Сурвалжилга, НийтлэлЯрилцлага

МАНАЙ СУРВАЛЖИЛГЫН МӨРӨӨР: Чингэлтэй дүүргийн Онцгойгийнхон Г.Төмөр-Очирт сэтгэлийн хандив өргөв

Энэ сарын 19-ны өдөр бид дауны синдромтой 5 настай хүүгээ ганцаараа өсгөж буй Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангид салаан захирагчаар ажилладаг Г.Төмөр-Очир, түүний хүү Т.Тэлмүүний ярилцлагыг хүргэсэн. Тус нийтлэл олон түмэнд хүрснээр сайхан сэтгэлт хүмүүс болон Г.Төмөр-Очирын найз нөхөд, ажлын хамт олны зүгээс бяцхан хүүгийн мэс засал, эмчилгээнд зориулан сэтгэлийн хандив цуглуулан, эхнээсээ өгсөөр буй аж.

-ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД Г.ТӨМӨР-ОЧИРТ ХУВИАСАА ХАНДИВ ӨРГӨЛӨӨ-

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олны зүгээс Г.Төмөр-Очир болон түүний хүүд мөнгөн тусламж үзүүлсэн юм. Биднийг зорьсон газраа очиход тус хэлтсийн хамт олон тун найрсгаар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хэлтсийн алба хаагчид Г.Төмөр-Очирт хувиасаа сэтгэлийн бэлэг өгч байсан нь эрхгүй сэтгэл баясгав. “Албандаа үнэнч, аливаад хариуцлагатай тууштай хүн шүү. Үрийнхээ төлөө шантралгүй, хүчтэй байгаарай” хэмээгээд нэгнээ урамшуулж, дэм өгч байлаа.

Тус үйл явдалтай давхцан хэлтсийн удирдлагын зүгээс нийт хэлтсийн хамт олныхоо цуглуулсан сэтгэлийн хандивыг Г.Төмөр-Очирт гардуулав. Бид энэхүү торгон агшинг сурвалжиллаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г.Баатар:

“Ахлах дэслэгч Г.Төмөр-Очир нь 2017 оноос Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 10 дугаар ангид салаан захирагчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаад 2018 онд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангид салаан захирагчаар томилогдон ажиллаж байгаа.

Ажиллах хугацаандаа Г.Төмөр-Очир нь албандаа идэвх зүтгэлтэй, хамт олондоо нэр хүндтэй, ажилдаа үнэнч шударга манай тэргүүний офицеруудын нэг байсан. Манай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний зүгээс энэхүү сайн аав, хүү 2 тоо эрүүл энх байж ажил амьдралдаа улам амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд нийт бие бүрэлдэхүүний зүгээс энэхүү сэтгэлийн бэлгийг гардуулан өгч байна. Мөн Eguur.mn сайтын хамт олондоо баярлалаа” хэмээв.

Т.Тэлмүүн хүү өнгөрөгч даваа гарагт баруун нүдний болор солиулах хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болжээ. Ийнхүү хагалгааны дараах сувилгаа, эмчилгээ цаашлаад хөдөлгөөн заслын фикик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгүүлэх шаардлагатай гэв. Бид Г.Төмөр-Очиртой хүүгийн мэс засал болон сүүлийн үед тохиолдсон сонирхолтой явдлаар нь хэсэг ярилцав.

- ГУДАМЖААР ЯВЖ БАЙХАД “ЭНЭ НӨГӨӨ ФЭЙСБҮҮКЭЭР ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ ГАРААД БАЙСАН ЗАЛУУ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ” ЗЭРГЭЭР ХҮМҮҮСИЙН ХАНДЛАГА САЙН БАЙГАА-

-Юуны өмнө Т.Тэлмүүн хүүгийнх нь хагалгаа амжилттай болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Хүүгийн маань хагалгаа хүндрэлгүй сайхан болсон. Одоо ерөнхийдөө эмчийнхээ хяналтад байгаа. Цаашид хэрхэх, ямар эмчилгээ шаардлагатайг хяналтын хугацаанд ярилцах юм.

-Хүү нь эмнэлгээсээ гарсан уу?

-Хараахан гараагүй байгаа. Чингэлтэй дүүргийн хамт олон сэтгэлийн хандив өгнө гэсэн учир би хүүгээ хүнээр харуулаад түр ирсэн байгаа. Хүүгийн маань биеийн байдал тогтвортой хэвийн байгаа.

-Бидний ярилцлага нийтлэгдэхээс өмнө ийм олон хүнд хүрнэ гэж бодож байв уу. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Анх ярилцлага өгөхөөсөө их эмээж байсан. Гэтэл хүмүүсийн хандлага үнэхээр сайхан байгаа. Хүү бид хоёрт маш их урам өгсөн. Гудамжаар явж байхад “Энэ нөгөө Фэйсбүүкээр хүүтэйгээ хамт гараад байсан залуу байна. Үнэхээр мундаг шүү. Амжилт хүсье” гэх мэтээр хандлага их сайн байгаа. Найз нөхөд, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн хамт олон маань бас сэтгэлийн хандив өгсөн.

-Та бас энэ боломжийг ашиглаад тусалсан хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлэх болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Нийт сайхан сэтгэлийн хандив өргөсөн найзууд, ажлын хамт олон, удирдлагууддаа баярласнаа илэрхийлж байна. Хүү бид хоёрыг өнөөдрийг хүртэл түшиж, сэтгэлээр хамт байсан эрхэм найзууд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Мөн танай сайтын хамт олонд ажлын өндөр их амжилтыг хүсэн ерөөе. Түүнчлэн хүүгийн маань хагалгааг хийсэн ЭХЭМҮТ-ийн хамт олон, бүх тусалсан хүмүүстэй баярлалаа.

Г.Төмөр-Очир эмнэлэгт хэвтэж буй хүү рүүгээ яарч байсан тул бид түүнийг удаан саатуулахыг хүссэнгүй. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой инээмсэглэсээр хайрт хүү рүүгээ яаран явав. Бид ч Г.Тэлмүүн хүүгийн хагалгаа амжилттай болсонд, олон түмэн сэтгэлийн хандив өргөж амьдралын төлөө, хайртай үрийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж зүтгэж буй түүгээр бахархсаар үдэж өглөө.


ӨМНӨХ КОНТЕНТ:

Г.ТӨМӨР-ОЧИР: ДАУНЫ СИНДРОМТОЙ ХҮҮГЭЭ ХҮНИЙ ДАЙТАЙ ХҮН БОЛГОВОЛ ААВ НЬ БОЛСНЫ МИНЬ ХЭРЭГ БҮТНЭ

ЭНД дарж уншина уу.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Г.САНЧИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ok
ok
2020-10-30 11:55

mundag aav

Зочин
Зочин
2020-10-30 17:55

Хүнлэг сайхан аав хүү 2-тоо аз жарг�##� хүсье

irgen
irgen
2020-10-30 18:22

er hyn shig hyn iim baidag, sain hyn sain aav umaa ta 2 -iin hysel beilnee

Холбоотой мэдээ

Back to top button