НИЙГЭМ

Тэдний “Байлдаантай кино”-ны ярианаас БУУРАЙ ИРГЭД юу ч олж ДОЛООСОНГҮЙ

Засгийн газар хуралдаж дуусаад мэдээлэл хийв. Хөл хорио, цар тахлын үеэр эдийн засгийг дэмжих чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ танилцуулах нь урьдчилан тодорхой болсон тул иргэд, олон нийтэд асар их хүлээлт үүсээд байлаа. Гэвч хүлээлт талаар болов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаар 23 шийдвэр гаргаснаа нэг бүрчлэн уншиж танилцуулахад Ипотек, ББСБ-ын зээлийн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж “болно” гэснээс өөр дорвитой зүйл сонсогдсонгүй. Яам, агентлагууд шуурхай хуралдаад шийдчихэж болох жижиг өнцгүүд дээр л ажиллажээ.

Гэтэл нэн ядуу айл өрхүүд хөл хорионы үед хоногийн хоолоо залгуулдаг хөдөлмөр эрхлэлтийн боломжоо алдчихсан, халаас нь дундарч, хөргөгч нь хоосорч эхэлсэн байдалд буй. Бидний сурвалжилсанчлан амьжиргааны орлого доогуур иргэд эдийн засгийн хувьд “тэг зогсолт” хийж, цаашдаа яана даа гэж санааширч суугаа. Харин Засгийн газар эл чухал хуралдааны шийдвэрээрээ тэдний хаалгыг тогшсонгүй, хөнгөн холуур нисээд өнгөрлөө.

Энэ хүнд үед төр тэдэнд л хүрч ажиллах учиртай. Харж үзэх хүнгүй орхигдсон иргэдээ цар тахал, хөл хорионы үед өөрсдөө учраа олчихно гэсэн шиг орхисон нь гайхаш төрүүлэв.

Цаг хугацаа өнгөрөх тусам л буурай өрхүүдийн амьдрал дордоно. Засгийн газар тэдэнд хүрч ажиллах чиглэлд бодлого ярьсангүй. “Бид бүслэгдсэн байсан, одоо гардан тулаанд орлоо” гэхчлэн байлдаантай кино шиг сүржин ярианаас нь нэн ядуу айл өрхүүд юу ч олж долоосонгүй үлдлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button