "Баянхангай” амралтын газарт хувиарлагдсан иргэдээс 18 нь тусгаарлах байрны орчин нөхцлийг шүүмжилж, эсэргүүцлийн суулт зарласан. Улмаас тэдгээрээс тунаж үлдсэн долоон иргэнийг эл өдрийн оройн 22.00 цагийн үед унаагаар авч, шөнийн 01.00 цагийн үед "Сүнжин Гранд” зочид буудалд тусгаарлажээ. "Сүнжин Гранд” зочид буудалд тусгаарлагдсан иргэн Г.Хонгорзул хэлэхдээ,

Тус амралтын газраас өгсөн шал угаах алчуур

"Франкфуртын нислэгээр “Баянхангай” амралтын газарт ирсэн иргэдээс 16 том хүн, хоёр хүүхэд нийт 18 хүн эсэргүүцлийн суулт зарласан. Миний хувьд чартер нислэгээр хол зам туулж ирээд тусгаарлагдах байраа хараад хүлээн зөвшөөрч чадаагүй. Ингээд оройн 22.00 цагийн үед тэдгээр иргэдээс долоон иргэн тунаж үлдсэнийг "Сүнжин Гранд” зочид буудал руу шилжүүлж тусгаарласан. Үлдсэн хүмүүсийн хувьд нөхцөл байдлаас шалтгаалаад аргагүйн эрхэнд байрандаа үлдэхээс өөр аргагүй болсон.

Хүүхэдтэй, дээр нь ядарч өлссөн иргэд албан шахалт, сүрдүүлгээр байрандаа орсон. Цагдаагийн хошууч цолтой нэг албан тушаалтан "Би төрд ажилладаг хүнийхээ хувьд төрөө төлөөлөөд та нарт шаардлага тавьж байна. Та нар шаардлага биелүүлэх ёстой. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол та нарт хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авна. Та хэдийг ийм зүйл ярихыг чинь мэдсэн учраас торгуулийн батламж нь хүртэл гарчихсан” гэсэн. Тиймээс сүрдүүлэг, дарамтаас айсан иргэд байрандаа үлдэж, үргэлжлүүлэн эсэргүүцсэн иргэдээс тунаж үлдсэн долоог нь өөр байр руу шилжүүлсэн. Тэнд үлдсэн хүмүүсийн нөхцөл байдал үнэхээр муу байгааг хүмүүс надад хэлж байгаа. Долоо хоногийн хоёр өдөр нь л халуун ус ирж байгаа гэсэн. Сүүл рүүгээ хүйтэн ус ч гарахгүй асуудалтай байгааг хэлсэн.

"Сүнжин Гранд” зочид буудлын хувьд нөхцөл байдал өөр, илүү тухтай сайхан байна. Хоол нь ч гэсэн амт чанар сайтай, маш цэвэрхэн байна” гэв.

-УОК-т ТА НАРЫГ ХЭЛНЭ. ОРОХГҮЙ БОЛ БУЦААД НИСЭХ МӨНГӨӨ БЭЛД, БУЦААНА ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛСАН-

Бид тус амралтын газарт тусгаарлагдаж үлдсэн иргэнтэй утсаар холбогдож ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Франкфуртын транзит нислэгээр Европын орнуудаас ирсэн иргэдийг авчирсан шүү дээ. Таны хувьд аль орноос ирсэн бэ?

-Миний ирсэн улсын хувьд харьцангуй тайван байгаа. Коронавирусийг даваад гарсан гэж хэлж болохуйц байгаа. Өдөрт 5-10 тохиолдол бүртгэгдэж байгаа. Эмчилгээ болон зохион байгуулалтын хувьд маш сайн газар. Би тухайн улсад сурч байсан учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, эрсдлээ бодоод гэрээсээ онцын шаардлагагүй үед аль болох гардаггүй байсан.

-Тус улсад хэр удаан суралцаж байна вэ?

-Би тэнд очоод жил гаруй болсон. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс эхлэн хөл хорио тогтоож, хичээл онлайн байдлаар орж байгаа. Одоогоор хөл хорио хэзээ тавигдах нь тодорхойгүй байгаа учраас ирэх намар ч гэсэн хичээлээ онлайн байдлаар ороод явна. Тиймээс одоогоор тухайн улсад үлдэх, цаашлаад эх орондоо очсоны дараа ч тодорхой хугацаанд буцах шаардлагагүй болсон. Тэнд байрны түрээс маш өндөр байдаг. Хамгийн хямдаар айлд байрлахад л 600 еврог төлдөг. Үүн дээр бусад зардлууд нэмэгдэнэ. Тэгэхээр хэзээ танхимаар орох нь тодорхойгүй байгаа хичээлээ хүлээж тэнд өндөр өртөг төлж амьдарна гэдэг санхүүгийн хувьд маш чанга туссан. Цаашлаад тус газарт ажил хийх ч боломж байхгүй.

-Тантай хамт суралцдаг найз нөхдөөс тань эх орондоо ирсэн үү?

-Тус улсаас нийтдээ 13 иргэн эх орондоо ирсэн. Тэдгээр хүмүүс ч гэсэн Монголдоо ирэх хүртлээ өөрсдийгөө маш сайн хамгаалсан. Насны хувьд ихэнх нь залуучууд байсан. Хөгшин настай болон бие давхар, нялх хүүхэдтэй хүн бараг байхгүй.

-Таны сошиалд оруулсан мэдээллийг харсан л даа. Тусгаарлагдсан амралтын газар тань эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хүлээн авсан гэсэн шүү дээ. Та эсэргүүцэл зарлаж, суулт хийсэн иргэдийн дунд байв уу?

- Улаанбаатар-Франкфурт нислэг “Буянт-Ухаа”-д өглөөний 07.00 цагийн үед газардсан. Иргэдийг эхнээс нь нэр дурдаж буулгасны дараа биднийг "Баянхангай” амралтын газар руу хүргэсэн. Ингэхдээ том, жижиг автобусанд иргэдийг хувааж суулгасан. Ямар ч агааргүй битүү орчинд, замдаа бие засах ч эрхгүйгээр нийт 6 цаг гаруй цаг сэгсчүүлж явсны дараа тусгаарлах байрандаа ирсэн.

Зарим хүмүүс нь суудалгүйгээс болж олон цагийн турш зогсоогоороо яваад ирсэн. Яг үнэнийг хэлэхэд биднийг шоронгийн хоригдол мэт санаж, олон сар цэвэрлээгүй дагтаршсан хиртэй, өмхий үнэртэй, чийгтэй бохир байранд оруулсан. Тухайн амралт руу хуваарилагдсан бараг бүх иргэд, амралтаа хараад л шууд эсэргүүцэж, гадаа нь зогсчихсон. Энд бидэнтэй хамт 5 сартай жирэмсэн эх, хүүхдээ дагуулаад ганцаараа явж байсан. Мөн бага насны хоёр жаахан хүүхэдтэй нэг аав байсан.

Олон цаг явж ирээд өрөөндөө ирээд амарья гээд бодож байтал хүлээж байсан өрөө нь үнэхээр арай дэндүү байсан. Тиймээс бүгд эсэргүүцсэн. Өндөр настай, эмээ, өвөө нар аргагүй ядарч, туйлдсан байсан учраас заасан өрөөнд орцгоосон. Харин залуучуудын хувьд өрөөндөө орохгүй гээд гадаа нь сууцгаасан. Хоёр өдөр хагас шахам хугацаанд хоолтой, хоолгүй, суугаагаараа явж ирсэн тул бага насны хүүхэдтэй хүмүүсийн хувьд аргагүй цөхрөөд орсон. Уйлж байсан хүүхдийн дуу ч гарахгүй болтлоо ядарч, сульдсан байсан.

Хүмүүс орохгүй гэж эсэргүүцсэн ч "УОК-т та нарыг хэлсэн. Орохгүй бол буцаад нисэх мөнгөө бэлд. Та нарыг ирсэн газар руу чинь буцаана” гэж дарамталсан.

-ТАНИХГҮЙ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ХАМТАД НЬ НЭГ ӨРӨӨНД ТУСГААРЛАЖ БАЙНА-

-Амралтын газрын албан ёсны хуудсан дээрх зургууд нь тохитой газар шиг харагдсан. Та хэдийг тэдгээр өрөөнүүдээс тусдаа өрөөнд тусгаарласан уу?

-Тэр зураг бүр хуучны зурагнууд байх. Нөхцөл байдлыг яг нүдээр харсан хүн бидний шаардлагыг ойлгох байх. Гадаа талбайгаасаа эхлээд л өрөөний тохижилт, цэвэрлэгээ бүр маш муу байсан. Миний сошиалд оруулсан постыг харсан хүмүүс “Биднийг тусгаарлагдаж байхад наад амралт чинь үнэхээр муухай байсан. Одоо харин ч дээрдсэн харагдаж байна” гэж байгаа байхгүй юу. 80 гаруй насны нэг өндөр настай эмээ л коридороор бидний хоолыг зөөж байна. Өөр ажилчин байдаг эсэхийг ч мэдэхгүй юм. Бид өрөөнийхөө хаалгаар шагайгаад зарим нэг цэвэрлэгээний бодис, саван, алчуур асуухад тэр эмээ л авчирч өгдөг.

Өөр хүн лав хараагүй. Хөөрхий тэр настай хөгшин халдвар авахгүй байх баталгаа үгүй. Тэгэхээр энэ амралт бол ердөө л мөнгөний газар юм билээ. Тэр эмээгээс өөр магадгүй тогооч нь байдаг байх. Өрөөнд 3-4 хүнийг замбараагүй оруулсан. Тэр бослого гаргасан 18 хүн бол бид ядраад өрөөндөө орсоор байгаад сүүлд 7 хүн л явж чадсан. Учир нь тэр хүмүүс оръё гээд ч өрөөгүй болчихсон байсан. Миний хувьд өрөөгүй болоод сүүлдээ таних, танихгүй олон хүнтэй нэг өрөөнд хамт орчих вий гэсэндээ хамт ирсэн нэг найзтайгаа хамт өрөөндөө орсон.

-Таны орсон өрөөг цэвэрлэсэн байсан уу?

-Тийм зүйл байхгүй. Бид өнөөдөр гэрээсээ өрөөгөө цэвэрлэх жаахан хэрэгсэл захиж авсан. Тэгээд өөрсдөө өрөөгөө цэвэрлэсэн. Орыг нь хөдөлгөөд цэвэрлэхэд цаанаас нь илжирсэн, өмхий үнэр үнэртэж байсан. Хүн хүндэрчихсэн ч юм уу гэмээр үнэртэж байсан.

-Тэгэхээр та өрөөндөө хамт сурч байсан найзтайгаа хоёулаа байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Энд нэг аюултай зүйл байна. Таних танихгүй хамаагүй, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ч нэг өрөөнд оруулж байна. Тиймээс би арай эрсдэл багатайг нь бодож хамт ирсэн охинтойгоо нэг өрөөнд орсон. Тэгээд өрөөндөө орохгүй гэхээр “Та нар мөнгөө бэлд. Ирсэн газар руу чинь буцаана. Муу сайн даварсан юмнууд” гэх мэтээр доромжилж, сүрдүүлсэн. Мөн дараагийн зүйл нь Африкаас олон залуу ирсэн. Тус улсад халдварын нөхцөл маш муу байгааг бид бүгд харж бас сонсож байгаа. Гэтэл 4-5 транзит нислэг дамжиж ирсэн өндөр эрсдэлтэй залуусыг жирэмсэн, өндөр настай хүмүүстэй хамт суулгаж байгаа нь аюултай санагдсан.

-Тусгаарлах байранд орсны дараа ХӨСҮТ-ээс шинжилгээ авсан уу?

-Авсан. Манай амралтад тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрсэн. Гэтэл мэдээг нь бид өглөө /2020.07.28/ үзэж байгаа байхгүй юу. Энэ хугацаанд вирус өөр хүнд халдаагүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Шинжилгээ хийх хүртэл бид тэр хүнтэй автобусанд шахцалдаад хамт сууж ирсэн болж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр Баянхангай буудалд коронавирус илэрсэн нь биднийг эрсдэлд оруулж байна.

-ТУСГААРЛАХ БАЙРНЫ ӨРӨӨНӨӨС ЗАДЛААД ОРХИСОН БОЛОН ХЭРЭГЛЭСЭН БЭЛГЭВЧ ГАРЧ ИРЖЭЭ-

Шүүмжлэл дагуулаад буй Баянхангай амралтын газар нь Улаанбаатар хотоос 75 км зайд орших Төв аймгийн Батсүмбэр сумаас 20 км-т, Хараа голын эрэгт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус амралт нь нэг ээлжиндээ 100-125 гадаад болон дотоодын амрагч хүлээн авах чадалтай.

Энэ удаагийн чартер нислэгээр Франкфуртаас ирж Баянхангай амралтад тусгаарлагдсан иргэд тухайн амралтад тусгаарлагдсан дөрөвдэх ээлжинд багтжээ. Урьд урьдын чартер нислэгээр ирсэн гурван ээлжийг энэ мэт хэл амтайгаар хүлээж авсан болохыг иргэд хэлж байлаа. Өмнөх ээлжинд багтсан иргэдийн хэлж буйгаар, тэдний ээлжинд өрөөнөөс нь задлаад орхисон, мөн хэрэглэсэн бэлгэвч хүртэл гарч байсны дээр ажилчид нь харилцааны соёлгүй, бохир орчинд угтсаныг онцлов.

Иймд Баянхангай амралтын газрын зүгээс тусгаарлалтад буй иргэдийнхээ эрх ашгийг хүндэлж, тансаг биш ч цэвэрхэн, тухтай биш ч тулгуур сайтай ортой өрөөнд тусгаарлах, УОК-ын стандартыг баримталж ажиллах хэрэгтэй. Удирдах албаны хүмүүс ч гэсэн бүхнийг сүрдүүлэг, дарамтаар шийдэх гэж улайрахгүйгээр нэг ч болов удаа тэдгээр иргэдийн оронд өөрсдийгөө тавиад үзээсэй билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button