“Сэлэнгэ аймагт халдвар авсан 11 настай хүүхэд 74 настай тээгчтэй хавьтагч болоогүй”

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Онцгой дэглэмийн үед Дархан-Уул аймагт тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгж, газрын тосны үйлдвэрлэлээс бусад арван төрлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь. Гэхдээ тусгай горимын дагуу цагийн хуваариар ажиллах ба шаардлагатай үед гэрээсээ ажиллах юм байна.
Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргалын мэдээлснээр, өнөөдөр 12:00 цагийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 5202 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Мөн PCR шинжилгээгээр 450 иргэнээс сорьц авахад сөрөг буюу Covid-19 илрээгүй байна. Сэлэнгэ аймагт халдварын голомт илэрсэн тул эрсдэлтэй бүс нутагт Дархан-Уул аймаг хамарч байгаа учраас ийнхүү шинжилгээ хийсэн гэлээ.
Мөн тэрбээр “Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Сэлэнгэ аймаг руу явж буй махны худалдаа эрхлэгчид болон хүнсний нийлүүлэлтийн худалдаа эрхлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах шийдвэр гаргалаа. Дархан-Уул аймагт дотуур байранд 749 оюутан байна. Бид хүн амын 10 хувийг шинжилгээнд хамруулахаар зорин ажиллаж байна. Зөвхөн өчигдрийн байдлаар 4500 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай түргэвчилсэн оношлуурууд хүлээн авч, 5000 гаруй иргэнд шинжилгээ хийж дуусгахаар ажиллаж байна. Энэ нь хүн амын 10 хувь боловч ар гэрийн хүмүүсийг нь тооцвол 30-40 хувь болж байгаа юм. Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарч байгаа нь сайн мэдээ боловч иргэд та бүхэн тайвширч болохгүй. Өнөө өглөөний мэдээгээр Сэлэнгэ аймагт халдварын дахин нэг тохиолдол илэрсэн. Энэ нь тус аймаг халдвар тээгч голомт бүс нутаг болсон тул зэргэлдээх Дархан-Уул аймаг ч бас маш өндөр эрсдэлд орж байна.
Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд тус аймагт анх бүртгэгдсэн тохиолдолтой хавьтал болоогүй. Шинэ голомт байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс иргэд сонор сэрэмжээ сулруулж болохгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.