НИЙГЭМУЛС ТӨР

Зөвхөн нийтийн тээврээр зорчиход бус бүхий л газар явахдаа амны хаалт зүүхийг иргэдэд үүрэг болгоё

Монголчууд юманд хурдан дасамхай, уйдамтгай ард түмэн. Өнөөдөр шүүмжилж, гайхаж, эсэргүүцэж ихээхэн дуулиан болгосноо тэгсхийгээд мартчихдаг нь гэм биш зан. Коронавирусийн халдвар анх гарахад юу болж байлаа. Амны хаалт авахын тулд эмийн санд олон цагаар дугаарлан, ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийг чих тавин хүлээдэг, сонирхдог байсан цаг саяхан. Гэтэл одоо коронавирусийн халдварт ач холбогдол өгөх нь улам багассаар. Амны хаалт зүүж яваа, “Амны хаалтаа зүү, халдвар, хамгааллын дэглэмээ баримтал” гэж нэг нэгэндээ сануулж, зөвлөж байгаа хүн нүдний гэм. Хэдийгээр Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй байгаа ч “Ковид-19” манай улсад тархахгүй гэх баталгаа үгүй. Бид л энд ингэж назгайрч, тоохгүй байхаа болохоос коронавирусийн халдвар дэлхий даяар аюулын харанга дэлдсэн хэвээр. Монголд батлагдсан тохиолдлын тоо өдөр өдрөөр нэмэгдсээр 340 боллоо.

Улаанбаатар хотын даргаар шинээр томилогдсон Д.Сумъяабазар амны хаалтгүй иргэдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй байхыг үүрэг болгосон нь туйлын зөв шийдвэр. Энэ шийдвэрийг эсэргүүцэн “Сумъяабазар хийх юмаа олж ядлаа” гэх мэтээр элдвээр шүүмжилж буй зарим хүн өөртөө дүгнэлт хийх нь зүйн хэрэг. Монголчууд зүгээр нэг хэлээд өнгөрвөл төдийлөн тоодоггүй, тодорхой үүрэг чиглэл гарган, торгууль, шийтгэлээр сүрдүүлбэл мөрдөөд сурчихсан гэхэд нэг их хилсдэхгүй.

Иргэд хэтэрхий назгай, тоомжиргүй байгаагаас болж коронавирусийн халдвар Монголд тархвал хэн хариуцлага хүлээх вэ. Төдийгөөс өдий хүртэл борви бохисхийх чөлөөгүй ажиллаж байгаа бүхий л хүний хөдөлмөр талаар болно шүү дээ. Манай улсын эдийн засаг ямар байгаа билээ. Коронавирус тусаад эдгэрсэн хүний дархлаа устаж буйг мэргэжилтнүүд анхааруулж буй. Халдварыг Монголд нэг л алдвал хуурай өвсөнд гал дүрэлзэхтэй адил нүд ирмэхийн зуур хурдан тархана. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн томоохон гүрнүүд хүртэл коронавирусийн өмнө яаж сөхөрч байгаа билээ.

Хүйтний ам наашилж, ханиад, томуугийн улирал дөхөж байгаа. Үүний сацуу коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Ийм байхад монголчууд бид хаана хаанаа сэрэмжтэй байж, халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэй. Цаашид зөвхөн нийтийн тээврээр зорчихдоо бус зах, худалдааны төв, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ, олон нийтийн газраар явахдаа ч мөн амны хаалтаа зүүхийг иргэддээ уриалъя.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button