Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Ур ухаан, донж шингээсэн хүүхэлдэйгээ брэнд болгосон монгол эмэгтэй

ИРЭЭДҮЙН ДУРСАМЖ

Хөх утас, хөндлөн зүү барьж, “ирээдүйн дурсамж урлаж” буй нэгэн бүсгүйг бид энэ удаа онцоллоо. Амьдралынхаа хором мөч бүхэнд дуртай зүйлээ хийж, түүнээсээ баяр баяслыг мэдэрч яваа түүнийг С.Байгалмаа гэдэг.

Тэрээр “Single ladies 3” киноны гол дүрийн гурван жүжигчнийг дуурайлган хүүхэлдэй хийж хэдхэн хоногийн өмнө болсон “Single ladies 4” киноны нээлтийн үеэр тэдэнд бэлэглэсэн юм. Өдгөө “Айлидо” нэртэй цахим хуудсаараа дамжуулан хүүхэлдэйн захиалга авч, өөрийн ур ухаан, донж маягийг шингээсэн хүүхэлдэй урлаж буй түүнтэй ярилцахаар олон удаа утас цохисны эцэст уулзахаар болов. Учир нь түүнд нэг дор олон захиалга ирсэн тул  хүүхэлдэйн хувцасны материал, жижиг чимэглэлүүдийг хайхаас эхлээд ажил ихтэй байгаа аж.

Тэрбээр уран бүтээлийнхээ өрөөг тохижуулж амжаагүй байгаа гэсэн тул гэрийнх нь ойролцоох нэгэн кофе шопд уулзлаа. Мэнд мэдэн ширээний ард суусны дараа цүнхнээсээ ямар нэгэн амттай зүйл гаргаж ирж буй юм шиг л уут шажигнуулсаар нэгэн хүүхэлдэй гаргаж ирлээ. 

Дэрвэгэр хормойтой ногоон даашинз, улаан гутал өмссөн энэ хүүхэлдэйн гар, хөл, чих, хувцсыг тэрээр өөрөө хийсэн байна. Гагц эх биеийн даавуу, үс, гуталын улыг АНУ-аас авдаг тухайгаа биднээс нуусангүй. Хүүхэлдэйн бүх бие даавуу учир гар хөл нь нугарч, толгой нь 2 тал руугаа эргэж байлаа. Мөн өмсөж буй гутал, малгай нь тайлагддаг аж. Үүнээс гадна үсийг нь өөрийнхөө хүссэнээрээ яаж л бол яаж өөрчлөх боломжтой юм байна.

ДУРСАН САНАХАД САЙХАН ӨЧИГДӨР

Түүний бага нас Дорнод аймагт өнгөрчээ. Тавдугаар ангийн жаахан охин байхаасаа л мөнгө хурааж, хотод суугаа эгчдээ барби захисан байна. С.Байгалмаа барбитай болж, олдсон бүх материалаа эвлүүлж, зүүгээд барбиндаа чемодан дүүрэн хувцас оёжээ. Ахлах ангид орсон ч барбиндаа хувцас оёсоор л байж. Тиймдээ ч ШУТИС-ийн хувцас загвар зохион бүтээгчийн ангид элсэн суралцаж, 2002 онд амжилттай төгсжээ. Гэсэн ч мэргэжлээрээ ганц ч жил ажиллаагүй байна. Харин Хятадын нэгэн хувцасны брендийн монгол дахь албан ёсны борлуулагчаар нэлээд хэдэн жил ажилласан аж. Тухайн үед өөрийн мэдэлгүй гар утсан дээрээ хүүхэлдэйн зураг татаад авчихдаг байжээ.

Тэрээр “Үүнийг хэрхэн хийдэг бол гэж бодож явснаас биш өөрөө хүүхэлдэй хийнэ гэж бодож байгаагүй. Гэртээ хүүхдээ харж байх хугацаандаа өөрөө энэ талаар судалж, хийгээд үзье гэж зориглосон.

Хүүхэлдэй хийж эхлээд хоёр жил болж байна. Анхны хүүхэлдэйгээ 20 гаруй хоног хийж байсан. Одоогийн байдлаар нийт 100 гаруй хүүхэлдэй хийсэн. Харин надад дөрөвхөн ширхэг нь л бий. Хүүхэлдэй хийх болгонд л би ямар нэг юм шинээр сурч байна даа” гэв.

ХӨДӨЛМӨРИЙН АМТ

Байгалмаа хүүхэлдэйгээ 16, 25, 35 см гэсэн гурван төрлийн хэмжээтэйгээр хийдэг. Хэмжээнээсээ хамаараад дуусах хугацаа нь харилцан адилгүй байдаг аж. Хамгийн жижиг буюу 16 см хүүхэлдэйг гурав хоног хийдэг бол хамгийн удаандаа хоёр сар хийдэг байна. Учир нь тухайн хүний зан араншнаас болдог ч юм уу, ааштай, омогтой хүнийг дуурайлган хийж байгаа үед хувцсыг хоёр, гурав дахин эсгэж, цаг хугацаа их алддаг аж.

Тэрээр өглөө 8 цагт босож, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд хүүхэлдэйгээ хийхээр суудаг байна. Заримдаа шөнийн 2 цаг болж байгааг ч мэдэлгүй сууж байдаг гэлээ. Хүүхэлдэйх хийхэд орж буй материалын олдоц, ажиллагаанаас хамаараад үнэ нь харилцан адилгүй байдаг аж.

Түүний хувьд хийсэн хүүхэлдэйгээ 40 мянган төгрөгөөс 350 мянган төгрөгийн хооронд борлуулж байгаа бөгөөд ярилцлагын үеэр “Материал бага ордог ч ажиллагаа ихтэй. Тиймээс би хамгийн гол нь хөдөлмөрөө л үнэлдэг. Бүтэн долоо хоног цаг, наргүй суучхаад 100 мянган төгрөг авсан байж болох ч надад өөр ажил хийх тухай бодол нэг ч удаа төрөөгүй” гэсэн юм.

"ЗААГААД ӨГӨӨЧ, ХҮҮХДЭЭ СУРГАЯ, НАМАЙГ АЖИЛД АВААЧ ГЭСЭН ОЛОН ХҮНД ТЭР ЗОРИГТОЙГООР “ҮГҮЙ ЭЭ” ГЭСЭН ГАНЦ Л ХАРИУЛТ ХЭЛДЭГ"

Түүнд ихэвчлэн төрсөн өдрийн бэлгийн захиалга ирдэг гэнэ. Хүмүүсээс “Зургийг нь харах өөр юм байна. Бодитоор нь харах бүр өөр юм байна” гэсэн сэтгэгдэл их ирдэг байна. Анх “Айлидо” гэсэн цахим хуудсаа нээгээд удаагүй байх үед дуучин С.Ононбатын эхнэр Т.Нансалмаа “Гадаадаас хайдаг юмаа Монголоос олчихлоо” хэмээн зурвас бичиж, хоёр хүүхэлдэй худалдаж авсан байна. Удалгүй дуучин С.Ононбатын охин Канадаас захиалга өгч аав, ээж хоёрыгоо хамтад нь хийлгэжээ.

Тэрбээр “Миний бизнесийг дэмжиж, хамгийн анхны худалдан авалт хийсэн учир Т.Нансалмаа эгчийг хийгээд өөрт нь бэлэглэнэ дээ гэж бодож байсан ч охин нь захиалга өгчихсөн. Тухайн үед С.Ононбат ахын сахлыг юугаар хийхээ мэдэхгүй олон хоносон ч эцэст нь хиймэл сормуусаар хийсэн. 

Харин “Single ladies 3” киноны гурван жүжигчнийг 20 гаруй хоногийн хугацаанд хийх санал ирсэн. Би ч нэгдүгээр сарын 10-наас хойш өдөр, шөнөгүй суусан. Дээлийнхээ өнгийг авсан газрыг асууж очоод адилхан материал авч, дээлээ нэг бүрчлэн эмжиж хийсэн. Хүүхэлдэйгээ хийхээсээ өмнө киног нь хэчнээн үзсэн гэж санана” гэв.

Хүүхэд ахуй насандаа нэг ч барби, минийх гэж өмчлөх нэг ч тоглоомгүй байсан миний хувьд Байгалмаа ихэд сонирхолтой ертөнц байлаа. Багаасаа л өөрийгөө юу хийхийг мэддэг, мэдэрдэг байж шүү дээ. Гэхдээ тэр одоо ч өөрийгөө голдог. Шинийг хийх, сурах сан гэсэн хүсэл үргэлжилж л цээжин дотор нь адгаж явдаг нэгэн ажээ.

Заагаад өгөөч, хүүхдээ сургая, намайг ажилд аваач гэсэн олон хүнд тэр зоригтойгоор “Үгүй ээ” гэсэн ганц л хариулт хэлдэг. Учир нь тэр өөрийгөө бусдад заах хэмжээний “төгс” гэж боддоггүй. Нөгөөтээгүүр хүүхэлдэйгээ гагц тоглоом биш бүтээл гэж харж, үзэсгэлэн гаргая гэж боддогоо ч нуусангүй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2020-10-13 10:57

Ene baigalmaatai yaj holnogdoh ve

Зочин
Зочин
2020-10-13 12:08
Reply to  Unshigch

Сайн байна уу Айлидо гээд пэйж хуудас болон 80616167 утсаар холбогдоно уу.

Холбоотой мэдээ

Back to top button