СПОРТЯрилцлага

Д.Мөнхбаяр: Монгол Улсын төлөө зүтгэж явснаараа эцсийн амьсгалаа хураатал бахархана

Олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны анхны эмэгтэй тамирчин, олимпийн хошой хүрэл медальт , Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяртай 2017 оны есдүгээр сарын 14-нд хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд дахин хүргэж байна.

Монгол хүн буудлагын спортын төрлөөр олимпоос медаль хүртсэний 25 жилийн ой энэ онд тохиож буй. Эл түүхэн амжилтын эзэн, олимпын медальт Монголын анхны эмэгтэй тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаярыг зочноороо урилаа. Манай улсын буудлагын спортоос мэндэлсэн дэлхийн анхны аварга, Ази, Европын дэвжээнд түрүүлсэн ховор амжилтын эзэн гээд анхны гэх тодотгол бүхий амжилтынх нь талаар бичвэл цаг, цаас нэлээд орох гавьяат маань “Барселона-1992”-оос медаль хүртсэнийхээ 25 жилийн ойд зориулан эх орондоо олимп, дэлхийн медальтнуудын халз тэмцээн зохион байгуулах, гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэхээр Монголд ирсэн юм.

Зах зээлийн ороо бусгаа үед Монголын буудлагын спортын нүүрийг ганцаараа тахалж явсан түүнтэй уулзахаар холбогдоход утасныхаа дуудлагыг хүлээж авсангүй, цахим хаяг руу нь захидал бичсэн ч “харсан” мөртлөө хариу бичсэнгүй. За даа, ярилцах хүсэлгүй юм байлгүй гэж бодож байтал нэлээд оройхон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар “Гавьяатаас ярилцлага авахаар хөөцөлдөж байгаа гэж сонслоо. Маргааш 13.30 цагт хүрээд ир. Гайгүй юм хийнэ шүү, асуултаа сайн бэлдэж, судлаарай” гэж үүрэгдэв.

Санасан ажил бүтсэнд баярлахын зэрэгцээ “Нээрэн тааруу ярилцлага хийвэл яана аа” гэх айдас төрснийг нуугаад яах вэ. Д.Мөнхбаяр гавьяатын талаар сайн мэдэх спортынхон, салбарынхаа томчуудаас нэлээд асууж, ярилцлагадаа хэрэндээ бэлтгээд очлоо.

Товлосон газраа очих нь ээ гавьяат ирээгүй байв. Тэгж байтал Сато ах ирж “За ашгүй ирчихсэн байгаа юм уу. Гавьяат сая ярилаа.Түгжрэл дунд орчихсон явна гэнэ. Хоцорсонд уучлаарай гэж уламжлаарай гэсэн шүү” гэв. Ойролцоогоор цаг хагас хүлээсний дараа Д.Мөнхбаяр “За ёстой уучлаарай. Өнгөрсөн жил ирэхэд арай ч ийм байгаагүй. Энэ намар замын түгжрэл бүр нэмэгдчихэж” хэмээсээр ирсэн юм.

Эрч хүч дүүрэн, залуу сэтгэлгээтэй тэрбээр “Эх орондоо ирсний дараа ямар хэвлэл, сэтгүүлчид ярилцлага өгөх вэ гэж нэлээд эргэлзэж байтал Сато ах над руу залган танай сонинд ярилцлага өгөхийг зөвлөсөн юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл яриагүйг ярьсан, хэлээгүйг хэлсэн болгоод биччихдэг. Түүнээс нь болж хүмүүст буруу ойлголт төрүүлсэн тохиолдол нэг бус. Одоо бүр тэгэх вий гэж эмээдэг болчихож” хэмээснээр бид ярилцлагаа эхэлсэн юм.

Түүхэн өдөр, түүхэн амжилт, түүхт Д.Мөнхбаяр - Өдрийн Тойм

-Сайн явж ирэв үү, та. Юуны өмнө олимпоос медаль хүртсэний тань 25 жилийн ойн мэнд хүргэе. Буудлагын спортоор монголчууд бид олимп, ДАШТ-д өндөр амжилт гаргаж чадахыг нотолж, анхны жимийг нь гаргасан гавьяатан, та.

-Баярлалаа. Налгар сайхан намрын улиралд эх орондоо жилийн дараа ирэхэд сайхан байна аа. Монголдоо ирэхээр сэтгэл сэргээд, нэг их амар амгаланг мэдэрдэг юм.

-Ойн хүрээнд олимп, дэлхийн медальт тамирчдын халз тэмцээн, үзэсгэлэн гаргах санаачилгыг Та хэрхэн хүлээж авсан бэ. Спортын хорхойтнууд ийм арга хэмжээ болоосой хэмээн хүсэн, хүлээж байсан нь лавтай.

-Тийм гэж үү. Барселоны олимпоос медаль авсны 20 жилийн ойгоор манай спортынхон цахимаар холбогдон, баяр хүргэхэд нь их догдолсон маань санаанаас ер гардаггүй юм. Өмнө нь ийм тэмцээн зохион байгуулахсан гэх бодол төрж байгаагүй ээ. Харин гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх юм сан гэж бодож байсан шүү. Тэмцээн, бэлтгэл гээд амжихгүй явсаар өдий хүрлээ. Үнэнийг хэлэхэд энэ жил гэнэт шийдсэн.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Сато (Ч.Отгонбаатар) ахтай өнгөрсөн өвөл холбогдох нь ээ “Ахын дүү зодог тайлчихлаа. Ирэх онд түүхэн амжилтын чинь 25 жилийн ой тохиох нь. Монголын спортын салбарт оруулсан хувь нэмрийг чинь бид мартах учиргүй. Ойгоо тэмдэглэн, эх орондоо алдарт тамирчдын халз тэмцээнийг зохион байгуулбал ямар вэ. Бүтэх, эсэхийг нь урьдчилан хэлэхэд бэрх ч санаснаар болбол гоё байхгүй юү” гэсэн.

Миний төлөө ийм сэтгэл гаргадаг ямар сайхан юм бэ гэж бодож, их баярласан. Бид хоёрын яриа биеллээ олж буй нь энэ. Ерөнхийдөө богино хугацаанд хөөцөлдөж байгаа гэхэд зохион байгуулалтын ажил олны хүчээр бараг жигдэрлээ.

-Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Сүүлийн 30 гаруй жил олимп, дэлхийн дэвжээнд эн тэнцүү өрсөлдөж, бие биенээ ирлэж яваа “акул”-уудын халз тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэн, “30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл” уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулна. Би өнөөгийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж, ямар замнал туулсныг мэдэхийг хүссэн хүн бүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээс тольдох боломжтой.

Тэмцээнд олимп, дэлхийн хошой аварга, Болгарын М.Гроздева, олимпын нэг алт, дэлхийн гурван удаагийн аварга, Сербийн Я.Шекарич, Гүржийн Н.Салукавадзе нарын шилдэг тамирчин Монголд ирж оролцох юм. Мөн манай улсаас надтай хамт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар онч сорино. Ц.Мөнхзулаас бусад нь олимпод зургаагаас дээш цэц сорьсон шилдэг. Бид сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд олимп, дэлхийн дэвжээнд эн тэнцүү өрсөлдөж, бие биенээ ирлэж яваа ч амьдрал дээр сайхан найз.

Тэд намайг хүндлэн их ажлынхаа хажуугаар зав гарган, Монголд ирж буйд нь олзуурхаж байна. Үүгээр дамжуулан буудлагын спортыг манай улсад сурталчлах зорилготой. Нөгөө талаар намайг өдий хүртэл дэмжиж, хурцалсаар ирсэн монгол түмэндээ барьж буй миний сэтгэлийн бэлэг юм.

-Монгол эмэгтэй олимпоос медаль хүртсэн төдийгүй манай буудлагынхан олимпын анхны медальтнаа өлгийдсөн “Барселона-1992”-ын тухай ярихгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцана уу.

-Зах зээлийн ороо бусгаа үед олимпоос медаль авсан тамирчны нэг нь, би. Дэлхийн цомын тэмцээнд оролцчихоод эх орон руугаа буцаж явтал “Монгол Улс картын системд шилжлээ” гээд л шуугиад байна. Би бүр гайхаад нэг хүнээс асуусан чинь “Бараа бүтээгдэхүүний хомсдолын улмаас өлсгөлөн нүүрлэсэн бололтой” гэсэн. Би төдийгүй надтай хамт явсан хүмүүс тэр хүний үгэнд итгээд онгоцонд үнэгүй тараадаг дүрдэг цай, цөцгийн тосноос зөндөөг аваад харьж билээ.

Амьхандаа гэртээ нөөцөлж байгаа нь тэр. Үнэндээ тухайн үед санхүүгийн хүндрэл хамгийн хэцүү нь байлаа. Тэмцээнд оролцохоор олон сарын турш бэлтгэл хийн, өнөө маргаашгүй явахын өмнө “Тэмцээний зардал бүтсэнгүй. Оролцохоо больё” гэх нь энүүхэнд. Барселоны олимпод оролцохоор эх орноосоо мордохын өмнө биднийг телевизийн ярилцлагад урьсан юм.

Хөтлөгч “За манай буудлагынхан олимпод ямар амжилт гаргахаар зорьж байна вэ” хэмээн асуутал Ц.Өлзийбаяр багш “Бид медаль авах зорилготой” гээд итгэлтэй нь аргагүй хариулчихдаг байгаа. Би золтой муужраад уначихаагүй. Ярилцлага дууссаны дараа багшаасаа “Яана аа, багш аа. Хэрвээ медаль хүртэж чадахгүй бол хэдүүлээ бангадуулна даа” хэмээн асуутал “Ингэж хэлэх ёстой байдаг юм аа” гэж байна. Одоогийнх шиг цахим ертөнц хөгжсөн байсан биш. Олон улсын буудлагын холбооны сэтгүүлээс л гол өрсөлдөгчдийнхөө нэр, зургийг харахаас цаашгүй байлаа.

Олимпоос өмнө дэлхийн цомын аварга шалгаруулах хоёрхон тэмцээнд оролцсон ч медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. За тэгээд олимпод оролцлоо. Шигшээ наймд шалгарсны дараа сандарч, тэвдэж байна гэж тоймгүй. Их сандарсан болоод ч тэр үү, дасгалаа давтаж байхад бүр бие чичрээд, сүйд болсон. Амьхандаа сандарч буйгаа өрсөлдөгч нартаа мэдэгдэхгүйн тулд бие халаалт бараг хийсэнгүй. Эхний таван сумаа буудсаны дараа бусад тамирчнаас өндөр оноо авчихлаа. Дараагийн таван сумныхаа эхний хоёрыг нь яаж, хэрхэн буудсанаа би лав мэдээгүй. Нэг мэдэх нь ээ, буудчихсан байсан. “Хүүе ээ, сая юу болчихов оо” гээд өнгөрөхөөс яах билээ. Дараагийн гурван сумаа буудсаны дараа дасгалжуулагч руугаа харсан чинь эрхий хуруугаа гозойлгож байна.

Ямар ч байсан дажгүй оносон бололтой. Тэмцээний дүн гарч, хүрэл медаль хүртсэнээ мэдэх мөч хэчнээн гоё байсан гэж санана. Хөл газар хүрэхгүй шахам баярлаж билээ. Бас болоогүй ээ амьхандаа гоё харагдчих санаатай Алтанцэцэг эгчээр үсээ самнуулаад шагналын тавцан руу алхсан. ОХУ, БНХАУ-ын тамирчинтай хамт хүрэл медалиа энгэртээ гялалзуулан, Төрийн далбаагаа мандаж байхыг харсан баярт мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Одоо ч гэсэн өчигдөр болсон мэт тодхон санаж байна. Яг тэр мэдрэмжийг Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэхдээ дахин мэдэрсэн. Ер нь би олимпоос дахин медаль хүртэх, өнгийг нь хувиргах бүр цаашлаад түрүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэсэн ч бүдэрсээр л байлаа. 16 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэхэд үнэхээр гоё байсан. Бас л үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн.

-Бээжингийн олимпоос Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, шагналын тавцанд хоёр монгол тамирчин зогсож байхыг харах сайхан байсан. Монгол, Германы төрийн далбаа зэрэг мандах мөчид танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ямар ч тамирчин амжилт гаргасныхаа дараа эхлээд зорилгодоо хүрлээ гэж өөрөөрөө омогшин, дараа нь эх орноороо бахархдаг болов уу. Олимпын тэнгэрт Монголынхоо Төрийн далбааг мандах мөчид О.Гүндэгмаагаараа бахархаж байлаа.

Мэдээж надад амар байгаагүй. Герман улс олимпын хүрэл медальтай боллоо гэж би баярлаагүй. Герман улсын иргэн болсон л бол германаар сэтгэж, Германыг бодно гэж юу байх вэ. Тухайн үед “Би чадлаа“ л гэж бодож, баярласан, бас уйлсан.

Яагаад гэвэл би хувь хүн, өөрийнхөө л хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээрээ амжилтад хүрсэн учраас тэр.

-Урд хөршид зохион байгуулсан болохоор монголчууд олноороо очиж, олимп үзсэн. Тухайн үед О.Гүндэгмаагаар бахархах, таныг өөр орны тамирчин гэх монголчуудын хандлага дарамт болсон уу?

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр бүх насны хүмүүст зориулан буудлагын сургалт  явуулна – updown.mn

-Бид хоёрт ялгавартай хандсан, эсэхийг би мэдэхгүй, мэдрээ ч үгүй. Буудлагын спорт чөлөөт, жүдог бодоход үзэгч цөөн. Байдгаараа орилж, шуугиж дэмжихгүй. Тэгэхээр тэмцээний үеэр болон дараа нь хүмүүс намайг хэрхэн хүлээж авсныг хэлэх аргагүй.

Бээжингийн олимпын үеэр Гүндэгмаагийн буу гацахад “Яана аа, буу нь гацчих гэж дээ” гээд их харамссан. Яг миний өмнө буудсан шүү дээ. Харахгүй, харамсахгүй байхын аргагүй. Би түүнийг түрүүлээсэй, олимпын аварга болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан.

Тухайн үед надад медаль хүртэх юм уу, түрүүлэх боломж нэмэгдлээ гэж ерөөсөө бодоогүй. Гүндэгмаа олимпын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүх эрсдэлийг тооцчихсон байсан болохоор буу гацахад сандраагүй” гэсэн байна лээ.

-Та Барселоны олимпоос хүрэл медаль хүртэхдээ эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархсан байх. Харин “Бээжин-2008”-д олимпын хошой медальтан болохдоо хэнээр, юугаар бахархсан бэ?

ОЛИМП ДЭЛХИЙН АВАРГУУДЫН ТЭМЦЭЭНД МУГТ Д.МӨНХБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ | Control.mn

-Би одоо ч өөрийгөө монгол хүн гэж боддог. Би чамтай эх хэлээрээ ярьж, ойлголцон, монголоор сэтгэж байна. Бээжингийн олимпод ч бас өөрөөрөө, монгол хүн болж төрснөөрөө бахархсан.

Би ийм сайхан газрын диваажинд мэндэлж, Төрийнхөө дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүлэн, монгол түмнээ баярлуулж явснаараа эцсийн амьсгал хураатлаа бахархана.

-Олимпоос хүрэл медаль хүртэн, дэлхийн аварга болж, төр, засаг ч амжилтыг тань үнэлэн Гавьяат тамирчин цол олгосны дараа яагаад иргэншлээ сольсон юм бэ.

Та энэ тухай өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа олонтаа ярьж байсан ч өнөөгийн залуус тухайн үед юу болсныг төдийлөн мэдэхгүй. Олон жил эргэлзэж, шаналан байж тийм шийдвэр гаргасан болов уу?

-Тухайн цаг үеийг өнөөгийнхтэй жиших, харьцуулахын аргагүй. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийн, өндөр амжилт гаргах боломж, итгэл дүүрэн байгаа мөртлөө гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй байх ямар хэцүү гэж санана. Төр, засаг, Буудлагын холбооныхноосоо “Санхүүгийн боломж алга. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо” гэх үгийг сонсохоос халгана.

Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Гэтэл би санхүүгийн боломжгүй, төрөөс дэмжээгүйн улмаас 1990, 1994 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ их харамссан. Тийм хүнд үед хэчнээн хүсэхгүй байсан ч иргэншлээ сольж, дэмжлэг сайтай өөр орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох бодол төрдөг юм билээ.

Ээж, эгч хоёрыгоо бараадан Унгар руу явах санаатай байлаа. Дур мэдээд шийдэж яаж зүрхлэх вэ. Ааваас асуухад “Би чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг нас барсны дараа л энэ талаар бодоорой” гэж загнасан.

-Аав тань 1994 онд нас барахад үнэхээр хүнд цохилт болсон байх.

-Би эхээс дөрвүүлээ. Намайг гурван настай байхад аав, ээж хоёр салсан юм. Буудлагын спорт гээд хичээлээ хоёрт тавьчихсан л болохоос би уг нь шаггүй сайн сурдаг байлаа. Спортоор хичээллэж эхлэхэд аав минь анхандаа дургүй байсан ч намайг амжилт гаргаасай гэсэндээ бүхнээ зориулсан. Маш ухаантай, тэвчээртэй, агуу хүн байсан.

Бурхан болсных нь дараа л их зовоож байснаа ухаардаг юм билээ. Одоо ч гэсэн хүмүүсээр аавынхаа тухай яриулах дуртай. Аавтайгаа уулзаж буй мэт санагдаад, сэтгэл тайтгардаг юм. Даанч аавыг минь мэдэх хүн өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа нь харамсалтай (уйлав).

Уучлаарай, хоёулаа юуны тухай ярилцаж байлаа. Аавынхаа тухай ярихаар өөрийн эрхгүй уйлчихдаг юм.

-Та Герман руу сурах зорилготой анх явсан юм билээ. Аав тань нас барсны дараа гадагшаа явах уу, болих уу гэх эргэлзээ тань шууд тайлагдсан уу?

-Тэгсэн. Ерөөсөө би аавдаа л хорогдож байсан юм. Аавыг өөд болсон тэр жил ДАШТ-д санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй нь нөхцөл байдлыг бүр дордуулсан. Охиныхоо аавтай үерхэж байгаад салчихсан юм. Тэгээд л дараа жил нь ой гаруйхантай охиноо тэврээд харийн орныг зорьсон доо.

Өөрийн тань хэлсэнчлэн Герман руу анх сурах зорилгоор явсныг зарим хүн мэддэггүй, иргэншлээ сольсныхоо дараа очсон гэж буруугаар ойлгодог юм билээ. Тэнд бүр таван жил сурсныхаа дараа Германы иргэн болсон шүү дээ. Харийн оронд сурч байхдаа нуруундаа ахадсан ачаа үүрч, бор зүрхээрээ зүтгэсэн. Үндэсний шигшээ багаас гарчихсан болохоор сурангаа хувийнхаа зардлаар тэмцээнд оролцдог байлаа.

Бэлтгэл, тэмцээний хажуугаар охиноо өсгөнө. Европт амьдрангаа олон улсын тэмцээнд оролцоход хавьгүй амар, санхүүгийн хувьд ч төсөр. Зарим оронд машин, галт тэргээр ч болов очоод, тэмцээнд өрсөлдчихнө. Цар хүрээтэй, чансаатай тэмцээнд амжилт гаргах тусам урамшин, бүр ч зүтгээд баймаар санагддаг юм билээ. Тэр хэрээр туршлагажин, ур чадвар ахиж байлаа. Хэдийгээр олимпоос хүрэл медаль хүртчихсэн байсан ч дэлхийн дэвжээнд онч сорьж үзэх хүсэл минь намайг зүгээр суулгадаггүй ээ. Олон жил хөдөлмөрлөснийх ДАШТ-ээс медаль хүртэж чадахгүй байсан ч хамаагүй ядахдаа өрсөлдөөд үзчих юм сан гээд л.

Хичээж байгаад 1998 оны ДАШТ-д оролцох болзол хангасан. Нэгэнт эрх авсных ганцаараа бус, багаараа оролцох гээд шуналаа. Тэгээд Д.Оюун, О.Гүндэгмаа хоёртой хамт багийн төрөлд өрсөлдөх санал тавихад дуртайяа хүлээж авсан ч нөгөө л санхүүгийн хүндрэл манай хоёрыг тойроогүй.

Цагийн зөрүүгээр Монголд есөн цаг болж байхад Германд 03.00 цаг болж байдаг. Шөнө дөлөөр босоод хамаг таньдаг, мэддэг, тусалж магадгүй гэж тооцоолсон байгууллагуудтай холбогдон О.Гүндэгмаа, Д.Оюун хоёрт туслахыг гуйлаа. Азаар Ц.Өлзийбаяр багшийн зардлыг намайг дэмжиж, ивээн тэтгэдэг байсан тухайн үеийн ХОТШ банк даахаар болсон. Тэр үед О.Гүндэгмаа байраа барьцаанд тавин, тэмцээний зардлаа босгосон гэдэг.

Тэгж ДАШТ-д цэц сорин, би дэлхийн аварга болж, бид гурав багийн төрөлд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Монголын спортын салбараас мэндэлсэн хоёр дахь дэлхийн аварга болсноороо бахархаж явдаг. Хэрвээ би Герман руу сурахаар яваагүй, тэнд очоогүй байсан бол 1998 оны ДАШТ-д оролцон, түрүүлж чадаа ч уу, үгүй ч үү.

Ер нь гадагшаа яваагүй байсан бол нэг их олон хүүхэд гаргачихсан, нөхөртөө зодуулаад л, юун тэмцээнд оролцох манатай амьдрах байсан ч юм бил үү. За наргиа шүү (инээв).

-Ер нь иргэншлээ солих саналыг та тавьсан уу, эсвэл Герман улс тамирчнаа болгоё гэж гуйсан юм уу?

-Хоёуланд нь тийм сонирхол байсан. Ганц дайчин ганцаардахгүй гээд л Германд сурангаа зүтгээд байлаа. Тэр хэрээр содон, тэдний анхаарлыг татаж байсан биз. Гэхдээ тэд “Монголын тамирчин байхдаа ямар амжилт гаргасан чинь бидэнд хамаагүй. Тэгж бэлтгэл хийн, тийм тэмцээнд амжилт гаргаж байж Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болзол хангана” гэсэн. Би ч зөвшөөрч, өнөөх хэдэн тэмцээнд нь оролцон, болзлыг нь хангачихлаа.

Үүний сацуу намайг хурдхан шиг тамирчнаа болгохын тулд шигшээ багтаа шууд авсан. Мэдээж тэд юу гэж алдахыг хүсэх вэ. Тэгээд л бүхнийг шинээр эхэлсэн. Германд таван жил амьдарчихсан байсан болохоор ямар нэг хүндрэл байгаагүй ээ.

Манайх шиг амбийц, арын хаалга, танил талын нөлөөгөөр хэн нэгнийг тэмцээнд оролцуулна, монгол гээд ялгавартай хандана гэх ойлголт тэнд байхгүй. Хэн шилдэг байна, түүнийг л сойдог.

-Германы иргэн болоход монголчууд таныг харамлаж, хайрласандаа “үзэн ядсан”. Үүний сацуу тухайн үед хүчтэй байсан шар сонинууд ч бахаа ханатал “балбасан”.

-Германы тамирчин болчихлоо гэх ганцхан өнцгөөс харан, эх орныхоо төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн хөдөлмөр, амжилтыг минь үгүйсгэхэд гомдмоор, харамсмаар санагддаг. Тухайн үед бараг шар сонин болгон өдөр бүрийнхээ дугаарт намайг ямар нэгэн хэлбэрээр мушгин гуйвуулж, гоочилж бичнэ. Өнөөхийг нь уншсан хүмүүс бахаа ханатал муулдаг байсан.

“Өдий хүртэл ингэж доромжлуулахын төлөө зүтгэсэн гэж үү” гээд бодохоор уйлмаар. Хаа байсан Германаас “Худлаа” гэж мянга хашгираад нэмэргүй. Сонссон ч тоохооргүй тийм аймар сөрөг хандлага, дарамт надад мэдрэгдэж байлаа. Мөнхбаяр Германы шигшээ багийн тамирчин болж, монгол хүн юу чаддагийг дэлхийд сурталчилж явна гэж бодох сөхөөтэй, сэтгэлтэй хүн тухайн үед байгаагүй.

Тэр үед залуу насны аагаар уурладаг, гомддог, бухимддаг байсан. Одоо бол хэр баргийн гүтгэлгийг тоохоо больсоон, бүр дөжирчихөж.

-Буудлагын спортоор амжилт гаргахад сэтгэл зүй их чухал. Тэр их дарамтыг даван, амжилт гаргахад амаргүй байсан нь мэдээж.

-Би үнэхээр их шаналсан, шархалсан. Эхний хэдэн тэмцээнд оролцохдоо Герман улсын шигшээ багийн өмсгөлийг өмсөж зүрхлээгүй, энгийн хувцастай өрсөлдчихсөн юм. Гэтэл тэмцээний дараа “Өө, энэ тамирчин чинь ямар гудамжинд явж байгаа юм уу. Яагаад Германы шигшээ багийн өмсгөл өмсдөггүй юм бэ. Манай улсыг үл тоож байна” гээд германчуудад шүүмжлүүлэх нь тэр.

Монголд болохоор бараг амтай болгон “Урвагч” гэж намайг ад үзсэн. Хэвлэл мэдээллээр ч больё, байя гэтэл балбасан даа. Хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тэмцээний үеэр сэтгэл санаа тогтворгүй бол амжилт гаргаж чаддаггүй юм билээ. Зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэснийхээ хүчээр л хүнд үеийг даван туулсан.

-Зургаан жилийн дараа Монголд ирэхдээ эмээж, түгшсэн үү?

Д.Мөнхбаяр: Би долоо дахь олимпдоо оролцоно

-Өмнөхөө бодоход намайг нэг их тоохоо больчихсон, монголчуудын сэтгэхүй ч нэлээд өөрчлөгдсөн байсан болохоор эмээгээгүй ээ. ДАШТ болохоос гурван долоо хоногийн өмнө Монголд ирсэн юм.

Хэдийгээр тэмцээн дөхчихсөн байсан ч Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойгоор эх орондоо ирж, наадам үзэхийг илүүд үзсэн. Түүнээс илүү жаргал гэж юу байх вэ.

-Г.Отгонцэцэг Казахстан улсын тамирчин болсныхоо дараа олимп, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ жил дахин гурван жүдоч Азербайжаны төлөө зодоглохоор боллоо.

Ер нь ингэсээр байгаад манай улс хамаг шилдгээ гаднынханд алдах вий гэж эмзэглэж явдаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би лав тэднийг буруутгахгүй. Тамирчны амжилт залуу насных. Манайханд нэг дутагдал бий. Байгаа үед нь хайрлаж, дэмжиж чадаагүй мөртлөө хүнийх, бусдынх болсных нь дараа харамсдаг, шүүмжилдэг.

Хэрвээ Г.Отгонцэцэг амжилт гаргаагүй бол өнөөдөр хэн ч, юу ч ярихгүй. Олимп, дэлхийн медальтан болсон нь түүний буруу биш байлтай. Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй гурван жүдочийн талаар хэн ч ярьж, шүүмжлэхгүй л байгаа биз дээ. Тэднийг амжилт гаргахаар нь шуугина, бахархахаасаа илүү атаархаж ярина, анзаарч байгаарай. Яадаг юм бэ, амжилт гаргах боломж эрэлхийлээд, бусад орны хараанд өртвөл яв, чад л гэж тамирчдад хэлмээр байна.

Ер нь цаашид манай улс топ тамирчдаа гадаадын оронд алдаж магадгүй.

-Монгол Улс спортын салбараа, тамирчдаа хангалттай хэмжээнд дэмжихгүй байна гэх шүүмжлэл спортынхны дунд ч бий. Та ер нь ямар дүн тавих вэ?

-Би Германд амьдарч байгаа болохоор яг тийм дүн тавина гэж хэлэхэд бэрх. Төрийн дэмжлэг, тордлого намайг Монголд байх үеийнхтэй харьцуулахааргүй нэмэгдсэн. Мэддэгээрээ би буудлагын спортын тухай л ярья. 1998 оны ДАШТ-д гуравхан тамирчин оролцох гэж хэчнээн юм болсон талаар би түрүүн дурдсан.

Өнөө цагт ДАШТ-д урт буу, гар бууны дасгалд л гэхэд олуулаа цэц сорьж байна. Төр, засаг үүнээс илүү яаж дэмжих вэ дээ. Харамсалтай нь тэдний дунд амжилтын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, зориод явж буй тамирчин хэд бол доо. Үүнд би үнэхээр харамсдаг, энэ талаар бодохоор уур хүрдэг. Миний үеийн тамирчид ямар хэцүү цаг үед бэлтгэл хийн, амжилтад хүрсэн билээ.

Гэтэл өнөөдөр олуулаа яваад ганзага хоосон ирж буй залуу тамирчдыг харахаар “Хайран цаг. Ингэж салгалж явахаар гадаад хэл ч болтугай сур, чаддаг юмаа хий” гэж хэлмээр санагддаг.

-Өнөө цагт Монголын буудлагын спортын нүүр царайг О.Гүндэгмаа л дэлхийд тахалж байна. Баатар зодог тайлсны дараа таны амжилтыг үргэлжлүүлэх хэмжээний залгамж манайд бий юү?

-Ээ дээ, бүрхэг байна. Тийм хэцүү цаг үед Гүндэгмааг торниулсан мөртлөө яагаад дахин “Гүндэгмаа-2”-ыг бэлдэж чадахгүй байгаа юм бэ гэж би холбооныхон, дасгалжуулагч нарт хэлдэг.

-Залгамжаа бэлтгэж чадахгүй байгаа бидний гол алдаа юу вэ?

-Хамаг бурууг дасгалжуулалтын ур чадвар, бэлтгэл сургуулилалтын орчинд тохож болохгүй юм билээ. Өнөө цагт бусдаас үг сонсдог, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг хүүхэд эрс ховордож. Олонх нь “Та нарын үе ард хоцорсоон” гээд цээжээ дэлдэх санаатай. Амжилтын захаас дөнгөж атгангуутаа биеэ тоох нь энүүхэнд.

Ер нь дутагдах, гачигдах зүйлгүй байх тусам хүн улам залхуу, назгай болдог гэмтэй. Залуус зөвхөн буудлагын спортод ч бус бусад салбарт өндөр амжилт гаргахад сэтгэхүйн өөрчлөлт, амжилтын төлөөх эрмэлзэлгүй байдал нь чөдөр болоод байх шиг.

Өнгөрсөн жил “Рио-2016”-д түрүүлсэн Грекийн тамирчин бэлтгэлээ хөдөө, цаасан бай руу буудан базааж байгаад л олимпын аварга боллоо. Тэгэхээр бид амжилт гаргаж чадахгүй байгаагаа бэлтгэлийн орчин, төрийн дэмжлэг рүү чихэж болохгүй.

-Хэрвээ Монгол Улс таныг дасгалжуулагчаар ажиллуулах санал тавибал зөвшөөрөх үү?

Munkhbayar Dorjsuren - Munkhbayar Dorjsuren Photos - Olympics Day 5 -  Shooting - Zimbio

-Энэ жил тавьсан шүү дээ. Би одоо Энэтхэг улсын залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэтхэгийн шигшээ багтай гэрээ байгуулсны дараа Монголоос тийм санал тавьсан болохоор хүлээн зөвшөөрөх боломж байгаагүй. Би тус улстай Токиогийн олимп хүртэл гэрээ байгуулсан. Германд амьдрангаа Энэтхэгт ирэн, очин тамирчдаа дасгалжуулдаг юм.

“Токио-2020”- ын дараа дахин санал тавибал тухайн үеийн байдлаас шалтгаалан зөвшөөрөх, эсэхээ шийднэ.

-Та давхар иргэншилтэй болох хүсэлтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2013 онд өргөн барьсан ч хүлээж аваагүй. Одоо ер нь тэр асуудал юу болж байгаа вэ?

-Одоо би тэр талаар дахиж хөөцөлдөхгүй. Гадаадын зарим оронд амьдардаг давхар иргэншилтэй монгол хүн олон бий. Гэтэл Монгол Улсын талаас тэднийг аль нэг орноо л сонго, давхар иргэншлээсээ татгалз гэсэн шаардлага тавьсан юм билээ. Давхар иргэншлийн асуудлаас болж манай улс олон шилдэг хүнээ харийн оронд алдсаар байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд “Олуулаа болъё” гээд шуугиулсан, тэгэхээр нь би хүсэлт гаргасан. Үүний сацуу олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг урамшуулах журмыг шинэчилсэн нь тийм алхам хийхэд бага зэрэг нөлөөлсөн тал бий. Нэг найз минь “Давхар иргэншил зөвшөөрдөггүйн улмаас их хүндрэлтэй байдаг. Чамайг энэ талаар хөөцөлдөж, байр сууриа илэрхийлбэл олны анхаарлыг илүү хурдан татна” гэхэд нь зөвшөөрч, Ерөнхийлөгчид хүсэлт гаргасан.

Хүмүүс ч “За өнөөх Мөнхбаяр чинь мөнгөний сургаар хүрээд ирлээ” гээд шуугисан. Яадаг юм бэ, би эх орныхоо төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж, анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн болсон нь худлаа юм уу. Түүх гэрчилнэ. Тэр үед “Монголын иргэн болж, амжилтаа л үнэлүүлэх гэсэн юм” гээд л зүтгэчихсэн. Даанч зөвшөөрөөгүй.

-Жижиг улсын зовлон их. Давхар иргэншилтэй болохоор үндэсний аюулгүй байдлын асуудал яалт ч үгүй хөндөгдөнө л дөө.

-Яг наадахыг чинь албаны хүмүүс надад хэлдэг юм. Давхар иргэншлийн асуудлыг хэрхэн шийдэхээс үл шалтгаалан Монголын үндэсний аюулгүй байдлын асуудал аль хэдийнэ хөндөгдчихсөөн. Монголоор дүүрэн харийнхан амьдарч, монгол хүнтэй сууж байгаа нь асуудал биш үү. Хараа гүйцэмгүй өргөн уудам нутаг, таван хошуу малтай мөртлөө химийн бордоогоор бордсон хүнсний ногоо, мах хэрэглэж байгаа нь тэгээд асуудал биш үү.

Уул уурхайн салбараа хөгжүүлэх нэрээр газар шороогоо сэндийлж, ус мөрнөө ширгээж байгаа нь тэгээд асуудал биш үү. Өвчин туссан хүмүүсийн хэд нь явдал чирэгдэлгүйгээр эх орондоо эмчлүүлж чадаж байгаа билээ. Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эх орондоо хангалуун амьдрах баталгаа байгаа бил үү.

Хамар дээрх өвсийг олж харан, шийдэж чадахгүй байж том ярьцгаагаад яах вэ. Мэдээж давхар иргэншлийн асуудлыг сайтар судалж, бусад орны жишигтэй харьцуулж байж зөвшөөрөхгүй бол аюултай нь үнэн. Өөрийн орны онцлогийг сайтар харгалзах нь чухал.

-Та ер нь яагаад давхар иргэншлээсээ татгалзсан юм бэ?

-Герман улс давхар иргэншил зөвшөөрдөггүй ч онцгой тохиолдолд олгодог. Намайг герман хүн болоход Монгол Улсын иргэншлээ хадгалахыг зөвшөөрсөн. Гэхдээ охиноо Германы иргэншилтэй болгохын тулд Монголынхоосоо татгалзахаас өөр арга байгаагүй.

-Спортынхны жаргал зовлонг ойлгодог, тамирчин байсан Ерөнхийлөгчтэй боллоо, монголчууд бид. Герман хүн болохоос өөр аргагүй байсныг тань ойлгож магадгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгад давхар иргэншилтэй болох хүсэлт дахин тавих бодол бий юү?

-Хийж буй зүйл нь хэний ч нүдэнд ил байдаг болохоор Ерөнхийлөгчийг би дэмждэг. Хэрвээ боломж гарвал яагаад тэгж болохгүй гэж. Одоо иргэншлийн асуудал надад тийм ч чухал биш. Би иргэншлээ сольсондоо харамсдаггүй. Яах вэ, харамсах үе байсныг нуугаад яах вэ.

-Монголчууд сүүлийн жилүүдэд бид бус би гэх хандлагатай болж, монгол ахуйгаасаа улам хөндийрөөд байх шиг.

-Би ч санал нэг байна. Жүдочид “Хамтын хүч амжилт” уриатай, түүнийхээ доор нэгдэн, ямар сайхан амжилт гаргаж чадаж буйгаас хүн бүхэн үлгэрлээсэй. Гэтэл өнөөгийн монголчууд маань ямар аймар амбийцтай юм бэ, “Би” л гэж цээжээ дэлдэх өвчинтэй болоод байна. Аливаа зүйлийг хамтарч хийдэг, алдаа гаргасан ч уучилдаг байгаасай. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг хэдэн жилийн дараа ч мартахгүй “Чи тэгсэн” гээд хэмлэх, өс санах ямар хэрэг байна.

-Та өнгөрсөн жил зодог тайлсан. Үнэхээр хүрье гэж зорьсон оргилдоо гарлаа гээд амжилтдаа ханаад зодог тайлсан уу, эсвэл...

-Зодог тайлах үнэхээр хэцүү юм билээ. Бээжингийн олимпын өмнө зодог тайлъя гэж бодож байсан юм. Хүрэл медаль хүртэхдээ амжилтаа ахиулах, дахин хэд хэдэн ДАШТ-д онч сорих урам авсан. Лондоны олимпод буу гацсаны улмаас санасан амжилтаа гаргаж чадаагүй ч спортдоо хоргодсоор өдий хүрлээ.

Риогийн олимпод оролцохын төлөө маш их зүтгэсэн ч эрх авч чадаагүй. Хэтэрхий их хичээгээд, “шатсан” тал ч бий. Тэгээд л “За одоо яг цаг нь болсон” гэж бодсон ч хүлээн зөвшөөрөх хүнд юм билээ. Одоо надад тэмцээнд оролцох бодол төрдөггүй. Манай клуб “Тэмцээнд өрсөлдөөч” гээд гуйвал бодож үзнэ.

Өнөөгийн амжилт, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Ёстой сөхөрч унатлаа зүтгэлээ, ханаж цадахаас өөр аргагүй амжилтад хүрлээ, би.

-Багадаа ээжтэйгээ хэр холбоотой байв. Эхийн хайр, энэрлийг үгүйлдэг байсан уу?

-Ээжийгээ саналгүй яах вэ. Ээж намайг найман настай байхад манайд ирсэн юм. Би харангуутаа “Ээж ээ” гээд гүйж очин, тэвэрсэн гэнэ лээ. Энэ тухай бүр хожим аав “Охинтойгоо сайхан амьдарч байна. Ээжийгээ санаж, шархлахгүй байгаа нь яамай даа” гэж эндүүрч явснаа тэр үед ухаарсан юм гэсэн. Би багадаа эхийн хайрыг мэдрээгүй. Хойд эх бол хойд эх л байдаг юм билээ.

-Германд очсоныхоо дараа ээжтэйгээ эх, үрийн нандин холбоо тогтоон, бие биедээ дасахад амаргүй байв уу?

-Өө, ёстой амаргүй юм билээ. Өмнө нь гадаадаас ирэхдээ л надтай уулздаг байв. Тухайн үед ээж, охин гэх нандин харилцаа байгаагүй. Ижий минь Унгарт амьдардаг. Ер нь Германд очсоныхоо дараа л ээжтэйгээ дотноссон.

Унгар, Герман хоёр ойрхон болохоор намайг тэмцээнд оролцохоор явах үед охиныг минь хардаг байсан. Үнэнийг хэлэхэд би ээждээ туниад, шийтгэж буйдаа ч тэр үү, хүйтэн, хатуу ханддаг. Уучилж чаддаггүй. Би охиноо орхиод явж хэзээ ч зүрхлэхгүй. Тийм болохоор “Яагаад намайг орхисон юм бэ” гээд гайхдаг юм. Надад лав төсөөлөгддөггүй.

-“Яагаад намайг орхисон юм бэ” гэж ээжээсээ асуусан уу?

-Асуугаагүй ээ. Ер нь тухайн үед юу болсон талаар ээжтэйгээ зөндөө ярилцсан. Одоо эргээд бодох нь ээ би аавтайгаа хамт өссөндөө баярладаг. Тэгсний хүчинд ингэж хүмүүжин, өнөөгийн амжилтад хүрсэн гэдэгт эргэлздэггүй. Үүнд л олзуурхаж явдаг.

-Ээжтэйгээ хэр дотно байдаг вэ?

-Дотно оо, дотно. Боломж л гарвал ээж дээрээ очин, аагтай шаргал цайг нь уунгаа, хамт байхыг хичээдэг. Хөөрхий минь буруу зүйл хийсэндээ гэмшиж явдгийг би үйлдлээс нь мэдэрдэг.

-Германд та одоо хэн хэнтэй амьдардаг вэ?

-Бавари мужийн Мюнхен хотод охинтойгоо хамт амьдардаг. Охин маань 23 настай, өнөөдөр (уржигдар) Монголд ирсэн.

-Өөрийнхөө мэдрээгүй эхийн хайраар охиноо дутаахгүй юм сан гэж хичээдэг байх. Ер нь та хэр сайн ээж вэ?

-Би өөрийгөө 100 хувь сайн ээж гэж хэлж чадахгүй. Зүгээр сайн ээж байхыг хичээдэг, эрмэлздэг л хүн, ний нуугүй хэлэхэд. Хал нь гаднаа, хайр нь дотроо байхыг хичээдэг. Охин минь надаас эхийн хайр хүсэж, хүлээдэг байх. Аавынхаа хайранд өлгийдүүлж, эр хүнээс дутахгүй хатуужилтай өсөн, эхийн хайрыг мэдрээгүй торнисон болохоор ийм хатуу гээд өөрийгөө зөвтгөчихдөг гэмтэй.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд эхийн хайрыг мэдэрч байгаа ч алдаагаа засаж чадахгүй байгаа нь миний дутагдал. Охин минь харамсалтай нь эмэгтэйлэг, нинжин сэтгэлтэй ээжийн хайрыг мэдэрдэггүй байх.

-Ер нь хань ижилтэй болох юм сан гэх бодол бий юү?

-Тогтсон амьдралтай болох юм сан гэж бодолгүй яах вэ. Гэхдээ тамирчин хүний жаргал, зовлонг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг хүн ховор л доо. Амьдрал ямар санаснаар болох биш дээ.

-Герман руу хэзээ буцах вэ?

-Яг тэдэнд буцна гээд тодорхой төлөвлөсөн юм алга. Юуны өмнө тэмцээнээ сайхан зохион байгуулаадахъя. “Өнөөдөр” сониноор дамжуулан 25 жилийн ойн арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирээрэй хэмээн монгол түмнээ урья. 

2017 оны есдүгээр сарын 14.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bavaa
Bavaa
2020-11-26 20:28

Bavj bsan garuud bn uu

Эмээ
Эмээ
2020-11-27 05:48

Хүний нутагт элбэг ханг�##�уун байгаач гэсэн өөримсөх сэтгэл нь дундуурхан байдаг бизээ.. Эрүүл энх аз жарг�##�ыг чин сэтгэлээсээ хүсэе

Зочин
Зочин
2020-11-28 23:59

Явсан бол явсан. Бахарх�##� яриад утгаггүй

болор
болор
2020-11-29 00:48

эцсийн амьсг�##�аа хураат�##� бахархана гэнэ үү... манлай баатар л кинон дээр эцсийн амьсг�##�аа хурааж байхдаа зогсож байдаг. дутахгүй эх оронч юм даа.. тэгээд яагаад фашистт оронд амьдардаг юм бол сонин логик бна

агуу тамирчин шүү
агуу тамирчин шүү
2020-11-29 05:38

МОНГОЛЧУУД МӨНХБАЯРААР бахархдаг шүү. Монголын буун спортынхон амжилт гаргах ха�##�гыг нээсэн гавъяатан бол та шүү. ТА түүхэнд үлдэнэ. ТАНД аз жарг�##�ыг хүсъе

5678
5678
2020-11-29 08:32

Mongol uls sanhuugiin mash hetsuu yed 70.000 dollar shagnuulaad margaash ni gadaad ruu yavtsan hun shdee. 90 onii 70.000 bol ih mongo shu. Bahrahdag hun tegeh uu.

Зочин
Зочин
2020-11-29 13:41

ГАДНЫ УЛСУУД ОЛИМП , ДЭЛХИИН АВАРГА БОЛСОН АВАРГА ТАМИРЧДЫНХАА ШАГНАЛЫГ БАГА БАГААР ЦАЛИН ХЭЛБЭРЭЭР НАСАН ТУРШИД НЬ ОЛГОДОГ ... ТЭГЭХГҮИ БОЛ ТАМИРЧИДААС ЯНЗ БҮРИИН БУРУУ ҮИЛДЛҮҮД ИХ ГАРДАГ ...ЖИШЭЭ НЬ--ЭНЭ МӨНХБАЯР ШИГ ...

зочин
зочин
2020-11-29 15:30

ЭХ ОРНОО ХҮНД ҮЕД НЬ ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ ХАЯЖ ЯВЧИХААД . ЭДИЙН ЗАСАГ НЬ САЙЖРААД ОЛИМП ДЭЛХИЙН МЕДАЛТНУУДДАА МӨНГӨ ӨГДӨГ БОЛЦОН ЧИНЬ ИРГЭНШЛЭЭ СЭРГЭЭНЭ ГЭНЭ ЭЭ . ЗҮГЭЭР Л МӨНГӨНИЙ ШУНАЛТАН .

Холбоотой мэдээ

Back to top button