НийгмийнСПОРТЯрилцлага

Монголын хамгийн үнэтэй хөлбөмбөгчин М.Жансерик: Хурдаа ашиглаж тоглодог нь миний давуу тал

“Гадаадын багтай гэрээ байгуулсан Монголын анхны хөлбөмбөгчин хэн бэ” гэж уншигч та бүхнээс асуувал бүгд нэгэн зэрэг “А.Мөрөн” хэмээн хариулах нь тодорхой. Тэгвэл Монголын хамгийн үнэтэй хөлбөмбөгчин хэн бэ.

Өнгөрсөн зургадугаар сард “СП Фалконс” клуб “Дэрэн”-гийн тамирчин, 21 настай Маратханы Жансерикийг 20 сая төгрөгөөр худалдан авч, эгнээндээ нэгтгэсэн. Ингэснээр тэрбээр манай улсын хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн тамирчин болсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Энэ удаагийн дээд лигт шинэ багт хүчин зүтгэж байгаа. Багтайгаа бүрэн дассан уу. “СП Фалконс” клубт тоглох ямар байна вэ?

-Би анх удаа багаа сольсон. Шинэ багийнхаа уур амьсгалд дассан. Харин талбай дээрх уур амьсгалд арай л дасаж амжаагүй байна.

-Багаа сольсон нь танд шинэ сорилт, шинэ боломж нээж өгсөн нь мэдээж. Одоогоор танай баг лигийн IV байрт бичигдэж байгаа.  М.Жансерик хэдэн гоол оруулаад байгаа бэ?

-Дөрвөн гоол.

-Коронавирусийн халдварын улмаас дээд лигийг үзэгчгүй зохион байгуулж байгаа. Таны тоглолтод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хөлбөмбөгийн спортод хөгжөөн дэмжигч үнэхээр чухал. Гурав дахь тоглогч гэж үздэг шүү дээ. Хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд тоглох, үзэгчгүй өрсөлдөх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.

-Та “Дэрэн” клубээс хөлбөмбөгийн спортод хөл тавьсан. Олон жил тоглосон багаа солих амаргүй байсан нь мэдээж. “СП Фалконс”-ын саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Багаа солих их хэцүү шийдвэр байсан. Гэхдээ спорт залуу насны ажил. Багт тамирчин ирж, явдаг нь спортод байдаг л зүйл. “СП Фалконс” баг намайг ийм өндрөөр үнэлж, санал тавьсанд нь баяртай байгаа.

-Та Монголын хамгийн үнэ хөлбөмбөгчин. 20 сая төгрөгийн санал тавихад нь юу бодогдов?

-Улсынхаа хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсондоо баяртай байна. Цаашдаа олны итгэлийг алдахгүйн төлөө улам их хичээнэ.

-Өөрийгөө ингэж үнэлэгдэнэ гэж төсөөлж байсан уу?

-Энэ бол “Дэрэн” клубийн багш, дасгалжуулагч, арын албаныхны хичээл зүтгэл, миний өөрийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна.

-Өндөр үнэтэй гэрээ байгуулахын хэрээр илүү их үүрэг, хариуцлага ноогдоно. Заримдаа дарамт болох юм уу?

-Тийм дарамт ер мэдэрдэггүй. Өөрт ирж буй үүрэг, хариуцлагаа маш сайн ухамсарлаж байгаа. Тиймээс өдөр бүрийн бэлтгэл, тоглолтод бүхнээ зориулж, хичээж байгаа.

- “СП Фалконс”-д та долоо дугаартай тоглодог. Энэ дугаарыг яагаад онцлов?

-Долоо бол миний азын тоо.

-Багаасаа хөлбөмбөг тоглосон юм билээ. Эл спорттой амьдралаа холбоход юу нөлөөлөв?

-Би Улаанбаатар хотод өссөн. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн төгссөн. Дөрөвдүгээр ангид байхдаа Гарьдмагнай багштай уулзан, “Дэрэн” клубт орж байлаа. Хөлбөмбөгийн спортод уйгагүй хичээллэхэд гэр бүлийнхний маань дэмжлэг асар их нөлөөлдөг.

-Тоглолтын тань онцлог, гол давуу тал юу вэ? 

-Хурд. Талбай дээр хурдаа ашиглаж тоглодог нь миний давуу тал юм болов уу.

-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн гоол оруулж байв?

-Гурван гоол оруулж байсан.

-Гадаадын багт тоглох бодол бий юү. Ер нь танд санал ирдэг үү? 

-Тамирчин бүхэн гадаадын багт тоглохыг мөрөөддөг. Минийх ч бас адилхан. Ер нь надад гадагшаа явах төлөвлөгөө байгаа.

-Монголын хөлбөмбөгчдөөс хэнийг үнэлж, үлгэрлэж явдаг вэ? 

-Багаасаа Төгсбаяр ахын тоглолтыг үзэж, арга барилаас нь суралцаж өссөн. Тоглолтын ур чадвар, талбай дээрх эр зориг гээд бүхий л зүйлээс нь үлгэрлэдэг.

-Манай улсад хөлбөмбөг тоглоод амьдралаа авч явах боломж хомс. Та хэрхэн зохицуулдаг вэ? 

-Монголд хөлбөмбөгийн спорт харьцангүй сайн хөгжиж байгаа. Клубүүд тамирчдадаа байж болох хамгийн дээд хэмжээнийхээ цалинг өгч, дэмжиж байгаа. Би оюутан болохоор сургалтын төлбөрөөс авхуулаад бэрхшээл их. Энэ бүхэнд “СП Фалконс” клуб, манай гэр бүлийнхэн намайг бүхий л талаар дэмждэг.

-Сая та өөрийгөө оюутан гэлээ. Аль сургуульд сурдаг вэ?

-МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан.

-Ямар клуб, тоглогчийг дэмждэг вэ. Олонх хүн Месси, Роналдуг онцолдог шүү дээ. 

-“Челси” клубийн Дрогбад дуртай.

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Үндэсний шигшээ багийнхныхаа хамт Азийн АШТ-ий урьдчилсан шатыг давсан нь миний хамгийн том амжилт.

-Үндэсний шигшээ багт хэдэн оноос харьяалагдсан билээ. Олон улсын хэдэн тоглолтод оролцов?

-2017 оноос хойш харьяалагдан, тоглож байна. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд шигшээ багийн бүх тоглолтод сэлгээнээс, гараанд гаран тоглож байгаа. Улсынхаа шигшээ багт тоглох үнэхээр сайхан. Энэ олон тамирчин дундаас сонгогдон, шигшээд тоглоно гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд өрсөлдөхөд үнэхээр их аз жаргал мэдэрдэг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?

-Ойрын хугацааны зорилго маань тодорхой. Багийнхныхаа хамт дээд лигт түрүүлэх, тэгээд “AFC cup” оролцох эрх авах.

-Түүндээ хүрэх боломж, нөөц та бүхэнд байгаа нь мэдээж. Үүнд таны оролцоо чухал. Цаашид юундаа илүү анхаарах вэ?

-Мэдээж манай баг дээд лигт түрүүлэх боломжтой. Би бол довтлогч. Гоол оруулах, гоолын дамжуулах өгөх эсэхээс маань их зүйл шалтгаална. Мэдээж тоглолт бүхэнд гоол оруулж, багийнхандаа ашигтай тоглолт үзүүлэхийг хүсэж байна. Зүгээр нэг хүсэх бус үүнийгээ талбай дээр биелүүлэх чухал. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарч, бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button