Эрүүл, чанартай тоглоомыг монгол хүүхдүүдэд хүргэхийг зорьж яваа одонтой ээж У.Энхжаргал
Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байдаг гэдгийг олон судалгаа харуулдаг. Энэ нь өөрийн гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байдаг ч хаана, хэнд хандаж, юунаас эхлэхээ мэддэггүйтэй хамгийн түрүүнд холбоотой. Тэгвэл “Төрийн банк”-нд хандаад энэхүү асуудлаа шийдүүлсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байна. Коронавирусийн цар тахлын хэцүү энэ нөхцөлд “Төрийн банк” нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор шинэ зээл зах зээлд нэвтрүүлжээ. Энэхүү зээлд хамрагдаад эхлүүлсэн бизнесээ улам өргөжүүлж, мөрөөдөл зорилго руугаа алхам алхмаар ахиж яваа гурван мундаг эмэгтэйн гурван өөр өнгийн амьдралыг бид сурвалжилснаа ЦУВРАЛААР хүргэж байгаа билээ.
-У.ЭНХЖАРГАЛ: МИНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ТОГЛООМ-
Бидний сурвалжилсан ХОЁР дахь өнгө бол хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй У.Энхжаргал. Тэрээр онлайн худалдаа эрхэлдэг бөгөөд, түүнийгээ өргөжүүлэн 2016 оноос хойш хүүхдийн тоглоомын бизнесээ эхлүүлжээ. Харин “Play house” тоглоомын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруй хугацаа болсон байна. У.Энхжаргалын тоглоомын худалдааны бизнес эрхлэх болсон шалтгаан тун энгийн.
Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ, “Би 1-6 насны дөрвөн хүүхэдтэй. Тиймээс миний амьдрал тоглоом гэдэг зүйлтэй их ойр. Хүүхдэдээ тоглоом авч өгөх, сонгох асуудал дээр анх маш олон бэрхшээл тулгардаж байлаа. Чанартай тоглоомууд хэтэрхий өндөр үнэтэй. Харин боломж бололцоондоо тааруулаад хямдхан тоглоом авъя гэхэд маш чанаргүй, хүүхдийн биед асар их хортой. Тэгээд боломжийн үнэтэй мөртөө чанартай тоглоом худалдаалах орон зай Монголд байгаа юм байна гэдгийг олж харсан” хэмээн ярьсан юм. Тэр ингэж л тоглоомын бизнесийн гараагаа эхлүүлжээ.

-Тоглоомын дэлгүүр нээхээс өмнө хаана юу хийж байв?
-Эхний их сургуулиа төгсөөд хүүхэдтэй болж байлаа. Хоёр дахь их сургуулиа төгсөж байх үедээ бизнесээ эхлүүлсэн. Олонх ээжүүдийн жишгээр гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа юу хийхээ олж мэдсэн. Ингээд анх онлайнаар тоглоом худалдаалж эхэлсэн. “Хүүхдээ жаахан том болгочхоод дэлгүүрээ нээе” гэж бодтол дараагийн хүүхэд маань гараад ирдэг. /инээв.сурв/ Тэгээд л төлөвлөгөө маань хойшилдог. Хамгийн сүүлд бага хүүгээ таван сартай байхад нь мөөмнөөс нь хүчээр гаргаж үлдээчхээд тоглоомын дэлгүүрийн лангуугаа нээсэн дээ. Лангуугаа нээх гээд зээл хөөцөлдөөд зээл авсан. Тухайн үед “Выставка” худалдааны төвд 10мкв талбай түрээслээд эхлүүлж байлаа.
-Тоглоомуудаа хаанаас оруулж ирдэг вэ?
-Цөөн тооны тоглоомуудаа АНУ-аас, харин ихэнхийг нь Бээжин, Гуанжугаас оруулж ирдэг.
-Дэлгүүрийнхээ тоглоомын чанарт хэрхэн анхаарч, ямар тоглоом авч ирэхийг зорьдог вэ. Хуванцар гэхээсээ илүү модон тоглоомууд их харагдаж байна?
-Миний ажилдаа баримталдаг зарчим бол ашиг гэхээсээ илүү чанар. Худалдан авалт хийж буй хүмүүсийг сэтгэл ханамжтай байдалд хамгийн их анхаардаг. Цар тахал гарахаас өмнө сар бүр бараандаа өөрөө явдаг байсан. Тоглоомуудаа нэг бүрчлэн задалж үзээд шалгаж авдаг. Тоглоом гэдэг зүйл хүүхдэд аюулгүй байх нь хамгийн чухал үзүүлэлт. Үүнийг дагаад эцэг эхчүүд хүүхдэдээ модон тоглоом сонгох нь элбэг болж. Зарахад ч урамтай байдаг. Гэхдээ бүх тоглоом модон байх боломжгүй. Хуванцар тоглоомоо лабораториудад шинжилгээнд хамруулдаг байгаа. “Ямар нэгэн хорт бодисгүй, аюулгүй” гэсэн хариу гарсан тохиолдолд худалдаалдаг.
-Та худалдаа эрхлээд удаагүй хирнээ арван хүнийг ажлын байртай болгож цалинжуулдаг болжээ?
-Тийм. Тал нь агуулах дээр, зарим нь дэлгүүрт, мөн таван ээж гэрээсээ ажиллаж онлайн дэлгүүрийн хөтлөлт хийж байна.
-Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгардаг вэ?
-Монголын нөхцөлд эмэгтэй хүн “хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг”. Яг ая тухтай ажиллах орчин нөхцөлд бүрдээгүй байна. Миний хувьд ч тэр бага насны хүүхдүүдтэй хүний хувьд хүүхэд, ар гэрийн ажил асар их. Тиймээс Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эрчүүдээс хэд дахин илүү ачаалалттай ажилладаг.
-Тоглоомын дэлгүүрээ хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?
-Би тун саяхан “Төрийн банк”-наас гаргасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээл гаргаж байгаа гэж дуулаад судалж үзсэн. 2014 оноос хойш банктай харилцаж зээл авсан байдаг юм. Хамгийн багадаа 2 хувийн хүүтэй бизнесийн зээл авч байлаа. Гэтэл “Төрийн банк”-ны энэ зээл 1.3 хувь буюу маш бага хүүтэй байгаа нь миний анхаарлыг татсан. Энэ бол маш том боломж гэж харсан. Одоо энэхүү зээлээр Хан-Уулд нэг салбараа нээхээр зорьж байгаа. Хэрэглэгчдээ улам ойртох боломжийг надад олгож байгаад баяртай байна.
Одонтой ээжийн гялалзаж яваа бизнесийн түүхийг сурвалжлан хүргэхэд ийм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой гоё тоглоомтой дэлгүүр шүү. Аймаар сэтгэлээрээ ажилладаг газар байна лээ. Захи�##�гын бараа нь ч гсн маш гоё гол нь аймаар хямд ирдэг.
Darvaisan a l haha