СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОДРУУЛГА: Иргэд анкетаа бөглөхдөө мессеж шиг галиглах, товчилж бичих алдаа гаргаж байна

Нийслэлийн Орон сууцны корпораци Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэл өчигдрийн /2019.07.22/ 17:00 цагаас эхлэн цахим хэлбэрээр эхэлсэн. Энэ жил анх удаа ийнхүү цахим хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах, бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн анхаарах шаардлагатай зүйлсийн талаар Нийслэлийн орон сууцны корпорациас бид дараах тодруулгыг авлаа.

-ИРГЭД ЭХНИЙ ЭЭЛЖИНД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ЗААВРЫН ДАГУУ АСУУЛГУУДЫГ БӨГЛӨХ ХЭРЭГТЭЙ-

-Түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн ажил эхэлснээс хойш хэр их иргэд хандаж байна вэ?

-Түрээсийн сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд маш их байна. Бүртгэл маань эхлээд удаагүй ч гэсэн олон иргэн хандсан.

-Бүртгэлийн хугацаанд иргэдийн дунд тулгарч буй нийтлэг бэрхшээл юу байна вэ?

-Бид энэ жил анх удаа цахим бүртгэлийн системд шилжсэн. Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу явуулж байна. Одоогийн байдлаар иргэдээс сервер гацсан гэх мэт санал гомдлууд ирүүлээгүй байна.

-Цахим хэлбэрт шилжсэний давуу тал нь юу вэ?

-Цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Наймдугаар сарын 5-ныг хүртэл зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа явагдах бөгөөд хамрагдаж буй иргэд эхний ээлжинд материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд сонгон шалгаруулах комисст журмын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна.

-Ямар цагийн хуваарийн дагуу ажиллах вэ?

-Ажлын болон амралтын өдрүүдийг харгалзалгүй өдөр бүр 24 цаг ажиллана.

-Иргэдээс ямар нэгэн санал гомдол ирж байна уу?

-Манай байгууллага энэ жил ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран ажиллаж байна. Хамтарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод гэхэд л арав гаруй бий. Бидний зүгээс хүмүүсийн бүртгэлийг бөглөж өгөх боломжгүй учраас ийнхүү зохион байгуулсан. Харааны бэрхшээлтэй иргэн байлаа гэхэд тухайн холбоодод хандан бүртгэлээ хийлгэх боломжтой. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс ямар нэг санал гомдол ирүүлээгүй.

-ИРГЭД ЭРТ, ОРОЙ БҮРТГҮҮЛСЭНИЙ ЯЛГАА БАЙХГҮЙ, ЖУРМЫН ДАГУУ ЭРЭМБЭЛЭГДЭНЭ-

-Бүртгүүлэх гэж буй иргэд юуг анхаарах ёстой вэ?

Гэр бүлийн мэдээллээ давхар оруулахгүй байх ёстой. Тухайлбал, эхнэр нөхөр хоёр тус тусдаа мэдээллээ хийж давхардуулахгүй байх. Түүнчлэн иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно. Ихэнх иргэдийн гаргаж буй нийтлэг алдаануудад:

-Бүртгүүлэх журмыг сайтар уншиж танилцахгүй бөглөх

-Мессеж шиг галиглаж бөглөх

-Үг товчлох

-Давхар бүртгүүлэх зэрэг байдал ажиглагдаж байна. Нэгэнт бүртгэлийн мэдээллээ оруулсан бол засагдах боломжгүй тул иргэд үг товчлохгүй, криллээр алдаагүй гаргацтай анкетаа бөглөхөд анхаарах шаардлагатай. Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай.

-Сонгон шалгаруулалтын комисст иргэдийн мэдээлэл эрэмбээрээ журмын дагуу шалгарна гэсэн. Хэрхэн эрэмбэлж байна вэ?

-Эрэмбийн тухайд иргэн эрт, орой бүртгүүлсэний ялгаа байхгүй, журмын дагуу эрэмбэлэгдэнэ. Тухайлбал, Адилхан хоёр ахмад настан бүртгүүлсэн байвал аль өндөр настай нь эхэнд эрэмбэлэгдэх юм. Зарим иргэд “Би яагаад эрт бүртгүүлсэн мөртлөө ийм доор орчихсон юм бэ?” гэж гайхах тохиолдол их гардаг. Иймд иргэд журмаа сайн уншаад өөрийгөө сайн тодорхойлох хэрэгтэй юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.  

Ийнхүү Нийслэлийн Орон сууцны корпорациас иргэдэд мэдээллээ үнэн зөв давхцуулахгүй өгөхийг анхаарууллаа. Мөн бүртгэлийн хугацаанаас оройтсон тохиолдолд нөхөж авах ямар ч боломжгүйг сануулж байсан юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button