УЛС ТӨР

Ерөнхийлөгчтэй “гар барьсан” Ховдын гурав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн.  Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хоёр дахь нэр дэвшигч С.Батхүлэгт УИХ-ын гишүүд дургүйцлээ илэрхийлсэн.

Тодруулбал “Голомт” банкны хуульчаар 12 жил ажилласан С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй, Улсын Дээд шүүхийн шүүгчид тавигдах шаардлага хангахгүй хэмээгээд Голомтын Д.Баясгаланг УДШ-д өөрийн төлөөний хүнээ оруулах гэж байна хэмээн шүүмжилж танилцуулгыг хойшлуулсан.

Гэтэл өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнөөх С.Батхүлэгийг дахин оруулаад ирсэнд УИХ-ын зарим гишүүд ихэд эгдүүцэв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Чи өөрөө шүүгч нараас ич л дээ. Би ялгаварлан гадуурхаагүй. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. Танай Голомт банктай холбоотой олон төсөл хөтөлбөр шүүхэд орж ирнэ. Та өөрөө 40-өөд хэрэг дээр нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Дахиад ч таны өмнө нь ажиллаж байсан байгууллагын асуудал орж ирнэ. Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ. Таалагдахгүй битгий хэл эсэргүүцэж байна. Үндсэн хуулиар олгогдсон ард түмний мандаттай гишүүн байна” хэмээгээд хэд хэдэн гишүүн хуралдааныг орхин гарсан.

Харин энэ хүний нэрийг танилцуулахаар оруулж ирж, дэмжүүлэхээр бүхий л аргаа хэрэглэсэн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэх үггүй болоод үлдэж байгаа харагдсан. Гишүүд хуралдааныг орхиж гарах үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Батхүлэгт хандан “Ховдын гурав чинь л үлдсэн шүү” гэж хэлсэн гэх. Тэр нь Ш.Адьшаа, С.Бямбацогт, болон өөрийгөө хэлсэн биз.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэг

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг Дэгийн тухай хуульд заасны дагуу оруулж ирж байхад нэг жилийн өмнө шүүхийг шинэчилнэ гэж ярьж байсан Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүмүүс ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Төрийн байгууллагад итгэхгүй юм бол хэнд итгэх юм бэ. ШЕЗ,Өмгөөлөгчийн холбоо, Хуульчдын холбооноос гаргаж өгсөн мэдээллийг эргэлзээтэй гэхээр нь би УИХ-ын гишүүний хувиар Монголын Өмгөөлөгчийн холбооноос лавлагаа авсан. Энэ лавлагаанд Дээд шүүхэд нэр дэвшүүлэх болзол шаардлагыг хангасан байгаа тухай баттай баримт байна. Хууль зүйн байнгын хороо мөрдөн шалгадаг, хүний эвгүй байдалд оруулдаг газар биш. Дэгээ барья л даа” хэмээсэн.  Түүний хувьд гишүүн болохоосоо өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Харин гишүүн болж гарч ирэхэд нь Ерөнхийлөгчийн оролцоо, тусламж ихэд нөлөөлсөн гэх юм билээ.

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гурвал болох С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар ийнхүү өчигдрийн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч, нэг нутаг усны залуу болох С.Батхүлэгийг ихэд дэмжиж, бусдаасаа зөрснөөрөө Ерөнхийлөгчтэй “гар гуур барьсан” хүмүүс гэдгээ улам нотлов.

Наагуураа дүгнэхэд тэд нутгийн залуугаа дэмжиж буй мэт боловч цаагуураа өөр утга бий. Учир нь “Голомт” банкны захирал Д.Баясгаланг өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар, түүний хүн гэж ярьцгаадаг. Тэгэхээр “Голомт” банканд 12 жил хуульчаар ажилласан С.Батхүлэг ч Ерөнхийлөгчийн хүн байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл ямар нэг аргаар байнгын хорооны хурлаар ороод дэмжлэг авчихвал түүний ашиг сонирхлын зөрчилтэй байх эсэх нь төдийлөн падгүй. Ерөнхийлөгч түүнийг шууд зарлиг гаргаж, томилох боломж нээгдэх байв.

Энэ агуулгыг ч Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлээд авна билээ. Тэрбээр “УИХ ерөөсөө  л танилцах үүрэгтэй байгууллага. Ерөнхийлөгч томилох, зарлиг гаргах эрхтэй. Дээд шүүхийн шүүгч байх шаардлага  хангасан хангаагүйг бид шүүдэг байгууллага биш. Шаардлага хангасан болоод оруулж ирж байгаа гэж ойлгож байна. Цаашаа зарлиг гаргах эсэх нь Ерөнхийлөгчийн шийдэх асуудал” гэж ярьсан. Гэвч түүний олонхоосоо зөрсөн хүсэл биелсэнгүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button