ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

EGGA: Хамтдаа Амьтны асрамжийн газар байгуулахыг мөрөөддөг

“The open mic Mongolia”-ийн тайзнаа нэгэн цагаан цамцтай охин хип хоп дууг мэдрэмжтэй, хэвлүүхэн дуулсан нь олны сонирхлыг ихэд татаж буй билээ. Авьяаслаг реппер болох ирээдүйтэй гэж үнэлэгдэж буй түүнийг Г.Уянгадарь гэдэг. 12 настай тэрбээр “Хур” продакшны дэргэдэх EGGA хамтлагийн гишүүн. Г.Уянгадарь есөн настай Э.Эгшиглэнгийн хамт энэ жилийн Хүүхдийн баярын өмнө хамтлагаа байгуулжээ. Тэдний анхны уран бүтээл нь “Туйлын туяа”. Тэд дуундаа ямар их хөдөлмөр гарган, сэтгэл шингээж хийсэн, уран бүтээлч сэтгэлгээтэйг нь “Туйлын туяа”-гаас бэлхнээ харж болно.

EGGA: Хамтдаа Амьтны асрамжийн газар байгуулахыг мөрөөддөг https://eguur.mn/135695/

EGGA: Хамтдаа Амьтны асрамжийн газар байгуулахыг мөрөөддөг – Eguur.MNhttps://eguur.mn/135695/

Posted by Eguur.mn on Sunday, September 13, 2020

Ирээдүйд алдартай хип хоп хамтлаг болох мөрөөдөлтэй, дуучин Mrs M-тэй хамтарч уран бүтээл гаргах хүсэлтэй EGGA-тай ярилцлаа. Говьсүмбэр аймгийн Чойр хотод амьдардаг Э.Эгшиглэн өчигдөр манай сайтыг зорьж ирээд ярилцлага өгсөн юм.

Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Г.Уянгадарь (Г.У): Намайг Гансүхийн Уянгадарь гэдэг, 12 настай. Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд бага ангиа төгсөөд хот руу шилжиж ирсэн. Одоо нийслэлийн 53 дугаар сургуульд сурдаг.

Э.Эгшиглэн (Э.Э): Намайг Э.Эгшиглэн гэдэг, есөн настай. Чойр хотын хоёрдугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг.

Хоёр өөр газар амьдардаг охид хамтлаг байгуулсан нь сонирхол татаж байна. EGGAг байгуулах санааг анх хэн нь гаргасан бэ?

Г.У: Манай сургуулийн хөгжмийн багш миний дуулж буй бичлэгийг сторидоо нийтэлдэг. Тэр бичлэгүүдийг нь “Хур” продакшны ах, эгч нар үзээд намайг урьсан.

Э.Э: Төрсөн ах маань “Хур” продакшинд ажилладаг. Ах минь миний авьяасыг дэмжээд хот руу дуудсан юм. “Хур” продакшныхан нийлээд манай хамтлагийг байгуулсан. Зургадугаар сарын 1, Хүүхдийн баярт зориулж дуу гаргаж өгье гэсэн. Тэгээд “Туйлын туяа” дууг бүтээсэн, Уянга эгч бид хоёр дуулсан.

Бие биенээ танихгүй хоёр хүүхэд хамтлаг болоход анхандаа ямар байв. Биенээ хараад төрсөн сэтгэгдэл?

Г.У: Надтай дуулах охин байна даа л гэж бодсон (Инээв).

Э.Э: Ёстой күүл эгч байна даа гэж бодсон.

Хамтлагаа яагаад EGGA гэж нэрлэв. Ямар утгатай нэр вэ?

-Г.У: Эгшиглэнгийн нэрнээс ЭГ, миний нэрнээс Га-г нь авч нийлүүлээд ингэж нэрлэсэн юм.

“Туйлын туяа” дуу хэрхэн бүтэв. Үгийг нь та хоёр зохиосон уу?

Э.Э: Үгүй ээ, Зундуй ах бичиж өгсөн. Өдөр бүхэн давтаж байгаад дуулсан.

Г.У: Клипийг нь хэрхэн хийх вэ, ямар хувцас өмсөх вэ гэж зөндөө бодсон, уйгагүй бэлдсэн.

Э.Э: Манай хамтлагийн хувцасны маркетингийг Хонгорзул эгч хийдэг. Мөн Уянгаа эгчийн эгч Оюука эгч бид хоёрт зөвлөдөг.

Бэлтгэл дээр дуулах, камерын өмнө дуулаад бичүүлэх тэс өөр. Хамгийн хэцүү нь юу байв?

Г.У: Гэртээ бэлдэхэд хамаагүй амар. Намайг хэн ч харахгүй, биеэ барихгүй. Сайн бэлдэх тусам чанартай уран бүтээл гарна гээд чөлөөтэй дуулдаг. Яг камерын өмнө дуулахаар их сандардаг.

Э.Э: “Туйлын туяа”-гийн зураг авалтыг олон хүнтэй газар хийсэн. Хүмүүс бид хоёрыг гайхаад харна, сонирхоно. Тэгэхээр нь дагаад сандарчихсан.

Дуугаа хурдан цацаад, сонсох сон гэж хэр их догдлов?

Г.У: Зөндөө их яарсан, догдолсон. “Туйлын туяа”-г анх цацагдсаны дараа “Хур” продакшны ах, эгч нар, гэр бүлийнхнээрээ, хамтрагч Эгшиглэнгээрээ их бахархсан. Энэ уран бүтээлд бүгдийнх нь хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Хэдийгээр манай хамтлаг ингээд дуу гаргасан ч би өөрийгөө хэзээ ч мундаг гэж бодохгүй. Цаашаа улам өндөр оргил өөд алхана.

Э.Э: “Туйлын туяа”-г анх цацахад баярласандаа уйлах дөхсөн. “Хур”  продакшны хамт олон, гэр бүлийнхэндээ, Уянгаа эгчдээ их баярласан.

Г.У: Эгшиглэнгийн хэсэг явахаар л дагаж дуулмаар санагддаг. “Гоё дуу болж” гээд манай ангийнхан, сургуулийнхан бид хоёрт баяр хүргэсэн.

Дууныхаа аль хэсэгт та хоёр илүү дуртай вэ?

Э.Э: Би Уянгаа эгчийн хэсэгт аймар дуртай. Сүүлийн хэдэн мөр нь бүр саак.

Г.У: Би Эгшиглэнгийн хэсэгт үнэхээр дуртай.

Э.Э: Хоёулаа бие биенийхээ хэсэгт дуртай юм байна. Ямар гоё юм бэ.

Г.У: Тийм байна. Чиний хэсгийг сонсохоор л өөрийн эрхгүй дагаж дуулдаг.

Г.Уянгадарь “The open mic Mongoliaийн тайзан дээр “Туйлын туяа”г ганцаараа дуулсан. Анх удаа тайзан дээр, олны өмнө дуулав уу?

.

instagram: https://www.instagram.com/theopenmicmongolia/?hl=enYoutube: https://youtu.be/iHfHxVj52YgЗохион байгуулагчтай холбогдох Энхтайван Дагвасамбуу О. Отгонбат

Posted by The Open Mic Mongolia on Thursday, September 10, 2020

-Тэгсэн, EGGA хамтлагийг байгуулснаас хойш олны өмнө, тайзан дээр анх удаа гарлаа. Хамтлагаараа, Эгшиглэнтэй хамт бус ганцаараа дуулах эвгүй байсан. Үзэгчид намайг дэмжсэн нь надад их урам өгсөн. Улам гоё дуулмаар санагдсан. Би тайзан дээр гарахынхаа өмнө их догдолдог. Мэдээж хүн л юм чинь хүмүүс намайг дэмжвэл, эергээр хүлээж авбал гоё. Тайзан дээр дахиад дуулаад л баймаар санагддаг.

Э.Э: Уянгаа эгчтэй хамт тайзан дээр хурдан гарч, хүмүүст уран бүтээлээ хүргэхийг хүсэж байна. Их яарч байгаа.

Репперүүд өөр, өөрийнхөө дуулах хэсгийн үгийг зохиох нь олонтаа. Та хоёр шүлэг бичдэг үү?

Э.Э: Үгүй ээ. Манай хамтлагийн дууны шүлгийг Зундуй ах бичиж өгдөг.

Э.Эгшиглэнгийнх Чойрт амьдардаг юм билээ. Г.Уянгадарьтай хүссэн үедээ уулзаж, уран бүтээлийнхээ тухай ярьж чадахгүй байх хэцүү байдаг уу?

Г.У: Ёстой муухай. Өчигдөр  Эгшиглэн ирэхэд нь их баярласан. Ирэхээ надад хэлээгүй болохоор ёстой гэнэтийн бэлэг болсон шүү.

Э.Э: Хотоос гэртээ очингуутаа Уянгаа эгчийг санадаг.

Хип хоп дуу сонсоход, реп хийхэд та хоёрт ямар мэдрэмж төрдөг вэ?

Г.У: Хурдан, хурдан үглээд, хэмнэлийг нь мэдрэх үнэхээр гоё. Би үкүлүлэ хөгжим тоглодог. Үкүлүлэ тоглоход гарын товшилт их өвөрмөц. Үглэхтэй төстэй ч гэх юм уу. Реп хийх надад гоё, сонирхолтой санагддаг.

Э.Э: Би  Билли Эйлишийн дууг сонсох дуртай. Түүнээс үлгэрлэдэг. Би анхандаа сайн үглэж чадахгүй гэж өөрийгөө голдог байв. Бэлдэх тусам реп хийж сурдаг юм байна лээ.

Та хоёр бие биенийхээ юугаар нь бахархаж, үлгэрлэдэг вэ?

Г.У: Эгшиглэн намайг “Эгч ээ” гэж дууддаг. Би айлын бага болохоор тэгж дуудуулах дуртай. Би Эгшиглэнгээс эелдэг харилцаа гэх мэт олон зүйлээс нь үлгэрлэдэг.

Э.Э: Уянгаа эгч их цэвэрч, стиллэг нь надад гоё санагддаг.

Дуучин болох, хамтлаг байгуулахыг багаасаа мөрөөдсөн үү. Дууны ямар нэгэн уралдаанд оролцож байсан уу?

Г.У: Зөндөө олон уралдаанд оролцсон. Айраг сумандаа, Сайншанд хотдоо, Хэнтий аймагт гээд л. Бас 2017 онд Гүрж улсын загварын тэмцээнд оролцоод фото модель болж байсан.

Э.Э: Би дөрөв бил үү таван тэмцээнд оролцсон. “Аз жаргалын наран” гэдэг уран бүтээл гаргаж байсан.

Цаашид ямар хэв маягийн уран бүтээл түлхүү гаргах вэ. Хип хопоор урлагаар дагнах уу?

Г.У: Дагнахгүй, хослуулна. Уянгын, хайрын, хип хоп гээд миний сэтгэлийн хөөрөл шиг төрөл бүрийн дуу гаргана.

Э.Э: Цаашид ч хамтдаа уран бүтээл гаргаад явна.

Бие даасан багш бий юү?

Э.Э: Байхгүй.

Г.У: Манай сургуулийн Бат-Эрдэнэ багш надад үкүлүле зааж өгдөг. Одоо би гитар сурах гэж байгаа. Бас хоолойны дасгал хийдэг.

Э.Э: Сургуулийнхан маань бид хоёрын дууг өдөржингөө сонссон гэсэн. Гадуур хүүхдүүд манай хамтлагийн дууг сонсоод явах гоё санагддаг. Дахиад олон уран бүтээл гаргах их урам авдаг. Гадуур явж байхад хүүхдүүд Уянгаа эгчийн утасны дугаарыг өгчих гээд гуйгаад байдаг (Хоёулаа инээв).

Та хоёр хэний дууг сонсох дуртай вэ?

Г.У: Хип хоп дуучдаас 6ix9ine-ын дуунуудад дуртай. Өөрийн гэсэн мэдрэмжтэй, содон хоолойтой.

Э.Э: Түрүүн хэлсэнчлэн Билли Эйлишт дуртай. Гаж хувцаслалт, хэв маяг нь их өвөрмөц.

Хэн нэгэн уран бүтээлчтэй хамтарч дуу гаргах боломж олдлоо гэж бодъё. Тэгвэл та хоёр хэнтэй хамтрах вэ?

Хоёулаа нэгэн зэрэг “Mrs M-тэй” гэж хариулав.

Г.У: Бид хоёр яагаад түүнийг онцолсон бэ гэвэл Mrs M өөрийн гэсэн хэв маягтай, донжтой, уран бүтээлч сэтгэлгээтэй дуучин.

Та хоёрын хамгийн том зорилго юу вэ?

Г.У: Дуулах ур чадвараа сайжруулах мөн амьтны асрамжийн газар байгуулахыг хүсдэг. Хоёулаа тийм мөрөөдөлтэй.

Хоёулаа хамтраад уу?

Э.Э: Тийм ээ. Бид хоёр адилхан сонирхолтой, ижилхэн мөрөөдөлтэй.

Г.У: Би нээрэн нэг юм ярьчих уу?

Тэгээ тэг. Бололгүй яах вэ.

-Би гуравдугаар ангид байхдаа сургуулийнхаа ардын дууны тэмцээнд ороод түрүүлсэн. Тэгээд ангийнхаа хоёр хүүхдийн байгуулсан “Бид” хамтлагт гишүүнээр орж байсан юм. Бид 15 дуутай цомгоо гаргасан.

Та хоёрыг гэр бүлийнхэн нь их дэмждэг байх. Аав, ээж нь юу гэж зөвлөдөг вэ?

Г.У: Аав, ээж хоёр минь Өмнөговьд ажил хийдэг. Тэгээд намайг дуу дуулаад явж байгаагаар бахархаад… (Уйлав). Аав, ээж хоёрыгоо их санадаг.

Э.Э: Аав, ээж хоёр минь намайг их дэмждэг. “Миний охин мундаг байна. Хичээгээрэй” гэдэг.

Шинэ уран бүтээлээ удахгүй цацах гэж байгаа юм билээ. Хоёр дахь уран бүтээл нь ямар нэртэй вэ?

Г.У: “Start”. Өнөөдөр хөгжилдья, өнөөдөр аз жаргалтай байя, бусдад аз жаргал түгээе гэсэн утгатай уран бүтээл.

Э.Э: Бид хоёр дууны клипэн дээр барбины дүр бүтээнэ. Тэгэхээр хүүхэд, барби хоёрын тухай дуу, тийм ээ?

Г.У: Тийм ээ. Охид бүхэн барбинд дуртай. Клипний зохиолыг “Хур” продакшны ах, эгч нар зохиосон. Үглэх, дуулах хосолсон уран бүтээл болохоор сонирхолтой санагдсан.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

БИЧЛЭГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Хөөрхөн байна, гоё байна, авъяас байна. Гэхдээ хүүхэд нас бол гоё ингэж хувцаслаж, ийм клип хийсэн нь та####агдсангүй сорри

    1. Ямар мэдрэмжгүй найруулагч нь оймсон түрийтэй хадаасан өсгийтэй гут#### хүүхдэд өмсүүлчивээ child sexualization харагдаад байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button