ЭнтертайнментЯрилцлага

Байж болох хамгийн сайн ЭХЛЭЛ

Анхны бүтээсэн дүрээрээ ард түмэнд танигдана гэдэг жүжигчин хүн бүхэнд олдохгүй хувь заяа, болов уу. Бид өнөөдөр дэлгэцийн уран бүтээлд тоглосон анхны дүрээрээ уншигчдын хэзээний танил болсон бүсгүйг онцолж байна. Тэр бол “37-дугаар Точка” олон ангит киноны “Тогосоо”. Угтаа түүнийг Д.Хулан гэдэг. Тэрээр хүүхэд ахуй насандаа айл гэр болон тоглохдоо өөрийгөө тайзан дээр байгаагаар л төсөөлдөг байж. Цаг хугацаа ч харвасан сум мэт өнгөрч, наймдугаар ангийн жаахан охин төсөөлөлөө үйл хэрэг болгохоор шийдсэн гэдэг. Гэтэл ээж нь “Үгүй ээ, миний охин эмч болно” хэмээн эсэргүүцсэн байна. Харин хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн Хулан Дарханы театрын жүжигчнээс давтлага авч, Драмын театрт тоглогдож буй жүжиг бүхнийг үзэх гэж адгасаар Улаанбаатарт ирдэг болжээ. Тэгээд л ээжийнхээ үгнээс тас зөрж, өөрийн сонгосон сонголтынхоо өмнө бат зогсож чадсан байна. Тиймдээ ч сургуулиа төгсөөд УДЭТ хэмээх их айлын босгыг давж, өдгөө Монголд анх удаа тавигдаж буй Анна Каренина жүжигт тоглож зогсоно. Энэ жүжиг түүний тайзан дээр тоглож буй анхны дүр. Драмын театр хэмээх их айлаар овоглож буй иртэй, чадалтай эмэгтэй жүжигчдийн дундаас цойлж, гол дүрд сонгогдоно гэдэг залуу хүний хувьд амжилт… Бас хүндхэн сорилт. Найруулагчийн хүлээлгэсэн их итгэл…

“НАДАД АННА КАРЕНИНАГ ҮЗЭГЧДИЙН СУУДЛААС ҮЗЭХ БОЛОМЖ БИЙ”

-Яг одоо танд харамсал төрж байна уу?

-Яагаад?

-Анна Каренина Монголд анх удаа тавигдаж байхад үзэгчдийн суудлаас үзэж чадахгүй. Үзэгчдийг баясгахын тулд үргэлж л тайзны ард үгээ бэлдэн сандрах нь байна шүү дээ?

-Хэдий бүх хэсгийг нь мэдэж байгаа ч үзэгчдийн суудлаас үзвэл, өөр мэдрэмж, өөр бодролтой л харина. Би энэ талаар бодоогүй биш, бодсон л доо. Хэрэв үзэгчдийн суудлаас үзэхээр бол надад ямар боломж байгаа билээ гэж. Надад үзэх боломж байгаа юм билээ. /инээв.сурв/

-Таны бүтээж буй дүр дээр өөр хүн хамтран тоглож байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Манай ангийн Хонгорзул тоглож байгаа. Хонгорзул бид хоёр солигдох үед л үзэгчдийн суудлаас үзнэ дээ.

-Анна Каренина энэ сарыг дуустал тоглогдоно. Тэгэхээр та хоёр өдөр өдрөөр солигдож тоглоно гэсэн үг үү?

-Үгүй байх аа. Найруулагч маань бид хоёрыг солигдоорой гэх хүртэл би Китигийн дүрээр үзэгчидтэйгээ уулзана.

-“Анна Каренина” романыг анх хэзээ уншиж байв?

-Арван жилдээ уншиж байсан. Тэр үед би Аннаг үзэн ядаж байлаа. Харин одоо гурав дахиа уншиж байна. Одоо бол надад Анна шиг шударга эмэгтэй байхгүй юм шиг бодогдож байна. Яагаад гэвэл тэр нөхрөө хуураагүй. Бүх зүйлээ үнэнчээр хэлсэн.

-КИТИ БОЛ АЗГҮЙ ЮМ ШИГ ХЭРНЭЭ ХАМГИЙН АЗТАЙ ЭМЭГТЭЙ-

-Китигийн дүр дээр ажиллахад хэр хүндрэлтэй байв?

-Би чинь өчигдөрхөн л оюутны ширээнээс босож байгаа, туршлагагүй хүн. Олон сайхан мундаг хүмүүсээс жүжигчин хүн тайзан дээр ямар байх, биеэ яаж авч явах, хоолойгоо яаж хүргэх ёстойг суралцаад л явж байна. Китигийн дүр дээр ажиллах сайхан байсан. Учир би 18 настай байж үзсэн. Хэрвээ би түүний оронд байсан бол яах байсан бол гэсэн асуултыг өөртөө тавиад, дүртэйгээ ажилласан.

-Хариултыг нь олов уу?

-Эхэндээ яг яах ёстой юм бол, үүнийг хийж чадахгүй байна одоо яах уу гэсэн байдалтай дөрвөн сар явсан. Одоо ч бас учраа олоогүй л явж байна. Энэ нь чадвар дутуу байгаагийн шинж байх. Гэхдээ Кити бол хамгийн азгүй юм шиг хэрнээ хамгийн азтай эмэгтэй. Өөр хүнд хайртай байсан ч өөрт минь хайртай хүнийг сонгосон. Гэхдээ л хамгийн гоё хайртай учирсан эмэгтэй.

-Харин чи амьдралд дээр ямар хайртай учирсан бэ?

-Намайг хамгийн сайн ойлгодог “мундаг” хайртай учирсан. Намайг их ойлгож, дэмждэг тийм л хүн.

-Жүжигчид өөрсдийн арга барилаар үгээ суулгадаг юм билээ. Чиний хувьд дүрийнхээ үгийг ямар арга барилаар өөртөө суулгадаг вэ?

-Миний ой тогтоолт ер нь гайгүй шүү. Нойлын өрөөнд л миний анхаарал төвлөрдөг. Арван жилээсээ л гэрийнхэндээ саад болохгүйн тулд нойлын өрөөнд цээжлэх зүйлсээ цээжилдэг байсан. Сүүлдээ нойлоос өөр газар уншсан зүйлээ мартах гээд байдаг болсон байна лээ. Жүжгийнхээ үгийг бас нойлынхоо өрөөнд цээжилж, өөртөө суулгасан даа.

“ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛЭЭС ТҮР ХӨНДИЙРНӨ-

-Үзэгчид чамайг 37-р точка киноны Тогосоогийн дүрээр танина. Харин одоо тайзны уран бүтээлд тоглож байна. Цаашдаа дэлгэцийн уран бүтээлд тоглох уу?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. СУИС-д тэнцэж орсон, тэндээс би багш нараа олсон, багш нараасаа харин мэргэжлээ олсон. Энэ бол жүжиглэх хүсэлтэй хүүхэд бүрт олддоггүй боломж. СУИС-д элсэхээр зориглож, сонголт хийсэн тэр өдөр бол миний азтай өдөр.

Харин одоо УДЭТ хэмээх их айлд “амьдарч” байна. Хоёр жилийн дараа энэ театрын үндсэн жүжигчин болно. Одоохондоо студийн ангийн жүжигчнээр ажиллаж байгаа. Тэгэхээр хэсэгтээ одоо хийж байгаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, ур чадвараа дээшлүүлмээр байна. Дүр гололгүй, арын алба, олны хэсэгт ажиллаж, бүх сэтгэлээ теарт зориулмаар байна. Театрт байгаа өдөр бүхэн надад туршлага бас хөгжил. Тиймээс дэлгэцийн уран бүтээлээс түр хөндийрнө.

-Тэгэхээр үзэгчид чамайг санах нь ээ…

-Би театрын тайзан дээр байгаа шүү дээ. /Инээв.сурв/ Гэхдээ театрын тайзтай өдөр болгон харьцаж, алдах болгондоо өөрийгөө зэмлэж, түүнээсээ суралдаг шиг кино урлагаас бас суралцах зүйл их шүү. Тэр тусмаа арын албанд ажиллаж байгаа хүмүүсээс суралцах зүйл их.

-Кинонд тоглосноос хойш чи хувь хүн талаасаа хэрхэн өөрчлөгдөв. Амьдралд тань ямар ямар боломжууд бий болов?

-Хүнээс үг сонсож, үг дааж сурсан. Маш их сэтгэлийн хаттай болсон шүү. Харин амьдралд маань гарсан өөрчлөлт гэвэл, олон сайхан хүмүүстэй уулзаж, харилцах боломж гарч ирсэн. Олон нийтийн сүлжээнд маш их хандалт авсан шүү /инээв.сурв/. Мөн кинонд тоглох саналууд их ирэх болсон. Жүжгийн бэлтгэлтэй байсан учир харамсалтай нь бүгдэнгээс нь татгалзсан даа.

-Тогосоогийн дүрийг бүтээх гэж байгаагаа хэлэхэд гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Кинонд дүр бүтээхээр болсон тухайгаа хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Ээж маань чи өөрөө мэд л гэж хэлсэн. Өөрөө мэдээд л орсон доо. Харин мэргэжил нэг болохоор найз залуу маань их ойлгож, сэтгэлийн дэм өгсөн шүү.

-Киноны зураг авалтын үеэр шантраад больё гэж бодох үе байв уу?

-Бүх сцений зураг авалт эхлэхээс өмнө одоо яах уу, би текстээ мартчихвал яах вэ гээд сандарч байсан. 30 нас хүрээгүй атлаа, өөрөөсөө ахимаг насны эмэгтэйн дүрийг бүтээх ч чанга байсан шүү. Тогосоо шиг 30 нас хүрч үзээгүй. Гэхдээ ямар ч байсан даваад гарсан. Шантрах үе байсан ч больё гэсэн бодлоос илүү хийнэ, чадна гэсэн бодол хүчтэй байсан болохоор чадсан байх. Харин кинонд тоглосны дараа сөрөг сэтгэгдэл их ирэх байх гэж бодсон ч эсрэгээрээ хүн болгон урам зориг өгч байсан. Зарим нь би чамд сайн гэж ч байсан. Гэхдээ худлаа байх аа. /инээв.сурв/

-Анх удаа кинонд дүр авч ажиллаад тодорхой хэмжээнд танигдчихлаа. Гэхдээ хүмүүс чамаас түүнээс илүү юм хүлээж байгаа… Хүмүүсийн хүлээлт, итгэлт дарамт болдог уу?

-Мундаг байж чадах болов уу. Алдчихвал юу гэх бол гэж бодогддог. Ийм айдас төрж байна гэдэг дарамт л байх. Эхний уран бүтээл дээр би өөрийгөө сайн байсан гэж боддоггүй. Хүмүүсийн уран бүтээлийг “алчихгүй” юмсан, баг хамт олондоо төвөг учруулахгүй юмсан гэж их хичээж ажилласан. Зураг авалтын үеэр би чинь дөнгөж гуравдугаар дамжааны оюутан байлах шүү дээ. Найруулагч маань чи жаахан хүүхэд шиг харагдаад байна. Одоо тэг, ингэ гээд байнга л зөвлөгөө өгдөг байсан. Тэр хүний ачаар л би Тогосоогийн дүрийг гаргаж ирсэн байх.

-Тухайн үед чамд “Дайны цэцэгс”, “Малина” зэрэг киног үз. Тэгээд дүрийнхээ чиг хандлагыг тодорхойл гэж хэлж байсан юм билээ.

-Зөвлөсөн кинонуудыг нь үзчхээд эмэгтэй хүн яавал гоё харагддаг, алхаа гишгээ нь ямар байвал бусдын хайрыг татдаг вэ гэдгийг л олж харсан. Тэрнээс биш Тогосоо чинь Малина шиг, Дайны цэцэгсийн хүүхнүүд шиг эмэгтэй биш байхгүй юу. Цаанаа маш их амьдрал үзсэн эмэгтэй.

-Одоо чамд ямар хүсэл байна. Ямар дүр бүтээмээр байна?

-Одоо Анна Каренинагийн ард гармаар байна. Студийн ангиа төгсөхдөө тавих жүжгээ одооноос бэлдмээр байна. Мөн дэлгэцийн уран бүтээлд тоглож, олон сайхан хүмүүстэй уулзахыг хүсэж байна.

Ийн ярилцаж суухад Тогосоогийн дүр түүнээс их өөр, хол байсан мэт…

Их сургуулийн гуравдугаар ангийн оюутан хэрнээ эротик сценүүд дээр чадамгай тоглож, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдгээ нотлоод амжсан. Түүний энэ дайчин, зоримог чанарыг найруулагчид аль хэдийн анзаарч харсан нь мэдээж. Их сургуулийн оюутан байхдаа дэлгэцийн уран бүтээлд тоглож, их сургуулиа төгсчихөөд УДЭТ хэмээх их айлд орж, том дүр дээр ажиллана гэдэг ТОМ БОЛОМЖ… Энэ бол Монголд жүжигчин хүний хувьд байж болох хамгийн сайн ЭХЛЭЛ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button