Т.Мөнхсайхан сайдын “Хүчит шонхор” зах үнийн хөөрөгдөл үүсгэчихээд, торгуулиа хүлээн зөвшөөрсөнгүй
Олон улсын тээврийн жолооч болон тэдний гэр бүлээс коронавирусийн халдвар илэрч, вирусийг дотооддоо алдсантай холбоотойгоор таван өдрийн турш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
УОК-ын гэнэтийн шийдвэр болон коронавирусийг дотооддоо алдсан гэх мэдээллээр иргэд хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлснээр томоохон зах худалдааны төвүүд үнийн хөөрөгдөл үүсгэж эхлэв. Иргэдийн гомдол болон ШӨХТГ-аас хийсэн гэнэтийн шалгалтаар “Таван-Эрдэнэ”,“Хүчит шонхор” худалдааны төвүүд зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэсэн учир Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7-гийн 4.7 дахь үндэслэлээр тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн.
Торгуулсан хоёр захын нэг болох “Хүчит шонхор” ХХК-ыг шинээр томилогдон ажиллаж буй Монгол улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эзэмшдэг нь олон нийтийн дунд хэлэлцэх сэдэв болоод байна.
Түүнчлэн “Таван-Эрдэнэ”,“Хүчит шонхор” захууд нь ШӨХТГ-өөс илгээсэн торгуулийн хуудастай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгааг доорх зургаас харж болно.
Иймд бид уг торгууль болон тухайн захуудад үүссэн зөрчлийн асуудлуудыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулав. Тэрбээр хэлэхдээ:
“Хүчит Шонхор худалдааны төвтэй холбоотой махны үнэ нэмэгдсэн гэх 260, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн гэх 46 гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Иймд бид тухайн мэдээлэлтэй холбоотойгоор тухайн өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн ажиллаж эхэлсэн. Учир нь тус төвийн бөөний төвүүд шөнө 03.00 цагаас нээдэг. Тухайн захын хувьд комиссын шийдвэртэй холбоотойгоор өглөөнөөс эхлэн махны зохиомол үнийг хөөрөгдлийг бий болгосон. 6000 төгрөгөөр зарагдаж байсан махын 8000 төгрөгөөр зарж байсан. Ялангуяа махны хувьд манай улсад хүнсний нөөц, боломж хангалттай байгаа учир үнэ нэмэгдэх шалтгаангүй.
Иймд бид үнийг хэвийн хэмжээнд барьж, үнийг буулгасан байгаа. Торгуулын хуудас хүргүүлсэн компаниудын хувьд ШӨХТГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Бид шаардлагаа хүргүүлсэн. Тэд хариу гомдлоо прокурор, шүүхийн байгууллагад гаргах эрхтэй учир хэрэв гомдол гаргавал хэрэг шийдвэрлэлт шүүхээр таслагдах юм. Ер нь торгуулын арга хэмжээг хүлээн зөвшөөрдөг компани, аж ахуй нэгжүүд маш ховор байдаг. Ямар нэгэн байдлаар л торгуулийн арга хэмжээ шүүхээр таслагддаг. Ард иргэдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор үнэ нэмсэн хоёр ч байгууллага үнэ нэмсэн зөрчлийг гаргасан. Тухайн компаниудын мэдээллийг удахгүй олонд зарлах болно” гэх мэдээллийг өглөө.
Хэдийгээр "Хүчит шонхор” захад махны үнэ нэмэгдсэн нь худалдаа эрхлэгч, лангуу түрээслэгчдэд хамаарах асуудал хэдий ч, үүсээд буй нөхцөл байдлыг ойроос харж, ажиллаж буй эрхэм өнгөрсөн өдрүүдэд чимээгүй суух нь хэр оновтой вэ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхны хувьд улс оронд тогтсон хорио цээрийн дэглэм хийгээд үнийн хөөрөгдөлд хяналт тавих, цаашлаад иргэдэд тулгарч буй зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх учиртай хүн. Гэтэл түүний эзэмшил бүхий зах, худалдааны төвд ийм зөрчил илэрсэн нь иргэдийн харамслыг төрүүлж байх шиг. Үүгээр зогсохгүй ШӨХТГ-аас тавьсан торгуулийг төлөхгүй хэмээсэн нь хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэхгүй байх УОК-ын шийдвэрийг няцааж буй гэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.