Сурвалжилга, Нийтлэл

АСУУДАЛ: Дунд голын шинэ гүүрийн ажил “ЦАРЦАЖ”, хариуцах эзэнгүй болжээ

Нарны гүүрний урд уулзвар өглөө, орой ажил эхлэх болон тарах цагаар ачаалал ихтэй байдаг. Тус замд туслах замын хөдөлгөөнийг бага нэвтрүүлдгээс туслах замд 2 км урт түгжрэл үүсэх нь энгийн асуудал.

-ДУНД ГОЛЫН ШИНЭ ГҮҮРНИЙ АЖИЛ ЭХЛЭХГҮЙ БОЛ ГОЛ УС, ГАЗАР ШОРОО СЭНДИЙЛЭГДСЭН ХҮНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЖЭЭ-

Тэгвэл нарны гүүрний урд уулзварын замын ачааллыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхүйц шинэ гүүрний ажил энэ хавар эхлэхээр ид бэлтгэл ажилдаа орсон. Ингэснээр “19”, “Үйлдвэр комбинат” болон “Алтай хотхон”, “Нарны хороолол” орчмын түгжрэл багасах нь хэмээн иргэд баярлаж байв.

Тодруулбал, хэрэв шинэ гүүр ашиглалтад орвол, Нарны хороолол болон нарны гүүр рүү зорчихоор зорьж буй иргэдийн тал нь шинэ гүүрээр нэвтрэх боломж нээгдэнэ. Харин нөгөө талдаа туслах зам /“Алтай хотхон”, говийн зам, мишээл экспо, 19-ийн үйлчилгээний арын замд/ дагуу зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо багасаж, түгжрэл буурна. Уг туслах замд жолоочид ажил тарах болон эхлэх цагаар 20-40 минут түгжирч байж уулзвар нэвтэрдэг гэсэн юм.

Шинэ баригдах гүүр нь “Уран Ган” ХХК-ийн урд талын авто замыг Дунд голын /Нарны хороолол руу орсон замтай холбогдох/ гудамжтай холбох ёстой. Уг бүтээн байгуулалтын ажил 1,8 тэрбумын төгрөгийн өртөгтэй бөгөөд 2019 оны 3-р сарын 1-нд эхэлж, 2019 оны 7-р сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан.

Зургийн тайлбар: 2019 хавар өлгөгдсөн шинэ гүүрний бүтээн байгуулалтын зураг

Гэвч өнөөх гүүрийн бүтээн байгуулалтын ажил хавар эхэлсэн чигээрээ “хөлдсөн” байна. Дунд гол дахь бургас модыг сугалан авч, голын урсгалыг төмөр хоолойгоор явуулан, шороо овоолсон ба гүүрний суурь хэлбэрээр тавигдах хундамуудыг гол дотор байрлуулсан хэвээр өдгөө долоодугаар сарын сүүл хүрлээ.

Зургийн тайлбар: 2019.05 сарын байдлаар Дунд гол

Хавар эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажил яагаад зогсох болсон нь сонирхолтой. Хэрэв энэ ажил зогсож цуцлагдсан бол Дунд гол орчмын бургас, сэндийлэгдсэн газрын хариуцлагыг хэн үүрэх нь тодорхойгүй, яаж ч болохгүй нөхцөл байдал үүссэн байлаа.

Зургийн тайлбар: 2019.07.25 өдрийн Дунд голын байдал

-НИЙСЛЭЛЭЭС УРАН ГАН ХХК-ТАЙ ХИЙГДЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ АЖИЛ ЦЭГЦРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА УЧРААС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЗОГССОН ГЭВ-

Иймд бид уг бүтээн байгуулалтыг хариуцаж буй Уран ган ХХК-ийн холбогдох ажилтан Л.Золбоогоос энэ талаар тодруулсан юм. 

Тэрээр “Манай компанийн урд талын авто замаас Дунд голын гудамжтай холбох гүүрний ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдсан. Гол нь бид Нийслэлийн авто замын хөгжлийн газартай хийх концессын гэрээний бичиг цаасны асуудлыг хүлээж байна. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл бид ажлаа одоо ч эхэлсэн болж байна. Энэ гүүр баригдахад дан ганц манай компани ашиглахгүй Нарны хороолол болон нарны гүүр лүү зорчиж буй замын хөдөлгөөний ачаалал гэх мэт олон зүйлд тустай асуудал болж байгаа юм. Ямар нэг газрын маргаан, санхүү төсвийн асуудал огт байхгүй зөвхөн нийслэлтэй хийгдэх гэрээ бичиг цаасны ажил дээр л гацчихаад байгаа нь энэ” хэмээн хариулт өглөө.

-КОНЦЕССЫН ГЭРЭЭ ХИЙГДЭЭГҮЙ, МӨН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЗОГСООСОН-

Харин Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Оргилсайханаас тодруулахад:

-ХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “Уран Ган” ХХК-ийн урд талын авто замаас Дунд голын гудамжтай холбох гүүрний ажил зогссон байна. Энэ бүтээн байгуулалтын захиалагч нь Нийслэлийн авто зам хөгжлийн газар гэж тэмдэглэгдэж, энэ үнэн үү?

-“Уран Ган” ХХК-ийн урд талын авто замаас Дунд голын гудамжтай холбох гүүрний ажил дээр манайхаас ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь хавар эхэлсэн ч Мэргэжлийн хяналтын газраас, голын ай савд ажил явуулах боломжгүй хэмээн зогсоосон байгаа.

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжаар уг бүтээн байгуулалтад зориулсан газар эзэмших эрх олгож, гүүрний газар эзэмших эрх, хугацааг заасан байсан. Энэ ямар учиртай вэ?

-Манайх гүйцэтгэл дээр хяналт хийх үүрэгтэй. Газар олгох асуудал манайхтай холбоогүй. Газар олгосон байлаа гээд бүгд бүтээн байгуулалт босгох ёсгүй, бусад байгууллагын зөвшөөрөл судалгаа шинжилгээ хэрэгтэй шүү дээ.

-ГАЗАР НЬ ОЛГОГДООД ӨМНӨХ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖЛЫН БИЕЛЭЛТЭД ЗООГДСОН Ч ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН УГ АСУУДЛЫГ ХЭН АНХААРАХ ВЭ-

Гэвч сонирхолтой нь Улаанбаатар хотын захирагчийн тушаалаар уг газарт гүүр барих зөвшөөрөл өгөгдсөнөөс гадна, 2018 оны Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд орсон байв.

Зургийн тайлбар: Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжийн хавсралт

Тодруулбал, уг тайлангийн 11-р хэсэгт Улаанбаатарт хотод шинээр барих болон шинэчлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөлд зөвлөмж өгөх хэмээн тодотгон зөвлөмж өгсөн газруудыг тусгасан бөгөөд 55-р хэсэгт уг гүүрний зураг төслийн зөвлөмж орсон байлаа.

Энд дарж төлөвлөгөөний биелэлтийг харна уу.

Хэрэв голын ай сав газарт баригдах боломжгүй байсан бол хэрхэн яаж газрын зөвшөөрөл гаргаж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтах болов...?

Иймд гол усаа сэндийчиж үлдээсэн уг газрын бүтээн байгуулалтыг зохицуулж, гарц шийдэл гаргахгүй бол наашаа ч үгүй, цаашаа ч үгүй байдал үүсээд байна.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button