ТАХЛЫН ҮЕИЙН ХУУЛЬ: Хөл хориог зөрчвөл 7-30 хоног хоригдох эсвэл 500 мянгаар торгуулах хариуцлага хүлээнэ

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар хамгийн анх энэ оны гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэн. Энэ бол гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байв. Түүнээс хойш саяхныг хүртэл халдварыг хүн ам дундаа алдалгүй, ХӨСҮТ-д барьж ирсэн билээ.
Цаг үе өөр мөчлөгт шилжиж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ч халдвартай нь батлагдсан ачаа тээврийн жолоочийн кэйс дэгдэж, улс даяар сэрэмж, түгшүүрийн байдал бий болоод буй. Халдварыг газар авхуулалгүй хумьж тогтоохын тулд УОК тав хоногийн хатуу хөл хорио тогтоосныгоо өнгөрөгч ням гарагт дахин 14 хоногоор сунгах шийдвэр гаргасныг уншигчид мэднэ.
Өнөөдөр улс орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байна. Энэ бол гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдийн хамгийн эцсийнх гэдгийг өмнөх хуулийн тайлбараараа тайлбарлаж байсан.
ХҮНС ТЭЭВРИЙН АВТОМАШИНД 11 ХҮН НУУГДАЖ, НИЙСЛЭЛЭЭС ГАРЧЭЭ
Тэгвэл Нийслэл хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг зөрчих тохиолдол бүртгэгдсээр байгаа нь үүдэл сэдэв болов. Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотой хүнс тээврийн машины тээшинд нуугдах, нууц замаар зорчих тэргүүтэй зөрчил бүртгэгдэх болжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймагт оршин суудаг эмэгтэй Ховдын харьяат 10, Говь-Алтайн харъяат нэг, нийт 11 хүнийг хүнс тээврийн машинаар нууцаар тээвэрлэсэн зөрчил бүртгэгджээ. Мөн Хэнтий, Дундговь аймгуудад том оврын ачааны машинд нуугдан хөдөлгөөнд оролцсон гэх мэт 28 иргэнд холбогдох ийм зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдээд буй аж.
Үүнд ямар хариуцлага хүлгээлгэдэг талаар хуулийн заалтыг танилцуулъя. “Зөрчлийн тухай” хуулийн 5.13 дугаар зүйл буюу “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” гэсэн хэсэг хамаардаг. Үүнд коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотой 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан түр хуульд холбогдуулан өөрчлөлт оруулсан байдаг.
Тус 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй нөхцөлд 500 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл ноогдуулна гэж заасан. Хэрэв хуулийн этгээд бол 5 сая төгрөгөөр торгодог.
ХУУЛИЙН ЗААЛТ: 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАХ БУЮУ 7-30 ХОНОГ БАРИВЧЛАГДАХ
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.
Жич: Нэг нэгж нь 1000 төгрөг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.