НИЙГЭМ

Назгайрлаас л үүдэж халдварыг алдсан билээ, ХӨЛ НЬ ХОРИГДДОГГҮЙ иргэд ээ

Өчигдрийн /2020.11.18/ 17.00 цагийн ЭМЯ-ны хурлаар 18 шинэ халдвар зарлав. Одоогоор баримтлах албан мэдээлэл бүхий тоогоор хүн ам дундаас бүртгэгдсэн халдварын тоо 39 байна. Тэдний 15 нь Улаанбаатар хотод, 13 нь Сэлэнгэ, дөрөв нь Дархан-Уул, нэг нь Говьсүмбэр аймагт тус тус бүртгэгджээ. Удахгүй 11.00 цагаас ЭМЯ дахиж хэдэн халдвар нэмж зарлахыг таашгүй.

Нөхцөл байдал сүүлийн хоёр өдөр улам ноцож, нэг ёсондоо бид халдварыг алдчихсан, алдчихаад барих гэж элдэн хөөж буй нь ойлгомжтой болчихлоо. Нөгөөтээгүүр хөл хоригдоод яг долоо хонож байна, бид. Эхлээд хоёр гурван эмч, эмнэлгийн ажилтан, нэг ачаа тээврийн жолоочийн асуудал яригдаж байсан бол одоо 39 гэдэг тоо нийслэлээс гадна гурван аймгийн хүрээнд эргэлдэх болов.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, үүнийг улам чангатгасныг нийслэлчүүд мэднэ. Дархан-Уул аймгийн тухайд иргэдээ гэрийнх нь хаалгаар ч гаргахгүй, жинхэнэ хөлийг нь хорьж буй сураг дуулдана. Нийслэлчүүдийн хөл л харин нэг л хоригдож өгдөггүй ээ.

Өглөө гараад л автобусанд суувал шахцалдана. Эхлээд хүн хооронд  нэг суудал алгасаж, хориглох тэмдэг наагаад байсан бол одоо зүгээр л энгийн үе шиг нэг нэгнээ шахаж, шахцалдаж автобусаар зорчиж байна. Орой гараад алхвал зам дагаад автомашины түгжирч зогссон цуваа тааралдана. Тэр бүү хэл хоорондоо мөргөлдөж, шүргэлдэж зав тээврийн осол аваар гаргана. Ийм тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэж байх юм.

Шинэ коронавирусийн халдвар нэгэнт хяналтаас гарчихвал өдөрт хэдэн зуун тохиолдол илэрч эхлэх боломжтой. Эрсдэлийн үнэлгээгээр 3 мянга гаруй хүн даруй халдварлана гэж гарсан. Үүний хэрээр хөл хорио улам чангатгагдаж, хугацаа нь улам л сунана. Тэр хэрээр хувь хүмүүсийн тэвчээр хавчааргүй зангийн биш улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал яригдаж эхлэх болно.

Долоо хоног хөл хоригдоход л хувийн хэвшлийн ААН-үүдийн орлого ямар ихээр өм цөм тасарч, хоосорч байгаа гэж санана. Өдөртөө гарч, гар хөлийн үзүүрийн ажил хийж орлогоо залгуулдаг иргэд хөл хоригдчихоор амьжиргаа нь хүндэрч, халаас хөргөгч хоёр нь хоосорч эхэлсэн.

Иймд нөхцөл байдлыг хоёр долоо хоногийн хөл хорионы хугацаанд хяналтад авч, барьж чадах боломжийг албаны хүмүүст олгоод, өөрсдөө гэртээ дуулгавартай, тэвчээртэй, ухамсарт хүний ухаан зааж суух шаардлага үүсээд байна. Нэгэнт назгай, тоомжиргүй байдлаас л үүдэж бид коронавирусийг дотооддоо алдчихаад буйг санууштай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button