НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Даарахын эрхэнд түлшээ авъя гэвч иргэдийн орлого хумигдаж, тэг зогсолт хийжээ

Монгол улс дотооддоо халдвар алдаагүй цорын ганц орноор өргөмжлөгдөж, тэр бүү хэл алдарт Геннисийн номонд бичигдэх нь гэж дэрвэж явсан цаг саяхан. Гэвч олон улсын ачаа тээврийн жолооч Д, түүний гэр бүл, хамаатан садан цаашлаад Сэлэнгэ аймагт халдвар авсан 74 настай эмээ, түүний бэр, хүүхдүүд гээд голомтлон тархсан олон тохиолдлуудыг хумих, халдварыг намжаахаар УОК-оос иргэдийг 14 хоногийн хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлээд буй.

-ИРГЭДИЙН ТҮЛШ ХУДАЛДАЖ АВАХ ЧАДВАР БУУРЧ, ЗЭЭЛЭЭР ӨГӨХИЙГ ХҮСЭХ БОЛСОН-

Хэдийгээр өнгөрөгч хоногуудад иргэдийн хөл хөдөлгөөн саарч, шалгалт эрчимжиж буй нь сайшаалтай ч, бизнесийн салбарууд танагдахын хэрээр ард түмний амьдрал уруудан доройтож буй нь нууц биш. Ялангуяа бараа бүтээгдэхүүн борлуулагч, хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэдийн хувьд орлогын үүсвэр нь тэг зогсолт хийсэн гэхэд болно. Наанадаж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнээс зээл авъя гэвч хаалттай учир аргаа барсан иргэд дэлгүүрийн өрийн жагсаалтыг зузаатгаж буйг бид өмнөх сурвалжилгаараа онцолж байв.

Харин энэ удаа гадаа хүйтрэхтэй зэрэгцээд түлшний цэгүүдэд олдоц хэр байгаа болон иргэдийн худалдан авах чадамж ямар түвшинд буй нөхцөл байдлыг сурвалжилахаар Сүхбаатар дүүргийн 11-р хороо Ногоон нуурын буудал буюу бидний хэлж заншсанаар Шинэ замыг зорьсон юм. Замдаа хэд хэдэн шахмал түлш борлуулах цэгүүдээр орсон ч ихэнх нь яриа өгөхгүй хэмээн татгалзав. Гэвч борлуулагчид нэг зүйл дээр санал нэг байсан нь ИРГЭДИЙН ТҮЛШ ХУДАЛДАЖ АВАХ ЧАДВАР БУУРЧ, ЗЭЭЛЭЭР ӨГӨХИЙГ ХҮСЭХ БОЛСОН ГЭВ.

Яалт ч үгүй түлш борлуулах компаниудын бизнес цэцэглэдэг улирал мөн ч, энэ удаа нийтэд дэлгэрээд буй цар тахлаас улбаараад хямралд өртөөд буй нь энэ аж. Арав алхахгүй түлшний цэгүүд харагдав ч, түлшээ авч буй иргэд өдрийн од шиг цөөхөн байх нь сонин. Ийнхүү бид Сүхбаатар дүүргийн 11-р хорооны сайжруулсан шахмал түлш худалдаалах 265-р цэгийн борлуулагчаас зарим зүйлсийг асуулаа.

-ЦАР ТАХАЛ ГАРСНААС ХОЙШ ИРГЭДИЙН ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ЧАДАМЖ БУУРСАН-

-Та энэ цэгийг ажиллуулаад хэр удаж байна вэ?

-Би хуучин түүхий нүүрс зарж байгаад ноднингоос эхлэн шахмал түлш борлуулж эхэлсэн.

-Цар тахалтай холбоотойгоор борлуулалттай холбоотой асуудал гарч байна уу?

-Ноднингийн хувьд бид нүүрсээ өөрсдөө савалж зардаг байсан. Энэ жилийн хувьд цаанаасаа бэлэн шуудайлснаар ирж байна. Тиймээс ч иргэдээс нунтагтай түлш ирж байна гэх гомдол ирдэг. Тиймээс би шуудайн дээрх утас руу нь залгаж, гомдлоо хэл гэдэг юм. Ноднин түлшээ өөрсдөө савладаг байхад тийм асуудал нэг их гардаггүй байсан.

-Таны цэгийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хашаа, байршлын л асуудал байгаа. Аль өнгөрсөн есдүгээр сард энэ урд харагдаж байгааг хашааг авчихсан, тэндээ нүүрсээ борлуулна гэж байсан юм. Гэтэл одоо болтол газрын асуудал нь шийдэгдээгүй байна. Би эгчийнхээ гэрийн хашааны гадаа л байршиж байна.

-Та ганцаараа ажилладаг уу, эсвэл хүмүүстэй ээлжилдэг үү?

-Би ганцаараа ажилладаг. Манай ах, эгч хоёр энэ ард амьдардаг. Өдөртөө эндээ ажиллаж байгаад орой 23.00 цаг гээд эгчийндээ ороод унтчихдаг.

-Хүнд шуудайтай нүүрс өргөх танд хүндрэлтэй байдаг уу?

-Хүндрэл гайгүй ээ. Би бүр залуу байхаасаа хүнд хүчир ажил хийгээд сурсан хүн. Зундаа барилгын хайрга, шороо зөөж өгдөг. Тиймээс нүүрс өргөх асуудал биш.

-ХҮЙТРЭЭД ИРВЭЛ, ЗУРГААН ШУУДАЙ НҮҮРС ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ-

-Иргэдийн худалдан авах чадвар хэр өөрчлөгдсөн бэ. Нэмэгдэв үү, багасав уу?

-Нэг их айхтар нэмэгдээд байсан юм алга. Иргэдийн худалдан авах чадвар муу байна. Ялангуяа цар тахал гарснаас хойш бүр муудсан.

-Нэг иргэн, нэг худалдан авалтаар ихэвчлэн хэдэн шуудай түлш авах вэ, тулгаад авдаг уу?

-Зургаан шуудай л нүүрс авдаг. Төр засгаас энэ тоогоо нэмэх хэрэгтэй санагдсан. Одоо хүйтрээд ирэхээр зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Одоо ч бараг зургаан шуудай нүүрс хүрэхгүй байна. Ядахдаа тоог нь найм болгох хэрэгтэй шиг санагдсан.

-Танай цэгээс аль хэсгийн айлууд худалдан авалт хийх вэ?

-Манайхаас 11-р хорооны энэ орчмын айл өрхүүд л их борлуулалт хийдэг.

-Иргэдээс санал, гомдол хэр их ирдэг вэ?

-Сайжруулсан түлшний савлагаа, доторх нунтагтай холбоотой гомдол их ирдэг. Тэдгээр нь цаанаасаа тул тэгээд хэлээд явуулдаг.

-БОРЛУУЛАГЧДЫН ЦАЛИНГ ХАГАС САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ӨГӨХГҮЙ ХОЙШЛУУЛДАГ-

-Та бүхний ажилд цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ?

-Асуудал байлгүй яах вэ. Цалин мөнгөнөөс эхлээд цагтаа авч чадахгүй байна шүү дээ. Заримдаа хагас сараар хүртэл хоцроож цалин өгөх үе байна. Хэрэв цалингаа цаг хугацаанд нь аваад байвал ч асуудалгүй л дээ.

Ийнхүү бид борлуулагчтай хэсэг ярилцсаны дараа түлш авахаар усны тэрэг түрсээр ирсэн 30 орчим насны эмэгтэйтэй хэсэг ярилцав.

-Таны хувьд амьжиргаагаа хэрхэн залгуулж байна вэ. Хоол хүнс, түлшээ худалдан авахад бэрхшээл учирч байна уу?

-Би гэртээ бага насны гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Хоолны материалаа өдөрт бага багаар дэлгүүрээс авдаг. Дэлгүүр гаръя гэхэд гаргахгүй байна. Гудамжныхаа дэлгүүр рүү оръё гэхэд заавал бичиг баримт нэхэж байна. Би дэлгүүр орохын тулд заримдаа тэргээ түрээд явж байна.

-Та хэд хэдэн насны хүүхэдтэй вэ?

-Таван настай хоёр ихэр, хоёр настай нэг хүүхэд гээд нийт гурван хүүхэдтэй.

-Таны хувьд амьжиргаагаа хэрхэн залгуулж байна вэ?

-Ер нь бол би хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг. Хэрэв хоолны материал дуусвал, хүүхдийн мөнгө буутал аргалах шаардлага гарна. Дэлгүүрээс зээлээ тавиад л амьдарна.

-ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРТ 30-40 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ-

-Дэлгүүрт хэчнээн төгрөгний өртэй вэ?

-Одоо бол 30, 40-өөд мянган төгрөгний өр бий.

-Цар тахлаас өмнө ч гэсэн та гэртээ, хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байсан уу?

-Тийм. Хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг.

-Нөөцийн мах худалдаалагдаад эхэлсэн байна. Таны хувьд махаа авч чадсан уу?

-Үгүй. Тийм мах авах нь миний хувьд бол боломжгүй. Би бол бага, багаар л хүнсний зүйлсээ авдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд учир мэдээж хичээлийн хэрэглэл, бусад зардал гарна. Одоо бол яах вэ хичээл нь орохгүй хаагдаад байна л даа.

-Хөл хорио цаашид сунгагдвал, таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

-Миний хувьд бол маш их нөлөөлнө. Байдал хүнд болох байх.

-Таны хувьд хүнсний талон ч юм уу, улсаас авдаг халамж бий юу?

-Хүнсний талонд намайг манай хорооноос оруулаагүй. Оръё гээд нэг хөөцөлдөж үзэхэд, харьцангуй бага хэрэглээтэй гэсэн шалтгаанаар оруулаагүй. Өрх толгойлсон ээжийн мөнгө улиралдаа нэг авдаг байж байгаад хасагдсан.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-18 09:08

Төрийн ц�##�ин авч шагнуулаад бгаа хүмүүс ажлаа хийх нь зүйн хэрэг 5 төгрөг олж өдрийн хоолоо олдог хүмүүс эхнээсээ хөлдөж, турж үхэх аюул нүүрлэлээ Зээлтэй түрээстэй хүмүүс юу ч үгүй болж гудамжинд гарах нь

Зочин
Зочин
2020-11-18 09:13

Яана даа яана. Ийм чанаргүй нүүрс зарахаа ядаж болиоч. Тэр компани ! Нунтаг юм с�##�влаж зараад ! Монополдож байж ингэж болохгүй чанар нэн тэргүүнд тавигдах шаард�##�ага !

Зочин
Зочин
2020-11-18 10:09

ӨРХ толгойлсон эх хүнсний т�##�онд хамрагдаагүй гэхээр, тэр т�##�онд хэн хамрагдаад байгаа юм вэ?

ах ламаас
ах ламаас
2020-11-18 12:00

Жинхэнэ хүйтэрэхээр яана даа Одоо бол харьцангуй гайгүй байх шиг

Зочин
Зочин
2020-11-18 19:12

Хөгшчүүдэд нэмэгдэл энэ тэр �##�га уу? Яадахнаа хүнсний т�##�он ч өгчихгүй юм.350000 ийн тэтгэвэртэй бяд чинь үнэхээр хэцүү болж байнадаа ТӨР ЗАСАГ МИНЬ

Зочин
Зочин
2020-11-18 19:13

Хөгшчүүлдээ нэмэгдэл энэ тэр �##�га уу? Ядахнаа хүнсний т�##�он ч өгчихгүй юм.350000 ийн тэтгэвэртэй бяд чинь үнэхээр хэцүү болж байнадаа ТӨР ЗАСАГ МИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button