ЭДИЙН ЗАСАГ

Яармагт 15 жил үс зассан Н.Уугантуяагийн салоноо өргөжүүлсэн МӨРӨӨДӨЛ

Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байдаг гэдгийг олон судалгаа харуулдаг. Энэ нь өөрийн гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байдаг ч хаана, хэнд хандаж, юунаас эхлэхээ мэддэггүйтэй хамгийн түрүүнд холбоотой. Тэгвэл “Төрийн банк”-нд хандаад энэхүү асуудлаа шийдүүлсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байна. Коронавирусийн цар тахлын хэцүү энэ нөхцөлд “Төрийн банк” нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор шинэ зээл зах зээлд нэвтрүүлжээ. Энэхүү зээлд хамрагдаад эхлүүлсэн бизнесээ улам өргөжүүлж, мөрөөдөл зорилго руугаа алхам алхмаар ахиж яваа гурван мундаг эмэгтэйн гурван өөр өнгийн амьдралыг бид сурвалжилснаа ЦУВРАЛААР хүргэж байгаа билээ.

-18 НАСТАЙ БАЛЧИР ОХИН БАЙХААСАА 15 ЖИЛ ЯАРМАГТ ҮС ЗАССАН Н.УУГАНТУЯАГИЙН САЛОНОО ӨРГӨЖҮҮЛСЭН МӨРӨӨДӨЛ-

Бидний очсон гуравдугаар өнгө нь Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн хуучин эцэст байрлах “Ууганаа” үсчин гоо сайхны салон байлаа. Яармагийн буйдхан дэнжид байрлах энэхүү үсчин, гоо сайхны газрыг Н.Уугантуяа гэх эмэгтэй байгуулсан. Тэрээр 18-хан настай балчир охин байхаасаа үсчин болж өвчтэй ээжийгээ, охиноо асарч амьдралын төлөө тэмцэж ирсэн энгийн хэрнээ эгэлгүй түүхтэй нэгэн аж. 15 жил үсчнээр ажиллаж байгаа Н.Уугантуяа өдгөө “Төрийн банкны” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлд хамрагдаж салоноо өргөжүүлж, тоног төхөөрөмжөө сайжруулахаар баяр хөөр болон суугаа юм.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/638731816830150

-Үсчин болж байсан түүхээсээ хуваалцахгүй юу. Яагаад энэ мэргэжлийн сонгох болсон бэ?

-Намайг жаахан байхад улсын буцалтгүй тусламжийн хүрээнд амьжиргааны түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдийг янз бүрийн сургалтад хамруулдаг үйл ажиллагаа явагддаг байсан. Энэ хүрээнд “Бабука” сургалтад үсчнээр үнэгүй суралцаж, төгссөн. Анх 18 настайдаа үсчин болж байлаа. Миний үсчин болсон түүх их хөгжилтэй. Би аравдугаар ангиа төгсөөд сарын 20 мянган төгрөгийн цалинтайгаар зуны турш хэрчсэн гурилын үйлдвэрт ажилласан. Тухайн үед маш урт хоёр салаа гэзэгтэй охин байлаа. Нэг өдөр ажлаасаа жаахан хоцорч орж ирээд сандрахдаа үсээ дээрээ боочхоод л хэрчилтийн машин руу хайрсан гурил хийв ээ. Гэтэл нэг талын үс минь хамт хэрчигдээд тасарчихсан. Ингээд “Өнөөдрийн бүх гурилыг худалдаанд гаргах боломжгүй болсон тул цалинг чинь хаслаа” гэсэн. Цалин ч үгүй, үс ч үгүй болдог юм байна. /инээв.сурв/ Нэг талдаа үсгүй болчхоод нөгөө талын сүлжээстэй үсээ адилхан болгож тайруулах гээд үсчин оров оо. Маш их очертой. Хоёр цаг хүлээж суусан. Ингэж суутал үсчин эгч миний бүтэн нэг сарын турш ажиллаж байж олдог 20 мянган төгрөгийн цалинг, хоёр цагийн дотор олж хормогч руугаа хийсэн нь нүдэнд туссан. Үсчин эгч баяжаад л, гаднаас орж ирсэн хүмүүс гоё болоод байгаа нь үнэхээр сайхан санагдсан. “Хөөх ямар гоё мэргэжил вэ” гэж дотроо уулга алдсан. Үсийг маань тайраад гадагшаа эргүүлээд сэнсдээд өгтөл би үнэхээр хөөрхөн болчихсон. “Өөрийгөө их царай муутай хүүхэд” гэж бодож явсан шүү. Тэгээд “Би үсчин болбол яах вэ, Мэндээ эгч ээ” гэж асуутал “Хороон дээр үсчний сургалтад бүртгэж байна лээ” гэдэг мэдээг дуулгасан. Тэгээд их сургуулийн төлбөрөө төлөх чадваргүй хүүхдүүдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтуудаас үсчин гэх мэргэжлийн сонгож суралцаж байсан түүхтэй дээ. /инээв.сурв/

-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-Анх зургадугаар хорооны “Сайн ломбард”-д байрлах үсчний газарт өдрийн 2000 төгрөгийн цалинтайгаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Тухайн үед энэ хавьд дэд бүтэц хөгжөөгүй байсан учир усаа худгаас зөөж, бойлурт халаах, бохир усаа зөөж асгах гэх мэтээр ажилладаг байсан юм. Яг энэ үед өвчтэй ээжийгээ, нялх хүүхдээ асардаг байлаа. Ингээд хоёр жилийн дараа “Амар”, “Бадмаараг” худалдааны төвүүдийн хоёр давхарт үсчнээр ажилласан. Ингэж байр сэлгэсэн шалтгаан маань аль болох тохитой, тухтай газар хүмүүст үйлчлэхийг зорьсон.

-Үсчин болоод уралдаан тэмцээнд хэр оролцсон бэ?

-“Dream color” улсын хэмжээний тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлж байлаа.

-Та олон эмэгтэйчүүдийг ажлын байртай болгоод байгаа юм билээ шүү дээ?

-Тийм ээ. Одоогоор арван эмэгтэйг энэхүү салондоо ажиллуулж, ажлын байртай болгоод байна. Эдэн дотор маань өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны түвшин доогуур охид ч бий. “Би ямар түвшний амьдралаас өндийж, ямар замналаар өдий хүртэл явж ирсэн билээ” гэдгээ мартдаггүй. Тиймээс аль болох халамжийн эмэгтэйчүүд, охидод илүү туслахыг хичээдэг. Таван үсчин, хоёр “маникюр”-чин, хоёр гоо сайханч гээд арвуулаа ажиллаж байна.

-Салоноо өргөжүүлэх, салбар нээх бодол бий юу. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Нийгмийн даатгал төлдөггүй, барьцаа хөрөнгөгүй гэх шалтгаанаар аль ч банк зээл өгөхөөс татгалздаг. Дандаа цааргалсан хариу өгч ирсэн. Ингээд таван жилийн өмнө “Төрийн банк”-ны зээлд хамрагдаад үсчний газраа сайжруулсан. Гэтэл саяхан “Төрийн банк”-нд харилцдаг эдийн засагч н.Ичинноров намайг дуудаад “Таны зээл төлөгдөөд багахан үлдсэн байна. Үүнийгээ төлж дуусаад илүү уян хатан нөхцөлтэй буюу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан 1.3 хувийн хүүтэй зээл гаргасан. Шаардлага хангавал хамрагдах боломжтой” тухай дуулгасан. Ингээд би өмнөх зээлийнхээ үлдэгдлийг төлж дуусгаад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан буюу Монголдоо маш бага хувийн хүүтэй зээлд хүсэлт гаргаж, авч чадсан. Энэ нь надад маш том боломжийг олгосон. Энэхүү зээлээрээ салоноо тохижуулаад, бараа таталтаа сайжруулсан. Одоо тоног төхөөрөмжүүдээ илүү сайжруулахаар захиалгаа өгчихсөн байгаа. Сеттинг хими Уурын аппарат, коварцийн гэрэл гэх мэт мэргэжлийн бүтээгдэхүүнүүдээ авч мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Энэ зээл нь нүдээ олсон. Бизнесээ өргөжүүлэхэд туслалцаа үзүүлсэнд маш их баяртай байгаа. Дадлага туршлагаа нэмэгдүүлж, салоноо өргөжүүлэхэд маш их дэм болж байгаа. Цаашид үсчний салбараа нээх мөрөөдөлтэй.

-Мэргэжлийн тоног төхөөрөмжтэй болсноор ямар давуу талууд үүсэж, боломжууд нээгдэх вэ?

-Мэргэжлийн бүтээгдэхүүн тоног төхөөрөмжтэй болсноор манай ажилчин охид улсаас зохион байгуулагдаж буй уралдаан, тэмцээнд оролцох боломж нээгдэнэ. Хэдий хотын захын гэр хороолол дунд үйл ажиллагаагаа явуулдаг ч энэ бүх хичээл зүтгэлээрээ “Wellbee”-гийн гэрээт алтан болж чадсан. Үүнийгээ дагаад бид бараа бүтээгдэхүүний болоод технологийн хувьд хоцрохгүйгээр өндөр түвшинд ажиллая гэсэн зорилттойгоор энэхүү зээлд хамрагдсан.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур охид бүсгүйчүүдэд ажлын байр бий болгож яваа хөдөлмөрч ээж Н.Уугантуяагийнхаас бид сэтгэгдэл өндөр гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-18 01:09

Бабука биш абука за

Холбоотой мэдээ

Back to top button