ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

Г.Төмөр-Очир: Дауны синдромтой хүүгээ хүний дайтай хүн болговол аав нь болсны минь хэрэг бүтнэ

“Хүү минь намайг аав болгосон. Энэ их алдрыг өгсөн ачтай үрийнхээ төлөө шантрах эрхгүй” хэмээн өөрийгөө зоригжуулдаг түүнийг Г.Төмөр-Очир гэдэг. Тэрбээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт Гал түймэр унтраах 33 дугаар ангид салаан захирагчаар ажилладаг. Таван настай, дауны синдромтой хүүгээ ганцаараа өсгөдөг бахархалт аав, Онцгой байдлын газрын албан хаагчийг бид энэ удаагийн ярилцлагаараа онцолж байна.

Г.Төмөр-Очир: Дауны синдромтой хүүгээ хүний дайтай хүн болговол аав нь болсны минь хэрэг бүтнэhttps://eguur.mn/144559/

Posted by Eguur.mn on Sunday, October 18, 2020

-ХҮҮ МИНЬ ТӨРӨЛХИЙН ДАУНЫ СИНДРОМТОЙ, ОЛДМОЛ ӨВЧТЭЙ ГЭЖ ОНОШЛОГДСОН-

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Гантөмөрийн Төмөр-Очир гэдэг. Би Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт Гал түймэр унтраах 033 дугаар ангид салаан захирагч хийдэг. Ам бүл тавуулаа. Аав, ээж, дүү, хүүтэйгээ амьдардаг. Одоогоор хараахан өрх тусгаарлаж амжаагүй явна.

Албандаа ороод хэр удаж байна вэ?

Би 2014 онд анх Дорноговь аймгийн 033-р ангийн салаан захирагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа 2017 онд төв Гал түймэр унтраах 10-р анги руу өөрийн хүсэлтээр шилжиж ажилласан. 2018 онд буцаж 033 дугаар ангидаа салаан захирагчаар ирснээс хойш өнөөг хүртэл эндээ ажиллаж байна даа.

-Хүүгээ бидэнд танилцуулахгүй юу?

-Миний хүүг Төмөр-Очирын Тэлмүүн гэдэг. Одоо 5 настай. 2015 оны тавдугаар сарын 6-нд төрсөн.

-Хүүгийнхээ эмчилгээг хийлгэхээр хотод ирсэн гэсэн. Юуг нь эмчид үзүүлэхээр ирэв?

-Хүү минь төрөлхийн дауны синдромтой, олдмол өвчтэй гэж оношлогдсон. Хүүгийн маань ухаан санаа хэвийн, хүний ярьж хэлж буй зүйлийг сайн ойлгодог. Харин бие махбодийнх нь хөгжил үеийнхнээсээ хоцрогдмол.

Хотод ирсэн шалтгаан бол 2019 оны долдугаар сарын 29-нд бид хоёр зүүн нүдний болор солиулах хагалгаанд орсон. Хүний хос эрхтэн гэдэг утгаараа нэг нь өвчилбөл, нөгөө нүд нь ч мөн өвддөг юм билээ. Тиймээс бид хоёр баруун нүдэндээ эмчилгээ, оношилгоо хийлгээд явж байгаа. Ирэх долоо хоногт хагалгаандаа орох болов уу.

-Болор цайх өвчин дауны синдромтой нь холбоотойгоор үүссэн үү, эсвэл өөр шалтгаантай юу?

-Яг нарийн шалтгааныг нь сайн мэдэхгүй. Хүнээс дам сонсож, судлахад хурц гэрэл болон гаднын гэмтлээс үүддэг гэсэн. Гэхдээ хүүгийн өвчний нарийн шалтгааныг нь мэдэхгүй. Анх өөр дээрээ авахад л нүд нь цайлттай харагддаг байсан юм.

-Хүүгээ дауны синдромтойг нь хэзээ мэдэв?

-Анх төрөх үед нь хяналтандаа байлгаж, үзсэн эмч нь дауны синдромтой гэдгийг нь хэлсэн. Тэр үед л мэдэж авсан. Түүнээс хэвлийдээ байхад нь мэдээгүй.

-“БИ ААВ БОЛЧИХЛОО” ГЭЭД ААВ ЭЭЖ ДЭЭРЭЭ УЙЛААД ОРЖ БАЙСНАА МАРТДАГГҮЙ ЮМ-

-Аав болсон тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Тухайн үед би өөрөө Онцгой байдлын гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг байлаа. Тэр спортоороо Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байх үед эгч маань над руу ярьсан. “Эхнэр чинь төрчихлөө” гэхэд нь би баярласандаа итгэж ядсан.

Тэр үеийн мэдрэмж л хамгийн нандин гоё байдаг. Аав, ээж дээрээ “Би аав болчихлоо” гээд уйлаад орж байснаа мартдаггүй юм. Тэгэхэд өөрийгөө эр хүн болсныг мэдэрч, ханьдаа, үр хүүхдэдээ халамжтай эцэг, хань нь байх хариуцлага нуруун дээр ирсэн юм уу даа.

-Уучлаарай, хүүгийн ээж нь хамт амьдардаг уу?

-Би 2017 онд эхнэрээсээ салж, амьдралаа хоёр тийш болгосон. Тэр цагаас хойш хүүгээ өөр дээрээ авсан юм. Өвөө эмээ, аавынхаа гарт л хүү маань торниж байна даа. Гэхдээ надад хамгийн гоё дурсамж байдаг юм. Би төв гал унтраах ангид ажиллаж байх үедээ хүүгээ өөр дээрээ авч байсан юм. Миний хүү бараг гал унтраах ангид хоёр сар гаруй бидэнтэй хамт цэргийн казарамд өссөн. Нас бага, дээр нь онцгой асаргаатай хүүхэд учир ажил дээрээ удаан хугацаанд байлгахад хүндрэлтэй байсан л даа.

Тэгээд тухайн үед хамт ажиллаж байсан Мөнхжаргал гээд найздаа хандаад “Хамтдаа байр хөлслөе” гэсэн юм. Тэгэхэд тэр найз маань надад “Би Цайзад хоёр өрөө байртай. Ганцаараа амьдардаг. Миний найз тог цахилгааны төлбөр хамжилцаад  хүүгээ аваад хүрээд ир ээ. Хамт амьдарья” гэж хэлсэн. Тэр мэдээг дуулаад би уйлсан. Найзыгаа тэврээд “Маш их баярлалаа” гээд л хамтдаа амьдарч эхэлсэн. Яг одоо бидний ярилцаж байгаа энэ байр анх ямар ч тавилгагүй байлаа шүү дээ. Нэг плетка, хөлдөөгч, хөргөгчтэй гурвуулаа энэ өрөөнд амьдарч байхад хамгийн аз жаргалтай байсан. Тэр үе л хамгийн сайхан дурсамжуудын маань нэг юм.

-ЭХНЭР МААНЬ НАДАД “ЧИ ХҮҮХДЭЭ АСАР, БИ ЧАДАХГҮЙ НЬ” ГЭЖ ХЭЛЭЭД ОРХИОД ЯВСАН-

-Хүүгээ яагаад өөр дээрээ авсан бэ. Ээж дээрээ өсвөл илүү дээр байх гэж бодож байсан уу

-2017 онд эхнэр бид хоёр талдаа тусдаа амьдардаг байсан юм. Би Дорноговьд, эхнэр маань хотод. Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа амьдарья гэж бодоод хот руу шилжиж ирсэн. Гэвч тухайн үед маргааны улмаас хоёр тийш болсон юм.

2017 оны өвөл эхнэр маань надад “Чи хүүхдээ асар, би чадахгүй нь” гэж хэлээд үлдээж байсан. Түүнээс хойш хүүтэйгээ амьдарч байна. Хүүгээ өөр дээрээ авсан учраас санаа зовох зүйлгүй, харин ч сэтгэл амар амьдарч байна.

-Эр хүн хүүгээ ганцаараа өсгөнгөө ажлаа хийхэд хүндрэлтэй байсан болов уу. Танд шантарч, харамсах үеүд тулгарч байв уу?

-Мэдээж хүндрэлтэй үеүдтэй олон тулгарч байсан. Ажил үүргээ хийхийн сацуу хүүгээ асрах, цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд олон бэрхшээл гарч байлаа. Гэхдээ хамгийн гол нь би юу гэж боддог байсан бэ гэхээр “Тэлмүүн гэдэг хүүхэд намайг аав болгосон. Энэ их алдрыг өгсөн ачтай үр минь” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан.

Хамгийн гол нь би хүүгээ л бодсон. Учир нь хүүд маань надаас өөр хүн байхгүй. Хүүгээ эрийн цээнд хүргээд, хүний дайтай хүн болгож чадвал миний аав болсны гавьяа гэж боддог. Хүүгийнхээ хөдөлгөөн засал, эмчилгээ сайн хийлгээд байвал илүү дээрдэнэ, эрүүл болно гэдэгт итгэдэг. Тиймээс шантрах, сөхрөх эрх надад үгүй.

-АРД ТҮМНИЙ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ ГЭНЭТИЙН ОСОЛ, ГАМШГААС ХАМГААЛДАГ УЧИР АЛБААРАА БАХАРХДАГ-

-Хүнд хэцүү цаг үеүдэд хэн танд хамгийн их тусалж, хажууд тань өмөг тушиг болж байв?

-Тухайн үед төв салбарт ажиллаж байхад би 20 гаруй хүнийг удирдаж ажилладаг байсан. Тиймээс хүүхэд асрах нэг хүн гаргаад туслуулдаг байлаа. Гал сөнөөгчид чинь энх цагийн эгэл баатрууд шүү дээ. Нэгэндээ дэмтэй, сайхан хамт олон дунд бэрхшээл бүрийг хамтдаа даван туулдаг байлаа. Найз нөхөд маань бас их тусалж дэмждэг. Түрүүн хэлсэн н.Мөнхжаргал гээд найз, түүний гэргий болон аав ээж маань их түшиж тулж, өмөг болсоор ирсэн.

Энэ завшааныг ашиглаад тэдэндээ “Хайртай шүү” гэж хэлэх нь зүйтэй болов уу. Мөн албан байгууллагаас маань бид хоёрт таван ханатай гэр бэлэглэсэн. Одоогоор хүүгийн маань эмчилгээ хамгаас чухал байгаа учраас хараахан тохижуулж амжаагүй байгаа. Гэхдээ он гаргаад бага багаар тохижоод айл болвол, аав хүү хоёр алзахгүй дээ. Ажлын хамт олон, удирдлагууддаа  баярласан талархсанаа хэлмээр байна.

-Ижий аав, эрхэм нөхөд, ажлын хамт олон тань бидний ярилцлагыг хараад таниар бахархах нь лавтай. Шуурхай дуудлага бүрийн ард торойн хоцрох үрээ хэнээр яаж харуулдаг вэ?

-Ард түмний амь нас, эд хөрөнгийг гэнэтийн осол, гамшгаас хамгаалдаг учир албаараа бахархдаг. Амралтын өдрүүд, тусгайлан тэмдэглэдэг баяр наадмын үеүдэд яаралтай дуудлага ирвэл, хувцаслаад нь гараад гүйдэг. Тэр бүхэнд найз нөхөд, ижий маань л их тусалдаг даа. Тухайн үед боломжгүй бол найз нөхдийнхөө гэр бүлийн хүнээр нь харуулах тохиолдлууд бий.

-Одоо хүүгээ эмчлүүлэхэд танд юу шаардлагатай байна вэ. Боломж бололцоо, мөнгө санхүүгийн бэрхшээлтэй учирч байна уу?

-Үеийнх нь хүүхдүүд алхаж гишгэх бүү хэл гүйж харайгаад, дуулж бүжиглээд, ном сураад явж байгаа. Хүү маань ирэх жилийн намар сургуульд орно. Тиймээс түүнээс наана ядаж бусдын туслалцаагүй алхаж гишгэдэг, өөрийгөө илэрхийлэх хэмжээнд ярьдаг болоосой л гэж найдаж, хичээж байна. Хүү маань Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 11-р цэцэрлэгт суралцдаг.

Тухайн цэцэрлэг хүүхдийн хөдөлгөөн, биеийн хөгжлийг дэмжих үүднээс ардын уламжлалт эмчилгээ, бариа засалтай хавсарч хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээлийг ордог. Европ эмчилгээ гэхээс илүү ардын уламжлалт эмчилгээ илүү үр дүнтэй байгаа. Улиралдаа нэг удаа Улаанбаатар хотод ирж, хөдөлгөөн засал, барианд ороод хоёр жил болж байна. Хүү маань ангийнхаа хүүхдүүдийг бодвол хамаагүй биеэ даасан. Өөрөө хоолоо иддэг. Бие засах үедээ дохио зангаагаар өөрийгөө ойлгуулчихдаг.

-АНХ ХҮҮ МААНЬ БӨГСӨН БИЕЭСЭЭ ДООШОО МЭДЭЭ МУУТАЙ, ХОЁР ГАРЫНХАА ТУСЛАМЖТАЙ МӨЛХДӨГ БАЙСАН-

-Эмчилгээнийх нь зардлыг хувиасаа гаргаж байна уу. Аль эсвэл улсаас тодорхой хувийг нь хөнгөлж байна уу?

-Хүү маань асаргааны мөнгө авдаг юм. Түүнийг нь өөр дээрээ шилжүүлснээс хойш санхүүгийн хувьд дэмтэй байгаа. Хагалгааны хувьд 75 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг юм билээ. Үлдсэн 25 хувийг нь өөрөөсөө гаргаж байгаа.

-Эмчилгээ хийлгэснээс хойш хүүгийнх нь биеийн байдал дээрдсэн үү?

-Анх хүү маань бөгсөн биеэс доошоо мэдээ муутай, хоёр гарынхаа тусламжтай мөлхдөг байсан.  Уламжлалт эмчилгээ хавсарсан цэцэрлэгт явж, бариа засал хийлгэснээр эрс өөрчлөгдсөн. Одоо юм түшээд алхдаг болсон. 14-15 хоногийн өмнө гэртээ ганцаараа зогсчихсон байхаар нь дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгэхэд л үгээр илэрхийлэхийн аргагүй их баярласан даа.

-АМЬДРАЛЫГ МААНЬ УТГА УЧИРТАЙ, ГЭГЭЭЛЭГ БОЛГОСОН ХҮН БОЛ МИНИЙ ХҮҮ-

-Хүүтэйгээ хэрхэн ойлголцдог вэ. Хүндрэл гардаг уу?

-Хүү маань хэдийгээр ярьж чадахгүй ч гэсэн, эцэг хүүгийн холбоотой учраас тэр юм уу, хүүгээ сайн ойлгодог. Заавал үг хэлээрээ ойлголцдог гэдэгтэй санал нийлдэггүй. Харцаараа, хөдөлгөөнөөрөө, үйлдлээрээ ойлголцдог.

-Залуучууд үүрэг хариуцлагаас мултарч, бүхнийг ээжид нь үлдээгээд сэтгэл амар явах нь элбэг. Гэтэл та хүүгээ асрахын хажуугаар ажил мэргэжлээ хариуцлагатай гүйцэтгээд яваагаар тань бахархаж байна.

-Үүрэг хариуцлагыг санааны зоргоор хаяж болохгүй. Хэчнээн хаяхыг хүссэн ч, хаяж болдоггүй зүйл гэж амьдралд байдаг. Энэ амьдралаа зөвхөн эмэгтэйчүүд, эхчүүд ганц биеэр авч явна гэсэн зүйлгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр би хүүгээсээ татгалзаад ганцаараа сайхан амьдарч чадна гэвэл бас үгүй. Миний амьдралыг утга учиртай, гэгээлэг болгосон хүн бол миний хүү. Зарим залуучуудыг хараад байхад эрүүл саруул хүүхдээсээ татгалзаж, асрамжийн газар өгөх нь олширсон байна.  Тэр үгүй юмаа гэхэд аав ээж, ах эгчдээ өргүүлэх, үлдээх тохиолдлуудыг олон харлаа. Хүүхэд бол хэн нэгний айл гэртэж тоглодог тоглоом биш. Аав гэдэг хүн чинь үүрэг хариуцлагаа ухамсарласан, гэр орны ноён нуруу, гэргийнхээ түшиг тулгуур болж явах ёстой гэж боддог.

-Манай үзэгчдэд ойрын зорилт, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцана уу?

-Ойрын зорилго гэвэл нэн тэргүүнд хүүхдийнхээ эмчилгээ, хагалгааг амжилттай болоосой гэж хүсэж, залбирч байна. Хүүхэд маань хорвоо ертөнцийг бүтэн хардаг болоосой л гэж хамгийн ихээр хүсэж байгаа. Хэтийн зорилго гэвэл үр хүүхдэдээ сайн халамжтай ээжтэй болгож, бүтэн амьдралыг цогцлоохыг хүснэ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.БЯМБА-ОЧИР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

29 Сэтгэгдэл

      1. Ямар сэтгэлийн тэнхээтэй мундаг з####уу вэ? Хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй.Аав болсноороо бахархаж хүүгээ хайрлан өсгөнө гэдэг хэн хүний гаргадаг зориг биш шүү.Өвчтэй хүүгээ орхидог ээж хүн мөн үү?Үхтэл үр харам гэдэгсэн.Энэ муухай эмэгтэйд бол үр харам биш юмаа.Сайхан аав хүү хоёрт эрүүл энх аз жарг#### хүсьe.

  1. Ийм сайхан сэтгэлтэй тэмүүлэлтэй з####ууг эр нөхөрөө болгоод амьдарч чададгүй яасан заяагүй эм бэ.

  2. sain saihniig husii huu ni eruul saruul bolnoo , munadag aaviin huu munadag bolohoor haragdaj bb mun saihan nzad ni uneheer bayrlaj baharhaj bn mun tednii gergii hamt olon geed tanid sain saihniig husii

  3. Glenn domanii arga geed sudlaad uzeerei. Face book deer mongol ger eej surgelt geed group bgaa. Tend huuhdiin hugjil, tarhinii hugjliin uy shattai surgalt yavagddag. Tednii mundag admin, bagsh suragchdaas asuugaad dasgaluudiin hiigeed yavchval heviin usulttei, sn hugjiltei bolno bh shuu. Amjilt husey. Mundag yumaaa 🙂

  4. Mundag shn aaw bnaaa huuginhe toloo chdah buhnee hij bgaa dauni sendreomtoi geed hun bish huuhed bish gsen vg bish shude shoolj ineeged bga ulsiig oilgohgv yum gedsend bureldej bjda hromsoni iluudeltei bol dauni gajig gj nerledeg manai mgld bol nar gj nerledeg ted busad huhdudig bodhod ih shn aashtai baragtaal uurlaj utsaarlahgv tim blohr nar gj nerlesen bh mgld ert veiin onshlogo urgin gajig sn hideggvi harddgvil bhndee 12-18 honog dtr uragin gajug buren ilruuleh estoi bdg shde thde ehees ooro iim toroy gj gej toroogvi burhani beleg shude ilu hromson beleglej bgad talarhaad awah heregtei tsaashdaa ulam ih hicheegerei amjilt husey

  5. Мэхийн ёслоё. Мундаг аав. Ийм мундаг эр хүн энэ дэлхийд амьдардаг гэдгийг бодитоор харж бахархсан шүү. Амжилт 2оо

  6. Миний хүү үнэхээр аврагч шиг ОНЦГОЙ байдлын ####бан хаагч шиг хүнд хайр энэрэл амь нас бэлэглэгч шиг ажил ####бандаа үнэнч байдаг шигээ бас гэр бүл үр хүүхдээ бүхнээ зориулдаа.Та бол Сайхан сэтгэлтэй сайхан аав сайн аврагч шүү

  7. mundag aav mundag zaluu bn yag odoogiin niigemd gerel gegee tatuulsan ulger jishee aav bn aa zarim turuulsen uree hayj tarchlaaj alj bhd uriinhee tuluu temtsej bgaa setgel ni yamar mundag yum bee tus####a

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button