Гэр бүлийн хоёр хүнийг хөнөөгөөд зугтсан сэжигтнийг эрэн сурвалжилж байна
Өчигдөр /2020.09.09/ Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг нэгэн сумын нутаг дэвсгэрээс бууны шархтайгаар нас барсан хоёр хүний цогцос олдсон байна. Хэргийг 23 настай эрэгтэй Б гэгч үйлдсэнийг харсан гэх гэрчүүд буй аж. Хохирогчид 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нар байна. Гэрчүүдийн хэлж буйгаар сэжигтэн этгээд хохирогчдын цээж, ар нуруу руу нь "Сайга” маркийн буугаар буудаж хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан гэв.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:
"Сэжигтэн, хохирогчидтой ураг төрлийн холбоо хамааралтай гэсэн мэдээлэл алга. Хохирогчид эхнэр, нөхөр байсан. Тухайн хүмүүс хадлангийн асуудлаас болж хоорондоо маргалдсан гэх мэдээлэл байна. Хүний амь хөнөөгөөд зугтсан Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Тухайн этгээд галт зэвсэгтэй явж байх боломжтой” гэх мэдээллийг өглөө.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.