УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ: Ачаалал үүссэн ч, зээл олголт хэвийн үргэлжилж байна

-УЛСЫН ТӨСӨВТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 60 ТЭРБУМЫГ СУУЛГАСАН НТ ӨМНӨХ ОНЫХООС 2 ДАХИН ТАНАГДЖЭЭ-

Ипотекийн зээлд зориулж 2019 онд улсын төсвөөс 115 тэрбум, Монголбанкнаас 220.0 тэрбум, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж байв. Гэтэл 2020 онд төсвөөс 60 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор танаж суулгасан. Энэ нь өмнөх хоёр оныхоос бараг хоёр дахин бууруулсан үзүүлэлт. Одоо тун удахгүй төсөв тодотгоно. Ипотекийн зээлд зориулсан 60 тэрбум танагдах, нэмэгдэх эсэх нь тодорхойгүй.

Тэгэхээр ипотекийн зээлийн нөхцөл байдал ямар байгаа, иргэд зээл авч чадаж байгаа эсэх талаар мэдээлэл бэлтгэлээ.

-ТӨВ БАНК БОНДЫН ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ОРЛОГООР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА-

ОУВС-гаас ипотекийн зээлийг Төв банкнаас бүрэн салгах үүргийг 2018 онд өгсөн. Энэ дагуу Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар Монголбанкийг ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гаргах төлөвлөгөөг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл эл зээлийг Засгийн газар хариуцахаар болоод байсан билээ. Гэвч коронавирусийн улмаас Монголбанк 2020 оныг дуустал ипотекийн зээл олголтыг хэрэгжүүлж байгаа.

Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхдээ Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлэхээр болсон байна.

Ингэснээр 2020 оны тавдугаар сараас 2020 оныг дуустлах хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж буй юм байна.

Монголбанкнаас 2020 оны тавдугаар сараас эхлэн ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Улаанбаатар хотын, Богд, Тээвэр хөгжлийн, Кредит, Ариг, Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилжээ. Иймд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн 8 хувийн зээл авч байгаа юм байна.

Зээл олголт хэвийн үргэлжилж байгаа эсэх талаар дараах томоохон банкуудаас тодрууллаа.

-ЗАРИМ БАНКУУДАД ИПОТЕКИЙН 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙН АЧААЛАЛ ҮҮССЭН Ч, ХЭВИЙН ОЛГОЖ БАЙНА-

• Хаан банк: “Манай банк ипотекийн зээлийг зогсоогоогүй, хэвийн олгогдож байгаа. Эх үүсвэрийн хязгаартаа баригдаад бага зэргийн ачаалал, оочер үүссэн. Түүнээс биш баримт материалаа хүлээж аваад хэвийн олгож байгаа” гэсэн хариултыг өглөө.
• Голомт банк: “Монголбанкнаас санхүүжилт орж ирвэл хүлээлгэд байгаа иргэдийн зээлийг эхлээд олгож эхэлнэ” гэлээ.
• Төрийн банк: “Ипотекийн зээл олголт хэвийн явагдаж байгаа. Тухайн иргэн холбогдох салбараас мэдээллээ очиж авна” гэсэн хариултыг өглөө.
• Худалдаа хөгжлийн банк: Байрны зээл хэвийн олгогдож байгаа гэв.

Ипотекийн зээлийн шалгуурт орсон өөрчлөлтүүд:

  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгогдох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж зэргийг тусгажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button