ДЭЛХИЙЯрилцлага

Билли Айлиш: Би амьдралынхаа найруулагч нь байхыг хүссэн

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сард нийтлэгдсэн ярилцлагыг уншигчдын амралтын өдөрт зориулан сэргээн нийтэлж байна.

Удахгүй арванхоёрдугаар сард 19 нас хүрэх уран бүтээлч Билли Айлишийн нэг жилийн өмнө “Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэ бол 18 нас хүрэхээс нь дөрөвхөн хоногийн өмнө нийтлэгдсэн яриа аж.

Билли Айлиш энэ жил нэг дор таван Грэммийн шагнал хүртэж, “бүүм” тарьсан. Дөнгөж 18 настай хэр нь ээ асар гүнзгий дууг гүнзгий амилуулж чаддаг учраас тэр одоо энэ дэлхийн хөгжмийн ертөнцөд ид хэлэлцэгдэж байгаа.

-Билли, та “Guardian” сэтгүүлийн оны онцлох уран бүтээлчээр тодорлоо. Карьер тань галзуу өссөн 2019 он байв. Тэгж санагдаж байна уу?

-Нэлээд огцомдчихлоо. Олон нийт ингэж бодохгүй ч гэсэн үнэндээ миний хувьд процесс шат дараатай, аяар өрнөсөн гэж санагдаад байгаа. Нэг мэдсэн чинь би бүгдийн хувьд алдартай нэгэн болчихсон байсан. Гэхдээ л юу ш дээ, “Ocean Eyes” цацагдахад би 13-тай байсан. Ингэнгүүт дахиад л бусдаас хурдан амжилтад хүрсэн тухай яриа болчихно. “Тэд”-ний 20 жил зарцуулж байж хүрсэн зүйл надад гурван жилийн дотор хүрээд ирж. Гэхдээ 2019 оны хором, мөч бүрд “Ер ямар гээч новш нь болоод байна аа?” гэж бодогдож байсан шүү, сайн, муу аль аль утгаараа.

-Оны эхнээс л сэтгэл гутралтай тэмцэж буй тухайгаа олон нийтэд нээлттэй илэрхийлж байсан шүү дээ. Дуу, хөгжим зохиох тэнхэлгүй болох үе таарсан уу, эсвэл юу таныг урагшлуулсаар байв?

-Мэдэхгүй ээ. Хүмүүс дуу, хөгжим зохиож эдгэрэх тухай яриад байдаг. Харин зохиож биш сонсож л эдгэрдэг гэж боддог оо. Уран бүтээл хийх бол надад эдгэрэл биш, харин үүнээс өөр арга бол зөндөө. Зүгээр л амьдрахын тулд яах ёстой талаараа бодож, миний амьдралд юу, юу байгаа вэ гэдгээ эргэж нэг санасан.

-Танаас урам зориг авдаг шүтэн бишрэгчид асар олон. Хэцүү байна уу?

-Галзуу байна. Шүтэн бишрэгчид гэдэг бол үнэхээр солиотой эд. Хүүхэд байхдаа хүний фэн болж, тэр хүнээ “Ингээсэй, тэгээсэй” гэж хүсдэг байсны хувьд өөрөө нөгөө талд нь гарчихаар нэлээд эвгүй юм билээ. Одоо яагаад миний дуртай уран бүтээлч “Ингэж эсвэл тэгдэггүй” байсныг, яагаад миний хүссэнээр байж чаддаггүй байсныг ойлгож байгаа. Түүнчлэн энэ бол маш том хариуцлага. Фэнүүд бол чиний хаана, яагаад зогсож буйн маш том учир шалтгаан бас ихэнх цагт арыг чинь бат даах хүмүүс. Тэгэхээр, тийм ээ. Би тэдэндээ хайртай. Их хариуцлага ч гэсэн би ингээд амьдарч л байна, тийм үү?

-Та яах ч аргагүй өсвөр насныхны жишгээс тэс хөндлөн амьдрал туулж яваа. Энгийн” нэгэн шиг амьдрах аргаа хэрхэн олж байна?

-Хэзээ ч энгийн амьдрахыг хүсэж байгаагүй ш дээ. Багадаа мөрөөддөг байснаасаа арай өөрөөр амьдарч буй ч “энгийн” өсөж, том болж байна гэж хэлэгдэх бүхнээс хол байсан шүү...Хүмүүсийн дургүйг хүргэхгүйгээр яаж тайлбарлахаа мэддэггүй ээ. Би энэ бүхэнтэй эвлэрсэн. Илүү, дутуу юм хүсэхгүй. Хүслээрээ амьдрахгүй байлаа ч надад нэг их хамаатай биш. Хүсэх битгий хэл мөрөөдөж ч үзээгүй амьдралаа туулж байгаа болохоор тэр л дээ.

-“Xanny”-ийн клипийг өөрөө найруулсан шүү дээ. Энэ чиглэлээр өшөө илүү зүйл хийхийг хүсдэг үү?

-Уран бүтээл хийж эхэлснээс хойш л клип найруулмаар санагддаг байсан. Үүнийгээ ч боломж олдох бүрд нь хэлдэг байлаа. Харин хүмүүс, “Тийм үү, чамд ийм туршлага байхгүй шүү дээ, тэгэх цаг зав ч байхгүй” гэж ханддаг. “Туршлагагүй хүн ажилд авахгүй” гэдэг гажиг ертөнц. Бодоод үз дээ, туршлагатай болж амжаагүй хүнд тэгээд ажил хийх боломж яаж олдох юм бол оо? Үүнийг ялангуяа эмэгтэйчүүдэд тохиолддог маш том асуудал гэж боддог. Хүмүүс миний үеийнхнийг “босс” байлгах ер дургүй. Би 13, 14, 15 настай байхдаа найруулагч хийе гэж байсан болохоор бүр ч аргагүй байх. Яагаад ч 14-тэй охиныг найруулагчаар ажиллуулъя гэж бодохгүй л дээ. Гэхдээ л би хүссэн, тэгээд хүмүүсийг ятгасан, чадна гэдгээ харуулсан, одоо би өөрийнхөө клипийг өөрөө хийнэ, кино ч хиймээр байна. Би ер амьдралынхаа найруулагч нь байхыг хүссэн.  Синематограф, камерын өнцөг, зураг дүрслэл, эд  бүхэнд хайртай. Би “We Need To Talk About Kevin”-ийг аймаар гоё кино гэж боддог, яг миний амьдралын зорилгыг харуулсан юм шиг. Шал хогийн новшийн тухай гардаг л даа, тэгсэн ч ялгаагүй. Ирээдүйд би ямар ч кино хийх бай энэ киног үзээд ямар сэтгэгдэл авсан, яг түүнийгээ хүмүүст мэдрүүлэхийг хичээнэ.

-Ах тань таны дараагийн цомгийг илүү экспериманталь байна гэж ярьсан...?

-Инээдтэй юм болсон, тэр нийтлэл гарсны дараа ах надад, “Билли, би уг нь чамайг эксперименталь хөгжим хийнэ гэж яриагүй шүү. Бид хоёр шинэ зүйл дээр ажиллаж байгаа гэх утгаар л хэлсэн” гэсэн. Бид үнэндээ бол юу хийж чадахаа бас чадахгүйгээ олж харахыг л оролдсон хэрэг. Бид хоёр нөгөө л новшийн Билли Айлишийг хийж байгаа, явж л байна.

-Тэр Селена Гомез, Камила Кабелла нарын бусад уран бүтээлчидтэй ажиллаж байсан. Танд өөр хүнтэй хамтарч ажиллах бодол төрж байсан уу, эсвэл та хоёрын харилцаа халдашгүй дотно юм уу?

-Би бусадтай хамтарч ажиллахыг нэг их таашаадаггүй юм аа. Финнеас хөгжмийг үнэхээр сайн бичнэ, хурдтай. Тийм болохоор хэн нэгэнтэй хамт суугаад л ямар нэг юм шууд зохиож чадна. Харин миний хувьд хэзээ ч тааламжтай санагдаж байгаагүй, тийм болохоор аль нэг уран бүтээлчтэй хамтарч ажиллаж чадахгүй байх. Ер эсрэг байр суурьтай байдаг гэсэн үг биш шүү, зүгээр л одоохондоо тэгэх ямар нэг шаардлага харагдахгүй байна. Гэхдээ л ах одоо өөр хүнтэй ажиллахгүй байгаа, намайг үзэн яддаг болохоор.

Билли ах Финнеасын хамт

-Алиша Кейс, Би Ти Эс хамтлагаас эхлээд олон уран бүтээлчээс хамтрах санал авсан шүү дээ. Хэнийх нь саналыг илүүтэй хүлээж авмаар санагдсан бэ?

-Хорших, хамтарч уран бүтээл хийх гэдэг миний сонирхлыг үнэхээр татдаггүй. Байнга сонсдог асуулт л даа, би дотроосоо хүсдэггүй юм. Хэн нэгний эсрэг үзэл бодолтой байдаг хэрэг огт биш, зүгээр л хэрэгтэй гэж мэдрэхгүй байна. Би хөгжимд хайртай, бусад уран бүтээлчдэд хайртай. Гэхдээ “Билли Айлиш түүнтэй, түүнтэй бас түүнтэй хамтран ажиллаж магадгүй” гэж бүх дэлхий шуугихыг үзэн ядах болно. Би яагаад  зүгээр л тэдэнтэй найзууд байж болохгүй гэж? Хэзээ ч тэгэхгүй гэж хэлээгүй шүү дээ, зүгээр л миний хайж байгаа зүйл лав энэ биш юм.  

-Төрсөн өдрөө яаж тэмдэглэхээ төлөвлөсөн үү?

-18 хүрэхийг үргэлж хүсдэг байсан, гэхдээ хэдэн сарын өмнөөс 17 насандаа ямар их хорогдож буйгаа ухаарсан. Зэрэгцээд Биллиг ийм залуухан учраас л дуртай байдаг олон хүнд сэтгэл зовох ч шиг мэдрэмж төрсөн. Мэдэх юм алга аа. Гайхаад л байна. Яг л хэн нэгэн 18 нас дөнгөж хүртэл бүх ертөнц өөрийнх нь эсрэг босоод ирэх шиг санагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button