Сурвалжилга, Нийтлэл

2013 ОН: АТГ гадаад компаниас авсан 2.6 тэрбумын ТАГНАХ үйлчилгээний хүрээнд Э.Батшугарын компьютерт нэвтэрсэн үү

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж явсан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг АТГ тагнаж, чагнаж байсан уу гэх асуудал олон нийтийн сүлжээгээр хөвөрлөө. Хөврөөсийг мөшгиж үзвэл сонин холбоос, цаг хугацааны өвөрмөц тохиол харагдаж байна. Хэдийгээр уг материал цахим орчинд 2015 онд ил болсон ч монголчуудын анхаарлаас ангид хоцорчээ.

-АТГ-ЫН АЖИЛТАН н.ӨЛЗИЙБАДРАХ, BATSHUGAR ГЭГЧИЙН КОМПЬЮТЕР ЛУУ НЭВТРЭХ ГЭЖ ОРОЛДСОН НЬ-

Мэдээллийн агуулга нь Монгол талаас АТГ, гадаадын талаас “Hacking Team” компани хооронд бичигдсэн цахим захидлууд ил болсон тухай юм. Харин захидалд, “Батшугарын компьютер луу нэвтэрч чадсан ч удирдаж болохгүй байна. Хэрхэх вэ?” гэсэн утга бүхий, тусламж хүссэн өгүүлбэр бичигдсэн буй гэх.

Цахим захидал 2013 оны долдугаар сарын 26-ны өдөр илгээгджээ. Илгээгч нь “Өлзийбадрах” гэсэн нэртэй, АТГ-ын ажилтан бол захидал хүлээн авсан тал нь “Serge” нэрт “Hacking Team” компанийн ажилтан байна.

Ийн Өлзийбадрах нь нэвтрэх гэж оролдсон компьютерынхоо холбогдох бүх мэдээлэл, үзүүлэлтийг хавсаргаад, харин хэрэглэгчийг нь “USER: BATSHUGAR (GUEST)” гэж тодотгожээ.

Захидал “problem on agent mode гэсэн тайлбараар эхлээд, төгсгөл хэсэгтээ, “and also when we click on upgrade agent software ask from us is that desired one ?. So our target is correct. computer name and id etc.... all evidence is correct but problem is still scout mode гэсэн бичвэртэй байна.

Үүний утга юу байж болох талаар программ хангамжийн мэргэжилтнээс тодруулахад, “Зайлшгүй зөв компьютертойгоо холбогдсон боловч алдаа зааж, Scout mode-d байсаар, Agent mode-д шилжиж болохгүй байна гэсэн үг бололтой” хэмээн тайлбарлав.

Цаашлаад, “Scout mode нь тухайн компьютер луу нэвтэрсэн хэдий ч удирдаж болохгүй, харин Agent mode-д шилжсэн тохиолдолд компьютерыг алсаас удирдаж болно гэсэн логик таамаглал хийж болно” хэмээн нэмсэн юм.

Үүнээс харахад, АТГ “Hacking Team” компанийн тусламжтай Батшугар гэгчийн компьютер луу нэвтэрсэн, эсвэл нэвтрэх гэж оролдсон гэдэг нь ойлгогдож байна. Хэрэв таамаглал үнэн бол цаашлаад мөнөөх компьютерыг алсаас удирдах гэж оролдсон ч байж болох.


Тодотгол 1: Овоггүй “Batshugar” гэсэн дан ганц нэр захидалд бичээтэй буй бөгөөд энэ нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар мөн гэсэн баталгаа биш.

Тодотгол 2. Agent mode болон Scout mode-ийн талаарх бичвэр нь таамаглал болно.

Тодотгол 3. Өлзийбадрах гэгч нь @iaac.mn гэсэн албаны мейл хаягаар харьцаж байж. Энэ бол АТГ-ын албан мейл билээ.


-АТГ “HACKING TEAM” КОМПАНИАС 2.6 ТЭРБУМ /ӨНӨӨГИЙН ХАНШААР/ ТӨГРӨГИЙН ТАГНАХ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ-

Тэгвэл “Hacking Team” гэж ямар компани вэ? Энэ бол 2003 онд Италийн Милан хотноо David Vincenzetti, Valeriano Bedeschi нарын үүсгэн байгуулсан тагнаж, чагнах программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг компани.

Сонирхолтой нь, 2015 онд тэд бүх үйлчилгээ үзүүлсэн харилцагчдынхаа цахим захидал бүхий 400 гегабайт мэдээллийг задалсан байна. Ингэхдээ “Бидэнд нуух зүйл гэж үгүй” хэмээж байжээ. Тэд өөрсдийгөө зөвхөн засгийн газруудад үйлчилдэг, хүний эрхийг дээдэлдэг гэдэг ч хувийн нууцад халдлаа гэх буруутгалыг удаа дараа хүлээж байжээ. Ийм учир харилцагчдынхаа цахим захидлуудыг ийн дэлгэсэн аж. Энэ дунд бидний ярьж буй захидал багтсаныг “WikiLeaks” сайт 2015 онд байршуулсан юм. Захидалтай энд дарж танилцах боломжтой.

Ердөө Wikipedia хайлт хийж үзэхэд, “Hacking Team” компани ямар улсын, ямар байгууллагуудад, ямар мөнгөн дүнгээр үйлчилгээ үзүүлж байсан мэдээлэл ил байна.

Үүнээс шүүхэд, тус компани Монгол Улстай 2013 онд хамтарч ажилласан ба, нийт 799,000 еврогийн үйлчилгээ үзүүлжээ. Энэ бол өнөөдрийн ханшаар 2.6 тэрбум төгрөг юм.


-ЗАХИДАЛ ИЛГЭЭГДСЭНЭЭС ЗУРГААН ХОНОГИЙН ДАРАА Н.ЭНХБАЯР СУЛЛАГДАЖ БАЙВ-

Дээр дурдсанчлан эл захидал 2013 оны долдугаар сарын 26-ны өдөр илгээгдсэн. Мөн өдөртөө “Hacking Team” талаас хариу ирсэн байдаг. Ингэхдээ “IE Exploit ашиглаад үз” гэсэн утга бүхий зөвлөгөө өгчээ.

Н.Энхбаяр энэ үед ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байлаа. Харин үүнээс зургаан хоногийн дараа буюу 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр, тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уучлал үзүүлснээр Н.Энхбаяр суллагдсан билээ.

АТГ Э.Батшугарын хүүгийн компьютер луу итали компанийн өндөр өртөг бүхий үйлчилгээ авч нэвтрээд, төд удалгүй Н.Энхбаярыг сулласан байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Тухайн үед Ц.Элбэгдоржийг АТГ-ын далд эзэн гэх яриа хөвөрдөг байв.

Гэхдээ энэ бүхэн “Batshugar” гэгч нэр нь үнэхээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар МӨН БОЛ гэсэн цэвэр таамаглал дээр үндэслэгдэж буйг тодотгоё.

Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар манай улсад Батшугар нэртэй есөн хүн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Тэдний нэг нь 2013, харин нэг нь 2014 онд төрсөн бүртгэлтэй бол үлдсэн долоон Батшугар үүнээс өмнө төрсөн болж таарч буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-29 08:02

долоон иргэний нэг гэхээр Батшугар мөн юм байна даа

Дддрак
Дддрак
2020-09-29 10:00

Өөр хэн л байв гэж

Холбоотой мэдээ

Back to top button