ДЭЛХИЙ

ТУРШЛАГА: Японы үйлчилгээний газрууд цар тахлын үед ХЭРХЭН АЖИЛЛАЖ байна вэ

Монголын нөхцөлд зайлшгүй авч хэрэгжүүл гэж тулгах, тэдэн шиг бай гэж ихэрхэхээс илүүтэй авах гээхийн ухаанаар хандаж, бусад улсын туршлагыг мэдээлэх зорилготойгоор дараах бичвэрийг буулгав. Яг одоо Япон улсад covid19-ийн гурав дахь давалгаа эхэлсэн гэж үзэж буй учир нь сүүлийн долоо хоногийн турш нэг өдөрт 2000 ба түүнээс дээш хүн халдвартай хэмээн бүртгэгдэх болсонтой холбоотой. Covid19 гарснаас хойш Япон улсад нэг өдөрт бүртгэгдсэн халдвартай хүний тоо түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа нь энэ юм.  

Ийм үед Япон улсын үйлчилгээний газрууд хэрхэн үйл ажиллагаа явуулж буй талаар товч дурдахад:  

ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ 

Япон улсын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Гурав ба түүнээс бага насны хүүхдүүд цэцэрлэг гэхээсээ илүүтэй хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг цэцэрлэгт явна. Энд хүүхдүүдийг цэцэрлэгийн гаднаас багш нь аваад, халууныг нь хэмжиж оруулна. Эцэг эх цааш орохгүй. Энгийн үед эцэг эх дотогш орж, хүүхдийн гутал хувцасыг тайлж, шүүгээн дэхь солих хувцас, эдлэл зэргийг шалгах үүрэгтэй байдаг. Ингэхдээ хүүхдийг цэцэрлэгийн гаднаас авах хаалга ч пластик хөшгөөр тусгаарлагдсан байдаг бөгөөд хүүхэд авахаар гарч ирэх багш пластик хөшигний цаанаас эцэг эхтэй харилцаж байгаа ч пластик нүүрний хаалт, амны хаалтыг давхар зүүсэн байна.  

Гурав ба түүнээс дээш насны хүүхдүүд явдаг цэцэрлэгт эцэг эхчүүд мөн л цэцэрлэгийн гадна хүргэж өгөөд бие даах чадвартай болсон хүүхдүүдийг цэцэрлэгийн үүдэнд халууныг нь хэмжиж, цааш нэвтрүүлнэ.  

Эцэг эхчүүд өглөө бүр хүүхдийн халууныг шалгаж, эцэг эх болон багшийн хамтран хөтөлдөг, өдрийн тэмдэглэл дээр бичиж, баримт үүсгэн явна. Цэцэрлэг дээр өглөө нэг, өдөр нэг удаа буюу нийт хоёр удаа хүүхдийн халууныг хэмжиж, дэвтэрт нь тэмдэглэнэ.  

Хүүхдүүд цэцэрлэг дээрээ маск зүүхгүй. Гурваас бага насны хүүхдүүдийг эрсдэл бага гэж үзэж буйн дээр маск зүүх зуршилд суралцах хараахан чадваргүй гэж үзэн маск зүүлгэхгүй гадуур явах нь элбэг байна.  

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 

Японы ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн зургаа, долоодугаар сараас энгийн хуваарьт шилжиж эхэлсэн тухай мэдээ байна. Үүнээс өмнө онлайнаар хичээл орж байсан бөгөөд энгийн хуваарьт шилжихдээ ч хагас онлайн, хагас танхимын сургалт орох байдлаар зохицуулж байж. Өөрөөр хэлбэл, сургуулиас гаргасан хуваарийн дагуу өглөө нэг ангийн тал сурагчид ирж танхимд суух бол үлдсэн сурагчид нь “zoom” апп ашиглан гэрээсээ суралцана. Харин өдрийн ээлжинд гэрээсээ суралцаж байсан хүүхдүүд ирж, танхимын сурагчид гэртээ буцна. Ингээд хүүхдүүд танхимд 3-4 цаг л сууж байгаа боловч нэг өдөрт зургаан цагийн хичээлээ бүтэн үзэж байв.  

Ширээнүүдийн голд зоосон утсаар сурагчдад онлайн дамжуулж байна

Зарим бага сургуулиуд хүүхэд бүрийн ширээнд тусгаарлах пластик хаалт хийсэн харагдана. Нэг бүрийг нь 10 доллараар үнэлэх энэ пластик хаалт бага насны сурагчдад илүү хэрэгтэй.

Учир нь тэд юмны учрыг томчууд шиг сайн ойлгохгүй учир чанга ярих, орилолдох зэргээр шүлс үсэргэх аюултай. Ийм ангид тараах материалыг зөвхөн багш тарааж, дор бүрд гараа ариутгах бол сурагчид бүгд масктайгаа сууж хичээлд оролцож байна.  
Хэсэг хугацаанд хөл хорионд байсан сурагчид энгийн хуваарьт орж хичээлдээ явж эхлэхэд бие физиологийн хувьд тамир тэнхээ, хөдөлгөөний чадвар муутай болсныг тэд тогтоожээ. Тодруулбал, биеийн тамирын хичээлд орсон 800 гаруй хүүхдээс судалгаа авахад 30 гаруй хувь нь биеийн хөгжил нь муудсан, хөдөлгөөний чадвар алдагдсан, тухайлбал, гүйж чадахгүй болсон байх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Иймд биеийн тамирын хичээлд ач холбогдол сайн өгөх, ингэхдээ маш бага түвшнээс эхлэх зэргээр зохицуулж байгаа аж.  
Мөн дэлхийн хамгийн хурдан Фүгакү нэртэй суперкомпьютероор зөвхөн нэг цонх нэг хаалгатай ч тэдгээр нь хоорондоо диагнал байвал ангид 40 сурагч суусан ч вирус тархахаас сэргийлж чадаж байна гэх симуляци /тоон шинжилгээ, тооцоолол/ хийсэн байна.  
Ер нь хүүхдүүдийг хоорондоо огт ярихгүй суу гэж дууг нь хорьж айлгахын оронд учир байдлыг сайн ойлгуулж, даван гарах аргыг илүүд үзэж байгаа тухай Японы хэвлэлд бичжээ.  

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА 

REUTERS/Kim Kyung-Hoon

Төрийн байгууллага covid19 ид гарч байсан үед ч ажиллаж байв. Ингэхдээ төрийн албан хаагчид бүгд амны хаалттай, пластик нүүрний хаалттай байснаа сүүлийн үед пластик нүүрний хаалтыг зүүхээ больсон байна. Мөн үйлчилгээ үзүүлэх цонхнуудад пластик хөшиг татаж, гараар материал солилцохыг бодолцон тал хэсгийг нь онгорхой үлдээсэн байдаг. Үйлчилгээ үзүүлж буй ширээ болгон дээр гар ариутгагч байх бөгөөд иргэд ихэвчлэн өөрсдийн үзгийг авч ирэн үйлчилгээ авч байгаа харагдана.  

Төрийн байгууллагууд гэлтгүй бусад газруудад ч олон нийтэд зориулан тавьсан сандалнуудыг “social distance” баримтлан, нэг сандал алгасаад суух хэлбэрээр зохицуулж, сануулах бичиг наах, суух боломжгүй болгон баглах зэргээр хязгаарлажээ. Мөн цахилгаан шат, дараалалд зогсох газруудад хүмүүсийг хаана хаана зогсох ёстойг зааварчилсан хөлийн мөр бүхий наалтууд хаа сайгүй харагдана.  

БАНК 

Ялгаагүй, төрийн байгууллагатай ижил журмаар ажиллаж байна. Дүрэмт хувцас, амны хаалт болон хэрэглэгч, банкны ажилтан хоёрыг тусгаарлах пластик хөшиг. Орж ирэхдээ хэрэглэгч гараа ариутгасан байх бөгөөд үйлчилгээ авсныхаа дараа гарч явахын өмнө мөн гараа ариутгана.  

ХООЛНЫ ГАЗАР, УУШИЙН ГАЗАР 

Хоолны газруудын гол онцлог бол хүн зайлшгүй амны хаалтаа авч байж үйлчлүүлэх болж байгаа юм. Иймд тун эрсдэлтэй газарт тооцогдоно. Гэвч хоолны газрууд бол бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөл, эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа төлөөллүүдийн нэг яах аргагүй мөн.

Иймд хоолны газруудыг эрсдэлтэй, халдварын голомт болж байна гэдэг шалтгаанаар шууд хаах нь олон хүний амьжиргаанд шууд нөлөөлөх тул тийм шийдвэр гаргасангүй. Эсрэгээрээ, уналтад ороод буй хоолны бизнес, аялал жуулчлалын салбарыг Засгийн газраас дэмжихээр дотоодын аялагчдад зориулсан хөнгөлөлттэй багцуудыг ч гаргаад байгаа юм.  

Гэхдээ л хоолны болон уушийн газрууд, ялангуяа орой ажлаа тараад орж шар айраг уун, хооллож, алжаалаа тайлж суудаг газруудаар халдвар тархах нь ихэссэн тул энэ сараас Токиогийн захирагч таван “小” буюу таван жижиг гэсэн ханз бүхий сэрэмжлүүлгүүд түгээж байна. Токио хотын захирагч хэлэхдээ гадуур хоол идэж, ууж суухдаа цөөн хүнтэй газар байя, богино цагаар суугаад гаръя, ойр ойрхон гараа угаая, жижиг тавгаар хооллоё, аяархан ярья гэсэн нь бүгд бага, жижиг, богино гэсэн утгыг илэрхийлж буй юм.

ЭМНЭЛЭГ 

Манай гэр бүл өнгөрсөн нэг жилийн хугацаанд таван төрлийн эмнэлгээс үйлчилгээ авсан байна. Энэ бүх хугацаанд эмнэлгүүд урьдчилан цаг авах үйлчилгээг сайтар мөрдөж байв. Угаас covid 19-өөс үл хамаараад Япон хүмүүс цаг төлөвлөлтөд нарийн ханддаг, цаг авах үйлчилгээ нь хэвшчихсэн байдаг. Ингэж өөрийн хуваарьт цагт ирж үйлчлүүлснээр хүний бөөгнөрөл үүсэхгүй учир эмнэлгийн байгууллагын аюул тун бага.  

Мэдээж үйлчлүүлэгчид ялгаагүй л маскаа зүүж, гараа ариутган нэвтрэх бол эмч, мэргэжилтнүүд, хүлээн авах хэсгийн ажилчид ч шаардлагатай тохиолдолд нэг удаагийн бээлий, шаардлага бага бол амны хаалтаа зүүн пластик хөшигний цаана сууна.

Үүнд: халдвар судлалын эмнэлгүүд хамаарахгүй.

ДЭЛГҮҮР - ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Дэлгүүрт орохын өмнө гараа ариутгаж, дэлгүүрийн сагс болон түрдэг тэргээр чөлөөтэй үйлчлүүлж буй дүр зураг хэвээр л байна. Томоохон худалдааны төвүүдийн брэнд дэлгүүрүүд орох хэсэгтээ өөрийн нүүр царайг ойртуулах төдийд халуун хэмждэг апп суулгасан утаснууд байршуулсан байх бол зарим нь халуун хэмжих л үүрэгтэй ажилтныг зогсоосон байх жишээтэй. Түүгээр зогсохгүй орж буй хүмүүсийн гар руу ариутгагч цацах үүрэгтэй ажилтан ч байх нь бий.  

Зарим дэлгүүрүүд өөрсдийн талбай, квадрат метрээс шалтгаалан дотор байх хүний тоог тогтоон, гадаанаа үйлчлүүлэгчдийг зай бариулан дугаарлуулсан харагдана. Зарим нь ч шахдалцаж шавааралдаад ажиллаж л байна.  

Тэд вирусээс үл хамааран ингэж дугаарлаж сурсан байдаг

Дэлгүүрийн худалдагчид бэлэн мөнгөтэй харьцаж буй тул нэг удаагийн бээлийтэй, амны хаалттайгаар пластик хөшигний цаанаас үйлчилгээ үзүүлнэ. Харин зоосон мөнгө, бэлэн мөнгийг худалдагчийн гараас хүлээн авч буй хэрэглэгч гараа хэрхэх нь өөрийнх нь дур болно. Ариутгах уу? эс ариутгах уу... гараа ариутгах хүртлээ юунд хүрч болох вэ, бас болохгүй вэ...

Япон дахь үйлчилгээний байгууллагуудын нийтлэг төрх иймэрхүү. Орхигдуулсан зүйлс мэдээж бий, бүгдийг нэг бүрчлэн тоочих боломжгүй. Эсвэл “зарим нь, заримдаа” гэдэг тодотголуудыг зарим газарт дутуу авсан байж болно. Зарим гэж тодотгоогүйгээс болоод зарим хүн “тийм биш, ийм биш” гэх нь олонтаа. Гэвч 120 сая гаруй хүнтэй улсын зарим сургууль, зарим цэцэрлэг, зарим дэлгүүр, зарим банк нь өөр стандарттай ажиллаж байхыг ч үгүйсгэхгүй.  Мөн эдгээр туршлага Монголд зохино эсвэл зохихгүй тухай ярьсангүй.

Энэ мэтээр үйлчилгээний байгууллагуудын бүгдийнх нь орох, гарах хаалган дээр том савалгаатай гар ариутгагчууд байна. Мөн дээрх бүх газрууд зөвхөн масктай хүнд үйлчилнэ гэсэн зарлалуудыг бичиж наажээ. Нийтийн тээврүүд, метро, автобус гээд цонхоо хэсэг хэсэгт 10 см онгойлгож, өглөө оройдоо, буудлууд болон кабинаа спирттэй ариутгагчаар цэвэрлэж байгаа.  

[Photo via Newscom]

Гэвч энэ бүх хамгаалалт, дэглэмээс илүү бүх зүйл хувь хүнээс шалтгаална гэдгийг тэд ухамсарлажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button