Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хүүхдээ асрагчид харуулангаа өөрийгөө хөгжүүлэх “Ээж төв” нээгдсэнийг мэдсэн үү

Их хотын завгүй, стресстэй нийгэмд ажлаа амжуулангаа ар гэр, хань ижил, үр хүүхдэдээ цаг гаргах тун чиг хэцүү зүйлсийн нэг болжээ. Ялангуяа төрөөд удаагүй, гэрээсээ ажил эрхэлж өрхийн орлогоо бага ч болов нэмэгдүүлэхийг зорьсон ээжүүдэд маань боломж тэр бүр олддоггүйг бүгд мэднэ. Уг нь өрх тойрсон өнөө л асуудлаасаа хэсэг ч болов холдоод, сэтгэлээ тайтгаруулахыг хүсэх эхчүүд даанч олон. Тэгвэл ээжүүдийн яг энэ хүслийг биелүүлэх Монголын хамгийн анхны “Ээж” төв нээлтээ хийжээ.

Хэрэв та санаж байгаа бол бид өдгөөгөөс гурван сарын өмнө тус төвийн үүсгэн байгуулагч, МҮОНРТ–ээс ажлын гараагаа эхэлж, өдгөө хөтлөн явуулдаг “Бэлэг” нэвтрүүлгээрээ олны хүндэтгэлийг хүлээгээд буй Дэрэмчимэдийн Одзаяатай төвийнх нь тухай ярилцаж байсан. Тэгвэл энэ удаа та бүхнийхээ мэдэхийг хүссэн асуултад хариулт өгөхөөр “Ээж” төвөөр нь зочилсноо ийн сурвалжиллаа.

-ҮҮДНЭЭС ЭХЛЭН УГТАГЧ ЭЭЖ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТЭЙ ХАЛУУН ДУЛААНААР МЭНДЭЛЖ, ХУВЦСЫГ ӨЛГҮҮРТ ӨЛГӨН, ХҮЛЭЭЖ АВНА-

Гадаа бороотой, замын ачаалал ихтэй байсан тул бид төлөвлөсөн цагаасаа бага зэрэг хожимдов. Тус төв нь Натурын голын зам, Сэлбийн гүүрний баруун талд байрлах MPM комплекс шилэн өндөр барилгын хоёрдугаар давхарт байрладаг. Зогсоолын ачаалал бага, хүрэлцээ сайтай тул автомашинаа байршуулахад нэг их хүндрэл учирсангүй. Тус барилгын нэгдүгээр давхарт хөнгөн зууш, өдрийн хоолоор үйлчилдэг тухлаг кофе шоп байрладаг аж.

Харин урсдаг шатаар дээш өгсөхөд нүдэнд өртөхгүй байхын аргагүй өнгө өнгийн шааран чимэглэл бүхий “Ээж” төвийн хаалга харагдана. Гадаах байдлаасаа л цэмцгэр, басхүү шилэн хаалттай тул эхчүүдэд сэрэмжлүүлж “Анхаар шил” хэмээх сэрэмжлүүлгийг наасан нь таалагдлаа. Түүнчлэн төвийн үүднээс эхлэн угтагч ээж үйлчлүүлэгч бүртэй халуун дулаанаар мэндэлж, хувцсыг өлгүүрт өлгөн, төвийнхөө дүрмийг танилцуулж байх юм. Үйлчлүүлэгчид үүдэнд гутлаа тайлаад цэвэрхэн басхүү дулаахан хивсэн дээгүүр алхаад хүссэн хэсэгтээ очно.

Хэрэв хүсвэл доод кафегаас өдрийн хоол сонголтоор захиалан хүргүүлээд идэх боломжтой бөгөөд нимбэгтэй цай хүссэн хэмжээгээр тань үнэгүй өгөх аж. Түүнчлэн тус төвийн интерьер анхаарал татаж байсныг онцлоё. Ямар ч бүрхэг бүүдгэр өдрийг гэрэлтүүлж, гуниглах завдал олгохгүйгээр тухлах боломжийг ойлгохуйц гэгээлэг, тод өнгүүдийг ашиглажээ. Тавилга хийцүүд нь маш минималист байх бөгөөд үйлчлүүлж буй ээжүүд гэртээ байгаа мэт тухалж байгаа нь ажиглагдав. Яг л гадаадын цэмцгэр оффист ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлж байв. Биднийг ирэхтэй зэрэгцээд тус төвийн ажилчид, асрагч ээжүүд дотоод хуралдаж байсан тул биднийг орчинтойгоо танилцахыг санал болгов. Хүссэн газраа очиж, сонирхсон бүхнээ сатааралгүй үзэх боломж олдсон тул бид ч уг саналыг уриалагхан хүлээж авсан юм.

-НОМЫН БУЛАНДАА ХҮҮХДИЙН, УРАН ЗОХИОЛЫН, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ГЭЭД ТӨРӨЛ БҮРИЙН НОМЫГ БАЙРШУУЛЖЭЭ-

Айлаар дүрсэлбэл бидний хамгийн эхний очсон хэсэг бол зочны өрөө буюу гол танхим байв. Уг танхимын цонхон талын буланд үүсгэн байгуулагч Д.Одзаяагийн гоёмсог ажлын өрөөний шилэн хаалга онгорхой харагдав. Харин цонх дагаад 1-2 хүн суугаад ажиллах боломжтой тухтай, зөөлөн сандал, ширээнүүд байлаа. Энэ хэсэгт ганц нэгээрээ, аль эсвэл дотнын найзтайгаа ам хуурайгүй сонин хуучилж, аяга кофе уухад аятайхан санагдав. Харин танхимын баруун талын хананы голд төвийн үйл ажиллагааг бүхэлд нь тольдох боломжтой камерын дэлгэцийг байрлуулжээ. Дэлгэцээ тойроод хүүхдийн, уран зохиолын, хувь хүний хөгжлийн гээд төрөл бүрийн номыг байршуулсан байна.

Ээжүүд энэ хэсгээс дуртай номоо аваад танхимын төвд байрлах 3-4 хүний багтаамж бүхий дугуй ширээтэй, зөөлөн сандалд аль эсвэл цонхны хажууд суугаад унших боломжтой. Номын тавиурын хажууханд бүтэн биеийн иллэг хийх автомат үйлдэл бүхий сандал байх бөгөөд ээжүүд энд ядарсан биеийнхээ чилээг гаргадаг аж. Харин тавиурууд дээр яг л хиймэл мэт өнгө өнгийн үзэсгэлэнтэй суулгацтай амьд цэцэгс алаглана. Сонирхол төрөхдөө татаж үзсэнээ ч нуухгүй. Ингээд танхимын баруун талд ажилчдын хуралдаж буй самбартай, цэлгэр, ширээ сандал бүхий том заал харагдана.

Харин доод буланд нь хурлын дугуй ширээ бүхий цэлгэр том ширээтэй, зөөлөн сандал, зөөврийн том дэлгэц бүхий өрөө харагдав. Ширээн дээрээ маш гоёмсог шаазан аягануудыг байршуулсан нь гэртээ буй мэт тухтай мэдрэмж төрүүлж байлаа. Энэ өрөөг байгууллагын ажилчдын хурал семинарт түрээслүүлэх, цаашлаад дотоодын гоо сайхны сургалт зохион байгуулахдаа ашигладаг байна.

Төв танхимаас хүүхдийн тоглоомын өрөө рүү явах замд органик гоо сайхан, хүнс, хүүхдийн хэрэгслүүдийг худалдаалах нэг булан байх бол эсрэг талд нь төвийн гал тогооны хэсэг харагдлаа. Учир нь тус төвөөр үйлчлүүлэх бяцхан хүүхдүүдэд зориулж мэргэжлийн тогооч ээж бүх төрлийн тэжээллэг, бантан зутанг хийж өгдөг аж. Ингээд цааш явбал хүүхдийн тоглоомын өрөө биднийг угтлаа. Өрөөнд ороод хамгийн эхэнд нүдэнд туссан зүйл бол яахын аргагүй аварга том хөөсөнцрөөр хийсэн мод байлаа. Навч бүрийг шигтгэж, урлаж хийснийг хараад төвийн булан тохой бүрийн тохижилтод ач холбогдол өгсөн нь анзаарагдана. Мөн бяцхан хүүхдүүдэд зориулсан жижигхэн суултуур, гар угаалтуур бүхий ариун цэврийн өрөө нь эгдүү хүргээд амжлаа.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГ: “ЭЭЖ” ТӨВИЙН АСРАГЧААР ХҮҮГЭЭ ХАРУУЛАХАД, МАШ ТАЙВАН БАЙЖ, ГАР ДЭЭР НЬ БҮҮВЭЙЛҮҮЛЭЭД УНТААД БАЙСАН-

Бяцхан үйлчлүүлэгчдийг доороос нь жиндүүлэхгүй, басхүү хатуу унахаас сэргийлж шалаараа угсардаг дэвсгэр болон нэмэлт хивсэнцрүүдийг байршуулсан байлаа. Нэг хана дүүрэн эко модон тоглоомууд, бас зөөлөн чихмэлүүдийг тавьсан байх юм. Хүүхдийн хэрэгцээг хангах бүүвэйлэгч, манеж гээд энд байхгүй зүйлс үнэхээр ховор. Харин цонхон талд Өмнөговиос зорьж авчирсан гэх элсээр дүүргэсэн том хашлага байх бөгөөд элсний ширхэг нь торгомсог, басхүү нар тусдагаараа онцлог. Ийнхүү биднийг нярайн унтлагын өрөө рүү ороход 20 гаруй насны залуу ээж, 2-3 сартай болов уу гэмээр нялх үрээ унтуулахаар бүүвэйлж байв. Бид ч төвийн үйлчлүүлэгч бүсгүйн сэтгэгдлийг сонсохоор бяцханааг унттал хэсэг саатсан юм.

-Та төрөөд удаагүй байгаа бололтой. Энэ төвөөр хэд дэх удаагаа үйлчлүүлж байна вэ?

-Гурав дахь удаагаа ирж байна. Бүх л өдөржин хүүтэйгээ хоёулханаа гэртээ өнждөг болохоор энд хүүхдээ харуулангаа хэлний бэлтгэлд бие даан суралцаж байна. Гэртээ маань ч ойрхон болохоор их амар байгаа шүү. Хүү маань хэр баргийн хүн дээр очдоггүй. Гэтэл энэ “ээж” төвийн асрагчаар хүүгээ харуулахад, маш тайван байж, гар дээр нь бүүвэйлүүлээд унтаад байсан. Би ч өөрөө хүүгээ бүүвэйлээд унтуулахад заримдаа хэцүү байдаг.

-Асрагчдын ур чадвар сайн гэсэн үг үү. Тогтсон нэг асрагчаар хүүгээ харуулдаг уу.

-Анх харуулсан асрагчдаа л өгөөд байгаа. Хүү маань бишүүрхэхгүй тайван байгаа болохоор өөр асрагчид харуулж үзээгүй л байна.

-Асрагч хүүг тань харж байх үед дэргэд нь байдаг уу. Тайван байгааг яаж мэдсэн бэ?

-Төв танхимд суунгаа, дэлгэцээр л хүүгээ хяначихдаг. Хүсвэл уйлж байгаа эсэхийг нь дууг нь сонсоод л амархан мэдэж болно.

-Төлбөрийн хувьд танд ямар санагдсан бэ?

-Үзүүлж буй үйлчилгээ, тав тухтай харьцуулахад харин ч жишиг үнэ шиг санагдсан.

Ийнхүү бяцхан хүү сэрснээр бидний яриа өндөрлөв. Үүнтэй зэрэгцээд төвийн ажилчдын хурал тарж, бид “Ээж” төвийн Хүний нөөцийн менежер М.Энхчимэгтэй ярилцсан юм.

-М.ЭНХЧИМЭГ: ХҮҮХДЭЭ ШИНЭ ОРЧИНД ДАСГАХ, ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТ ТОГЛУУЛАНГАА ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЭЭЖҮҮД ИРЖ БАЙНА-

-“Ээж” төв нээгдээд хэдийн хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн байна. Тохижилт, үйл ажиллагааны хувьд нээгдэхээс өмнөх үеийн төсөөлөл, хар зургаас хэр өөр байна вэ?

-Тохижилтын хувьд интерьерийн зураг төсөлтэйгөө яг адилхан, бидний төсөөлж байсны дагуу маш сайхан болсон. Үйл ажиллагаа маань ч мөн ижилхэн байгаа. Бид анх шинэ соёлыг түгээхийг зорьж, түүнийгээ төсөөлж, төлөвлөсөн. Түүндээ хүрээд, хичээгээд л явна даа.

-Тэгэхээр миний анзаарснаар төвийн үйл ажиллагаа нь зөвхөн хүүхэдтэй ээжүүд рүү чиглэсэн бус оффисын ажилчдад ч мөн уян хатан нөхцөлөөр ажлын бүтээмжээ өсгөх боломжийг олгож байгаа гэж ойлголоо. Төвийнхөө үйл ажиллагааг бидэнд танилцуулаач?

-Манай төв нь 0-2 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн хөгжлийн төв юм. Хүүхэдтэй гэрээс гарах боломжгүй байгаа ээжүүд их үйлчлүүлж байна. Нөгөөтэйгүүр 10 хүртэлх хүнтэй уулзалтын өрөө, 30 хүний суудалтай сургалтын танхим, номын сангийн хэсэг буюу мөн л 30-40 хүн суух боломжтой. Coworking буюу хамтын оффис 8 хүний суудал байгаа. Хамтын оффис нь ерөнхийдөө хүүхдээ харуулангаа ажлаа хийх сонирхолтой ээжүүдэд маань таалагдаж байгаа. 3-4 ээж маань урт хугацааны гэрээгээ хийгээд өнөөдрөөс хамтарч ажиллахаар болсон.

-Танайхаас гоо сайхан, нүүр будалтын сургалт хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэх мэт сургалтууд хичээллэж эхэлсэн байсан шүү дээ?

-Cургалтууд ерөнхийдөө яг гурван чиглэлд байдаг. Хувь хүний хөгжил, мэргэшүүлэх (хэлний сургалт, мэйк ап, жолоо гэх мэт)сургалт, мэргэжлийн хоцрогдол арилгах буюу сургуулиа төгсөөд төрсөн ээжүүдэд төрсний дараах мэргэжлийн хоцрогдол арилгах, сэргээх чиглэлд сургалт зохион байгуулж байна. Дотроо задраад бол 10 гаруй чиглэлээс бүрдэнэ. Хувь хүний хөгжлийн сургалтууд ихэвчлэн нэг удаа ордог.

-“Ээж” төвөөр үйлчлүүлэх ээжүүдийн сэтгэгдэл ямар байна вэ?

-Ковид-19 вирусийн халдвараас болж ихэнх ээжүүд хүүхэдтэйгээ хамт гарч чадахгүй удаан хугацааг өнгөрүүлсэн. Тиймээс хүүхдээ шинэ орчинд дасгах, хүүхдүүдтэй хамт тоглуулахыг хүссэн ээжүүд олон. Мөн нэг удаагийн сургалтад суугаад, таалагдвал урт хугацааны сургалт буюу фитнес, йога, англи хэл, жолоо/-нд бүртгүүлье гэсэн хүмүүс их ирж байгаа. Өрөө маань 0-2 насны хүүхдэд зориулагдсан, асрагч ээж нар маань сургалтад хамрагдсан мэргэжлийн ээжүүд байгаа учир тайван байгаа. Үйлчлүүлсэн ээжүүд маань ч багагүй ам сайтай байгаа.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Ийнхүү бид 0-2 настай хүүхэдтэй ээжүүдийг сурч боловсрох, хөгжих бүх боломж, нөхцлөөр ханган, сэтгэл зүйг нь засахаар эрмэлзэж буй Монголдоо анхдагч “Ээж” төвөөс энэ удаагийн сурвалжилга мэдээллээ бэлтгэлээ.

“ЭЭЖ ТӨВ”-ИЙН ХАЯГ: НАТУРЫН ГОЛЫН ЗАМ, СЭЛБИЙН ГҮҮРНИЙ БАРУУН ТАЛД, MPM КОМПЛЕКСИЙН ХОЁРДУГААР ДАВХАРТ

ЦАГИЙН ХУВААРЬ: АЖЛЫН ӨДРҮҮДЭД 09.00-19.00, БЯМБА ГАРАГТ 10.00-18.00, НЯМ ГАРАГТ 11.00-17.00 ЦАГ


ӨМНӨХ КОНТЕНТ: Хэрэв та Д.Одзаяа: Бүх талаар хөгжих боломжийг жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүдэд олгох нь “Ээж” төвийн гол зорилго контентыг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ, Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button