НийгмийнЯрилцлага

Б.Мэргэн: Миний амыг хамхиж, өмгөөлөгчийн ажлаас минь гаргах зорилготой байхыг үгүйсгэхгүй

Өдгөө ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж буй “Веритас Партнерс” фирмийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Баасандоржийн Мэргэнтэй ярилцлаа.

-ЯМАР Ч ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ БАЙТАЛ НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ-

-Та сүүлийн үед сошиал орчинд идэвхтэй, басхүү бухимдалтай байгаа ажиглагдлаа. 500.000 төгрөгийн торгуулиас ярилцлагаа эхэлье?

-Юуны өмнө намайг торгосон гэх асуудлыг хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс хэд хэдэн асуудлыг тайлбарлах нь зөв. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө нууцад орж болно. Хуулиндаа төрийн, албаны, байгууллагын нууц гэж бий. Төрийн болон албаны нууц гэдэг нь төрийн өөрийнх нь, төрд байгаа байгууллагуудын нууцыг хэлнэ. Харин байгууллагын нууц гэдэг нь төрд хамаарахгүй, хуулийн этгээдийн нууц юм. Мөн л тусдаа хуультай. Хувь хүний нууцыг задруулах, задалсан тохиолдолд үүнийг гэмт хэрэг хэмээн үзэж, ял оноодог. Дээрх бүгд тус тусын шалтгаан, нөхцөлөөс хамааран ял шийтгэл нь харилцан адилгүй байдаг. Үүнтэй адилхан өмгөөллийн нууц гэж бий. Дээрх гурвын алинд нь ч орж, бас орохгүй байж болно.

Өмгөөллийн нууц гэдэг нь үйлчлүүлэгчийн хэрэгтэй холбоотой нууцыг хэлнэ. Хуулиндаа хувь хүний нууцыг мэргэжлийн ёс зүйн хувьд хадгалах ёстой. Энэ бол өмгөөллийн нууц. Гэтэл намайг өнөөдөр “Өмгөөллийн нууц” задруулсан гэх шалтгаанаар торгоод байгаа юм. Ингээд бодохоор хэрэв би “Өмгөөллийн нууц” задруулсан гэж үзвэл, нууцаа алдсан хүн л гомдол гаргана шүү дээ. Гомдол гаргаж байж тэр маань хэрэг болдог гэсэн үг юм. Гэтэл гомдол гаргасан хүн нэг ч байхгүй. Тиймээс хохирогч ч байхгүй. Тэгснээ миний хэвлэлд өгсөн ярилцлагыг хэвлэж тавингуутаа, Нийслэлийн прокурорын газраас  “Энэ хүнийг шалга” гээд, шалгах зүйл байгаагүй. Учир нь би “Төрийн нууц” задруулаагүй. Байгууллага, хувь хүний нууц ч задруулаагүй. Тиймээс хэрэг үүсгэж чадаагүй.

-Тань дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн шүү дээ?

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч энэ нь болохгүй байгаа. Ямар ч хууль зөрчөөгүй байтал бас намайг зүгээр орхиж чадахгүй байгаа юм. Тэгэхээр “Өмгөөллийн нууц” задруулсан гэж үзэж байгаа юм. Гэтэл хэний нууцыг задруулсан юм бэ гэхээр хэн ч байхгүй.

-Тэгэхээр тань дээр үүсээд буй эл хэрэгт гаднын нөлөө орсонмагадгүй зориудаар хэрэгт унагаж байна гэж таамаглаж байна уу?

-Угаасаа л хэний ч хардах ёстой зүйл. Яагаад хардана вэ гэхээр ерөөсөө л цаад зорилго нь ойлгомжтой. Гэхдээ би бас ойлгомжтой гэж ярихад хэцүү. Дараа нь намайг хэвлэлд ойлгомжтой гэж ярилаа гэж болзошгүй. Миний хардаж байгаагаар би олны анхаарал татсан хэргүүдэд өмгөөлөл хийж байгаа. Тиймээс ч шүүх, цагдаа, прокурор нь ямар нэг нөлөөнд автаад байгааг үргэлж шүүмжилж бичдэг. Иймд миний амыг хамхих, дуугүй байлгах, өмгөөлөгчийн ажлаас минь гаргах, бүр биш ч тодорхой хугацаанд саатуулах, эсвэл бүр насаар нь эрхийг маань хасуулах зорилготой байж болно. Иймээс миний асуудлаар “Монголын хуульчдын холбоо” руу надад хариуцлага тооцооч ээ гэдэг байдлаар хандсан. Хариуцлага тооцно гэдэг маань ямар ч байж болно л доо. Сануулах, тодорхой хугацаанд эрхийг нь түдгэлзүүлэх, бүр мөсөн түдгэлзүүлэх гэх мэт...Тэгтэл “Монголын хуульчдын холбоо”-ноос надад хариуцлага тооцох боломжгүй байгаа юм. Ямар нэг ёс зүйн алдаа хийгээгүй, зөрчил гаргаагүй учраас тэр. Тиймээс цагдаа руу зөрчил болоод шилжсэн.

-ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР БОЛСОН ЗҮЙЛИЙН ТУХАЙ БИЧСЭН ГЭЭД 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО ГЭНЭ-

-Энэ асуудал таны амыг хамхих нэг төрлийн “сануулга” байж болох уу. Өнгөрсөн хугацаанд таны ажил мэргэжилтэй холбоотой сүрдүүлэг, дарамт хэн нэгнээс ирж байв уу?

 -Эрүүдэн шүүсэн гээд байгаа шүүх хурлын үеэр хэсэг залуус, өндөр настнууд шүүхийн гадна цугларч, том өсгөгчөөр орилж, хүмүүс рүү давс, будаа цацаж байсан. Тэдгээр хүмүүс шүүх хурлын дараа тал талаас бүчиж аваад, хувцаснаас татаж чангаана. Ингээд тал талаас дайрч бичлэг хийж аваад, түүнийгээ ашигтай гэж бодсон хэсгээ дундаас нь тастаж аваад тараах зүйлс гарсан. Хүмүүс Ж.Батзандангийн дүү л гэдэг юм. Өөрийнх нь профайл руу ороод үзэхээр нэг юмны дарга байсан л гэдэг юм. Тэр нөхөр байнга тэр жагсагчдын дунд зогсчихсон, нүүр рүү камер наагаад байж байдаг. Мөн миний зураг болон хэвлэлд өгсөн ярилцлагын доор элдэв коммент бичдэг хэсэг нөхөд ажиглагддаг. Тэгэхээс яг нүүр нүүрээрээ уулзаад, намайг “Ална, хядна” гэсэн хүн байхгүй.

Мөн нэг хүний өмгөөллийн явцад тухайн хүн дээр маань очоод “Наад хүнээ хоёр талд ажилласан гээд гомдол гаргаад өгөөч, тэгвэл өнгө, төгрөг өгье” гэх зэргээр урвуулсан явдал гарсан. Нөгөө хүн нь хэлснийх нь дагуу гомдол гаргаж, телевизээр 30 минутын ярилцлага өгөөд “Энэ хүндээ хариуцлага тооцооч” гэж ярьж байлаа. Тухайн үед тэр хүний гэр бүлээс ирээд “Манай дүү тухайн үед тэр хүний хэлснээр хийсэн юм, уучлаарай” гэсэн. Би ч нэг их тоогоогүй, хэргийг нь шийдвэрлэж байсан. Иймэрхүү байдлаар миний эрхийг хасуулчих гэсэн хүмүүс бий. Одоо ч гэсэн ямар нэг хохирогчгүй хэрнээ ийм зүйл боллоо. Би зүгээр л өөрийнхөө Фэйсбүүк дээр ямар нэг хэрэгтэй хамааралгүй, хувийн амьдралаа бичсэнийг “Нууц задруулсан” хэргийн материал дотор хавсаргасан байсан. Энэ нь юу байсан гэхээр “Сэтгүүлчид мэдээ бэлтгэхдээ хуульчаас зөвлөгөө авч байгаад бичвэл зүгээр байна. Эс бөгөөс гэмт хэрэг үйлдээгүй хүнийг шүүх нь шийдээгүй байтал гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичээд байна. Тэр хүний цаана нэр төр, амьдрал байгаа” гэсэн утга бүхий пост бичсэн. Гэтэл энэ постыг шийдэгдээгүй хэргийн тухай "нууц задруулсан” гэдэг материал дотор оруулчихсан.

-Таны зүгээс “Нууц задруулаагүй”, ямар нэг хууль зөрчөөгүй гэдгээ хэлэхэд тань юу гэв?

-Тэгэхээр ямар ч үндэслэлгүй, зүгээр л торголоо гэдэг. Шүүх хурал дээр болсон зүйлийн тухай бичсэн гээд 500 мянган төгрөгөөр торгоно гэнэ. Энэ чинь нотлох баримтууд, хохирогчоос мэдүүлэг аваад, гэмт хэрэг гэж үзвэл зайлшгүй яллах дүгнэлт бичнэ шүү дээ. Зөрчил дээр ч гэсэн зөрчлийн утга, дүгнэлтийг бичнэ. Гэтэл тэр нь байхгүй. Үндэслэл байхгүй юм чинь юу бичих вэ дээ. Тэгээд яллах дүгнэлтээ үзье гэхээр байдаггүй.

-Тайлбар авч чадахгүй учир өмгөөлөгчдийг цуглуулж, өөрийн эрхийг хамгаалахаар цугларалт зохион байгуулах нь гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хэрэг бол шүүхээр шийдвэрлэгдэнэ. Харин зөрчил бол тухайн цагдаа торгоод өнгөрөх асуудал юм. Иргэн торгуулсны дараа гомдол гаргавал шүүхээр асуудлыг хэлэлцэнэ. Үгүй бол тэгээд л өнгөрнө гэсэн үг. Миний хувьд 500 мянган төгрөгөөр торгуулж байгаа мөнгөндөө нэг их харамсаад байгаа биш. Нөгөөтэйгүүр нэг их баяндаа ч биш. Торгуулсан ч гэсэн “Монголын хуульчдын холбоо”-ноос миний эрхийг хасахгүй байх. Учир нь салбар салбарын шүүгчид хуралдсаны дараа шийдвэр гаргадаг. Манай холбоо өмгөөлөгчдийнхөө байр суурийг хамгаална. Хэн, хүний үгээр ороод эрхийг маань хасах вэ дээ. Хасна гэж бодсон ч надад айгаад байх зүйл алга.

Би дурын компанидаа ажиллаад, судалгаа хийгээд, аль эсвэл бүр энэ салбараас өөр зүйл хийгээд ч болов амьдарчихна. Гэхдээ хамгийн гол асуудал нь өмнө нь ийм зүйл мэр сэр гарч байсан. Одоо бүр даамжирч байгаа юм. Хэн нэг өмгөөлөгчийг хэргүүд дээр ажиллах, улс төрийн, авилга, албан тушаалын балиар заваан юмнуудыг нь илрүүлэх, захиалгатай хэргүүдийг үнэн зөвөөр шийдвэрлэх, шүүхийн процесст нөлөөлж буйг нь шүүмжлээд ярихаар энэ мэт зохиомол, худал хэргүүдэд яллаад “Торгоно, яллана, хорино” гэдэг байдлаар айлгаад байж болохгүй. Үүний цаана өчнөөн олон өмгөөлөгчийн эрх ашиг яригдана. Дараа нь хууль зүйн салбарын асуудал яригдана. Тэгэхээр шударгаар өмгөөлж чаддаггүй, нөлөөнд автдаг, дээрээс хэлсэн үгний дагуу ажилладаг өмгөөлөгчдийн хамгийн том хохирогч нь иргэд шүү дээ.

Өмгөөлөгчийг тагнаж, чагнадаггүй, эрх ашгаа хамгаалуулдаг шударга ажиллах боломжийг олгооч гэдгийг хуулинд оруулах гээд байгаа нь өөрөө тансаг сайхан амьдарч, эрх мэдэл авах гээд байгаа зүйл биш. Мэдээж бизнес хийж байгаа юм чинь ашиг орлого олъё гэдэг байдлаар ажиллаж, орчноо сайхан болгохыг хүснэ. Гэвч үүний цаана, өмгөөлөгчид хэний ч нөлөөнд автахгүй шударга байснаар иргэдийн эрх ашгийг хамгаална шүү дээ. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд "Стратегийн өмгөөлөл” буюу нөлөөллийн өмгөөлөл хийх ёстой юм байна. Манайхны ихэнхэд нэг буруу ойлголт байна. Олны танил, анхаарал татсан хэргүүд дээр ажиллаж, сэтгүүлчдээр бичүүлж байгаад хэргээ өөрийнхөө талд шийдүүлэх нь "Стратегийн өмгөөлөл” гэж бодоод байдаг. Гэтэл "стратегийн өмгөөлөл” гэдэг чинь нэг хүний хэргийг шийдвэрлэх замаар нийгэмд болоод буй болохгүй байгаа зүйлийг засаж залруулах, сайжруулах, хууль тогтоомжид байгаа алдаатай зүйлсийг засахыг зорьж, түүндээ хүрэхийг хэлдэг. Одоо жишээ нь, миний энэ 500 мянган төгрөгийн хэргийг өмгөөлөөд энэ үр дүнд хүрэх нь нэг хэрэг. Энэ жишээн дээр тулгуурлаад нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг шийдэх нь өөрөө "стратегийн өмгөөлөл” болж байгаа юм. 

Сэтгүүлчид, иргэний нийгмийн оролцоо чухал. Яагаад гэвэл, иргэний нийгмийн дагуу сэтгүүлчдээр дамжуулж байж, “Энэ чинь нээрээ болохгүй байгаа юм байна шүү” гэдэг байдлаар нийтийн анхаарлыг татдаг. Тиймээс олон өмгөөлөгчдийг ажиллуулах замаар стратегийн өмгөөлөл хийх юм. Энэ нь гагц миний асуудал биш, бид бүгдийн асуудал юм.

-Ж.БАТЗАНДАН, Ц.НЯМДОРЖ НАР Б.ХУРЦЫН ХЭРГИЙН НУУЦЫГ ИЛ БОЛГОСОН-

-Өмгөөлөгч ямар мэдээллийг олон нийтэд дэлгэхийг зөвшөөрдөг вэ?

-Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн үйл ажиллагаа баримтлах мэргэжлийн дүрэмд хууль тогтоомжууд байдаг. Эдгээрт өмгөөллийн нууц гэж юу болох, юуг ярьж, юуг ярьж болохгүй тухай тусгасан. Үүнд, олон нийтэд нэгэнт ил болсон мэдээллийг ярьж болно. Энэ нь төрийн нууцад ч байдаг. Төрийн нууц нэгэнт ил болчихсон бол түүнийг цаашид нууцын зэргээс хасах журамтай. Мөн тэр нууцыг ил болгосон сэтгүүлчид хариуцлага тооцохгүй. Харин тэр нууцыг ил болгосон, ажилдаа хайнга хандсан төрийн албан хаагчид хариуцлага тооцдог. Түүнээс биш нууцыг ил болгосон иргэн, сэтгүүлчид хариуцлага тооцохгүй. Ингээд нэгэнт ил болсон бол түүний цаашид ярьж болно. Үүнтэй адил өмгөөлөгч нэгэнт ил болсон мэдээллийг ярьж болно.

УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан, Ц.Нямдорж гээд нөхдүүд чинь Б.Хурцын хэрэг, эрүүдэн шүүсэн гээд л баахан юм яриад байсан шүү дээ. Тэд төрийн нууцыг шууд ил болгочихсон. Төрийн нууцыг задруулсан хэрэг үйлдсэн. Тэдний нэгэнт ярьсан зүйлийг би давтаад ярихаар “Чи Б.Хурцын хэргийн тухай юу яриад байгаа юм” гээд 500 мянган төгрөгөөр торгох жишээтэй. Би гэхдээ хэргийг нь яриагүй л дээ. Би ярилцлага өгөх бүрдээ дандаа хэлдэг. Энэ бол нууц, энэ хүрээ хязгаараас би илүү ярьж болохгүй. Зөвшөөрөгдсөн хэмжээнд ярьж болно гэдгийг. Гэтэл хэтрүүлж ярьсан хүмүүс нь хэлтрээд, зөвшөөрөгдсөн хэмжээнд ярьсан хүнийг торгоод байж болохгүй.

Хоёрдугаарт, хэргийн процессын тухай мэдээлэл өгч болно. Жишээ нь хэрэг цагдаа, прокурор шүүх дээр явж байна, шүүх хурал болж байна, болоод өнгөрсөн  гэдэг байдлаар. Миний хувьд үргэлжилж буй хэргийн тухай сэтгүүлчийн асуусан асуултад зөвшөөрөгдсөн хэмжээнд хариулдаг. “Энэ хэрэг нь өөрөө нууцын зэрэглэлтэй тул ярьж болохгүй. Гэвч шүүх хурал прокуророос шүүх рүү шилжсэн” гэж хэлэхийг нууц задруулсан гэж яриад байгаа юм. Энэ нь мөн л зөвшөөрөгдсөн.

Гуравдугаарт, миний үйлчлүүлэгчийн тухай нийгэмд худал ташаа, сөрөг мэдээлэл тарвал үүнийг задруулж мэдээлэх. Хэрэв ташаа мэдээлэл нийгэмд тарвал, нийгэм үзэн ядах, түүний харж буй шүүгч нөлөөнд автах эрсдэлтэй. Тэгэхээр буцаагаад залруулга мэдээллийг өгөх нь өмгөөлөгчийн үүрэг. Гэвч залруулга мэдээлэл өгөхийг үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрсөн байх ёстой. Хоорондоо ярилцаж, ойлголцоод ярьж болно. Миний хувьд би хэвлэлээр их ярьдаг, бичдэг өмгөөлөгчдийн нэг. Гэхдээ би хэзээ ч сайн дураараа хэвлэлд ярилцлага өгдөггүй. Яагаад гэвэл би сэтгүүлч биш. Би хуульч хүн. Тиймээс хуульчийн ажлаа л хийнэ. Гэтэл цэвэр хуульчийн ажлаа хийх явцад зайлшгүй мэдээлэх ёстой зүйл гардаг. Түүнийг үйлчлүүлэгч зөвшөөрсөн нөхцөлд би хоёрдогч байдлаар хэлдэг.

Тэр утгаараа үйлчлүүлж байгаа хүн зөвшөөрөөгүй мэдээллийг хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч үйлчлүүлж байгаа хүмүүсээс нэг ч гомдол гарч байсангүй. Шүүх хурлын процессын тухай бичсэн нэг пост байгаа. Тэр постыг гаргаж ирсэн. Тэр пост юу байсан бэ гэхээр “шүүгч прокурорыг загнаад байна. Загнаж болохгүй шүү дээ” л гэсэн пост байсан. Би хэний ч нэр, ямар ч шүүгчийн нэг бичээгүй. Яг унших юм бол пост өөрөө прокурорын байгууллагыг өмөөрсөн юм. Гэтэл тэр постыг “шүүх хурлын үеэр процессыг дэлгэсэн” гэж байгаа юм. Тэр нь нэг жилийн өмнөх пост юм л даа. Хууль зүйн хүрээнд харвал, хэрэв би тэр постоо устгасан бол манай хуулийн шалгалтын ажиллагааны хүрээнд түүнийг яаж ч чадахгүй. Ямарваа зүйл яаж эд мөрийн баримт болдог вэ гэвэл, миний фэйсбүүк рүү ороход тухай пост байх шаардлагатай.

-ОЛНЫ ТАНИЛ, НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ӨМГӨӨЛЛӨӨ ГЭЭД БИ НЭГ ИХ МӨНГӨ ОЛООД БАЙГАА ЮМ БИШ-

-Скрийншот байж болохгүй гэсэн үг үү?

-Болохгүй. Заавал пост нь байх ёстой. Мөн Б.Мэргэн гэдэг хүний албан ёсны хаяг мөн эсэхийг бас зайлшгүй тодруулах хэрэгтэй. Миний зураг, нэрээр хэн ч ямар ч хаяг нээж болно шүү дээ. Тиймээс үүнийг тогтоох ёстой. Гэтэл Монгол улс үүнийг тогтоож чадахгүй. Сервер нь Америкт байдаг учраас тогтоож чадахгүй гэдэг. Хоёрдугаарт постоо устгасан байхад яаж ч чадахгүй. Постоо устгачхаад, “би наадахыг чинь бичээгүй” гээд сууж байхад л юу ч хийж чадахгүй гэсэн үг. Гэхдээ би үүнийг хүсэхгүй. Би яагаад хууль зөрчөөгүй хэр нь бичсэн постоо устгах ёстой гэж? “Хамаа алга, намайг торго. Ичихгүй бол торго” гэсэн. Хэрэв төрийн, байгууллагын, хувь хүний нууцаа ялгаж чадахгүй тийм мэдлэг чадваргүй албан хаагч юм бол, тэрийг чинь мэдээд хийж чадах өчнөөн залуучууд байна шүү дээ. Ажлаа хүлээлгэж өгөөд зайл л даа. Мэдсээр байж торгож байгаа бол энэ нь бас л ажлын ёс зүй, хувь хүний ухамсар алга.

-Та ажлаа хийгээд явж байхдаа, хэн нэгэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсэх, шөргөөцөлдөж байв уу?

-Сул тал гэж байдаг бол миний хүмүүстэй боловсон харьцаж байгаа нь л сул тал. Магадгүй заримдаа шүүх хурал дээр ширүүхэн харагддаг, үйлчлүүлэгчийнхээ асуудлыг шийдэхийн тулд уурлахдаа уурлаад, ширүүлэхдээ ширүүлдэг өмгөөлөгчид зарим нэг талаараа давуу байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд тийм зүйл байхгүй. Бүгдтэй сайхан харилцаатай байдаг. Тиймээс сөрөг харилцаа үүсэх нь ховор.

-Таныг нөлөө бүхий том эрхмүүдийг өмгөөлснийг хүмүүс мэднэ. Үйлчлүүлэгчээ ямар байдлаар сонгодог вэ, ашиг сонирхлын зөрчилдөөн байдаг уу?

-Өнөөдөр бизнес хийж байгаа ихэнх хүн "ахаа, эгчээ” гэсэн байдлаар үйлчлүүлэгч олж, харилцаа тогтоох нь элбэг. Би хэн нэгэнтэй найзууд болохоороо удаан хугацаанд сайхан нөхөрлөж чаддаг ч, өөрөө эхэлж алхам хийж найзалдаг, эсвэл ажлаа бүтээхийн тулд түрүүлж наалддаггүй. Намайг ажлаа хийгээд явж байхад л хүмүүс өөрсдөө ханддаг. Бүгд л өөрсдөө намайг хайж олж ирсэн хүмүүс байдаг. Нөгөөтэйгүүр олны танил, нөлөө бүхий хүмүүсийг өмгөөллөө гээд бид нэг их мөнгө олоод байгаа юм биш. Зарим сайт хүртэл бичсэн байсан гишүүн асан Д.Гантулгын хэрэг дээр ажиллаад хохирогчоос өдрийн хоёр сая төгрөг авсан гэх мэт. Гэтэл би тэр хэргийг үнэ төлбөргүй өмгөөлсөн. Бодит байдал дээр би өнөөдөр өөрийн гэсэн унах унаагүй, түрээсийн байранд л амьдраад явж байна. Надад тийм явуургүй шунал байхгүй. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүн эмэгтэй хүнд бэлгийн хүчирхийлэл үйлдчихээд ямар ч хариулага хүлээхгүй, мултарч болно гэсэн үг биш.

-Таны үйлчлүүлэгч Б.Хурцыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь шүүхээр тогтоогдсон. Үүний дараа тэднийг суллах хөдөлгөөн хүртэл өрнөсөн шүү дээ?

-Манай нийгмийн сэтгэхүй өөрөө савлагаатай. Нэг үйлдлээр баатар болж, нөгөөгөөр хэн ч биш болж болно. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчирхийлүүлсэн эмэгтэйг өмгөөлж, ялалт байгуулсны дараа би чинь бараг оргил сэдвүүдийн нэг болчихсон, бичсэн пост маань хэдэн мянгаараа шэйрлэгдэж байлаа шүү дээ. Түүний дараа Б.Хурцын хэрэг дээр ажиллахад "Албан тушаалтай авилгачин нөхдүүдийг өмгөөллөө, энэ хүн шиг хэрэггүй хүн алга” гэж байсан. Би анхнаасаа энэ хэргийг өмгөөлөхгүй байж болох л байсан. Гэвч эцсийн эцэст хүн алсан ч бай, тухайн хүн өмгөөлүүлэх эрхтэй. Би ажлаа л хийсэн. Энэ хэргийн хувьд төрийн нууцад хамаарах асуудал. Шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хуулийн хувьд хүчин төгөлдөр шийдвэр болно. Цаашаа дээд шатны шүүхээр хэрэг үргэлжлэн шалгагдахыг үгүйсгэхгүй. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн гэм буруу тогтоогдсон ч, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн хэрэгт буруугүй гэсэн үг биш тул шууд суллагдана гэсэн үг биш. Шинэ нөхцөл байдал илэрсэн үед л суллагдах боломжтой. Хэрэв шүүх “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзвэл хэргийг прокурор руу илгээж, дахин шалгана. Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шууд үндэслэл бас болохгүй. Хэргийн процессийн тухай илүүг ярьж болохгүй байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны сүүлийн үед ажиллаж, анхаарч байгаа зүйлийг асууя?

-Сүүлийн үед өмгөөллийн хажуугаар судалгаа талд түлхүү ажиллах сонирхол байна. Хууль тогтоомжийн төслийг боловсруулах тал дээр түлхүү оролцоно.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 10, 2020 13:19

Зөв, шударга хүмүүсийг л өмгөөлж бай..тэгвэл ард түмэн чиний т�##�д...өнгө мөнгө хараад луйварчдыг өмгөөлөөд явб�##� хохь чинь...гоншигоноод байх шаардлагагүй...энэ үг бүх өмгөөлөгч нэр зүүсэн мөнгөний хойноос гүйдэг нохдуудад хамаатай

Зочин
Зочин
9 сар 10, 2020 23:01
Reply to  Иргэн

Хэнийг ч өмгөөлөх эрхтэй. Тэгээд өнөөдөр нийгмийн сүлжээгээр худлыг үнэн болгох, үнэнг худ�##� болгож хэнийг гүтгэн харлуулж болдгийн тод томруун жишээ нь М.Энхдолд дээр нотолсоон. Үүндээ эрмэгшээд юм л бол эрх ашиг нийлээгүй шудрага нэгнээ худ�##� хуурмагаар гүтгэн доромжилж нийгмийн сүлжээгээр дав�##�га�##�уулж хар массын тархийг угааж үзэн ядах үзлээр цэнэглэдэг болсон нь тун харамс�##�тай бөгөөд нийгмийн сэтгэл зүйг бузарлаж дууссан доо

Зочин
Зочин
9 сар 10, 2020 21:35
Reply to  Иргэн

Аргагүй шүү дээ хурц гэдэг хүн чинь олон түмний дунд нэр хүндгүй хүн шүү дээ

Зочин
Зочин
9 сар 16, 2020 11:23
Reply to  Зочин

Авилг�##�чдыг өмгөөөлж байгаа өмгөөлөгч нь авилг�##�ч байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Үүнийг бат�##�ж энэ хүн Хурцыг өмгөөлсөн санагддаг.

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
9 сар 10, 2020 23:01

Хэнийг ч өмгөөлөх эрхтэй. Тэгээд өнөөдөр нийгмийн сүлжээгээр худлыг үнэн болгох, үнэнг худ�##� болгож хэнийг гүтгэн харлуулж болдгийн тод томруун жишээ нь М.Энхдолд дээр нотолсоон. Үүндээ эрмэгшээд юм л бол эрх ашиг нийлээгүй шудрага нэгнээ худ�##� хуурмагаар гүтгэн доромжилж нийгмийн сүлжээгээр дав�##�га�##�уулж хар массын тархийг угааж үзэн ядах үзлээр цэнэглэдэг болсон нь тун харамс�##�тай бөгөөд нийгмийн сэтгэл зүйг бузарлаж дууссан доо

Зочин
Зочин
9 сар 13, 2020 10:35

За даа дарга мяндагтан баячуудыг л өмгөөлөөд байж харагддаг юм элбэгдоржтонгууд дээр их анхаар�##� тавьдаг чинь илт анзаарагддаг шүү арай худ�##�ддагчаагүй байгаа

Зочин
Зочин
9 сар 13, 2020 10:57

ЭНэ б�##�ай гар юу ч мэдэхгүй байж худлаа попорч өмгөөллийн хэрэг авна, ямар ч үр дүн гаргаж чадахгүй байж мөнгийг нь буцааж өгөхгүй з�##�илангийн нөхөр шүү энэ Мэргэн гэгч нь. болгоомжтой байгаарай иргэд ээ.

Холбоотой мэдээ

Back to top button